Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/91

 

 

 

 

 

 

 2022          01           20                                            2022/ДШМ/91                                                                                                                                                                                                                 

У.Б-од холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямдэлэг,

шүүгдэгч У.Б-, түүний өмгөөлөгч Ц.Амар,  

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2110009650408 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн У-н Б-, Улаанбаатар хотод 1961 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 14,040,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

У.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө гудамжны 000000 тоотод хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж, ажиллуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: У.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Б-ыг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100 дэвсгэртийн америк доллар 5 ширхэг MB91090375М, MD31296036A, LL06256829F, MK194439591A, MB45259227C, юаний дэвсгэрт 1 ширхэг PQ61807974, 20,000 төгрөгийн дэвсгэрт 67 ширхэг, AF7216421, AH7368799, AG7671654, AL7642801, AC8629493, AH2138400, AC7674020, AH5022289, AF4374814, AF6669778, AD8693465, AJ0472711, AD7263343, AG691626, AF1733084, AH3193988, AF5609286, AE0011021, AD7778720, AD3636101, AC7002859, AG1598620, AF1507818, AH2920313, AZ8612976, AH5737851, AF8563604, AZ6636922, AZ3893517, AD3959433, AH9015393, AD5227115, AL7357776, AI3566534, AK3819460, AK2739464, AI7619023, AI9814535, AG9730397, AH5086850, AF8016539, AL6898546, AI2344657, AI2344658, AI2344659, AI2344660, AI2344661, AI2344662, AI2344663, AZ0591974, AI2344664, AI2344665, AH1675255, AH1985060, AD7338307, AZ8651668, AL5355825, AK9355785, AH3973669, AE1149894, AG5363712, AL3574362, BZ1803935, AK0206330, AF7792170, AF9920629, AG2333906, 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг AG9913592, 20 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг AJ4371579, AD7230311, AG6115315-ыг улсын орлогод тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, дилер тэмдэг 5 ширхэг, хясаа 59 хайрцаг, хөзөр 6 ширхэг, “all n”  тэмдэг 3 ширхэг, улаан өнгийн бүсэлхийн цүнх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, дэвтэр 19 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн танил найзуудтайгаа хамт покер тоглож байснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ үйлдлээ мөрийтэй тоглоом тоглохыг зохион байгуулсан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой. Гэтэл намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, мөрийтэй тоглоомын газар байгуулан ажиллуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үйлдэл нь казино байгуулсан, төлбөр төлж мөрийтэй тоглуулдаг газар байгуулахыг ойлгож байна. Би цагаан сарын өмнөх өдөр өөрийн танил, найз нарын хамт тоголсон. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан дараах тайлбарыг хэлэх нь зүйтэй байна. Хэргийг цагдаагийн байгууллага илэрүүлээд, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Хойшлуулашгүй тохиолдолд хийсэн ажиллагааг прокурор хүчинтэйд тооцоогүй. Хэргийн 32 дугаар талд эд зүйлийг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол бий. Хууль зөрчсөн ажиллагаагаар хураагдсан эд мөрийн баримтаар хэргийн үйл баримтыг тогтоож, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үйл баримтыг тогтоосон хэсэгт ямар шинжээр нь мөрийтэй тоглоомын газар байгуулсан гэдгийг тодорхой дүгнээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах, эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэдгийг ямар шинжээр нь ялгаж байгаа нь тодорхойгүй. Мөрийтэй тоглоом байгуулсан, ажиллуулсан гэх гэмт хэрэг нь шинээр хуульчлагдсан. Энэ талаар давах болон хяналтын шатны шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг хангалттай нотлон тогтоосон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Шүүгдэгч интернэт тоглоомын газрын нэг өрөөг покер тоглуулах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн. Энэ үйлдэл нь мөрийтэй тоглоомын газар байгуулсан гэдэгт хамаарч байна. Үйлчлэгч, харуул, хаалгач, цай, кофе зөөгч, дилер гэх хүмүүсийг ажиллуулж байсан нь тогтоогдсон. Зориулалтын ширээ, хөзөр, читон зэргийг бэлтгэсэн нь мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч У.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч У.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө гудамжны 0000 тоот хаягт хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж, ажиллуулсан болох нь:

гэрч Д.Ц-ын “... зүс таньдаг Э, Б-, Д, танихгүй залуучууд ар араасаа орж ирсэн. Би тэнд байсан хүмүүст цай, кофегоор үйлчилсэн. 2 цагийн дараа ширээ тойроод Алтангэрэл, шар толгойтой залуу, туранхай залуу, үйлчлэгч Долгор эгчээс бусад нь покерын ширээнд суугаад, тоглох, тоглохгүй, мөнгөний асуудлаа яриад байх шиг байсан...” /1-р хх 51-53/,

гэрч Б.-ын “... Би дилер хийгээд нэг шөнийн дотор 80,000-100,000 төгрөг олдог. Миний дилер хийж байсан ширээн дээр 8 хүн байсан ба 1,400,000-1,500,000 төгрөгийн тоглолт явагдаж байсан. Түмээ ах “Тоглоомын газар дилер хийх үү” гэхээр нь  хоёр дахь удаагаа ирж дилер хийж байна...” /1-р хх 55/,

гэрч Ч.Б-ий “... Найз Б “Б- ах дээр ирээд дилер хийгээд өгөөч” гэсэн. Намайг ирэхэд Б-, Б, Д, бусдыг нь танихгүй хүмүүс байсан. Би дилер хийх цагаа хүлээж байсан...” /1-р хх 59-60/,

гэрч Ц.А-ийн “...эгч залгаад “РС-д хаалгач хийгээд өг” гэхээр нь очсон. Ц эгч “Намайг хаалга онгойлго гэвэл онгойлгоорой” гэсэн. Танихгүй хүмүүс ар араасаа ирээд ширээтэй өрөө рүү орсон...” /1-р хх 63-64/,

гэрч М.Д-ын “... хуучин захирлын өрөөнд тоглоомын ширээ суурилуулсан. Хүн ирж тоглох үед нь би цэвэрлэгээ хийж, кофе зөөж өгдөг. Тэр өдөр ширээн дээр 7-8 хүн тоголж эхэлсэн. Захирал Б- өөрөө тоглоомыг зохион байгуулдаг байх, өөр хүн харагдаад байдаггүй...” /1-р хх 66-67/,

гэрч М.О-ын “... Б- “Маргааш хөл хорио тогоох гэж байна, жаахан тоглох уу, Дэльта дээр хүрээд ир” гэсэн. Гаднаас ганц, нэг хүмүүс орж ирээд 8 хүн болохоор нь покер тоглож эхэлсэн...” /1-р хх 74-75/,

гэрч Б.Д-ийн “... сүүлд Мино хоцтой Билгүүн орж ирэхээр нь “Тоглох гэж байгаа юм уу” гэхэд “Дилер хийнэ” гэсэн... хүмүүс мөрийтэй тоглосон байж магадгүй...” /1-р хх 79-80/,

гэрч П.Э-ийн “...Покерын ширээн дээр ойролцоогоор 8 хүн суугаад тоглож байсан. Тэд нар мөрийтэй тоглосон бөгөөд ханан дээр байсан данс руу мөнгөө шилжүүлээд тоглоод байсан...” /1-р хх 84-86/,

            гэрч Б.Б-ийн “... Ширээн дээр нийт 8 хүн тоглосон, бусад нь үйлчилгээний хүмүүс байсан. Манаач, цэвэрлэгч, кофе зөөгч болон хоёр залуу дилер хийж байсан. Б- ах тоглоомыг зохион байгуулсан. Би 500,000 төгрөгөө хананд байршуулсан дансанд хийж, читон авч тоглосон...” /1-р хх 88-89/,

            гэрч Н.О-ийн “...Би гарахдаа мөнгөө өгнө гээд 500,000 төгрөгийн читон аваад тоглосон... Би гарах үедээ бэлэн мөнгөтэй бол бэлнээр, байхгүй бол дансаар шилжүүлдэг байсан, бусад хүмүүс яаж хийдэг байсан талаар мэдэхгүй...” /1-р хх 91-92/,

            гэрч Д.Б-ын “...Нийт 6-7 хүн тоглож байсан ба бусад нь цэвэрлэгч, кофе зөөгч, дилер хоёр залуу байсан...” /1-рхх 94-95/,

гэрч Д.Ц-ын “... 5024935500 тоот данс миний эзэмшилд байдаг боловч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл найз У.Б- авч ашиглаж байгаад өгсөн. У.Б-од картаа өгөхөд 1,500 төгрөг байсан. 47,880,000 төгрөг ямар учиртайг мэдэхгүй ...” /1-р хх 100-101/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 5-17/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 18-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Б-ын үйлдэл нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглох орон байрыг тохижуулж, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэж, хаалгач, цэвэрлэгч, зөөгч, дилер зэрэг ажилтнуудыг ажиллуулсан зэрэг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэдэгт үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглуулж ашиг олох зорилгоор өөрийн болон бусдын орон байрыг ашиглаж, шаардлагатай тоноглол, хэрэглэгдэхүүн, тэнд ажиллах хүн хүчийг урьдчилан бэлтгэсэн, үйл ажиллагааны хувьд байнгын шинжтэй байхыг ойлгоно.

Шүүгдэгч У.Б- нь дээрх зорилгоор урьдчилан орон байраа тохижуулж, хөзөр, читоныг бэлтгэн, хаалгач, зөөгч, үйлчлэгч, дилер зэрэг ажилтнуудаар хангаж, бэлнээр болон найзынхаа эзэмшдэг дансыг ашиглан тоглогчдын бооцооны мөнгийг хураан авдаг байсан ба энэхүү үйл ажиллагаа нэг бус удаагийн үйлдэл болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс, дансны хуулга, данс тооцоо хөтөлсөн дэвтрүүдээр тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Нэгдүгээр хавтас хэргийн 30 хуудаст авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот прокурорын тогтоолд “... прокурорын зөвшөөрөлгүй хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох нь зүйтгэй ...” гэж дүгнэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ын хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/557 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                       

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН