| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 1702000750035 |
| Дугаар | 2022/ДШМ/159 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/159
2022 02 10 2022/ДШМ/159
Л.Г-, Д.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Алтанцэцэг, С.Мөнхтулга,
шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Болдбаатар,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/825 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Г-, Д.М- нарт холбогдох 1702000750035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
И овгийн Л-гийн Г-, Улаанбаатар хотод 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм, эрх зүйн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/
С овгийн Д-ын М-, Улаанбаатар хотод 1978 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “000” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/
Л.Г- нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэж, 36 дугаар зүйлийн 36.18 дахь хэсэгт “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан зөвлөх сонгох тендер шалгаруулалт хоёр удаа амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулж болно” гэж заасныг тус тус зөрчин 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Оюутны өргөө цогцолборт нэг бүр нь 289,900 төгрөгөөр борлуулж байсан MIDEA BWJ-120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг 2,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас даруй 7 дахин илүү өндөр үнээр худалдан авахаар “-” ХХК-ийн захирал Д.М-тай шууд гэрээг байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлэн Монгол Улсын Боловсролын их сургууль /Оюутны өргөө цогцолбор/-д 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн,
“-” ХХК-ийн захирал Д.М- нь Л.Г-ийг дээрх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Л.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Г-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.М-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-, Д.М- нараас 34,202,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Оюутны өргөө цогцолборт олгож, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1395, 1396 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Хэрэг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарсан гэж үзсэнтэй маргахгүй боловч яг энэ өдөр “Оюутны өргөө” цогцолборын өмчлөлийн байдал тодорхойгүй байна. Хэрэв анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцож байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох ёстой. Гэтэл анхан шатны шүүх шууд төрийн өмч гэж хийсвэрлэн, хэт ерөнхий дүгнэлт хийсэн гэж маргаж байна. Эргэлзээтэй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасныг баримтлан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх ёстой.
Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.1-1.3 дахь заалтуудад заасныг тус тус зөрчсөн. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “Төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” үйлдлийг гэмт хэрэгт тооцох заалт байхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв баримталсан эсэхэд шууд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд энэхүү хууль буцаан хэрэглэх заалтыг үндэслэвэл Л.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ.
Энэ хэрэгт хохирлын тооцоог нарийн тогтоосон эсэх нь эргэлзээтэй бөгөөд угаалгын машины үнэлгээ, эдэлж хэрэглэж актлагдсан байдал, гааль татварын хураамж зэргийг тогтоосон зүйлгүй байх тул хэдэн төгрөгийн үнэлгээтэй, хил, гаалиар мэдүүлсэн баримтууд, хэдэн төгрөгийг торгууль, татвар хэлбэрээр улсын төсөвт оруулсан зэргийг нь нотлох баримтаар үнэлж байж хохирол төлбөрийн тооцоог гаргах ёстойг орхигдуулсныг залруулж, засах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хохирлын тооцоонд эдгээр татвар, торгууль нэмэгдэх эсэх, энэ нь хохирлын хэмжээнээс хасч тооцогдох эсэх асуудлыг орхигдуулсан.
Дээрх үндэслэлүүдээр гомдолд дурдсан ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах, ийнхүү буцаах шаардлагагүй гэж үзвэл Л.Г-ийн хувьд түүнийг гэм буруутайд тооцсон, хохирол төлбөр ногдуулсан хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Л.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй. Давж заалдсан гомдол, өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Мягмарцэрэн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол, тайлбарыг дэмжиж байна. Л.Г-ийн хэрэг үйлдсэн хугацааг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэж тооцсон. Өмнөх Улсын Дээд шүүхийн хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байсан. Хамтран гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Нэг өдөр, хамт гэмт хэрэг үйлдсэн гэх Л.Г-ийг гэм буруутай тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчмыг зөрчсөн. Л.Г-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар торгох ял, хохирлын хэмжээг гэмт хэрэг үйлдсэн үеэр тооцох нь зөв. Зүйлчлэлийг өөрчилж ял сонсгосноос хойших хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тасалж байгаа явдал нь хуульд заасан үндэслэл биш юм” гэв.
Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн зүйлийн санкцид гол ач холбогдол өгч байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. 2017 онд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байсан. Л.Г-ийн үйлдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлээр зүйлчлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасан. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгийн санкци нь хүнд хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Шүүгдэгчид ашигтай байдал нь санкци биш, хөөн хэлэлцэх хугацааны асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шинэ зүйлээр ял сонсгосон. Ял өөрчилж сонсгосон нь хууль зөрчсөн. Энэ хэрэг нь прокурорын шатанд дуусгавар болох ёстой байсан. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн байхад шинэ зүйлээр ял өөрчилж сонсгох боломжгүй байсан. Гэтэл 2020 онд ял өөрчлөн сонсгосон нь хууль хэрэглээний хувьд буруу болсон. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах учраас дараах тайлбарыг гаргаж байна. Хэргийн зүйлчлэл дээр тусгайлан хэлэх саналгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох тухай ойлголтыг Д.М-д дордуулан хэрэглэсэн. Анхан шатны шүүх 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ” гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэсэн атлаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулиар зохицуулсан хатгагч гэх ойлголтыг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, Д.М-ын ямар үйлдэл, арга нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт тогтоогоогүй. Д.М- “40 гарсан эмэгтэй хүнийг юугаар, яаж ятгах юм бэ” гэсэн мэдүүлгийг өгдөг. Улсын яллагчийн дүгнэлтэд Л.Г-т яаж нөлөөлсөн гэдгийг дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолд заавал дурдах ёстой. Шийтгэх тогтоолд дурдсан гэрч Шатархүү, Одгэрэл, Болормаа, Амарсайхан, Ганцог, Алтангэрэл, Батсолонго, Жадамба, Мандах нарын мэдүүлэг болон Боловсролын их сургуулиас авсан бичгийн нотлох баримт, “Тод үнэлгээ” ХХК-ийн баримт зэргээс харвал М-ын Л.Г-ийг ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөсөн, зоригжуулсан, нөлөөлсөн үйлдлийн талаар үйл баримт огт авагдаагүй тул Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн байна. 2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэх зэрэг тодорхой хэлбэрүүдийг хуульчилсан боловч 2015 оны хуулиар хүрээг нь хязгаарласан. Хамтран оролцох хэлбэрийн зохицуулалтыг буцаан хэрэглэж болоод байхад М-ын хувьд хатгагч гэсэн ойлголтыг буцаан хэрэглээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад Боловсролын их сургууль, “-” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус эсэхийг тогтоогоогүй. Тухайн хэлцэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгаа. Анхан шатны шүүх Г- албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, М- хатгасан гэх үйл явдлыг тогтоосон боловч гол үйл баримт, хууль зүйн факт болох гэрээг хүчин төгөлдөр үлдээсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон бол тухайн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог практик байдаг. Үүнийг анхаарч үзээгүй.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 12 дугаар талд “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцаа, мөн чанар, агуулга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдөр хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтлах нь зүйтэй...” гэж дүгнэсэн. Миний хувьд үүнийг Хууль зүйн шинжлэх ухааны эврика гэж харж байна. Хууль зүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэгт орсон хэдэн шүүгч нарын хувийн үзэл бодлыг тулгаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ тайлбарыг огт хүлээж аваагүй. Би Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газарт хандсан. Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, шинжээчээр ажилласан Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Батзоригийн дүгнэлт, шинжээчээр томилсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 138 дугаар тогтоолуудаас харахад процессын эрх зүй гэсэн дүгнэлтийг бүрэн үгүйсгэсэн. Хууль зүйн сайд, Монгол Улсын Их Хурлыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон Улсын Их Хурлын гишүүд хууль зүйн шинжлэх ухаанд байхгүй нэр томьёог хэрэглээд байгаа. Иймд давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн хэрэглэсэн гэдгээ шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт тодорхой зааж өгсөн. Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260 дугаар тогтоолд “Материаллаг хуульд байгаа процессын шинжтэй зохицуулалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл хамаарахгүй” гэсэн агуулгаар хуулийг тайлбарлаж, хэрэглэсэн. Хуульд зааснаар Улсын Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянах замаар Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангах чиг үүрэг, бүрэн эрхтэй. Иймд Л.Г-т хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх боломжгүй талаар шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудаст тодорхой тайлбарласан. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялуудаас торгуулийн ялын хэмжээ багассан, давтан гэх шинжийг хассан зэргээр ялыг хөнгөрүүлсэн учраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн. Мөн шүүх ямар учраас гэмт хэрэгт хамтран оролцогч гэж дүгнэсэн болохоо шийдвэртээ тайлбарласан. Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа үйлдлийн цаана М- гэдэг хүн байгаагүй бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан. “М-ын оролцоо байснаар Г- гэмт хэргээ үйлдсэн байна” гэх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Г-, Д.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Л.Г- нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэж тус тус заасныг зөрчин 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Оюутны өргөө” цогцолборт нэг бүр нь 289,900 төгрөгөөр борлуулж байсан MIDEA BWJ-120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг 2,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас даруй 7 дахин илүү өндөр үнээр худалдан авахаар “-” ХХК-ийн захирал Д.М-тай шууд гэрээ байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлэн Монгол Улсын Боловсролын их сургууль /Оюутны өргөө цогцолбор/-д 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэмт хэрэг,
“-” ХХК-ийн захирал Д.М- нь Л.Г-ийг албан үүргээ урвуулан ашигласан дээрх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш-гийн “...Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Эрх шилжүүлэх, үр дүнгийн гэрээнд нэмэлт оруулах тухай” А/410 тоот тушаалаар “1000 оюутны дотуур байр”-ыг ашиглалтад хүлээн авах, тохижилт, үйлчилгээг удирдлагаар хангах, түүнд хамаарах төсвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2013-2014 оны хичээлийн нэг жилийн хугацаатайгаар Боловсролын их сургуулийн захирал Б.Ж-д шилжүүлсэн. МУБИС-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Н-ын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Оюутны өргөө” цогцолборын менежментийн багийн ахлагч Л.Г-т үйл ажиллагааг чанартай зохион байгуулахыг даалгаж, тусгай данс нээн захиран зарцуулж 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон... Менежментийн багийн ахлагчаар Л.Г-ийн томилж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулахыг даалгасан... Төрийн өмч хөрөнгөөр 40,000,000 төгрөгөөр бараа худалдан авч байгаа тохиолдолд харьцуулалтын аргаар гураваас доошгүй үнийн саналаас сонгож худалдан авах ёстой. Гэтэл худалдан авах ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэг бүрийн үнэ нь 289,900 төгрөгийн үнэтэй байсан угаалгын машиныг 2,000,000 төгрөгөөр зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан байсан. Нийт 20 угаалгын машин нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5,798,000 төгрөгөөр авч болохоор байтал 40,000,000 төгрөгөөр худалдан авч, 34,202,000 төгрөгийн хохирол учруулсан ...” /1-р хх 17-18/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ийн “... сургуулийн захирал Д.М-ын шийдвэрээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан. Оюутны өргөө цогцолборт авсан 20 ширхэг угаалгын машинаас 5 угаалгын машин ажиллаж байгаа ба бусад нь эвдэрсэн...” /2-р хх 156-157/,
гэрч Б.Б-гийн “... Би 2013 оны 08 дугаар сараас МУБИС-ийн оюутны өргөө цогцолборын даргаар ажиллаж байна. Манай бүх асуудлыг МУБИС-аас шийддэг. 2014 онд МУБИС-аас 20 ширхэг хагас автомат угаалгын машин нийлүүлсэн. Анх авч ирэхдээ нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийн үнэтэй угаалгын машин гэж хүлээлгэн өгсөн...” /1-р хх 21-22, 2-р хх 80/,
гэрч Л.А-ы “... Би 2013 оны 12 сараас 2015 оны 10 сарын хооронд тус газар нягтлан бодогчоор ажилласан. 2014 оны 10 сард “-” ХХК-аас нэг ширхэг нь 2,000,000 төгрөгийн үнэтэй, 20 ширхэг, нийт 40,000,000 төгрөгөөр хагас автомат угаалгын машин худалдан авсан. Оюутны өргөө цогцолборын санхүүд тендер зарлагдсан материал ирээгүй. МУБИС-ийн хангамжийн албаны дарга Батсолонго байгуулж, дэд захирал Л.Г-ийн баталсан гэрээгээр тухайн барааг худалдан авсан. Худалдан авах гэрээ байгуулагдаж манайд нийлүүлсэн байсан ... Г- захирал гэрээний дагуу мөнгийг шилжүүл гэсэн учир 1 дүгээр гарын үсгийг захирал Г-, би 2 дугаар гарын үсгийг зурж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн ... Оюутны хотхоны жилийн төсвийг МУБИС-ийн удирдах зөвлөл баталдаг. МУБИС-ийн харьяа гэх утгаараа тус сургуулийн дотоод журам, санхүүгийн журмаар явдаг ...” гэх мэдүүлэг /1-р хх 22-24, 2-р хх 79/,
гэрч Б.Б-гын “... Манай алба МУБИС-ийн худалдан авалт, аж ахуйн алба болон нийтлэг үйлчилгээг хариуцан ажилладаг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол, Сангийн сайдын жишиг баримтыг үндэслэн худалдан авалтыг хийдэг. Нэгжүүдээс шаардлагатай эд зүйлийн саналыг аваад төсөвт тусгаж дэд захирал байсан Л.Г- нь хянаж батлуулдаг байсан. “-” ХХК-аас угаалгын машин худалдан авсан талаар сүүлд нь мэдсэн. Л.Г- захирал “Угаалгын машин аваад гэрээ хийсэн. Чи гарын үсэг зураарай” гэсэн...” /1-р хх 28/,
гэрч Ж.Ж-ын “... 2014 оны намар хугацааг нь сайн санахгүй байна “угаалгын машинууд ирсэн, хүлээгээд ав” гэж Болормаа дарга, Г- захирал хоёрын нэг нь хэлсэн. Угаалгын машин Орос бичигтэй байсан... ” /1-р хх 30-31/,
гэрч Д.М-ын “... Дэд захирлаар ажиллаж байсан Л.Г- нь захиргаа, аж ахуйн зарлагын дансыг хариуцан 1 дүгээр гарын үсэг зурдаг. Монгол Улсын Боловсролын их сургуулийн аж ахуйн хангамж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллаж байсан. Оюутны өргөө цогцолборын менежментийн багийг ахалж, орлого зарлагын дансанд 1 дүгээр гарын үсэг зурж байсан. Оюутны өргөө цогцолбор төсвийн хөрөнгөөр баригдсан төрийн өмчид байгууллага юм. Тухайн үеийн салбарын сайдын тушаалаар Оюутны өргөө цогцолборыг манай сургуульд хариуцуулж, сургуулийн удирдах зөвлөлөөс менежментийн баг томилж багийг нь Л.Г- удирдаж байсан...” /2-р хх 158-159/,
гэрч Д.Г-ийн “... Манай компани дээр 2014 оны 10 сард тухайн MIDEI-MTJ120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг хэдэн төгрөг борлуулж байсныг тухайн үеийн борлуулалтыг харахад 289,900 төгрөгөөр зарж байсан байдаг... Уг машины цэс нь Орос хэл дээр байдаг” /1-р хх 26/,
гэрч Т.А-ийн “...MIDEI-MTJ120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг Хятад улсад үйлдвэрлэдэг ба Монгол улсад албан ёсны эрхтэй гэх компани байхгүй. Бүгд БНХАУ-д очиж дамжуулан авч худалддаг. Хятад худалдааны төв болон захууд дээр зарж байгаа хүмүүс хаанаас авч зардаг талаар мэдэхгүй... Орос хэл дээр гарын авлага нь байдаг. 2014 оны 10 сард 289,900 төгрөг байсан ба одоо бол 339,000 төгрөгөөр зарагдаж байна...” /1-р хх 27/ гэсэн мэдүүлгүүд,
Л.Г-ийг МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар томилсон Боловсролын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/137 дугаар тушаал /1-р хх 62-64/, Боловсролын их сургуулийн Оюутны өргөө цогцолборын бараа, үйлчилгээний дэлгэрэнгүй тайлан /1-р хх 192-222/, Боловсролын их сургуулийн Оюутны өргөө цогцолборын бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /1-р хх 227-230/,
2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЦХ/002 дугаартай гэрээ /1-р хх 231-232/, “ARINA COMPUTERS” ХХК-аас ирүүлсэн лавлагаа /2-р хх 6-7/, “... Медиа TWJ120-1002 загварын угаалгын машин 289,900 төгрөгийн үнэтэй байсан...” талаар “Тод үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 239-246/, “-” ХХК-ийн Хаан банк дахь 5046443524 тоот дансны хуулга /2-р хх 6-7/,
Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7721 тоот албан бичиг /2-р хх 199/, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/14859 тоот албан бичиг /2-р хх 202/, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/410 дугаар тушаал /1-р хх 134/, Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолууд /1-р хх 135, 145/, Төрийн өмчийн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр тогтоол /1-р хх 173/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/410 тоот тушаалаар “1000-оюутны дотуур байр”-ны ашиглалтад хүлээн авах, тохижилт, үйлчилгээг удирдлагаар хангах, түүнд хамаарах төсвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2013-2014 оны хичээлийн жилд Боловсролын их сургууль /захирал Б.Жадамбаа/-д даалгаж, байрны хэвийн үйл ажиллагааг хангах, гэрээ байгуулах, дотуур байрны тохижилт, үйлчилгээг хууль тогтоомжид заасны дагуу үр дүнтэй зохион байгуулах удирдах баг томилон ажиллуулахыг даалгасан байна.
Сайдын тушаалыг үндэслэн Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор менежментийн багийн бүрэлдэхүүнийг баталж, ахлагчаар Л.Г-ийг томилон, “Оюутны өргөө цогцолбор байр”-ны тохижилт, үйлчилгээтэй холбоотой зардлыг сургуулийн төсвөөс урьдчилан гаргаж зохих журмын дагуу орлогоос суутгахыг даалгаж, цогцолборын байранд тусгай данс нээж, захиран зарцуулах нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг багийн ахлагч Л.Г-т олгожээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ...” гэж заасны дагуу “Оюутны өргөө цогцолбор байр”-ны менежментийн багийн ахлагч Л.Г- нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
“Оюутны өргөө цогцолбор байр”-ны тохижилт, үйлчилгээтэй холбоотой зардлыг сургуулийн төсвөөс урьдчилан гаргаж, дотуур байранд суусан оюутны төлбөр буюу орлогоос суутган авахаар шийдвэрлэснийг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор цогцолборын байранд тавилга, эд хогшил худалдан авахад зориулан 228,000,000 төгрөгийг зарцуулахыг МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Г-т зөвшөөрч, худалдан авсан тавилга, эд хогшилыг сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэн орлогод авахыг даалгажээ.
Оюутны байрны тохижилт, үйлчилгээнд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтыг Монгол Улсын Боловсролын их сургуулиас шийдвэрлэсэн болох нь дээрх тогтоолууд болон гэрч Б.Б, Л.А, Б.Б, Ж.Ж, Д.М нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна ...” гэж заасны дагуу оюутны дотуур байрны хэрэгцээнд зориулсан худалдан авалтууд нь төрийн өмчид тооцогдоно. Өөрөөр хэлбэл, Л.Г- нь Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор олгогдсон бүрэн эрхийн дагуу сургуулиас төсөвлөсөн хөрөнгийг захиран зарцуулсан байх ба Төрийн өмчийн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор “Оюутны өргөө цогцолбор”-ын 1000 оюутны байрны өрөөний тохижилтод хийгдсэн 76 нэр төрлийн 1,064,878,850 төгрөгийн хөрөнгийг үндсэн хөрөнгийн бүртгэлт авахаар шийдвэрлэсний дотор 40,000,000 төгрөгөөр худалдан авсан 20 ширхэг угаалгын машин багтаж байгаагаас үзэхэд худалдан авах үйл ажиллагаа төрийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн нь давхар нотлогдож байна. Иймээс “... Л.Г-ийн угаалгын машин авсан мөнгө нь төр, хувийн хэвшлийн нийлсэн 27 их, дээд сургуулийн оюутнуудын төлсөн байрны төлбөр буюу төсвийн бус хөрөнгө болох нь нотлогдсон...” гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэл муутай гарчээ.
Шүүгдэгч Л.Г- нь төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэснийг зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр “-” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шууд гэрээ байгуулж 289,900 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байсан угаалгын машиныг 2,000,000 төгрөг тооцож, 20 ширхэг угаалгын машин худалдан авсан нь адил төрлийн худалдаа эрхлэгчид төрийн худалдан авах ажиллагаанд ил тод, нээлттэй, шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан, нөгөө талаас төрийн байгууллагын худалдан авах ажиллагаа үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг ашигласан. Шүүгдэгч “-” ХХК-ийн захирал Д.М- нь 289,900 төгрөгийн нэг бүрийн үнэлгээтэй 20 ширхэг угаалгын машиныг зах зээлийн үнээс даруй 7 дахин өндөр үнээр буюу 2,000,000 төгрөгөөр төрд худалдаж 40,000,000 төгрөгийн орлого олох гэрээ байгуулж өөрт давуу байдал олж авсан үйлдлээрээ шүүгдэгч Л.Г-ийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон байх ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Мөн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн үндэслэлээр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчилж, шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хугацаа өнгөрсөн хойно яллагдагчаар татсан гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль буцаан хэрэглэх зарчим болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтад нийцжээ.
Албан тушаалын гэмт хэрэг нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршигтай тул нийгмийн аюулын шинж чанар ихтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Г-, Д.М- нар бүлэглэн, гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн байх тул төрийн байгууллагад учруулсан хохирлыг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэснийг зөрчөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж, ижил төстэй худалдаа эрхэлдэг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах замаар тухайн үед угаалгын машины зах зээлд худалдаалагдаж байсан үнийг тодорхойлсны үндсэн дээр худалдан авсан үнийн зөрүүгээр төлөх хохирлыг тогтоосон байх тул давж заалдсан гомдол дурьдсанчлан “... элэгдэл хорогдол, гааль, татварын хураамж, торгууль зэргийг нотлох ...” ажиллагаа хийх нь хэрэгт ач холбогдолгүй.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж өөрчлөн найруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар дээрх зүйл, хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөлт оруулсан билээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан дээрх өөрчлөлтүүдийг шүүгдэгч Л.Г-т хэрэглэхдээ “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтлах нь зүйтэй ...” гэсэн дүгнэлт хийж, тухайн шүүгдэгчид ял оногдуулжээ.
Шүүхийн гаргасан дээрх шийдвэр нь эрүүгийн эрх зүйн суурь зарчим, эрх зүйн онолд нийцээгүй, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болохыг дараах хэд хэдэн үндэслэлээр тайлбарлав.
1. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь Эрүүгийн хуульд /материаллаг/ тусгагдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхойлсон процессийн шинжтэй зохицуулалт мөн эсэхэд дүгнэлт хийхийн тулд эрх зүйн онолын суурь ойлголтуудыг анхаарч үзэх шаардлагатай байжээ.
Эрх зүйн онолын үүднээс эрх зүйн хэм хэмжээг нийгмийн харилцаанд ямар аргаар хэрхэн нөлөөлж буй шинжээр нь бэхжүүлэх, зохицуулах, хамгаалах гэх зэргээр ангилан үздэг бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй нь нийгмийн харилцааг хамгаалах шинжид бүрнээ хамаардаг. Энэхүү эрх зүйн хамгаалалт нь зөвхөн материаллаг хэм хэмжээ тогтоосноор хэрэгжих боломжгүй. Харин түүний хэрэгжүүлэх арга журмыг тодорхойлсон процессийн хэм хэмжээгээр дамжин хангагддаг тул энэ хоёр эрх зүй нь зорилго, чиг үүргийн хувьд нягт харилцан хамааралтай.
Гэвч Эрүүгийн эрх зүй хэм хэмжээгээр гэмт хэрэг, түүнийг шийдвэрлэхэд баримтлах зарчим, харгалзан үзэх нөхцөлүүд, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоодог. Харин эрүүгийн процессийн эрх зүйн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх арга, хэлбэр, үйл ажиллагаа /норматив/, журмыг тодорхойлдог учраас эдгээр эрх зүйн хэм хэмжээ нь хоорондын давхцал үүсгэдэггүй онцлогтой.
Эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн хэм хэмжээнүүд нь ихэвчлэн заасан, зохицуулсан, эсхүл хууль зүйн ойлголтын агуулгыг тодорхойлсон зэргээр эрх зүйг хэрэглэх үндэс суурь болохын хувьд тохиолдол бүрийг гүйцэд журамласан байдаг.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ... хүртэл тоолно.” гэх зэргээр эрүүгийн эрх зүйн дээрх ойлголтоор тодорхой хууль зүйн факт тогтоогдвол хэрхэхийг шууд заасан /Бланкет/, шинжтэй хэм хэмжээ байна. Харин энэхүү хэм хэмжээг хэн хэрхэн хэрэгжүүлэх арга, хэлбэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол прокурор тогтоолоор, хэрэв эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бол шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. /Хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт/ Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд нөлөөлөх урьдчилсан нөхцөл /хэрвээ/, нийтлэг үндэслэл /Гипотез/ болдог тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоосон процессийн /үйл ажиллагаа/ хэм хэмжээний шинж чанарыг үл агуулна.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон зохицуулалтыг процессийн шинжтэй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам мэтээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийг тайлбарласан байна.
2. Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхдээ олон улсын эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болох “In dubio pro rio” буюу ямар нэгэн эргэлзээ гарвал гэм буруутай этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчм4ыг анхаарч үзээгүй байна.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж заасныг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж өөрчлөн найруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар дээрх зүйл, хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөлт оруулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан бол хугацаа зогсож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаа цааш үргэлжлэхээр байна. Гэтэл хууль тогтоогч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж өөрчлөн найруулсан нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалттай илтэд зөрчилдөж хуулийн хийдэл үүсгэсний зэрэгцээ хэрхэн хэрэгжүүлэх арга, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүй улмаас хэргийн оролцогчид тухайн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэжээ.
Энэ тохиолдолд тухайн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэг хянан шийдвэрлэх нийтлэг журамд нийцүүлэн шийдвэрлэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
3. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэжээ.
Олон Улсын гэрээний зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, буцаан хэрэглэх үндэслэлийг хуульчилсан билээ.
Хуулийн дээрх агуулга нь гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлох бөгөөд шинээр баталсан Эрүүгийн хууль өмнөх хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлийг бий болгож байвал сүүлд батлагдсан хуулийг хуучин хуулийн оронд, өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэх явдал юм.
Шүүгдэгч Л.Г-ийн эрх зүйн байдлыг тодорхойлоход 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж өөрчлөн найруулсан зохицуулалтыг буцаан хэрэглэх нь илүү ашигтай нөхцөлийг үүсгэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:” гэж, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэж зааснаар тооцвол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, эс тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, дордуулсан хууль гэдгийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд болон түүнээс хойш шүүхээр шийдвэрлэгдэх үе хүртэл батлагдсан Эрүүгийн хуулиудыг хооронд нь харьцуулах замаар дүгнэлт хийх байтал анхан шатны шүүх зохицуулалтын агуулга, мөн чанарт үндэслэн хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн нь “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар тогтоолд зохих өөрчлөлт оруулж, гомдлыг бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч Л.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/825 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэснийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН