Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/111

 

 

 

 

 

 

 2022           01           27                                            2022/ДШМ/111                                                                                                 Т  M 546                                  МАЛАЛ

Ц.Пид холбогдох                                                                                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 2021/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Пийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2110010250676 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-гийн П, Улаанбаатар хотод 1971 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “--тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/

1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 1, 278 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 1 жил 6 сар хорих ял,

1998 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг баримтлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 сар 10 хоног баривчлах ял,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаас өршөөн хэлтэрч суллагдсан,  

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил хорих ял шийтгүүлсэн.  

Ц.П нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Түргэний голын “0” 0-0 тоот гэртээ согтуугаар төрсөн эгч Ц.Б-ын толгойн тус газар таягаар цохиж зодсоны улмаас тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ц.Пийг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 13 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцжээ.

Шүүгдэгч Ц.П давж заалдах гомдолдоо: “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндийн байдал муу, унаж татдаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, тархиндаа гавлын хамгаалалт бүхий биет суулгасан, эм тариагүй бол унаж татдаг. Талийгаач эгчийн хүү нь гомдолгүй гэсэн тул хорих ялыг багасгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийг анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг биш. Хүнд гэмтэл учруулсаны улмаас хохирогч нас барсан гэж зүйлчлэх ёстой” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Пид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэний улмаас шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Шүүгдэгч Ц.П нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Түргэний голын “0” 0-0 тоот гэртээ согтуугаар төрсөн эгч Ц.Б-ын толгойн тус газар таягаар цохиж зодсоны улмаас тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч гэмтэл авснаас хойш тодорхой хугацаанд эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байхад хохирогчийн үхлийн шалтгаан болсон тархины гэмтлийг цаг тухайд нь оношилж, эмчилсэн нөхцөлд амь аврагдах боломжтой эсэхэд шинжилгээ хийлгүй орхигдуулсан байна.   

Мөн цагдаагийн байгууллагад 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10:28 цагт гэмт хэргийн талаар дуудлага, мэдээлэл ирж, 11:41 минутад цагдаагийн алба хаагчид хохирогч Ц.Б-ыг яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн талаарх баримтууд хэргийн 5, 105 дугаар талд, Гэмтэл, согог судлалын үндэсний төв 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12:20 цагт хохирогчийг хүлээн авсан талаарх баримт хэргийн 93 дугаар талд, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06:31 цагт хүлээн авч өвчний түүх нээж эмчилгээ хийсэн талаарх баримтууд хэргийн 94-104 дүгээр талд тус тус авагджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л “... Би 22 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлэг дээр очиход ээж ухаан ороогүй байсан. 2 удаа зураг авахуулах гэхэд согтуу хүн шиг байн байн хөдлөөд зураг авч болохгүй байсан. Эмч нар “Энэ хүн ухаан орохгүй байна, дүүргийн эмнэлэгт очиж хордлого тайлах бил үү, сэргээх эмчилгээ хийлгэ, шөнөдөө гайгүй болбол аваад ир” гэж хэлээд түргэний машинаар Хан-Уул дүүргийн эмнэлэгт хүргэсэн. Тэр шөнө ээж эмчилгээ хийлгэсэн боловч ухаан ороогүй. Маргааш нь бүтэн эмчилгээ хийгээд ухаан оролгүй, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед эмч нар найдваргүй болсон гэсэн ...” гэж мэдүүлсэн /хх 23/ байх тул хохирогч тархины гэмтлийг авсанаас нас барах хүртэл хугацаанд хийгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хууль тогтоомжид нийцсэн эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай байна.

Дээр дурьдсан асуудлуудаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Ц.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 2021/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Пид холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 2. Хэрэг прокурорт очтол Ц.Пид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН