Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0793

 

 

 

 

 

 

 

 

 

      2023         10        30                                         128/ШШ2023/0793

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.*******  

Хариуцагч: ******* дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Иргэн О.********* “******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/****** тоот захирамжийн О.Т************ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ.

2. ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардан гаргуулсан тухайн газрын хувийн хэргийн материалаас үзэхэд маргаан бүхий 339 м2 газрыг иргэн О.******* өргөдөл, кадастрын зураг, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх зэргийг үндэслэн ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар захирамжаар иргэн О.*********** 5 жилийн хугацаатай эзэмшүүлж /х.х-н 52, 54/, 00****** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгожээ. /х.х-н 41/

3. Иргэн О.Т*********** нь 2020 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсаны дагуу /х.х-н 39/ ******* дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунган баталгаажуулжээ. /х.х-н 49-51/

4. Улмаар ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** дүгээр захирамжаар “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр иргэн О.********** болон бусад 44 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ. /х.х-н 46/

      5. Нэхэмжлэгч О.****** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “О****** Т********* миний бие ******* дүүргийн засаг даргын 2014 оны 10 сарын 22-ны өдрийн ***тоот шийдвэрийг үндэслэн ******* дүүргийн 12-р хороо Төмөр замын ***** тоот хаягт байрлах 700м.кв талбайтай 18647309********** нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан юм. Тухайн газрыг эзэмшсэн цагаасаа хашаа барьж амьдрах гэж байтал манай газар дээр "Ж******** "ХХК орон сууцны зориулалтай барилга барих гэж байгаа тул хашаа барих шаардлагагүй гэхээр нь би хашаагаа бариагүй юм. Ингээд би тухайн газраа байр баригдах юм байна гэсэн ойлголттой хүлээж байсан. Гэтэл ******* дүүргийн засаг даргын 2022 оны 12 сарын ******* тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг сүүлд мэдсэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан ёсоор мэдэгдээгүй юм. Энэ тухай мэдсэн даруйдаа тухайн захирамжаар хүчингүй болгуулсан хэсэг иргэд нийлж ******* дүүргийн засаг даргад өргөдөл өгсөн боловч өргөдлийг хүлээн аваагүй юм. Ингээд бид өмгөөлөгч М.Х****** дамжуулан өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн хариуг нэгдсэн байдлаар өмгөөлөгч М.Х********* хаяглан хүргүүлсэн байсан юм. Тухайн захиргааны акт нь иргэн миний газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул тухайн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Т******* нь ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **** тоот захирамжийг үндэслээд ******* дүүргийн 12 дугаар хорооны төмөр замын ******тоотод байрлах 700м.кв газрыг эзэмшиж байсан. Тухай газрыг эзэмшээд, эзэмшсэн цаг хугацаанаасаа эхлээд хашаалаад хашаа барих гэтэл ******* дүүргийн Засаг даргын тамгын газраас тухайн газар нь Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон тийм учраас “Ж********” ХХК-тай гуравласан гэрээ байгуулаад дахин төлөвлөлтийн дагуу энэ газар дээр байгаа айлуудын газрыг байраар солино тийм учраас газар дээр хашаа болон үл хөдлөх барих шаардлагагүй гэсэн санал тавьсан. ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар авсан айл, өрхүүд “Ж********” ХХК-тай болон Нийслэлийн Засаг даргын тамгын газарт очоод орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц баригдах юм чинь гэсэн ойлголтоор тухайн газар дээрээ хашаа бариагүй гэхдээ газрын төлбөрөө хуулийн дагуу төлөөд явж байсан.

Энэ газар дээр хэзээ барилга барих талаар хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. Сонгуулийн дараа засаг солигдоод яах нь тодорхой бус үе байсан. Тэгэхдээ хашаагаа барьж болохгүй. Бид нар нэгэнт одоо орон сууц захиалгын гэрээ хийчихсэн хашаагаа барьж болохгүй гэдэг утгаараа бариагүй. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн Засаг даргын А/***** тоот захирамжаар тухайн газар дээр байгаа бүх айлуудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнийг мэдээгүй явж байсан цахимд энэ захирамжийг хүчингүй болгосон талаар мэдээлэл байна гэж. Иргэд хоорондоо бие биеэсээ мэдээлэл авсны дагуу нэгдээд ******* дүүргийн Засаг даргад очиж бичгээр өргөдөл өгч, биечлэн уулзсан. Тухайн газар дээр одоо 2 жил эзэмшил үүсгэж хашаагаа бариагүй мөн газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон гэсэн байсан. Нийслэлийн Засаг даргад бүгд өргөдөл гаргасан. Өргөдөл гаргахдаа бүгдээрээ гарын үсгээ зураад явуулсан боловч одоо нөгөө буцах хаяг нь миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х******* миний нэрээр ирсэн. Иргэдийн гаргасан өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн учраас Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандаж байгаа. ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/***** тоот захирамж нь хууль бус захиргааны акт учраас энэ тухайн актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа юм” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн О.******** тус дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын ***** тоот 338 м.кв газрыг ******* дүүргийн Засаг даргын 2014 оны**** дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн. О.****** тус дүүргийн Засаг даргын 2020 оны А/**** дугаар захирамжаар 12 дугаар хороо Төмөр замын ****** тоот хаяг бүхий 338 мк.в газрын хугацааг сунгуулах хүсэлт өгч сунгуулсан байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон "У***********" ХНН-с Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд "Газрын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Тухайн нэгж талбаруудыг хүчингүй болгохтой холбогдуулан ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны олон нийтийн пэйж хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгох нэгж талбарын жагсаалтыг оруулан хүчингүй болгох тухай мэдэгдсэн байдаг.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн О.Т********* тус дүүргийн 12 дугаар хороо төмөр замын ***** тоотод 338м2 газрын ******* дүүргийн Засаг даргын 2014 оны **** дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх эзэмшсэн байдаг. О.****** нь ******* дүүргийн 2020 оны А******* дугаар захирамжаар 1** дугаар хороо төмөр замын тус одоо хаяг бүхий газрыг хугацаа сунгуулах хүсэлт өгч сунгуулж байсан байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон************ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас шинээр газар олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хаяглаад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн.

Улаанбаатар хот дахь дүүргүүдийн газар зохион байгуулалтын алба ажиллагаа хийсэн. Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлснийх нь дагуу судалгаа хийж үзээд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь заалтуудын дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдсэн газруудыг ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Газрыг хүчингүй болгож байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 21-ээс дээш иргэн сонсох ажиллагаа хийхийн тулд бусад арга хэрэгслээ мэдэгдэнэ гэсний дагуу ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны пэйж хуудсаар жагсаалтыг гаргаж мэдэгдэл хийсэн.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн О.Т********* нэхэмжлэлтэй ******* дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

1. Тус шүүхээс нотлох баримт цуглуулах дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

- Тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/5457 тоот албан бичгээр ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд нотлох баримт гаргуулахаар хүргүүлжээ. /х.х-н 21/

- ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас О.Т******** газар баталгаажилтын хувийн хэргийг ирүүлжээ. /х.х-н 22-42/

- Тус шүүхээс ******* дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/*** тоот албан бичгээр нотлох баримт гаргуулахаар хүргүүлжээ./х.х-н 97/

- ******* дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15/1252 тоот албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 тоот У********** ХХН-ийн эдэлбэр газрын тухай Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг, ******************* ХНН-ээс ******* дүүргийн газрын албанд хамтран ажиллах тухай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 тоот албан бичиг /х.х-н 99-102/

- Тус шүүхээс Хот байгуулалт хөгжлийн газарт 2023 оны 09 дүгээр сарын ******* тоот нотлох баримт гаргуулах тухай албан бичиг /х.х-н 103/ зэрэг баримтууд цугларчээ.

2. Анх маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.******* ******* дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын **** тоот хаягт 339 м.кв, нэгж талбарын 1864730*********** дугаартай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, тус дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар уг газрын эзэмших эрхийг хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэснийг өмнө нь дурдсан.

3.  ******* дүүргийн дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** дүгээр захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус  үндэслэсэн байх бөгөөд тус дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын****тоот хаягт 339 м.кв, нэгж талбарын 186473099****** дугаартай газрын эзэмшигч иргэн О.********* тухайд “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

4. Нэхэмжлэгчээс “...эзэмшил бүхий газар дээрээ хашаа барих гэтэл дүүргээс тухайн газар нь дахин төлөвлөлтөд орсон, газар дээр хашаа болон үл хөдлөх барих шаардлагагүй, байраар солино, “********” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, уг шалтгааны улмаас тухайн газар дээрээ хашаа бариагүй гэхдээ газрын төлбөрөө хуулийн дагуу төлөөд явж байсан, маргаан бүхий актыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй” гэж маргаж байна.  

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай бөгөөд эдгээр нөхцөлүүд хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “*********” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байх боловч “Ж******* групп” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч О.******* гэрээ байгуулаагүй гэсэн албан бичгийг ирүүлсэн, нэхэмжлэгчид өөрт нь уг гэрээ байхгүй гэх бөгөөд тухайн газар дээр “******” ХХК болон иргэн О.Т******* нарын аль аль нь газрыг эзэмшиж хашаа, байшин барилга бариагүй, хоосон байгаа гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.

7. Мөн нэхэмжлэгчээс “******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн газар нь Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон учраас “Ж**********” ХХК-тай гуравласан гэрээ байгуулаад дахин төлөвлөлтийн дагуу энэ газар дээр байгаа айлуудын газрыг байраар солино. Тийм учраас газар дээр хашаа болон үл хөдлөх барих шаардлагагүй гэсэн санал тавьсан” гэх боловч ******* дүүрэг болон Газрын албанаас иргэн О.Т******** газраа эзэмшихэд ийнхүү саад болж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд газар эзэмшигч нь Газрын тухай хуульд зааснаар газраа эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.  

8. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч О.Т****** нь газраа зориулалтын дагуу ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гарсан тохиолдолд иргэн нь эзэмшил бүхий газартаа зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь нээлттэй байна. Гэтэл энэхүү эрхээ нэхэмжлэгч өөрөө хэрэгжүүлэхгүйгээр 2014 оноос одоог хүртэл буюу 9 гаруй жилийн хугацаанд тухайн газраа эзэмшиж, ашиглаагүйг зөвтгөх үндэслэл, баримт тогтоогдохгүй байна.

9. Захиргааны хэргийн шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч О.Т****** эзэмшил бүхий газраа 2 жил дараалан ашигласан гэх, эсхүл газраа эзэмшиж, ашиглахад нь бусдын хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгааг дахин дурдах нь зүйтэй.

10. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын ******* тоот “********** ХНН-ийн эдэлбэр газрын тухай” албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандаж “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, төмөр замын зурвас газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуульд заасны дагуу хүчингүй болгох” чиглэлийг хүргүүлсэн байх хэдий ч маргаан бүхий ******* дүүргийн дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дүгээр захирамж дээрх чиглэлийг үндэслэж гараагүй байх тул уг үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.

11. Мөн “тухайн нэгж талбаруудыг хүчингүй болгохтой холбогдуулан ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны олон нийтийн фэйж хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгох нэгж талбарыг оруулж хүчингүй болгох тухай мэдэгдсэн” гэх хариу тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэл байхгүй, түүнчлэн сонсох ажиллагаа явуулаагүй байсан ч нэхэмжлэгч газраа 2 жил дараалан эзэмшээгүй гэсэн үйл баримтад нөлөөлөхгүй байна.

12. Иймд ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/*** тоот захирамжийн О.Т***** холбогдох хэсэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тул түүнийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Т***** ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар захирамжийн О.Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ