Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2019/00055

 

  О.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00559 дүгээр шийдвэртэй, О.Н-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 9.278.000.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Миний бие 2008 оны 3 дугаар сараас эхлэн Өлгий сумын 6 дугаар багийн нутгаас ойжуулах зориулалтаар 20 га талбайг эзэмшиж, хөрөнгө оруулалтаар олон ажлуудыг хийж эхэлсэн боловч 2012 онд Өлгий сумын Засаг даргын 06 тоот захирамжаар дээрх газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон. Дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан өргөдлийг судалж 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга 303 тоот захирамжаар газар эзэмших эрхийг дахин сэргээсэн. Гэтэл 2012 оны сонгуулиар шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Х.Д 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 367 тоот захирамжаар дээрх 303 тоот захирамжийг хүчингүй болгосон. Иймд Х.Д-ын 367 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба аймгийн Засаг даргад давхар өргөдөл гаргаж уг өргөдөлдөө шүүхэд нэхэмжлэл гаргаснаа дурдаж, хэрэв дээрх талбайд оруулсан хөрөнгө оруулалтад нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцоонд хүрвэл нэхэмжлэлээ буцааж авахаа илэрхийлсэн. Х.Д уг 20 га газарт миний хийсэн ажил, хөрөнгө оруулалтын хэмжээг шалгах ажлын хэсгийг орлогч дарга Н.С-ээр ахлуулан ажиллуулсныг үндэслэн надад нөхөн төлбөр олгохоо 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1-01/2264 тоотоор мэдэгдэж хувийг захиргааны хэрэгт хүргүүлсэн тул би нэхэмжлэлээ буцааж авсан. Дээрх шийдвэрүүдийг үндэслэн надад 43.278.000.00 төгрөгийг барагдуулж өгөхийг аймгийн Засаг даргын орлогч Н.С 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №2-01/2936 тоотоор Өлгий сумын Засаг дарга Ө.Х-д мэдэгдсэн. Ө.Х 2014-2015 онуудад надад 40 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон бөгөөд үлдэгдэл 9.278.000.00 төгрөгийг мөн оны 6 дугаар сарын 01-ний дотор барагдуулж өгөхөө 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №1/187 тоотоор мэдэгдсэн боловч өгч чадаагүй солигдсон. 2016 онд шинээр томилогдсон Өлгий сумын Засаг дарга Х.Б-аас дээрх үлдсэн 9.278.000.00 төгрөгийг гаргуулж өгөхийг олон удаа хүссэн боловч өгөөгүй тул оны эцэст Аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-д өргөдөл гаргасан. Ш.Х 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2-01/359 тоотоор Х.Б-д  миний хөрөнгө оруулалтын үлдэгдэл төлбөр 9.278.000.00 төгрөгийг яаралтай барагдуулж өгөхийг мэдэгдсэн боловч "мөнгөгүй хэмээн шалтаг зааж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй намайг чирэгдүүлэн хохироож байна. Би хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн үлдэгдэл 9.278.000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.550.00 төгрөг, нийт 9.441.550.00 /есөн сая дөрвөн зуун дөчин нэгэн мянган таван зуун тавин/ төгрөгийг Өлгий сумын Засаг дарга Х.Б-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 20 га газрыг Өлгий сумын мэдэлд шилжүүлж, нэхэмжлэгчийн тус газарт хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг дансанд бүртгүүлж, гарсан хохирлыг Өлгий сумаас гаргах тухай Өлгий сумын Засаг даргатай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй байна. Энэхүү ажлыг хүлээн авах тухай Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч хүлээн авсан тухай баримт бичиггүй. Тухайн газарт хийгдсэн гэх худаг болон бусад хөрөнгүүд нь Өлгий сумын дансанд бүртгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэгч О.Н-ийн хохирлыг Өлгий сумын Засаг дарга хариуцаж барагдуулах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

                Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00559 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 9,278,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Н-нд олгож шийдвэрлэжээ.     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00559 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрт Өлгий сумын Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 1/187 дугаартай О.Н-нд гэж хаягласан албан бичигт “К” ХХК-ний нөхөн төлбөрөөс үлдсэн 9,2 сая төгрөгийг “Х” ОНӨААТҮГ-аас гарна хэмээн тусгагдсаныг үндэслэл болгосон ба “Х” ОНӨААТҮГ нь эрх эдэлж үүрэг хүүлээх чадвартай хуулийн этгээд болохыг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгчийн 20 га газарт хийгдсэн гэх бүтээн байгуулалтын ажил хөрөнгүүдийг Өлгий суманд хүлээлгэж өгч дансанд бүртгүүлээгүй эсэх талаар нотлох барим гаргаж өгсөн боловч нотлох баримтын хүрээнд дүгнээгүй болно. Иймд тус шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхийг дахин тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулж хохирол 9.278.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2008 оноос эхлэн Өлгий сумын 6 дугаар багийн нутагт 20 га газар эзэмшиж байсан бөгөөд  аймгийн Засаг даргын  2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба 20 га газарт хийсэн хөрөнгө оруулалтыг хэлэлцэж 49.278.000.00 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэж, Өлгий сумын Засаг дарга 40.000.000.00 төгрөгийг олгосон боловч үлдэгдэл төлбөрийг олгохгүй байна” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай “Захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 35 дугаар зүйлийн 35.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг үндэслэн Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин хууль бусаар олгосон хавсралтад нэр дурдагдсан 32 иргэн, 13 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 37 захирамж, 5 захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн  гэрчилгээг тус тус хүчингүй болгосон ба хавсралтын 22 дугаарт нэхэмжлэгч О.Н-нд 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 303 дугаар захирамжаар олгосон 20 га газрыг хүчингүй болгожээ.

            Үүнээс үзэхэд аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай захирамжаар О.Н-нд олгосон 20 га газар нь Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин хууль бусаар олгосноос болж хүчингүй болсон талаар дурдсан ба төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрээс үүдэлтэй хохирол эсэх, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нөхөх олговор эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч О.Н-нд олгосон гэх 20 га газрын шийдвэр нь хууль  бус шийдвэр болох нь тодорхойгүй, тухайн газрыг анх олгосон  эрх зүйн акт болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүйгээс болж анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчжээ.

           

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан О.Н-ийн аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл, 20 га газарт байгаа эд хөрөнгийн тооцоо, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1-01/2264, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2-01/2936, Өлгий сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/187 дугаартай албан бичиг /хх-ийн 7-12 тал/ зэрэг баримтуудаас үзэхэд анх газрыг “К” ХХК болон О.Н-ийн хэнд нь эзэмшүүлсэн нь тодорхойгүй болжээ.

           

Иймд анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны зохицуулалтад хамаарах, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.  

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Хариуцагчийн давж заалдах гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                      

Д.МӨНХӨӨ                          

                                                                                                           Д.КӨБЕШ