Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00836

 

                                                                    Б.Энхзулын нэхэмжлэлтэй                                                                        иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02121 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 908 дугаар магадлалтай,

Б.Энхзулын нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох           

           Үл хөдлөх эд хөрөнгийг 290.000.000 төгрөгөөр худалдахаар тогтоосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, уг эд хөрөнгийг 580.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгч Б.Энхзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6283 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 153 729 324 төгрөгийг гаргуулж "Дөргөн чансай" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Гансүх, Б.Солонго нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2203022703 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 3 тоотод байрлах сэндвичин барилга, эрхийн улсын Г-2203001726 дугаарт бүртгэлтэй 175 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг анх дуудлага худалдаанд оруулахдаа бидний тохиролцсон 580 000 000 төгрөгийг бууруулж 406 000 000 төгрөг болгосон. Хоёр дахь дуудлага худалдаанд 290 000 000 төгрөгөөр оруулах гэж байгааг үл зөвшөөрч байна. Иймд албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, анхны тохиролцсон үнэ болох 580 000 000 төгрөгөөр дуудлага худалдааг явуулж өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6283 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 3 тоот хаягт байрлах 175 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2203001726 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, 175.5 м.кв талбай бүхий эрхийн улсын Ү-2203022703 дугаарт бүртгэлтэй сэндвичин барилгыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч Б.Энхзул, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Ц.Гансүх, Б.Солонго, төлбөр авагч "Дөргөн чансай" ББСБ нараас үнийн санал авахад харилцан тохиролцож 580 000 000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3/38968 дугаартай мэдэгдлээр үнэлгээг мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 580 000 000 төгрөгийн 70 хувь болох 406 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдааны талаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/40060 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын тохирсон үнийн 50 хувь болох 290 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь дуудлага худалдаанд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч Б.Энхзул нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00418 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь дуудлага худалдааны талаар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/43544 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Б.Энхзулын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02121 дүгээр шийдвэрээр Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг 90 000 000 төгрөгөөр худалдахаар тогтоосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, уг эд хөрөнгийг 580 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгчид буцаан гаргуулан олгож, Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6283 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 908 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02121 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Б.Энхзулын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 908 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6283 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 153.729.324 төгрөг гаргуулж “Дөргөн чансаа” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Гансүх, Б.Солонго нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2203022703 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 3 тоотод байрлах сэндвичин барилга, эрхийн улсын Г-2203001726 дугаарт бүртгэлтэй 175 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг анх дуудлага худалдаанд бидний тохиролцсон 580.000.000 төгрөгийг бууруулж 406.000.000 төгрөг болгосон. 2 дахь дуудлага худалдаанд 290.000.000 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэсэн нь тухайн обьектын анх санал болгосон 580.000.00 төгрөгийг 50 хувь бууруулсан нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Энхзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

           Нэхэмжлэгч Б.Энхзул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, барьцааны зүйлийг 580 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

          Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6283 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас152 807 337 төгрөг гаргуулан “Дөргөн чансай ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

          Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2015/11947 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 171/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамж, 3 тоот, 175.5 м.кв талбайтай, сэндвичин барилга /Ү-2203022703/, мөн тус хаягт байрлах 175 м.кв газрын /Г-2203001726/-ын хамт битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 171/01 тоот тогтоолоор хураажээ.

         Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийн талаар үүрэг гүйцэтгэгч Б.Энхзул болон тухайн хөрөнгийн өмчлөгч нар санал гаргаж 580 000 000 төгрөгөөр үнэлснийг үүрэг гүйцэтгүүлэгч “Дөргөн чансай ББСБ” ХХК зөвшөөрсөн /хх 38-41, 42/ тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө харилцан тохиролцож тогтоосон гэж үзнэ. Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 11/241 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг талуудын харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцож 406 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Энхзулд хүргүүлснийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна.

          Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/230 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг талуудын харилцан тохиролцсон үнэ болох 580 000 000 төгрөгийн 50 хувь болох 290 000 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт “анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна”, 177.4 дэх хэсэгт “хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж тус тус заасантай нийцжээ.

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хууль зөрчөөгүй байна.

          Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Энхзулын төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулсан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т нийцсэн хэдий ч анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал болон тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болох “290 000 000” төгрөгийг “90 000 000” төгрөг гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.    

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 908 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02121 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...90.000.000 төгрөгөөр...” гэснийг “...290.000.000 төгрөгөөр...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2.Нэхэмжлэгч Б.Энхзулаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                                   ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН