Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 248

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

иргэдийн төлөөлөгч Ч.Болорцэцэг,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын А-д холбогдох 201726030479 дугаартай хэргийг 2017 оны  08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           1.Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ,,,, дүгээр хороо ,,,, тоотод оршин суух,Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.А нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр “Эрэл”-ийн байрны замын хойд талд байрлах граш дунд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч П.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.А-с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би хохирогч А-ын эхнэртэй ажиллаж байгаад ажлаас болж маргалдсан. Гэтэл хохирогч А орж ирсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Би хохирогч А-д гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А анх зодолдох санааг гаргасан. Тэгээд бид хоёр зодолдсон. Би А-г хавсарч газар унагаасан. Би тухайн үед А-г өөрийн машиндаа суулгаад Хан-Уул дүүргийн эмнэлэгт очиж үзүүлсэн боловч Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв...”

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч П.А-ын: “....Би “Импрал” таксинд жолооч ажилтай юм. Харин манай эхнэр оператор буюу дуудлага хүлээн авч таксинд өгдөг. Хэр олон дуудлага авна тэр хэмжээгээр мөнгө олоод явдаг юм. Манай компаний таксины жолооч А нь ажиллах хугацаандаа манай эхнэрийг станцаар дуудлага авахгүй байна гэж 3-4 удаа утсаар ярьж “гичий минь, янхан минь” гэх зэргээр доромжилсон тухай манай эхнэр Ц надад ярьж байсан. Тэгэхээр нь би А рүү станцаар холбогдоод “хөгшөөн, чиний эхнэрийг ийм ажил хийж байхад ингээд доромжлоод байвал, ямар байх вэ” гэх зэргээр хэд хэдэн удаа хэлж гуйсан юм. Тэгэхэд А надад хандаж чамд хамаагүй, би чамайг хаа таарсан газраа няц дарж ална шүү” гэж заналхийлдэг байсан. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр өглөөний 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын “Петровис” шатахуун түгээх газарт А-тэй тааралдсан. Тухайн үед би машинаа арчаад зогсож байсан чинь А намайг дуудаад машиндаа суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-ийн унаж явсан таксинд суусан чинь надад хандаж “Би чиний эхнэрийг яаж ч доромжилж байсан хамаагүй, би хэн ч байсан өөрийнхөө дураар доромжлоно” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “ингэж болохгүй шүү дээ, чиний эхнэрийг нэг газар ажиллаж байхад нь хүн дарамтлаад байвал чамд ямар байх вэ, чи сайн бодоод үз” гэж хэлсэн чинь А надад “чи ер нь яах гээд байгаа юм бэ, Ийшээ ойрхон гараад үзчих үү” гэж хэлсэн. Тэрийг би ойрхон явж хоорондоо зодолдъё гэж байна гэж ойлгоод зөвшөөрсөн.  Гэхдээ би дотроо юу юугүй зодолчихно гэж бодоогүй, жаахан хэрүүл хийж байгаад ойлголцоод салах байх гэж бодсон. Ингээд би А-ийн машинаас буугаад өөрийнхөө машинд суугаад А-ийн машиныг дагаад явсан. Тэгэхэд А Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Эрэл” байрны хойд талын хэсэг граш дунд очоод машинтайгаа зогссон. Тэгэхээр би машинтайгаа түүний машины ард нь зогссон. Ингээд хоёулаа машинаасаа буугаад дөхөөд очсон чинь А миний хоёр гараас хоёр гараараа барьж аваад баруун хөлөөрөө нэг удаа хавирсан чинь би газарт зүүн талаараа унасан. Тэгээд дээрээс 6-7 удаа баруун хөлөөрөө цээж, толгой хэсэг рүү дэвсээд байсан. Тухайн үед цээж, эгэм хэсгээр маш их өвдөөд би Алтантантөгсөд хандаж “байж бай, би босъё, үхлээ ш дээ” гэж хэлсэн чинь А намайг баруун гараас татаад босгоод, машиндаа суулгаад эмнэлэг рүү явсан. Ингээд миний биед зүүн талын чамархай яс, хөхлөг сэртэн, суурь яс руу дамжсан хугарал, эгэм ясны хугарал, баруун сарвуунд шарх зэрэг гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Ц-ын: “...Би “Импрал” таксины диспетчер ажилтай бөгөөд миний ажлын үүрэг нь такси дуудан дуудлагыг хүлээн авч такси жолооч нарт станц буюу холбоогоор цацаж мэдэгдэх үүрэгтэй. А нь таксины жолооч бөгөөд станцаар надтай харьцах үед нь би сонсож чадаагүй юм. Тэгэхэд шууд станцаар намайг “чи муу яах гээд байгаа юм бэ, чи намайг ажилд гаргах гээд байгаа юм уу, Үгүй юм уу, пизда чинь наад ажлаа олигтойхон хий” гэх зэргээр доромжилж эхэлсэн. Тэр тухайгаа би нөхөртөө хэлчихсэн юм. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа буюу 2017 оны 04  дүгээр срын 01-ний өдөр өглөөний 7 цагийн орчим нөхөр лүүгээ залгахад би нэг хүнтэй уулзах гэж байна жаахан байж байгаад залгая гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохоо больсон. Ингээд над руу А 11 цагийн орчим залгаад “Би ГССҮТ дээр байна, чи хүрээд ир” гэсэн. Тэгээд яваад очиход А-ын хувцас нь урагдчихсан, чихнээс нь цус гарчихсан, хацар нь шороо болчихсон, зүүн гараа уяагаар боочихсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад надад уначихсан гэж тухайн үедээ хэлж байсан. Тэгээд эмч нь намайг дуудаад гавлын яс цуурсан, эгэм нь хугарчихсан байгаа битгий хамаагүй хөдөлгөөрэй гэж хэлсэн. Дараа нь А надад А-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Эрэл”-ийн байрны хойд талын грашанд зодуулж ийм болсон гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дугаар сарын 04-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №4620 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Энхтайваны мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч М.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би “Импрал” дуудлагын такси компанид ажилладаг юм. Тухайн өдөр өглөөний 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1-р хороо “Петровис” шатахуун түгээгүүрийн газар руу зогсолт хийхээр машинтайгаа яваад очсон чинь А гээд манай компанид такси жолооч хийдэг залуу бас ирчихсэн машинаа арчаад зогсож байсан. Урьд нь А-ын эхнэр болох манай компаний оператор хийдэг Ц гэх хүүхэнтэй холбооны хэрэгслээр муудаж маргалдаж байсан юм. Учир нь Ц нь дуудлага хүлээж авахдаа намайг сонсохгүй, өөр хүнд ажил, дуудлага өгөөд байсан юм. Тэрнээс болж би бага зэрэг хэл амаар доромжилсон юм. Ингээд би машинтайгаа хажуухан талд нь очоод зогсоод цонхоороо А-г дуудахад хүрээд ирсэн. Тэгэхээр нь чи бид хоёр дэмий зүйлээс болж муудалцаад байна, чи ажил амьдрал хоёроо ялгаа гэж хэлсэн. Тэгэхэд миний эхнэрийг гичий гэж хэлсэн хоёулаа хүнгүй газар очиж үзье гэж хэлэхэд нь би тэгье гээд хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн үед А миний машин дотор орж ирээд суучихсан байсан юм. Ингэж яриа болсоны дараа А машинаас буугаад өөрийнхөө машинд суугаад хөдлөхөөр нь би хажуугаар нь гараад урд нь гараад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Эрэл” байрны зүүн талын грашны завсар бие засдаг хүнгүй газраа дагуулаад очсон. Би урд нь яваад зогссон бөгөөд А миний араас машинтай ирээд зогссон. Би дөнгөж буугаад шээе гэж бодоод байж байсан чинь А машинаасаа буугаад над руу гүйж хүрч ирж байхдаа юманд бүдрээд уначихсан. Тэгснээ зүүн тохойгоо бариад татаад байсан. Тэгэхээр нь би очиж хоёр хөлнийх нь булчинг нь базаад тусласан юм.Тэгээд жаахан байлгаж байгаад араас нь хоёр суганаас өргөн өөрийнх нь машины жолооч талынх нь суудал дээр суулгасан. Тэгээд суулгачихаад А-г харахад зүүн чихнээс нь цус гарч байхаар нь цусыг тогтоох зорилгоор А-ын машины урд талын хайрцагны эмийн санд байсан хөвөнгөөр цусыг нь тогтоосон. Тэгээд болохгүй болчихсон байна гээд А-г аваад эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

         Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хуралдааны явцад улсын яллагчаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар  зүйлчлэлийг өөрчлөн яллах дүгнэлт гаргасан нь  үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

         Учир нь  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

         2015 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул  энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч М.А нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр “Эрэл”-ийн байрны замын хойд талд байрлах граш дунд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч П.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.А-ын  мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дугаар сарын 04-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №4620 дугаартай 

  1. П.А-ын зүүн талын чамархай яс, хөхлөг сэртэн, суурь яс руу дамжсан хугарал, эгэм ясны хугарал, баруун сарвуунд  шарх  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

         Шинжээч эмч М.Энхтайваны “...Зөвхөн эгэм ясны хугарал нь эвгүй унах, гараа дарах, шөрмөс дарж унахад үүсэх боломжтой. Харин зүүн талын чамархай яс, хөхлөг сэртэн, суурь яс руу дамжсан хугарал унах үед үүсгэгдэх боломжтой хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

    Шүүгдэгч М.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч М.А-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

        Шүүгдэгч М.А-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  харгалзан үзэв.

Хохирогч Т.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

           Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

  

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-уул дүүргийн прокурорын газраас М.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Б овогт М-ын А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-г 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А-ийн хөрөнгө, цалин хөлс,  бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

6.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй,  М.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7.Хохирогч Т.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг  болон эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ

                            ШҮҮГЧИД                            С.БАЗАРХАНД

                                                              С.ОЛЗОД