| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2110000000712 |
| Дугаар | 2022/ДШМ/90 |
| Огноо | 2022-01-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/90
2022 01 20 2022/ДШМ/90
Б.А-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Нямдэлэг,
хохирогч А.Ч-, Ж.Э- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Б.А-,
шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1957 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Оюун-Эрдэний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-, Г.Б- нарт холбогдох 2110000000712 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-н А, Улаанбаатар хотод 1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, удирдлагын мэргэжилтэй, Төрийн банкинд зээлийн эдийн засагчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хоёрдугаар 00 мянгат гудамжны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/
Б овгийн Г-ын Б-, Улаанбаатар хотод 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, барилгын чиглэлээр ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Ар зайсан 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000000000000000/
Б.А- нь 2021 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 214 дүгээр байрны гадна иргэн А.Ч-той маргалдан нүүрэн тус газар нь зүүн талын хоншоор хөндийн гадна болон урд хана дайрсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн гадна доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийн цусан хураа, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Г.Б- нь дээрх цаг хугацаанд иргэн Ж.Э-ыг бичлэг хийлээ гэж Samsung А-51 загварын гар утсыг нь хугалж 759,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... шүүгдэгч Г.Б-ыг иргэн Ж.Э-ыг гар утсыг хугалж 759,200 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг судлахад шүүгдэгч Г.Б- нь хохирогч А.Ч болон түүнтэй хамт байсан М гэгчийг цохиж хүч хэрэглэсэн. Түүнчлэн хохирогч Ж.Э-ы цээжээр тэврэх, түлхэх зэргээр хүч хэрэглэн биед нь халдаж гар утсыг нь булааж авсан дүрс бичлэг авагджээ. Дээрх үйл баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгэлдэх” хотхоны гадна болсон байх бөгөөд шүүгдэгч Б.А-, Г.Б- нар нь бусдыг үл тоомсорлон, хүч хэрэглэж, өөрсдийн хүч чадлыг илүү болохыг харуулах зэргээр олон нийтийн амгалан тайван байдлыг алагдуулж, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоох нь зүйтэй. Мөн хэргийн газарт байсан Э, С, М нараас мэдүүлэг аваагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан эсхүл гэмтээснээр гэмт хэргийн бүрдэл төгсдөг. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Б-ыг хохирогч Ж.Э-ы гар утсыг хугалсан гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох устгасан, гэмтээсэн аль болохыг тогтоосноор гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой юм. Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Ж.Э-ы гар утсыг мөрдөгчид өгсөн” гэх боловч хэргийн хамт ирүүлээгүй байна. Иймд хохирогч Ж.Э-ы Samsung А-51 загварын гар утсыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих дээрх дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.А-, Г.Б- нарын гэм буруугийн хуралдаанаар камерын бичлэгийг шинжлэн судлахад тогтоогдсон гэх Мы биед халдсан, гар утсыг нь хүч хэрэглэн авсан зэрэг асуудлыг дурдаж прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон хохирогчийн зүгээс энэ тухай ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй. Энэ нь хэргийн бодит байдал болон гэм буруутай холбоотой асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих асуудлууд тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь хохирогч Ж.Э- нь Б.А-, Г.Б- нарыг өөрөөс нь холдох үйлдэл хийхэд араас нь дагаж бичлэг хийж, хэл амаар доромжилсон байдаг. Гэвч шүүгдэгч нар өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ гэмт хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Мөн хохирогч Чинзоригийн хохирлыг нөхөн төлсөн, түүнээс гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, хохирогч Ж.Э- нь гар утасны хохирол нөхөн төлбөртэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол, хүсэлт гаргаагүй нь тухайн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Хэргийн холбогдогч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар хохирол нөхөн төлбөртэй холбоотой гомдол, хүсэлт гаргаагүй, хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан, хэргийн бодит байдал камерын бичлэгээр тогтоогдож байхад Энхзориг, Саруул, М-ы гэрчийн мэдүүлгүүд хэрэгт ач холбогдолгүй юм. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг баримтлан хохирогчийн саналыг харгалзан прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугийн хуралдааныг үргэлжлүүлэн эцэслэн шийдвэрлүүлхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Б.А-ыг А.Ч-той хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдсан гэдэг. Хувийн таарамжгүй харилцаатай байх боломжгүй. А.Ч- нь Б.А-ыг танихгүй, тухайн асуудал болох үед л анх харсан. Гэтэл прокурор хувийн таарамжгүй харилцаанаас болсон гэж дүгнэсэн нь нэг талыг барьсан шийдвэр болсон. Хохирогч Ж.Э- нь асуудал болсны дараа бичлэг хийсэн байдаг. Шүүгдэгч нар тухайн үед илтэд танхайрсан нь байрны камерын бичлэгт бичигдсэн. Дахин зодоон хийж, үймээн үүсгэж магадгүй байдалтай байсан учраас сүүлд бичлэг хийсэн. Энэ хэрэгт Энхзориг, Саруул, М- гэх хүмүүсийг гэрчээр асуух шаардлагатай. Б.А- гудамж талбайд Ж.Э-ыг илтэд дээрэлхсэн шинжтэй байхаар хажуугийн сандал дээр сууж байсан 3, 4 залуу очсон байдаг. Хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. Б.А-, Г.Б- нар бүлэглэн А.Ч-ийн биед халдсан нь камерын бичлэгээс тодорхой харагддаг. Шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг шинжлэн судалсан. Шүүх бүрэлдэхүүнийг камерын бичлэгийг үзээсэй гэж хүсч байна. Хохирогчид 17, 18 настай бол шүүгдэгч нар нь 31, 32 настай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн эсэхийг шалгаж тогтоох ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Г.Б- гар утсыг мөрдөгчид өгсөн гэдэг боловч тухайн гар утас эд мөрийн баримтаар хэрэгт авагдаагүй. Энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Гар утсыг Г.Б- авсан эсэх, мөрдөгчид өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа. Хүч хэрэглэн өөртөө авсан бол өөр гэмт хэргийн шинжийг агуулахаар байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлсийг бүрэн хангалттай нотолж тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Б.А- нь 2021 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 214 дүгээр байрны гадна иргэн А.Ч-той маргалдан зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, энэ үед Г.Б- нь иргэн Ж.Э-ыг бичлэг хийлээ гэж Samsung А-51 загварын гар утсыг нь хугалж 759,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэргээс үзэхэд Б.А-, Г.Б- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрчүүдийг байцаах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн аль нь болохыг зөв тодорхойлох, хохирогч Ж.Э-ы гар утсыг хэрхэн шийдвэрлэснийг тогтоох зэрэг асуудлуудаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байна.
Учир нь, Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, байгууллага аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, хүчээр түрэмгийлэх, эд хөрөнгийг эвдэх, айлган сүрдүүлэх хэлбэрээр илрэх бөгөөд энэ үеэр бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ёсоор хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1957 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН