Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0566/з |
Дугаар | 232 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 232
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0009 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0174 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0009 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх” шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0174 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 0009 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0174 дүгээр магадлалыг 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
4. Баянгол дүүргийн Засаг дарга 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Б” ХХК-д 1500 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ингэхдээ уг газар дээр он удаан жил байсан их хэмжээний хур хогийг цэвэрлүүлсний үндсэн дээр олгосон болно. Тус компани нь уг хур хогийг цэвэрлэхдээ ихээхэн хэмжээний зардал гаргасан бөгөөд үүний үндсэн дээр газар эзэмших эрхийг олгосон. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр А/35 дугаар захирамж гарган тус компанийн эзэмшилд байсан газрын хэмжээг 785 м.кв болгон багасгасан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул уг захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.
5. Анхан шатны шүүх тус компанийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн Засаг дарга нь өөрийн харьяа нутаг дэвсгэрт байсан хог хаягдлыг компанийн хөрөнгө хүчээр цэвэрлүүлээд газар олгосон дүр үзүүлээд, олгосон газрын хэмжээг багасгаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.
6. Газрын хэмжээг багасгасан захирамж гаргахдаа дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20.2.2, 29 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгосон байх ба эдгээрийн алинд ч нэхэмжлэгчид олгосон газрын хэмжээг багасгах үндэслэл хамаарахгүй байна. Тус компани дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад “...уг газар нь цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон” гэсэн хариу өгсөн ба хариуцагч нэхэмжлэлд гаргасан энэхүү тайлбарыг дурдсан боловч захирамжид энэ талаар огт дурдаагүй болно.
7. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т зааснаар газрыг бусдад эзэмшүүлэхдээ сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу олгодог. Энэхүү заалтаас үзвэл эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн газар цахилгааны хамгаалалтын бүсэд байгаа эсэхийг судлан үзэх үүрэгтэй бөгөөд маргаан бүхий газар нь цахилгааны хамгаалалтын бүсэд байгаагүй учраас газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа.
8. Нөгөө талаар тус газар нь цахилгааны хамгаалалтын бүсэд ороогүй болох нь кадастрын зураг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдсон болно. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгчид олгосон 1500 м.кв газрын зарим хэсэг нь замын трасст орсон, мөн газрын хойд, урд талаар цахилгааны өндөр хүчдэлийн шугамын бүсэд орсон, мөн бохирын шугамын хамгаалалтын бүсэд орсон” гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдаагүй баримтаар таамгаар шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
9. Анхан шатны шүүхийн дүгнэж байгаа цахилгааны хамгаалалтын бүсэд орсон гэх байдал дээр дурдсанаар үгүйсгэгдэж байгаа, шүүгч үзлэгийг өөрийн биеэр явуулахдаа энэ бүгдийг нүдээр үзэж харсан болно. Түүнчлэн багасгасан 715 м.кв талбай авто замын трасст орсон талаарх баримт хэрэгт огт байхгүй бөгөөд энэ талаар захирамжид болон хариуцагчийн хариу тайлбарт огт дурдагдаагүй болно.
10. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг шүүх шийдвэрийн үндэслэлд дурдсан байх бөгөөд уг заалтаас үзвэл шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэжээ. Багасгасан талбайд эрчим хүчний шугам сүлжээ байхгүй байгаагаас гадна нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтад заасан үйл ажиллагаа явуулаагүй тодруулбал уг газар дээр гэр, орон сууц, барилга байгууламж бариагүй байхад шүүх ийм дүгнэлт хийж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
11. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8, 17.8.4 дэх заалтыг үндэслэл болгожээ. Хуулийн дээрх зохицуулалтад ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно гэж заажээ.
12. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.12-т заасан “хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс” гэдгийг Усны тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д зааснаар ойлгох бөгөөд мөн хуулийн 3.1.4-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг; 3.1.5. “гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг хэлнэ гэж заажээ.
13. Анхан шатны шүүх ус хангамжийн эс үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших эрх олгосон гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна маргаан бүхий актаар газар эзэмших эрх олгоогүй харин өмнө олгосон байсан газрын хэмжээг багасгасныг анхаараагүй байна.
14. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд хуульд заасан нэр томьёог хэрхэн ойлгохыг тодорхойлон заасан, үүнд бохирын шугамын хамгаалалтын бүс гэсэн ойлголт тусгагдаагүй байхад шүүх бохирын шугамын хамгаалалтын бүс гэсэн хуульд байхгүй нэр томьёог өөрөө бий болгож, улмаар уг дүгнэлтэд үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Аливаа хот, суурингийн газар доогуур төвлөрсөн ус хангамжийн бүхэл бүтэн систем байдаг бөгөөд энэ нь газар эзэмших эрх олгоход бүхэлдээ саад болдоггүй, гагцхүү хуульд заасан тохиолдолд хориглосон зохицуулалт үйлчилдэг.
15. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан талбайд Ф350/9500 хэмжээтэй бохирын шугам байгаа талаар захирамжид огт дурдаагүй, нөгөө талаар энэхүү шугам нь хэдийд бий болсон нь тодорхой бус байна. Энэхүү бохирын шугам нь байлаа ч энэ нь хуульд заасан “хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс”-д хамаарахгүй байхад шүүх хамааруулан дүгнэж шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх эрх олгосноос хойш цахилгаан болон ус хангамжийн шугам сүлжээ шинээр бий болоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
16. Дүүргийн Засаг дарга газрыг анх олгохдоо хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой. Хур хорыг цэвэрлэсэн тохиолдолд газар эзэмшүүлэх эрх олгоно гэж их хэмжээний зардал гаргаж цэвэрлүүлчихээд, газар эзэмшүүлсэн дүр үзүүлээд дараа нь хуульд заагаагүй үндэслэлээр газрын хэмжээг багасгаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байсан тул эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших эрхтэй. Энэхүү эрхийг нь Баянгол дүүргийн Засаг дарга ноцтой зөрчиж газрын хэмжээг үндэслэлгүй багасгасан.
17. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэж буй үндэслэлээ магадлалд тодорхой заалгүй зөвхөн “...2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхдөө дүүргийн өмч, харилцааны албаны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, өндөр хүчдэлийн хамгаалалтын зурваст орсон тул сунгуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн” гэж үзжээ. Газрын харилцааны алба нь газрын хэмжээг ямар хэмжээгээр 785 м.кв болгон багасгасан тухайгаа нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, энэ асуудлыг нэхэмжлэгч 2017 оны 5 сард мэдэж, гомдлоо эрх бүхий этгээдэд гаргасан болно.
18. Дээрх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
20. Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” 397 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-д 1500 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.
21. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албанд хандаж аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй дээрх газрын гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасныг, дүүргийн Газрын албаны дэргэдэх техникийн зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцээд өндөр хүчдэлийн болон бохир усны хамгаалалтын зурваст орсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын талбайн хэмжээг 785 м.кв байхаар тогтоож, улмаар тус дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, хугацаа сунгах, талбай, байршлын хаяг өөрчлөх, баталгаажуулах тухай” А/35 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн эзэмшлийн 1500 м.кв газрын хэмжээг 785 м.кв болгон 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 33.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж тус тус заасантай нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.
22. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын талбайн хэмжээнээс хасагдсан газарт цахилгаан дамжуулах сүлжээний болон бохир ус татан зайлуулах шугамын хамгаалалтын бүс хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдож байх тул “Баянгол дүүргийн Засаг дарга 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Б” ХХК-д 1500 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ингэхдээ уг газар дээр он удаан жил байсан их хэмжээний хур хогийн цэвэрлүүлсний үндсэн дээр олгосон, цахилгааны хамгаалалтын бүсэд ороогүй, хамгаалалтын бүсэд байгаагүй учраас анх газар эзэмшүүлэх шийдвэр гарсан, хуульд заагаагүй үндэслэлээр газрын хэмжээг багасгасан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй юм.
23. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0174 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН