| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2110000000904 |
| Дугаар | 2022/ДШМ/160 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/160
2022 02 10 2022/ДШМ/160
Х.Л-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Л-д холбогдох 2110000000904 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Х-ийн Л-, Улаанбаатар хотод 1977 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Баянгол дүүргийн “-” ОНӨААТҮГ-т ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Буянт-Ухаа 00-00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/,
Х.Л- нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 12 дугаар гудамжны 461 тоот хаягт нэг хашаанд хамт оршин суудаг Б.Э-ын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Л-гийн үйлдлийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг судлахад хохирогч Б.Э-, гэрч Э.Энхтуяа нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэсэн гэж үзвэл хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа нотлоогүй, гэрч Э.Э нь хэргийн үнэн бодит байдлыг шууд гэрчлээгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр Х.Л- бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн болохыг хөтөлбөргүй тогтоогоогүй зэрэг нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн гэм буруугийн дүгнэлт нь үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон гэж дүгнэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хэрэгт авагдсан баримтаар Х.Л- нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгө авсан болох нь хэргийн газрын үзлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Хэрэг бүртгэлтийн явцад Х.Л-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй боловч мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үйлдлээ хүлээн зөвшөөрч, тухайн айлаас мөнгө авсан тухайгаа мэдүүлсэн. Энэ бүх нотлох баримтуудыг шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Х.Л- нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 12 дугаар гудамжны 461 тоот хаягт нэг хашаанд хамт оршин суудаг Б.Э-ын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь:
хохирогч Б.Э-ын “... Манай хашаанд эхнэрийн эгч, түүний нөхөр Х.Л-, хүүхдийн хамт оршин суудаг. 2021 оны 09 дүгээр сарын 22-нд 07:00 цагийн үед эхнэр бид хоёр ажилдаа явахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод ажилдаа явсан. Орой 21:00 цагийн ирэхэд үүдний цонх хагарсан, цоож бүрэн бүтэн байсан. Гэрт хулгай орсон шинжгүй байсан юм. 23-ны өглөө авдар онгойлгож үзэхэд дотор нь байсан 500,000 төгрөг байхгүй байсан... түлхүүрийг авдарны дээд талыг бүрсэн хулдаасан доогуур хийж үлдээдэг болохыг эхнэр, баз хүргэн болох Х.Л- нар мэднэ...” /хх 14/,
гэрч Э.Э-ийн “... 09 дүгээр сарын 21-ний орой нөхөр Х.Л- гэртээ агсам согтуу тавьж байгаад гарсан. 22-ны өглөө 08:00 цагийн үед согтуу орж ирээд гараад явсан. 10:00 цагийн үед ээжийндээ хонохоор гарах үед 463 тоот хаягт саарал өнгийн “Prius-20” загварын автомашинаас бууж байсан. 23-ны өдөр дүү Г “Гэрт хулгай орсон байна, та хүрээд ир” гэж утсаар дуудсан. Намайг очиход Х.Л- согтуу ирчихсэн, Б.Э-той хамт байсан... Х.Л-гээс “Би мөнгийг нь аваагүй, тамхинд явлаа” гээд гарахаар нь би “Чамд мөнгө байгаа юм уу” гэж асуухад “Байгаа” гэсэн ба буцаж ирээгүй...” /хх 16/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, шүүгдэгч Х.Л-гийн мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар өгсөн “... би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хоёр найзын хамт архи уучихаад гэртээ харьсан. 21-ний өглөө 09:00 цагийн үед хажуу талын байшин болох Б.Э- гэрийн жижиг цонхыг түлхэж ороод авдарын түлхүүрийг авч онгойлгоод үзтэл бор өнгийн хэтэвчинд 200,000 төгрөг байснаас 160,000 төгрөгийг нь аваад 40,000 төгрөгийг нь үлдээгээд явсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Х.Л-г бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж, гэм буруугийн хэлбэр зэргийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Х.Л-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Хохирогч гэрээсээ бэлэн мөнгөө алдсан талаар мэдүүлсэн нь хэргийн газарт үзлэг хийж гэмт этгээд байшингийн үүдний хэсгийн цонхийг халгалж орсон байдлыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн байшингийн цонхоор нэвтэрч авдарнаас нь бэлэн мөнгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлгээр давхар батлагдсан байх тул хэрэг нотлогдоогүй талаар давж заалдсан өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН