Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/MA2017/0446

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар0221/МА2017/0446

Улаанбаатар хот

 

Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ц.Болдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Болдмаа, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Болдмаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаал ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, ажилгүй байсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Ц.Болдмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.Болдмааг ажилд томилохгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ц.Болдмааг ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх 40 сар, 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 19,906,313.65 /арван есөн сая, есөн зуун зургаан мянга, гурван зуун арван гурван төгрөг, жаран таван мөнгө/ төгрөгийг Ц.Болдмаад олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нэхэмжлэгч Ц.Болдмааг ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10 шатлалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгах шаардлагын тухайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт орж тус яам нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон өөрчлөгдсөн. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус яамны бүтэц орон тоог 106, 8 газар, 7 хэлтэс, харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар байхаар батлагдан, холбогдох мэргэжлийн албан хаагчид томилогдоод ажиллаж байна.

Ц.Болдмаагийн 2013 онд ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /ТЗ-10 буюу/ хэлтсийн даргын орон тоо тус яаманд байхгүй. Манай яамнаас Ц.Болдмааг ажлаар хангахаар Төрийн нарын бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/20 дугаар тушаалаар тус яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас үл шалтгаалах байдлаар буюу дээрх агентлагийн даргыг Засгийн газраас томилохгүй 5 cap болсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Г.Эрдэнэбатыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/20 дугаар тушаалыг үндэслэн Соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн “Ажил, албан тушаалд томилон ажиллуулах тухай” Б/02 дугаар тушаалаар Ц.Болдмааг тус газрын захиргааны албанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилд аван өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

2.Ажилгүй байсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг хэлтсийн даргын албан тушаалын цалингаар тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 46 дугаар тогтоолоор шинжээчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, Ц.Болдмаагийн цалингийн карт, дундаж цалин хөлс тодорхойлох журмыг тус хүрээлэнд хүргүүлсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр сарын 04/1361 дүгээр албан бичигт дээрх тогтоолтой танилцахад эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргаагүй байна.

Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т “Эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх” гэж заасанд үндэслэн шинжилгээ хийхээс татгалзан буцаасан. Энэ татгалзал нь үндэслэлтэй учир энэ талаар эрх бүхий байгууллагын гарсан акт, дүгнэлт хэрэгт байхгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалд 16.771.517 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагад 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансанд, албан тушаал бууруулсан цалингийн зөрөө болох 1.251.426 төгрөгийг Ц.Болдмаагийн дансанд 2016 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шилжүүлэн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байдаг. Энэ хугацааны цалинг нэхэмжлэх үндэслэлгүйн дээр мэргэжилтний албан тушаалаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг албан тушаал бууруулахаас өмнөх хэлтсийн даргын ТЗ-10 шатлалын цалингаар тооцон нэхэмжилсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт ТЗ-10 шатлалаар тооцсон нь мөн үндэслэлгүй, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалаар нэгэнт албан тушаал бууруулсны цалингийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ нь мэргэжилтний албан тушаалаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэн мэргэжилтний албан тушаалын ТЗ 7-5 шатлалын үндсэн цалингаар тооцон гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, ажлаас халсан болохыг тогтоож шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалинг нэгэнт шийдвэрлэсэн тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэн шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй, ажилд томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар түүнийг үндэслэлгүй халсан болохыг дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй тул мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан цалин олговор олгогдохгүй.

Түүнчлэн Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг тус яам шүүхэд 2014 оны 12 дугаар сараас хойш удаа дараа дэлгэрэнгүй тайлбар, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгч байсан.

Нэхэмжлэлд дурдсан асуудлыг сайтар судлан, өмнө нь шүүхэд хэлэлцэх үед гаргаж байсан тайлбар, гомдол, хүсэлт, нотлох баримтуудад үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Ц.Болдмаа дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Миний Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний 165 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний 254 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 6674 дүгээр захирамжаар “...иргэн Ц.Болдмаагийн нэхэмжлэлийг хангаж албан тушаалд нь эргүүлэн тогтоож, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 1-ний Б/29, 2014 оны 3 дугаар сарын 11-ний А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 1,181,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгосон, асуудлын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө хариуцагч намайг мэргэжилтний ажлаас халсан. Мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьд нь албан тушаал бууруулсан асуудлыг хууль бус гэж үзэн тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг олгуулах шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж ажилд эргүүлэн тогтоох шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдэж, хэрэгжүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан тул нэхэмжлэлд ажилд эргүүлэн томилуулах шаардлагагүй гэж үзэн ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагуудыг гаргаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн.

Эдгээр шийдвэрийг үндэслэн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 7075 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн өдрийн 95 дугаар гүйцэтгэх хуудсыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Намайг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас мэргэжилтэн болгосон, мэргэжилтний ажлаас халсан тушаалуудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүдээр би яамны хэлтсийн дарга болон мэргэжилтэн хэвээрээ байгаа гэж ойлгож байна. Нэгэнт албан тушаал бууруулсан болон ажлаас халсан шийдвэрүүд хүчингүй болсон тул ажилд томилсон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж намайг ажилд буцаан томилох ёстой.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу би яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалыг эрхлэх эсвэл мэргэжилтэн болон мэргэжлийн дагуу өөр албан тушаал эрхэлж Төрийн албаны хуулийн дагуу урьд эрхэлж байсан зэрэг дэвээ хэвээр хадгалж ТЗ-10-aap цалинжих ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх арга, журам, хугацааг зааж өгөөгүйгээс төрийн шат шатны байгууллага /БСШУСЯ, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба/-ууд шийдвэрийг биелүүлэхийг чармайсан боловч чухам яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна хэмээн ажилд томилоогүйгээс ажилгүй цалин орлогогүй байсаар дахин нэхэмжлэл гаргасан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхэд төсөв орон тоо байхгүй тул албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тогтоолыг үндэслэн ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариуг нийт 4 удаа ирүүлснээс гадна асуудлыг Хууль зүйн яам, Сангийн яам, Төрийн албаны зөвлөл, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсээр байсан.

Түүнчлэн орон тоо цалингийн асуудлыг 2016 оны төсөвт тусгуулан 2 дугаар сарын 1-ний өдөр ажилд ор гэж дуудсан. Би 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах аудитороор ажиллахаар болж ширээ сандал эд хогшлоо хүлээн авч ажиллаж эхэлсэн боловч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсч түр хүлээж бай хэмээн түдгэлзсэн. Ажилд ороход Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлж, ашиг сонирхлын зөрчилгүй талаар хариу ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Энэ нь хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа ч хариуцагч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас миний хууль ёсны эрх ашиг хохирсон хэвээр байгаа төдийгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесст надаас үл хамаарах олон өөрчлөлт орж, би ажилгүй орлогогүй байгаа тул шүүхийн шийдвэр гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар шүүх хурал 9 удаа хуралдаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх 3 удаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2 удаа шийдвэр, магадлал гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жил хоёр cap өнгөрөөд байна.

Шүүхийн бүх шийдвэрт хариуцагчийн ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ТЗ-10 түүнтэй дүйцэхүйц албан тушаалд буцаан томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосоор ирсэн боловч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг орхигдуулсаар ирсэн.

Харин захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрээр нөхөн олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн боловч тооцооллыг буруу хийснээс миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “... шүүх хурлаар мэргэжилтний ажлаас халсан тушаалын үндэслэлийг хянаж хүчингүй болгуулах, мэргэжилтний ажлаас халагдаж ажилгүй байсан хугацааны цалинг олгох нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэж байгаа тул хэлтсийн даргын цалин орсон нийгмийн даатгалын дэвтрийн дүнгээр хохирол тооцох боломжгүй. Ц.Болдмаа нь ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн нэмэгдлийн зөрүү зэргээ жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр магадлал нөлөөлөхгүй болохыг дурьдсан” гэж дүгнэсэн.

Уг шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны хохирлыг мэргэжилтний цалингаар буюу Засгийн газраас баталсан төрийн албаны цалингийн сүлжээний ТЗ-7-5 шатлалын үндсэн цалин 638142 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, 893398 төгрөгөөр тооцож, 18 cap, 25 /ажлын 17 хоног/ хоногийн цалин буюу 16771,0 мянган төгрөгөөр тогтоосон.

Би нэхэмжлэлээ Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн нэг жилийн дундаж цалингийн бичилт, шүүхийн шийдвэрээр тогтоосон хэлтсийн даргын цалингийн зөрүүг үндэслэн 42 сая 740 мянга 508 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэсэн 16 сая 771 мянга, 517 төгрөгийг хасч, 25 сая 968 мянга 991 төгрөгийг нэхэмжилсэн.

Үүний 14,624,736 төгрөг нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин, 11,344,255 төгрөг нь бага цалинтай ажил хийж байсан хугацаа буюу шүүхийн шийдвэрээр мэргэжилтний цалин олгохоор шийдвэрлэснээс үүдсэн зөрүү юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл шүүхийн процесс үргэлжилсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3 шатны шүүхийн процесс дуусч шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, төрийн байгууллага хооронд албан бичиг дамжиж төсөв, орон тоо гэх мэт тайлбарууд үргэлжилсээр 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Анх нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхийн процесс 14 cap үргэлжилснээс миний нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэн бөгөөд ажлаас халагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл буюу нийт 3 жил, 4 cap, 12 хоногийн цалин, нэмэгдлийг cap өдрөөр 2 янзаар тооцож, нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн.

Нөхөн олговрыг маш багаар шийдвэрлэсэн нь нийгмийн даатгалын төлөлт буурч, хэлтсийн даргын албан тушаалтай мөртлөө мэргэжилтний цалингаас ч /шүүхийн шийдвэрээр 19,906,343 төгрөг+16,771,517=36,677,860 төгрөгийг ажилгүй байсан 40 сарын хугацаатай харьцуулбал сард 916,946 төгрөг болж одоо авч байгаа ТЗ-6-5 шатлалын цалингаас ч багаар тогтоосон/ бага цалин орлогоор нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдэж, энэ нь цаашид нийгмийн халамж хүртэх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох зэрэгт ноцтой нөлөөлөхүйц байдалд хүрээд байна.

Ажилгүй байсан 3 жил гаруй хугацаанд би нийгмийн халамж, тэтгэмж, татварын буцаан олголт зэрэг төрийн албан хаагч төдийгүй иргэний эрхээ эдэлж чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт тооцооллын алдаа гаргаснаас цаашид хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авах, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, нас бартлаа авах тэтгэврийн тоо хэмжээнд нөлөөлж, насаараа хохирох нөхцөл байдал үүсээд байна.

Шүүх үүнийг хуулийн ямар үндэслэлээр хэрхэн яаж үнэлж, шийдвэрлэсэн тухай тайлбар хийгээгүй, ядаж яагаад хэлтсийн даргын цалин авах эрхгүй болох талаар болон төрийн албанд 27 жил ажиллачхаад зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдэл хүртэх эрхгүй болох талаар шийдвэртээ тайлбарласангүй. Шүүхийн тооцоолол ойлгомжгүй бодитой биш байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцсон гэх боловч тооцоолол буруу байна. Уг журмаар тооцож үзвэл 7 дугаар зүйлийн А-д “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр”, журмын 9 дүгээр зүйлд “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс бүртгэл байна” гэжээ.

Иймд миний цалингийн хүснэгтээр 9 дүгээр сард 21 хоног 1,006,798 төгрөг, 10 дугаар сард 20 хоног 993,321 төгрөг, 11 дүгээр сард 15 хоног 751,049 төгрөг, сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 2,751,168 төгрөг, бүтэн ажиллаагүй учир ажилласан нийт хоног 56-т хуваагаад 49,128 төгрөгийн нэг өдрийн цалин гарч байна. Үүнийгээ ажилгүй байсан 40 cap эдийн засгийн хуанлигээр 863 хоног, 12 хоног буюу нийт 875 хоногоор тооцож үзэхэд 42,987,000 төгрөг болж байна. Энэ 3 cap нь миний мэргэжилтнээр бага цалинтай ажил эрхэлж байсан цалин бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэрээр 2013 оны 6 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын 22 хүртэлх хэлтсийн даргын цалингийн зөрүүг 1,181,226 төгрөгөөр тогтоон олгосон.

Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, цалингийн цэсийг үндэслэн ажилласан хоногт хуваахад нэг өдрийн зөрүү 11250 төгрөг*875 хоног=9,843,750 төгрөг нийт 52,830.750 төгрөг-16,771,517=36,059,233 төгрөгийг олгох ёстой.

Иймд шүүхийн шийдвэрийг зарчмын хувьд зөвшөөрч байгаа ч тооцоолол аргачлалын хувьд зөвшөөрөх боломжгүй байгаа юм.

Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр хэрэгжсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 384 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 375 дугаар магадлалаар мэргэжилтнээс халагдсан үеийн нөхөн олговрыг тогтоосон тооцооллоор бодож үзэхэд Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоолоор хамрагдах хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 10 cap 19 өдөр /ажлын 15 өдөр/ тарифт цалин 778,763 төгрөг+194,691 төгрөг /удаан жилийн нэмэгдэл 25 хувь/+194.691 төгрөг /ур чадварын нэмэгдэл 25 хувь/=1,168,145 төгрөг 1,168,145*10 cap=11,681,450+15 өдөр 814,985 төгрөг=12,496,435 төгрөг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 30 cap тарифт цалин 895,577 төгрөг+223894 төгрөг /удаан жилийн 25 хувь/+223894 төгрөг /ур чадварын 25 хувь/ 447,788,5 төгрөг=1,343,366 төгрөг, 1,343,366 төгрөг*30 cap=40300980 төгрөг, нийт цалин 12,496,435 төгрөг+40,300,980 төгрөг=52,797,415 төгрөг, шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16,771,517 төгрөг, зөрүү 36,025,898 төгрөгийг олгох ёстой.

Үүнийг сүүлийн 14 сарын нөхөн олговор нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны нөхөн олговор билээ.

Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хууль, журамд заасны дагуу бүрэн гаргуулах, нийгмийн даатгалын дэвтрийн шимтгэлийн бичилтийг төрийн албан хаагчийн нийт орлогоор тооцож хийлгэхээр энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Ц.Болдмааг тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, мэргэжилтнээр томилсон 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/29, А/70 дугаар тушаал болон түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү 1.181.226 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 16.771.517 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Болдмаад олгохоор шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн шийдвэр биелэгдэж холбогдох төлбөрүүд бүрэн төлөгджээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 165, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 254, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалын аль алинд нь нэхэмжлэгч Ц.Болдмааг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн тухайд ч Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд, эсхүл мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаагүй, өөрөөр хэлбэл албан тушаал бууруулсан болон төрийн албанаас халсан тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Харин цаг хугацааны хувьд Ц.Болдмааг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэргэжилтний албан тушаалаас халсны дараа буюу Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор тус яам татан буугдаж чиг үүрэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд шилжсэн байгаагаас гадна Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт орж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болгосон, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Болдмааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт ажиллуулахаар шилжүүлж, улмаар тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар түүнийг Хяналт, шинжилгээ үнэлгээ, статистик, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилж, нэхэмжлэгч одоог хүртэл уг албан тушаалыг хашиж байгаа болно.

Нэхэмжлэгч Ц.Болдмаа урьд ажиллаж байсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын буюу ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тийм албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулахыг хүссэн, гэтэл өмнө нь уг албан тушаалаас буурч мэргэжилтнээр томилогдох ажиллаж байсан, одоо ч Соёл урлагийн газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа зэргээс үзэхэд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй дээрх үндэслэлээр тогтоогдохгүй байх тул зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь үндэслэлгүй.

Нэгэнт албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг дутуу шийдвэрлэсний зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс “…албан тушаал бууруулсан болон ажлаас халсан тушаалууд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул ажилд томилсон шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж, хариуцагчаас ажилд буцаан томилох ёстой…” гэсэнтэй нь холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “…яам ахлах мэргэжилтнээр ажиллуулахаар тохирсон учраас заавал хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах шаардлага байхгүй гэж үзсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага дээр эгүүлэн тогтоолгох гэсэн зүйл байхгүй…” /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар талд/ гэсэн тайлбарыг нэхэмжлэгчээс тухайн үед гаргаж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Болдмаагийн “Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг эгүүлэн тогтоолгох, урьд эрхэлж байсан ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, ажилгүй байсан хугацааны 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Ц.Болдмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН