Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2019/00056

 

Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00567 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, А.Е-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдүүлсэн бараа материалын үнэ 10.372.500.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Тус аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай иргэн А.Е гурван сарын өмнө Улсын нөөцийн салбараас 10.372.500.00 /арван сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийн бараа, материал болох өвс, тэжээл зээлдэн авч тухайн үед иргэн А.Е "2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг холбогдох дансанд шилжүүлнэ" гэсэн гарын үсэгтэй хоёр төрлийн бичиг өгсөн. Тохиролцсон хугацаанаас хойш гурван сар өнгөрсөн боловч мөнгийг буцааж зохих дансанд тушаахгүй байна. Байгууллагаас зээлүүлсэн бараа, материалын мөнгө болох нийт 10.372.500.00 төгрөгийг тус сумын 4 дүгээр багийн иргэн А.Е-аас нэхэмжилж байна. Иймд А.Е-аас 10.372.500.00 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: “А сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай А.Е миний бие 2019 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймгийн улсын нөөцийн салбараас тус суманд хуваарилсан өвс тэжээлийг Засаг дарга С.Б-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу очиж ачуулсан.Тухайн үед зарж борлуулсны дараа үнэ өртгийг нь хийнэ гэж дарга тохирч ачуулсан. Өвс тэжээл нь тухайн суманд хүргэгдэж ирэх үед цаг агаар дулаарч шинэ ногоо гарсан. Одоо ч тухайн улсын нөөцийн салбараас авсан өвс нь улсын мэдлийн А сумын тэжээлийн нөөцийн салбарт тоо ширхэг ёсоор байгаа. Харин тэжээлийн хувьд тухайн үед малчдад зээлээр тараагдаж одоо мөнгө нь гүйцэд цугларсан ба 360 уут тэжээлийн үнэ болох 5.535.000.00 төгрөг танай нөөцийн салбарын дансанд шилжүүлэхэд бэлэн байна. Тухайн үед мөнгийг гүйцээж шилжүүлнэ гэсэн шалтгаанаар хойшлогдсон боловч одоо манайд Улсын нөөцийн салбар дансаа хүргүүлсэн нөхцөлд тус мөнгийг бэлэн шилжүүлэх болно. Иймд цаг агаар орон даяар дулаарч улсын нөөцөөс өгсөн өвс нь зарагдаагүй өвсний үнийг би хувиасаа төлөх боломжгүй ба төрийн ажил хийж байгаа миний хувьд төрийн хөрөнгө мөнгийг ашиглан шамшигдуулаагүй тул буцаан татах арга хэмжээ авч ажиллахыг улсын нөөцийн салбараас хүсэж байна. Уг нэхэмжлэлд дурдсанаар хувь хүн надаас гаргуулах мэтээр дурдсан байгаа нь миний хувьд төрийн ажил хийж төрөөс өгсөн өвс тэжээлийг малчдад ард иргэдэд тухайн үнээр борлуулсан.” гэв.           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00567 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай А.Е-аас зээлдүүлсэн бараа, материалын мөнгө 10372500 /арван сая гурван зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт олгож шийдвэрлэжээ.        

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ тухайн нэхэмжлэлийн хариуцагч нь хувь хүн биш төрийн байгууллага байсныг анзааралгүй буруу шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан зарлагын баримтууд хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.М нарын шүүх хуралдааны үед хэлсэн үг зэргээр Улсын нөөц сангаас Засгийн газрын "бүх сумуудад хөнгөлттэй, өвс, тэжээл олгох" тухай шийдвэрийн дагуу А суманд 10.372.500.00 төгрөгийн өвс, тэжээл хуваарилагдаж байсныг тус сумын тамгын газар хүлээж авч, дарга ажилтай А.Е үүнийг баримтжуулан гарын үсэг зурсан болох нь нотлогдож байна. Гэтэл энэхүү өвс, тэжээлийг А.Е хувьдаа авсан мэтээр түүнээс төлбөрийг нь нэхэмжилсэн нь буруу болжээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн А сум нь өвөлжилтийн хүндрэлтэй холбоотой улсын нөөц сангаас өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр авсан болохоос биш иргэн А.Е аваагүй. Тэгээд ч иргэн А.Е нь хөнгөлттэй үнээр өвс, тэжээлийг улсын нөөцөөс авах эрхгүй бөгөөд хүссэн ч авч чадахааргүй байжээ. А.Е нь тус хэрэгт иргэний хувьд хариуцагчаар оролцсон ба хэрэв хариуцагчийг А сумын Тамгын газар болгож өөрчлөх юм бол тус шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой, сумын Засаг даргын санхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргах боломжтой. Иргэн А.Е-ын төлбөрийг сумын санхүүгээс гаргах боломжгүй гэж байгаа нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс Онцгой байдлын газар болон иргэн А.Е нарын хооронд худалдах, худалдаан авах гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэлт хийсэн. Дээр дурдсанаар иргэн А.Е хөнгөлттэй өвс, тэжээлийг хувьдаа аваагүй. Мөн нотлох баримтуудаар А суманд уг өвс, тэжээлийг авсан болох нь тогтоогдож байна. Улсын нөөцийн Баян-Өлгий аймаг дахь салбараас энэхүү өвс, тэжээлийг авсан болохоос Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газраас өвс, тэжээл аваагүй байна. Нөгөө талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь хариуцагч А.Е-д холбогдуулж 10.372.500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “А сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай А.Е нь Улсын нөөцийн салбараас 10.372.500.00 төгрөгийн өвс, тэжээл зээлдэн авсан боловч мөнгийг буцааж төлөөгүй тул нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Засгийн газрын 2019 оны 82 дугаар тогтоолын дагуу А суманд 18 тн тэжээл, 35 тн өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож уг өвс, тэжээлийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай А.Е нь хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 13, 15-ны өдрийн зарлагын баримтад гарын үсэг зурж, өвс, тэжээлийн үнэ болох 10.372.500.00 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлөхөөр болж  баримт бичсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

            Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараас үзэхэд улсын нөөцийн сангаас хөнгөлттэй үнээр олгогдох өвс, тэжээлийг сумдад, малчдад зориулж хөнгөлттэй үнээр хуваарилсан болохоос иргэн А.Е-д олгоогүй болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчиж хариуцагчийг зөв тодорхойлоогүй, иргэн А.Е-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

            Мөн Засгийн газрын тогтоолоор Улсын нөөцөөс өвс, тэжээл олгосон байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр аймгийн Онцгой байдлын газарт мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцээгүй байна.

           

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул  хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 180.910.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгохоор шийдвэрлэв.  

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.910.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

                                                                                                           Д.КӨБЕШ