Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Бтүүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000423 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Б, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нийслэлийн 40 дүгээр сургуулийн манаач ажилтай, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Бнь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой 24 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн урд замд өөрийн эзэмшлийн Mazda Demio маркийн 90-87 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ёндонравзалыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бмэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 09-ний орой 3 дугаар хорооллоос Богд Ар хороолол руу 90-87 УБМ улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинтай явж байгаад 25 дугаар эмийн сангийн гарц дөхөөд хурдаа хассан. Тухайн үед гарц дээр хүн байгаагүй. Тэгтэл гэнэт хоёр хүн гүйгээд ирсэн. Би тормос гишгэсэн боловч очоод мөргөсөн. Тэр дороо цагдаа, түргэн дуудсан” гэв. Шүүгдэгч Бнь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой 24 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн урд замд өөрийн эзэмшлийн Mazda Demio маркийн 90-87 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ёндонравзалыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хэргийн газарт үзлэг хийсэн “... асфальтан, шулуун тэгш хуурай явган хүний гарцтай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, зургаан эгнээ явган хүний замтай, хашлагатай, хайсгүй замд явган зорчигчийг хойноос урагш явганы гарцаар гарч байхад нь мөргөсөн” гэсэн тэмдэглэл. /хэргийн 10 дугаар хуудас/ Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8-9, 11-13 дугаар хуудас/ Хохирогч Ц.Ёндонравзалын “Би 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25 дугаар эмийн сангийн урд талд баригдаж байгаа барилга дээрх ажил шөнийн 00 цагт дуусаад ажлын найз Батгэрэлтэй нийлээд 0.5 литр архи хувааж уугаад архиа ууж дуусаад замын эсрэг талд байх ТҮЦ-ээс тамхи худалдаж аваад хойноосоо урагшаагаа зам хөндлөн явган хүний гарцаар гарч байтал машин хүчтэй ирээд л мөргөсөн. Тэгээд л ухаан алдсан юу болсоныг санахгүй байгаа. Нэг сэргэсэн эмнэлэгт ухаан орсон. Би гэмтлийн эмнэлэгт 10 хоног, Манал оточ эмнэлэгт 15 хоног хэвтсэн. Дахиад бие өвдөөд байхаар нь дахин Манал оточ эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Би надтай хамт архи уусан ажлын найзтайгаа хамт зам хөндлөн гарч байсан. Гэхдээ бид хоёр зам гарахдаа ар араасаа цуваад явсан. Би түүний ард талд ойролцоогоор 3 метрийн зайд алхаад зам гарч байсан. Би эхлээд зам гарахаасаа өмнө зам руу хартал машинууд хол явж байхаар нь зам гарч байтал тэр машин хурдтай ирээд намайг мөргөсөн. Тухайн үед замын хажуугийн гэрэл асаж байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Би явган хүний замаар гарч байсан. Замын хөдөлгөөн бага л байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/ Гэрч С.Батгэрэлийн “... Ёндонравзал бид 2 нийлээд 0.5 литр архи дэлгүүрээс аваад архиа ууж дуусаад замын эсрэг талаас ТҮЦ орж тамхи аваад буцаад зам хөндлөн байр руугаа хойноосоо урагшаа ар араасаа цуваад явган хүний гарцаар явсан. Би түүний урд талд ойролцоогоор 2 метрийн зайд явж байтал тас гээд л дуу гарсан. Эргээд хартал Ёндонравзал зам дээр ухаангүй байсан. Тэр хавиар явж байсан хүмүүс ослын дараа ирээд цагдаа, эмнэлэг дуудаж өгсөн. Удалгүй эмнэлэг ирээд Ёндонравзалыг эмнэлэг аваад явсан. Дараа нь цагдаа нар үзлэг хийсэн. Би эхний замаа гарахдаа зам руу харахад хоёр автомашин ирж байсан. Бид хоёрыг гарч байхыг харсан байхаа. Тэр хоёр автомашин зам тавьж өгсөн. Тэгээд дараагийн зам руугаа харахад осол гаргасан автомашин нэлээн зайтай ирж явахаар нь бид хоёр ар араасаа цуваад гарч байтал ирээд л мөргөсөн. ...Бороо ороогүй, гадаа тогтуун байсан. Замын хажуугийн гэрэл асаалттай байсан. Замын хөдөлгөөн бага л байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7746 дугаартай: “1. Ц.Ёндонравзалын биед титэм заадсаас 2 талын чамархай яс суурь руу үргэлжилсэн нийлмэл хугарал, титэм заадсаас дух руу үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн гүн дэх цус хуралт, няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, нэг шүдний булгарал, доод уруулд язарсан шарх, дух, хамар, хоёр хацар, шанаа эрүү, бүсэлхий, баруун тавхайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба авто ослын үед үүсч болно. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Тархины гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 42 дугаар хуудас/ Замын Цагдаагийн албаны 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн: “1. Мазда Демо маркийн 90-87 УБМ улсын дугаартай автомашин жолоодож явсан Бнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Явган зорчигч Ц.Ёндонравзал нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... ” гэсэн дүгнэлт. /хэргийн 60 дугаар хуудас/ Шүүгдэгч Ш.Бын яллагдагчаар өгсөн “... 3,4 дүгээр хороололоос хүн аваад Богд Ар руу хүргэж өгөхөөр 3 дугаар эгнээгээр 35 км цагийн хурдтай явж байтал өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад тэгээд гялбаанд ороод явж байтал урд хүн гараад ирсэн. Тэгээд л тормосоо гишгэтэл тэр хүнийг машины урд хэсгээрээ мөргөсөн. ...Би хохирогчийн эмчилгээний зардалд ойролцоогоор 2.800.000 төгрөг өгсөн байгаа. Эм авч өгсөн болон данс руу нь мөнгө шилжүүлсэн баримт байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Бын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ш.Бын үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Ц.Ёндонравзал “Жолооч Бэмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгч 9- 22-нд хохирогчид 3.500.000 төгрөг өгсөнийг хүлээж авсан тул хохирогч гомдолгүй болсныг мэдэгдье. Хөдөө орон нутгаас явах боломжгүй тул баталгаат бичиг илгээлээ” гэсэн бичгийг шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч Ш.Быг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзэв. Харин хохирогч Ц.Ёндонравзал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90-87 УБМ улсын дугаартай Мазда Демо маркийн автомашины №01586529 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ш.Бд буцаан олгож, Ш.Бын №93592 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Бтохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Бнь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.Быг тэнссэн хугацаанд ямар нэгэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Ш.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Бнь энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай. 4. Хохирогч Ц.Ёндонравзал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90-87 УБМ улсын дугаартай Мазда Демо маркийн автомашины №01586529 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ш.Бд буцаан олгож, Ш.Бын №93592 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэлийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хүчин төгөлдөр болтол Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ