Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2019/00059

 

К.З-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00553 дугаар шийдвэртэй, К.З-гийн нэхэмжлэлтэй, тус аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч З.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.З-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар 2007 оноос эхлэн 12 дахь жилдээ, эрүүл мэндийн салбарт 29 дэх жилдээ ажиллаж байна. Ажил олгогч намайг зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан. Тодруулбал, миний бие Ховд аймагт 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан "Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч  мэргэжилтнүүдийг чадавхжуулах" богино хугацааны сургалтад хамрагдсан. Ингэхдээ манай байгууллагаас 4 хүн уг сургалтад хамрагдсан бөгөөд ажил олгогч албан ёсоор зөвшөөрөл олгосон. Дараа нь миний бие хөдөө Даян гэх газарт бие нь өвдөж байгаа хамаатны хүнийг эргэхээр 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр /Баасан гараг/ даргаасаа 4 цагийн чөлөө авч явсан. Ингэхдээ тус байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөө авах өргөдлөө албан ёсоор бичгээр гаргасан. Тэгэхэд дарга амаар зөвшөөрсөн хариугаа хэлсэн. Хөдөө яваад 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэхэд ажил олгогч маань маргаан бүхий тушаалыг гардуулж өгсөн. Би захиргааны чөлөөтэй байсан. Даргын уг шийдвэр нь хүн чанарт нийцэхгүй, цаашлаад хууль зөрчсөн. Өмнө нь бас надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж байсан ба шүүхэд хандах гэж байхад дарга өөрийнхөө гаргасан тушаалыг өөрөө хүчингүй болгож байсан. Ер нь сүүлийн хэдэн жилд тус байгууллагын дарга түүний эсрэг үг хэлсэн хүнийг хавчин гадуурхаж, дарамталдаг болсон. Улмаар ямар ч үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргадаг болсон. Ажил олгогч урьд өмнө манай байгууллагын хэд хэдэн ажилтныг бас ажлаас халж байсан. Тэдгээр ажилтнууд шүүхэд хандаж, эрхээ сэргээлгэж ажилдаа эргэж орж байсан. Байгууллагын дарга нь ажилтнуудын гарын үсгийг хуурамчаар зурж нөхөрлөлийн дүрэм зэрэг бусад бичиг баримтуудыг санаатайгаар өөрчилсөн ба тэр асуудлаар одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. З.М нь уг асуудалд тус байгууллагын гэм зэмгүй ажилтнуудыг холбогдуулан буруутгадаг. Түүнчлэн З.М тус байгууллагын төсвийг зүй бусаар захиран зарцуулсан асуудлаар аудитын байгууллагад давхар шалгагдаж байгаа. Эдгээр асуудлуудаас болж мөрөөрөө ажиллаж байгаа ажилтнуудыг буруутгадаг. З.М-ийн гаргасан алдааны улмаас ажилтнууд нь хариуцлага хүлээх ёсгүй. Нөгөө талаар З.М уураа энэ мэтээр үндэслэлгүйгээр бусдад гаргаж болохгүй. Иймд “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарт: "Хэдийгээр сувилагч К.З олон жил ажилласан боловч даргаас зөвшөөрөл авч, удирдлагыг хүндэтгэх хэрэгтэй байсан ба байнга өөрийгөө би ахмад ажилтан, залуучууд ахмад ажилтны үгээр явах ёстой гэж хамт олон дотор хэрүүл маргаан гаргаж өөрийн буруу зан заншлыг жишээ болгон сургадаг. Энэ удаа ч танхайрсан заншлаар сургалтад зөвшөөрөгдсөн 4 хүний /их эмч Э.Н, их эмч П.Б, НЭМА Ж.С, Сувилагч Х.А/ жагсаалтад өөрийнхөө нэрийг ороогүй байхыг мэдсээр байж дур мэдэн ажил таслаад явсан. Ганцхан сургалтын өдөр биш К.З ажлын өдрүүдэд ч сайн дураараа өөрийнхөө хувийн ажлаар даргын зөвшөөрөлгүйгээр хүссэн газруудаар явдаг нь хуульд нийцэхгүй. Ажил олгогчийн зүгээс К.З-гийн насыг хүндэтгэн ажиллаагүй өдрүүдийн цалинг хасаагүй ба дээрх гаргасан алдааг дахин давтагдахгүйгээр удирдлагыг хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр ажил таслахгүй байхыг сануулж Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Дотоод журмын 8.3.4.2 заалтад дараах зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулна. Гадаад болон дотоод хурал семинарт оролцох төслийн болон бусад шугамаар сургалтад, гадаад болон дотоодод албан томилолтоор явахдаа эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтэн явах өдрөөс 7-10 хоногийн өмнө төвийн даргад мэдэгдэж албан ёсоор чөлөө аваагүй, Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард нийт 30 минутаас дээш ажлын цагаас хоцорсон ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж эсвэл тасалсан цагт нь ногдох хөдөлмөрийн хөлсийг хасах арга хэмжээг авна” гэсэн заалтын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулсан ӨЭМТөвийн хөдөлмөрийн дотоод журмын 14.1 дэх заалтад Даргын эзгүйд ажил үүргийг даргын шийдвэрээр эмч нарын аль нэгийг орлуулна. Орлон ажиллагч нь дараах эрх хэмжээний хүрээнд ажиллана. Үүнд: Даргын эзгүйд түүний ажлыг орлон гүйцэтгэгч нь эмчилгээ үйлчилгээний талаар дүрэм журам заавар батлах, хугацаатай тайлан мэдээ гаргаж холбогдох газруудад явуулах гэсэн заалтын дагуу намайг өвдөж байсан үед даргыг орлож байсан эмч нарын аль аль нь ч хүнийг томилох, зөвшөөрөл олгох эрх байхгүй зөвхөн эмчилгээ үйлчилгээ тайлан мэдээг хариуцах ёстой. К.З байнга өөрийн насыг баримтлан байгууллагад шинээр ирсэн ажилтнуудыг дайчлан ажлаа хийлгэдэг ба хэд хэдэн удаа хүссэн газруудад гомдол бичээд түүнийг бусад ажилчдад уншуулахгүйгээр зүгээр л намайг дэмжээрэй би өөрийнхөө талаар хүсэлт гаргаж байна гэх мэт худал мэдээллээр бусад ажилтнуудад гарын үсэг зуруулан хэрүүл маргаанд татан оролцуулаад байгаа нь батлагдаж удаа дараа байгууллагын хуралд авч хэлэлцэж арга хэмжээнд орж байсан. 2017 онд цалингийн 20 хувиар буруулах арга хэмжээ авсан 2019 онд 01 дүгээр сард сувилагч Х.Е-тай маргалдаад сануулах арга хэмжээ, 05 дугаар сард дахин гомдлын эхний хэсгийг танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулаад ажилтнуудын хувийн эрхэнд халдах үйлдэл хийсэн нь батлагдаж хурлаар авч хэлэлцэж удаа дараа ийм танхай үйлдэл гаргаснаар цалингийн 20 хувиар буруулах арга хэмжээ авсан боловч түүний бүх ажилчдаас уучлалт гуйгаад, уйлаад байсан байдлыг хараад дахин уучилсан. Цаашид хамт олон дотроо хагарал үүсгэхгүйгээр, ажлаа таслахгүйгээр хэвийн хийж гүйцэтгэвэл ажил олгогчийн зүгээс түүнд өс хонзон санасан болон арга хэмжээ авах сонирхол байхгүй. Ажлаа хэвийн хийвэл төрийн ажилд ч саад болохгүйг К.З ухамсарлах ёстой. Иймд нэхэмжлэгч К.З-гийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ. 

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00553 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.З-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

           

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 

1. Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, үйл баримтаа нотлох баримтаар гарган өгч нотолж чадаагүй болно” гэж дүгнэсэн бөгөөд хариуцагчийн талаар уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд хангалттай, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг нотлох хамт олны хурлын тэмдэглэл, нэр бүхий гэрч нарын тодорхойлолт, дотоод журам зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байтал шүүгч уг нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна.

2.Нэхэмжлэгч К.З даргын зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан учир 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сануулах арга хэмжээ өгч, сахилгын шийтгэл ногдуулсугай гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. ...Мөн хариуцагч тушаалдаа “М Өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 ба 8.3.4.2 дугаар зүйлийг тус тус зааснаар" гэж дурдсан боловч энэхүү дотоод журмыг зөрчил гаргагч буюу сувилагч К.З яаж зөрчсөн нь тодорхойгүй байх ба дотоод журмын “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард нийт 30 минутаас дээш ажлын цагаас хоцорсон ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж” гэх үндэслэл нь бодит байдал дээр амьдралд нийцээгүй заалтыг тусгасан..." гэж үзжээ. Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн А.Е, А.Р, Х.Е, Н.Н нарын тодорхойлолтууд болон хамт олны хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн удаа дараа даргын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажил тасалсан, албан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл байдал бий болсныг нотолж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нотлох баримтууд бөгөөд уг нотлох баримтуудыг хариуцагч талаас бүрдүүлэхэд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж шүүхэд гаргаж өгсөн. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан нь ямагт ард иргэдийн эрүүл мэндийн манаанд цаг алдалгүй, хариуцлагатай зогсох үүрэгтэй учир ажлын цагаар зөвхөн ажилдаа анхаарах учиртайг тэмдэглэх нь зүйтэй байна.  

З....учир уг дотоод журмыг Баян-Өлгий аймгийн “М” Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт ажилчид буюу сувилагч К.З-д танилцуулсан байна гэж үзэх боломжгүй байна” гэжээ. Гэтэл уг байгууллагын дотоод журмыг тухайн үед хамт олны хурлаар хэлэлцэж баталсан бөгөөд, уг хуралд оролцсон хүмүүс бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, /нэхэмжлэгч К.З танилцаж гарын үсгээ зурсан/, хүчин төгөлдөр өнөөдрийг хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд мөрдлөг болгож байхад анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

4....131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж сувилагч К.З-д сануулах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон байна” гэжээ. Гэвч нэхэмжлэгч К.З нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүдээр нотлогдож байхад шүүгч нотлох баримтаар үнэлээгүй, хэрэгт хамааралгүй гэж буруу дүгнэсэн. Уг хурлын тэмдэглэлүүдээр нэхэмжлэгчийн удаа дараа гаргаж буй сахилгын зөрчлүүдийг авч хэлэлцэж, өөрт нь мэдэгдэж байсан талаар тусгасан байхад шүүгч анхаарч үзээгүй хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь харагдаж байна. Учир нь хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангуулж бүрдүүлж өгсөн атал шүүгч үнэлээгүй нь эргэлзээ төрүүлж байна. Мөн хариуцагч нэхэмжлэгчид удаа дараа гаргасан зөрчлөө таслан зогсоохыг анхааруулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан сургалтад дур мэдэн явсан, мөн сарын 28-ны өдөр даргаасаа чөлөө авалгүй дур мэдэн явсан зэрэг зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд энэхүү тушаал нь хуульд заасан хугацаандаа гарсан болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч К.З нь Өлгий сумын “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан “тус төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.З-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч “ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч К.З-гийн насыг хүндэтгэн ажиллаагүй өдрийн цалинг хасаагүй ба дээрх гаргасан алдааг давталгүйгээр удирдлагыг хүндэлж, зөвшөөрөлгүйгээр ажил таслахгүй байхыг сануулж, тус төвийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Миний тушаал үндэслэлтэй” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, ажил олгогч нэхэмжлэгч К.З-г 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүй Ховд аймагт сургалтад явж 2 хоног ажил тасалсан, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр чөлөө олгоогүй байхад үдээс хойш 4 цагийн ажил тасалсан гэх үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл ногдуулжээ.

 

Нэхэмжлэгч К.З нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр  Ховд аймагт болсон ”Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч мэргэжилтнүүдийг чадавхжуулах” сэдэвт багц цагийн богино хугацааны 2 хоногийн  сургалтад оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Хариуцагч сургалтад оролцохдоо дотоод журамд зааснаар 7-10 хоногийн өмнө төвийн даргад мэдэгдэж албан ёсоор чөлөө аваагүй гэж тайлбарлах боловч тухай үед хариуцагч З.М нь өвчний учир чөлөөтэй байсан ба түүнийг орлож байсан их эмч Х.Е-ээс чөлөө авч сургалтад хамрагдсан болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Харин нэхэмжлэгч К.З нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчоос бичгээр “2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагаас 17 цаг хүртэл чөлөө олгож өгнө үү.” гэх хүсэлт гаргасан боловч ажил олгогчоос албан ёсоор чөлөө олгоогүй буюу хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө олгоогүй байхад дур мэдэн ажил тасалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Чөлөө олгох эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь баримтаар тогтоогдсон байхад ажил тасалсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэж ажилтны сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.  

 

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч К.З-гийн “тус төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.З-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00553 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.З-гийн “тус төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.З-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол, мөн хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ