Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00397

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* болон ******* овгийн ******* нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

Тодорхойлох нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Нар атгасан цагаан шонхор хоршоо болон Ш.******* нар нь Баянхонгор сумын хоршоо хөгжүүлэх сангаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сарлагийн аж ахуйд түшиглэсэн ******* бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 50,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн.

Хөнгөлөлттэй зээл олгосноос хойш 3 удаа хяналт, шалгалт хийхэд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа огт явуулаагүй, зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг зөрчсөн дутагдал илэрсэн.

Зээлийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авснаас хойш 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд төсөл хэрэгжээгүй, ажлын байр нэмэгдээгүй, нэг удаагийн төлөлт хийснээс хойш хуваарийн дагуу зээл, хүүг төлөөгүй.

Уг шалтгаанаар хөнгөлөлттэй зээлийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний дотор буцаан төлөхийг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1/355 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч одоог хүртэл төлөөгүй.

Иймд хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 нийт 50,250,000 төгрөгийг *******, Ш.******* нараар төлүүлэх хүсэлтэй байна.

3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хоршоог хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/2022.09.27 /

- Хоршоог хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ/2022.09.27 /

- *******-ын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/335 дугаар Гэрээ цуцлах тухай албан бичиг

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоршоо хөгжүүлэх сангийн дансны хуулга

- Хоршоо хөгжүүлэх сангийн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас/огноо: 2023.03.23/

- Хоршоо хөгжүүлэх сангийн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас/огноо: 2023.06.12/

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 9/59 дүгээр албан бичиг

- Төрийн банк ХК-ийн Баянхонгор салбарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 40/484 дүгээр албан бичиг, *******ны харилцах дансны хуулга

5. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 50,250,000 төгрөгийн зээлийн хугацаа дуусаагүй, тухайн зээлийг зориулалтын дагуу ашиглаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үйлдвэрийн хугацаа түр зогссон. Одоо зуны улирал эхэлж байгаа тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж зээлээ төлөөд явах боломжтой.

Зээлийн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Хариуцагч нар улирлын нөхцөл байдлын улмаас 2 сар зээлээ төлж чадахгүй явж байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс үзэхэд зээлийг 3-аас дээш удаа төлөөгүй зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Малчдаас цагаан идээ худалдан авч бүтээгдэхүүн болгож боловсруулах үйл явц болдог талаар дурдмаар байна. Нүүдэлчин Монгол брэнд бүтээгдэхүүнээр 2023 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцсон.

Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эрх, үүрэг үүсэх байтал 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр албан бичиг явуулж, хугацаа нь болоогүй байхад шалгаж, нэхэмжлэл гаргасан.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас/огноо: 2022.12.14/

- Хоршоо хөгжүүлэх сангийн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих удирдамж/огноо: 2022.12.13/

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/28 дугаар Төсөл сонгон шалгаруулах хороо байгуулах тухай тогтоол

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/29 дүгээр Хяналтын зөвлөл байгуулах тухай тогтоол

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/30 дугаар Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг батлах тухай тогтоол

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/31 дүгээр Хоршоог хөгжүүлэх сангаас нэг төсөлд олгох зээлийн хэмжээг олгох тухай тогтоол

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/32 дугаар Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай тогтоол

Үндэслэх нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон Ш.******* нарт холбогдуулан Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн гэх үндэслэлээр зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2 хуудас/

Хариуцагч ******* болон Ш.******* нар нь Зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ./Хавтаст хэргийн 76 хуудас/

2. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, Ш.******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2022/06 дугаар Хоршоог хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/-г бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж, албажуулжээ.

Уг гэрээний 3.1, 4.1 дэх хэсэгт зээлдүүлэгч ******* нь 50,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч *******, Ш.******* нар нь зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээхээр зааснаар үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулжээ./Хавтаст хэргийн 4-9 хуудас/

Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Зээлдүүлэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, хоршоог хөгжүүлэх сангийн 100032055401 тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлдэгч *******ны Төрийн банк ХК дахь тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байна./Хавтаст хэргийн 191 хуудас/

Иймд зээлдүүлэгч ******* нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхийг зээлдэгч *******, Ш.******* нараас шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдүүлэгчээс зээл 50,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул дээрх шаардах эрх хүчин төгөлдөр байна.

3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

Зээлийн гэрээ-ний 10.2 дахь хэсэгт Зээлдүүлэгч дараах нөхцөлд гэрээг зөрчсөн гэж тооцон, гэрээг хугацаанаас өмнө цуцална, уг хэсгийн 10.2.1 дэх заалтад Энэхүү гэрээний 8.1.1-8.1.11-т заасан зөрчлийн аль нэг гарсан, 8.1 дэх хэсэгт Дараах нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээний үүргийг зөрчсөн тооцно, уг хэсгийн 8.1.1 дэх хэсэгт Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн гэжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-аар зээлдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү 1,500,000 төгрөгийг төлж, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд зээл, хүү төлөхгүйгээр, 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 2027 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд сар тутам зээл 1,041,666 төгрөг, хүү 125,000 төгрөг, нийт 1,166,666 төгрөгийг тус тус зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээжээ./Хавтаст хэргийн 87-88 хуудас/

Уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бичгээр үйлдэж, талууд харилцан гарын үсэг зурж, албажуулсан байх тул Зээлийн гэрээ-ний салгүй нэг хэсэг байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоршоо хөгжүүлэх сангийн 10032055401 тоот дансны хуулгаас үзэхэд зээлдэгч ******* нь зээлийн хүүд 1,500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлжээ.

Уг зээлийн хүү 1,500,000 төгрөгийг зээлдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээл 50,000,000 төгрөгийн эх үүсвэрээс төлсөн болох нь хариуцагч *******ны Төрийн банк ХК дахь тоот дансны хуулгаар нотлогдож байна./Хавтаст хэргийн 199 хуудас/

Харин зээлдэгч нь 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 2024 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд сар тутам зээлийг зээлдүүлэгчид төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Зээлийн гэрээ-ний 4.1 дэх хэсэгт Зээлдэгч нь авсан зээлээ гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, дуусгавар болно гэжээ.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч нь зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу нэхэмжлэгчид төлж, зээлийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтын дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.

Иймд зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг зөрчилтэй холбогдуулан зээлдэгч *******-аас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх зүйн үндэслэл үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон Ш.******* нарт холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргажээ./Хавтаст хэргийн 1 хуудас/

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцоход зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй боловч энэхүү иргэний хэргийг шүүхээс анхан шатны журмаар хянан шийдвэрлэх 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Зээлдүүлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэн зээл, хүүг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгчийг шүүхээр маргаан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Гэрээний аль нэг тал нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хязгаарлагдахгүй хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн талаар нэхэмжлэгчийн тайлбар эрх зүйн үндэслэлтэй.

4. Хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, уг хэсгийн 42.1.9 дэх заалтад Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй̆ зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг батлах, уг сангийн зарцуулалтад хяналт тавих, нэгдсэн бодлого, удирдлагаар хангах гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалын хавсралтаар  "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй̆ зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг баталжээ.

Энэхүү журам нь Хууль, дотоод хэргийн яамны эрхэлдэг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5612 дугаарт бүртгэгдэж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудаст нийтлэгджээ.

Иймд "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй̆ зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй захиргааны хэм хэмжээний акт тул шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх эрх зүйн эх сурвалж байна.

Уг журмын 7.3 дахь хэсэгт Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах бөгөөд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг сангийн дансанд буцаан төвлөрүүлэх  ажиллагааг зохион байгуулна гэжээ.

Нэхэмжлэгч *******-ын ажлын алба буюу түүний Тамгын газраас хоршоо хөгжүүлэх сангийн зээлдэгчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт хийсэн:

- 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудасны хариуцагч *******нд холбогдох хэсэгт: Хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, 2 ажлын байр бий босон, одоогоор тоног төхөөрөмжөө захиалсан, ирээгүй байгаа, бүтээгдэхүүнээ монгол уламжлалт аргаар хийж байгаа. Хяналтын зөвлөл 2 удаа явахад үйл ажиллагаа явуулаагүй, ажлын байр байхгүй байсан учир хөнгөлөлттэй зээлийг буцаан татах санал гарган ажиллаж байна/хавтаст хэргийн 127 хуудас/,

- 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудасны хариуцагч *******нд холбогдох хэсэгт: Хяналтын зөвлөл 6,7 дугаар сард 2 удаа хяналт тавьж, шалгахаар очиход үйл ажиллагаа явуулаагүй, ажлын байр байхгүй байсан учир хөнгөлөлттэй зээлийг буцаан татах санал гарган тоот хүргүүлэн ажиллаж байна /хавтаст хэргийн 142 хуудас/ гэж тусгагджээ.

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч ******* нь 2023 оны 03, 06 дугаар сарын тухайд Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулаагүй үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас гарган өгсөн дээрх бичмэл нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч тал гарган өгөөгүй, 2023 онд явуулсан 2 удаагийн хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон гэх нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж, мэтгэлцээгүй болно.

Тодруулбал Зээлийн гэрээ-ний 6.2.12 дахь заалтаар зээлдэгч нь зээлийн ашиглалтын талаарх мэдээлэл, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай мэдээ, танилцуулга, сар улирлын тайлан тэнцэл зэргийг гэрээ байгуулснаас хойш жил бүрийн эхний сард багтаан зээлдүүлэгчид гарган өгөх үүрэгтэй байна.

Энэхүү үүргээ биелүүлж, ******* бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай мэдээ, танилцуулга, зээл 50,000,000 төгрөгийн ашиглалтыг 2022, 2023 оны тухайд нэхэмжлэгчид тайлагнасан гэх байдлаа хариуцагч нь шүүхэд баримтаар нотлоогүй болно.

Зээлийн гэрээ-ний 3.5 дахь хэсэгт Зээлийг зориулалтын дагуу сумдад үйл ажиллагаа эрхлэх, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зориулалтаар ашиглана гэжээ.

Хариуцагчийг гэрээний дээрх хэсгийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/335 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 19 хуудас/-ээр гэрээг цуцалж буйг мэдэгдэж, улмаар зээл, хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй̆ зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 7.3, Зээлийн гэрээ-ний 10.2.6 дахь хэсэгт тус тус нийцжээ.

Иймд Зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдээгүй гэх хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

5. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон Ш.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээ-г цуцлах шаардлагыг гаргаагүй.

Харин Зээлийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцалсны эрх зүйн үр дагавар буюу зээл, хүүг шаардсан байх тул энэ тохиолдолд гэрээнээс цуцлахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл гэж үзлээ.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч нь хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, уг нэхэмжлэлийн шаардлагыг үнийн дүнгийн хувьд хариуцагч няцааж, маргаагүй болно.

Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ******* болон Ш.******* нараас хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Шүүхээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч нараас цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, иргэний хэрэг авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж, зохигчийн тайлбарыг баталж, үгүйсгэж байгаад эрх зүйн дүгнэлт хийж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Шүүхээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул 50,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 409,200 төгрөгийг хариуцагч ******* болон Ш.******* нараас гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ******* болон Ш.******* нараас хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон Ш.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан хариуцагч ******* болон Ш.******* нараас 409,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ