Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Стүүний өмгөөлөгч С.Галцацрал, хохирогч Г.Отгонсувд түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, гэрч Д.Оюун-Эрдэнэ, шинжээч Н.Энхцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хангай овогт Энхбадрахын С т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020419 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, С  23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Снь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цодгор” цайны газарт үйлчлүүлж байсан Г.Отгонсувдтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа Г.Отгонсувдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. Хохирогч Г.Отгонсувд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр өөрийн ажилладаг Нэкст электроникс компаний хажууд байрлах цайны газар нөхөртэйгөө хамт 19 цагийн үед ороход текэн дээр хүн байгаагүй. Би цайны газар орохдоо ээжтэйгээ утсаар ярьж байсан. Манай нөхөр захиалга өгчихөөд бие засах газар руу орохоор явсан. Энэ үед С“бие засах газар цаас байсаар байхад яагаад сальфетка аваад орсон бэ” гээд байсан. Би утсаар ярьж байсан болохоор хариу үйлдэл үзүүлээгүй. Манай нөхөр бие засах өрөөнөөс гарч ирээд С ээс дахин ариун цэврийн цаас авах гэтэл өгөөгүй. Энэ үед би утсаар ярихаа болиод нөхөртөө “чи яагаад сальфетка аваад орсон юм бэ” гэж хэлсэн. Бидний захиалсан хоолыг С ээс өөр хүн авч ирсэн. Хоолоо идэж дуусаад ажлынхаа хүний захисан хоолыг авах гээд текен дээр очоод тооцоогоо хийх гэтэл “хариулт мөнгө байхгүй” гэж хэлсэн. Энэ үед Сгарч ирээд манай нөхөртэй муудалцсан. Би С т “үйлчилгээний байгууллагад ажилладаг байж ингэж болдог юм уу, би бас үйлчилгээний байгууллагад ажилдаг хүн шүү. Ариун цэврийн цаасаа ил тавьсан бол ийм хэрүүл болохгүй байсан” гэж хэлэхэд Снадад “ариун цэврийн цаас энэ байна” гэж хэлсэн. Гэвч надад ариун цэврийн цаасаа харуулахгүйгээр манай нөхөртэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би “үйлчлэгч гэж байдаг юм бол хэдэн алхамын цаана ариун цэврийн цаасаа тавихад яадаг юм бэ” гээд босч очиход Сирээд шууд намайг цохисон. Энэ үед цаанаас Оюун-Эрдэнэ гэх хүн гарч ирээд намайг цохиж, маажсан. Тэр хүн С ийн ээж байсныг би дараа нь мэдсэн. Сминий хамарыг цохисон. Мөн миний нүүрийг маажсан. Одоогийн байдлаар би эмчилгээндээ 400.000-500.000 төгрөгийг зарцуулсан. МЖЖ эмнэлэгт үзүүлэхэд “бороолохоос нь өмнө хамрын мэс засалд орох шаардлагатай. 5 хоног эмнэлэгт хэвтэж эмчилүүлнэ. Зардал нь 1.800.000 төгрөг болно” гэж хэлсэн. Өмгөөлөгчийн хөлсөнд 200.000 төгрөгийг өгсөн. Би эмэгтэй хүн учраас гоо сайхны тал дээр гомдолтой байна. Шүүгдэгчээс нийт 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Шүүгдэгч Снь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цодгор” цайны газарт үйлчлүүлж байсан Г.Отгонсувдтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа Г.Отгонсувдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Г.Отгонсувдын “2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр Батзоригтийн хамт 19 цагийн орчимд хоол идэхээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын баруун талд байрлах “Цодгор” нэртэй цайны газарт орсон. Зааланд хоёр хүн үйлчлүүлээд байж байсан ба текний ард хүн байгаагүй тул захиалга өгье гэж дуудахад цаанаас Сгарч ирсэн. Салбан ёсоор тэнд ажилладаггүй гэдгийг би сүүлд мэдсэн бөгөөд ааш муутай их л сонин харьцаад байхаар нь би ямар нэгэн юм хэлээгүй, захиалга өгөөд ширээн дээр очиж суугаад утсаар ээжтэйгээ яриад байж байх хооронд манай нөхөр нойл орлоо гэж яваад удалгүй хүрээд ирсэн. Тэгээд дахиад нойл руу явсан. Ингэхдээ манай нөхөр сальфетканаас нь аваад нойлд орсон. Эхний удаа орох гэхэд нь нойлын цаас байгаагүйгээс удалгүй эргээд ирсэн юм билээ. Нөхрийг маань нойл орсоны дараа Стекний ард зогсчихсон хүнээс нойлын цаас асууж байгаад аваад орохгүй сальфетка аваад орчихлоо гэх мэтээр хэлж уурлаж бухимдаад үглээд эхэлсэн. Би тэр үед нь ээжтэйгээ утсаар ярьж байсан болохоор С т ерөөсөө анхаарал хандуулаагүй юм. Нөхөр маань нойлоос гарч ирээд гараа арчих гэсэн юм сальфетка байна уу гээд асуухад Снойлын цаас асуусангүй, сальфетка аваад орлоо, өгөхгүй гэж загнасан. Нөхөр маань арчиж чадалгүй ширээнд ирээд суухад нь би утсаар ярьж дуусаад нойлын цаас асууж байгаад аваад орохгүй яасан юм бэ, наадах чинь чамайг загнаад байх юм гэхэд харин тиймээ нойлд нь цаас байгаагүй юмаа тэгээд сальфетка аваад орлоо гэж хэлсэн. Тэгж байтал захиалсан хоолыг өөр эмэгтэй авч ирж өгөхөд нь танай касс яасан муухай ааштай юм бэ хүнтэй аятайхан харьцаж болдоггүй юм уу гэж хэлэхэд тэр эгч манай ажилтан биш гэсэн. Хоолоо идэж дуусаад ажлынхаа газрын хүний захисан 2 хуушуурыг аваад тооцоо хийхэд хариулт өгөхөд нь манай нөхөр чи үйлчилгээний газар ажиллаж байж яасан муухай ааштай юм, нойлдоо цаасаа тавихгүй яасан юм бэ байхгүй болохоор нь сарльфетка авч оролгүй өөр яалтай билээ гэхэд Сби та нар шиг муу юмны бөгс арчих цаасыг бэлдэх ёстой юм уу, дуугүй гар гэсэн утгатай зүйл хэлж хөөсөн. Энэ үед би үйлчлэгч гэж байгаа биз дээ үйлчлэгчээрээ цаасыг нь тавиулаач гэж хэлэхэд Суурлаж, битгий солиор чи дуугүй бай гэхэд нь тек рүү ойртож очоод наадах чинь хэдхэн алхамын наана цааны асуудал оруулаад л тавьчихаж болно шүү дээ гэж хэлсэн. Тэр үед би нилээн ширүүн очсон болохоор Сөөрийгөө намайг цохих гэж байна гэж бодсон уу гараараа миний хамарлуу нэг удаа цохисон. Ингэхэд миний хамраас цус гарч доош тонгойход Сүргэлжлүүлээд үсдэж дарсан. Би ч гэсэн зөрүүлээд үсдсэн. ... Миний хамрын яс хугарсан, толгой хавдсан, баруун хацар маажуулж шарх үүссэн. ... Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 500000 төгрөг зарцуулсан. Хагалгаанд ороход 1.8 сая төгрөг хэрэгтэй байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 хуудас/ Гэрч Б.Батзоригийн “2017оны 1 дүгээр сарны 27-ны өдөр 19 цагийн үед Өргөө кино театрын баруун талд байрлах хуучнаар Цодгор гэх цайны газарт эхнэр Отгонсувдын хамт хоол идэх гээд орж суугаад хоолоо захиалчихаад би нойлын өрөө орж бие засах гэсэн чинь нойлын өрөөнд нойлын цаас байхгүй байхаар нь буцаж гараад ширээндээ хэсэг суутал гэдэс эвгүйрхээд байхаар нь текэн дээр байсан сальфетикнаас 4 ширхэгийг аваад нойл орж бие засчихаад гараад иртэл уг цайны газрын кассчин Сманай эхнэрлүү танай нөхөр чинь нойлын цаас байсаар байтал хамаг сальфетка аваад орчихлоо балай юм шиг гэж үглэж байгаад гал тогоо руугаа яваад орчихсон юм. Тэгтэл гал тогооноос өндөр нуруутай туранхай эгч ирэхээр нь би уг эмэгтэйд хандан танайх үйлчилгээний газар байж танай ажилтан чинь ямар харицааны соёлгүй юм бэ гэж хэлээд тооцоогоо хийх гээд бүхэл мөнгө өгсөн чинь нөгөө эмэгтэйд хариулт мөнгө байхгүй байсан ба цаанаас нөгөө кассчин охин гараад ирэхээр нь би чи яасан харилцааны соёлгүй юм бэ гэхэд нөгөө охин миний өмнөөс битгий хуц нойлын цаас байсаар байхад аваад ороход яадаг юм бэ гээд өөдөөс уурлаад байхаар нь 00-ийн цаас байхгүй байсан ш дээ, 00-доо тавихад яадаг юм бэ гэсэн чинь текнийхээ ардаас том ууттай олон ширхэгтэй 00-ийн цаас гаргаж ирэхэд манай эхнэр наадах чинь энд байх ёстой юм уу нойлд байх ёстой юм уу гээд асууж байсан ширээн дээрээс босоод текэн дээр кассчин Сдээр тулаад очсон чинь Сбаруун гараараа манай эхнэр Отгонсувдын хамарлуу нэг удаа цохисон чинь манай эхнэр доошоо тонгойтол үснээс нь зулгаасан ба Отгонсувд ч зөрүүлээд үснээс нь зулгаасан” гэсэн мэдүүлэг./хэргийн 27-28 дугаар хуудас/ Гэрч А.Нургүлын “2017 оны 01 дүгээр сар хавьцаа санаж байна. Өдрийг нь сайн санхгүй байна. Би өөрийн ажилладаг Өгөөж /цодгор/ цайны газарт угаагчаар ажиллаж байхад гаднаас эхнэр нөхөр бололтой 2 хүн орж ирсэн. Захиалгаа өгөөгүй байж байтал нөхөр нь бололтой залуу текэн дээр байсан нойлын цааснаас аваад нойл руу орсон. Гарч ирээд захиалгаа өгтөл Сочиж захиалгыг нь авсан. Тэр залуу бага зэрэг халамцуу байсан ба амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд Сэнэ эрэгтэй эмэгтэй 2 хэрүүл хийгээд байх шиг байна, чи текэн дээр сууж бай би гал тогоонд оръё гээд орсон. Хэсэг хугацааны дараа хуушуур 2 аяга цайг нь гаргаж өгсөн. Тэгээд тэр 2 хоолоо идчихээд 20-30 минут суусан. Тэгээд тэр залуу надад С ийг заагаад тэр эмэгтэй танайд юу хийдэг юм гэхэд нь би манай зөөгч байгаа юм гэсэн. Тэгээд тэр залуу нь надад авч явахаар дахиад 2 хуушуур захиалаад надад 2000 төгрөг өгөхөөр нь би С ийг дуудаад энэ хүнд хариултыг нь өгөөрэй гэж хэлсэн. 1 хуушуур 800 төгрөгний үнэтэй байдаг Санарнхишиг гал тогооны өрөөнөөс гарч ирээд хариулт мөнгийг нь өгөх гэж байтал нөхөр нь гэж залуу текэн дээр байсан хоолны меню аваад С ийн толгойруу нь далайсан цохиогүй. Сямар нэг зүйл хэлээгүй гэтэл цаанаас эхнэр нь босож ирээд С ийг үсдээд авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2030 дугаартай актын: “1. Г.Отгонсувдын биед тархи доргилт, хамар ясны хугарал, эрүүний баруун булан, баруун хацар, уруул, эрүүний зулгаралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хэргийн 30 дугаар хуудас/ Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч Снь хохирогч Г.Отгонсувдтай “ариун цэвэрийн цаас аваагүй сальфетка авлаа, үйлчлүүлэгчтэй зүй бус харьцсан гэсэн шалтгааны улмаас хоорондоо барилцан авах явцад СГ.Отгонсувдын нүүрэн тус газар гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч Э.С ийн энэ үйлдэл нь шууд санаатай гэм буруугийн хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэрч А.Нургул “... Стэр эмэгтэйг цохьсоныг нь би хараагүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26 дугаар хуудас/ гэрч Д.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаагчаас тавьсан “Хохирогч Отгонсувдын хамар хугарсан байдаг, хэзээ хамарнаас нь цус гарсан юм бэ” гэсэн асуултад “Би хараагүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/ тус тус өгсөн нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй байна гэж үзэв. Шүүгдэгч Снь “би Отгонсувдыг цохиогүй, гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар түүний энэ байдал нь няцаагдаж байна. Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт болох “толгойн комьпютер томографийн зураг авхуулсан 120,000 төгрөгийн төлбөрийн баримт” /хэргийн 140-141 дүгээр хуудас авагдсан, өөр баримт байхгүй тул уг төлбөрийг шүүгдэгч Э.С ээс гаргуулж, хохирогч Г.Отгонсувдад олгох нь зүйтэй байна. Хохирогч Г.Отгонсувдаас хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 200,000 төгрөгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин хохирогч Г.Отгонсувд нь бусад хохирлоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Снь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй. Снь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хэрэг гарахад мөн хохирогчийн маргаан үүсгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэхь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Сцагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зургийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Отгонсувдад олгосугай. 5. Шүүгдэгч Э.С ээс 120,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Отгонсувдад олгож, хохирогч нь бусад хохирлоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ