| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00366/И |
| Дугаар | 131/ШШ2024/00386 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2024/00386
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******, 1 дүгээр багт оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Бид 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, амьдрах хугацаанд 2012 онд охин Б., 2013 онд хүү Б., 2018 онд хүү Б., 2020 онд хүү Б. нар төрсөн.
Нөхөр С. нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын байран дээрээ хүнд зодуулсан байсан. Тэгээд хэнд зодуулсан гэж асууж лавлахад хэлэхгүй байснаа орой танихгүй хүнд зодуулсан гэж хэлсэн. Би энэ талаар орой дахин асуухад маргааш чамд хэлэх ёстой хүн нь хэлнэ гэсэн.
Маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 40 минутад дугаараас миний утсанд дуудлага ирэхээр аваад ярихад Б. гэдэг хүн танай нөхөр манай эхнэр Э. уулздаг болж, би өчигдөр цуг уулзаж байхад нь бариад хоёуланд нь зодсон гэж хэлэхэд манай нөхөр хажууд байсан талаа худлаа гэж хэлэхгүй дуугүй байсан.
Ингээд надад ямар ч тайлбар хэлэлгүй 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед хөдөө явсан. Одоог хүртэл тайлбар хэлэхгүй байгаа. Э.Цэнгэлмаа гэдэг хүүхэн намайг гүтгэх гэж зурвас бичиж, утсаар ярьсан.
Би сумын цагдаад мэдэгдсэн боловч манай нөхөр байхгүй учир шийдэгдээгүй. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Иймд гэрлэлтийг цуцлуулж 4 хүүхдийн асрамжийг надад тогтоож С.эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянхонгор аймгийн *******ын *******ийн Өлзийт хорооллын ******* байрлах 64 мкв хувийн сууц, Тоёота королла филдер маркийн суудлын автомашин, Баянхонгор аймгийн *******ын 4-р багийн тоот хашаа, адуу 44, үхэр 40, хонь 90, ямаа 98 нийт 272 тооны малаас надад болон 4 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.
2. Хариуцагчийн хүсэлтийн агуулга: С. нь эхнэр 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн *******ын 1 дүгээр багт оршин суудаг. Эхнэр Ч. үл ойлголцол үүсэж, тэрээр шүүхэд хандсан байна. Бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа нь үнэн болно. Иймд дахин асуудал гаргахгүй. Эхнэрээсээ энэ шүүхийн өмнө уучлалт гуйж байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хүүхдүүдийнхээ эцэг, эхтэйгээ хамт амьдармаар байна гэсэн хүсэлтийн дагуу нөхөртэйгөө эвлэрч хамт амьдрах болсон.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч. болон хариуцагч С. нар нь гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхээр гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ч. болон хариуцагч С. нарын эвлэрлийг баталж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ч.******* хариуцагч С.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч. болон хариуцагч С. нарын эвлэрлийг баталж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.******* хариуцагч С.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ