| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2026/0286/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/293 |
| Огноо | 2026-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/293
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.********од холбогдох эрүүгийн 2625000000357 дугаартай, 312/2026/0286/Э индекстэй хэргийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2625000000357 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “********” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй ******** улсын дугаартай Тоёота Приус 30 /Toyota prius/ загварын тээврийн хэрэгслийг 0,33 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.********ын өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Өдөрт 90,000 төгрөгийн орлоготой...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2625000000357 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, драгер багажаар согтуурлын зэргийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 9 дүгээр тал),
- 91102273 серийн дугаартай, Alcotest pro багажаар ******** /РД:********/-ын согтуурлын зэргийг хэмжихэд 0,33 хувь байсан талаарх согтуурал хэмжсэн гэсэн бичиглэл бүхий хуудас (хавтаст хэргийн 8 дугаар тал),
- Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Эхний бичлэгийн эхний 04 минут 50 секундэд цагдаагийн албан хаагч жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү? Хэнтэй хамт явж байгаа вэ? гэх мэтээр харилцан ярилцаж цагдаагийн алба хаагч эзэмшигчийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг ухраан байршуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байж яагаад жолоо барьсан талаар тодруулан ярилцаж согтолтын зэрэг шалгах багажийг цагдаагийн алба хаагч танилцуулж байна. Тухайн хугацаанд Б.********ын жолоодож байсан тээврийн хэрэгсэлд өөр хүн байхгүй ганцаараа явж байгаа нь харагдаж байна. Эхний бичлэгийн 04 минут 50 секундээс бичлэгийн төгсгөл 5 минут 00 секунд хүртэлх хугацаанд жолооч Б.******** согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багаж руу үлээж байна. Хоёрдугаарт бичлэгийн эхний 13 секундэд согтуурал хэмжих багажийг жолооч үлээн тухайн багажийг жолоочид харуулахад согтолтын зэрэг 0,33 гэж жолооч хэлж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
- Гэрч Б.********ын өгсөн: “...Би Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг өнөөдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 03 цагийн үед Баян худалдааны төвийн арын зам дээр ******** улсын дугаартай хар өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Болдын ******** нь согтуу байсан бөгөөд үлээлгэж шалгахад 0,33 хувь согтолттой байсан, жолооны эрхийг нь шалгахад 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эрхээ хасуулчихсан байсан, тэгээд машиныг журамласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
- Яллагдагч Б.********ын сэжигтнээр өгсөн: “...Би 2026 оны 05 дугаар сарын 11-ний шөнө Дэнж багт ажлын хуурай ах Төрболд гэх ахыгаа өөрийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгчхөөд найз охин Отгончимэгтэйгээ мөн “Дуурга” дэлгүүр дээр очиж уулзчихаад тэндээ 1 лааз пиво ганцаараа машин дотроо уучхаад найз охиныхоо гэрт орж хонох гэж байсан чинь гэрт ажил гараад Говил баг руу гэртээ харих шаардлагатай болоод төв замаар Төгөл худалдааны төв болон төв Хаан банкны голоор ордог зам дээр явж байтал замын цагдаа зогсоосон. Тэгээд бичиг баримт шалгаад намайг үлээлгэсэн чинь миний согтолтын хэмжээ 0,33 хувийн спиртийн агууламжтай байсан. Тэгээд цагдаа нар миний машин болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан. ...Жолооны үнэмлэхтэй боловч 2025 оны 07 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан 2026 оны 07 дугаар сард миний тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэх байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар тал),
- Яллагдагч Б.********ын өгсөн: “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, надад гомдол санал, хүсэлт байхгүй, би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “...******** /РД:********/ нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жил эрх хасагдсан...” (хавтаст хэргийн 33 дугаар тал),
- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/1529 дугаартай шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 40-42 дугаар тал) зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.********ын амьсгал дахь спиртийн агууламж 0,33 промиль, согтолт илэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан согтолтын зэрэг шалгасан эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар Б.********ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт ******** улсын дугаартай Тоёота Приус 30 /Toyota prius/ загварын тээврийн хэрэгслийг 0,33 хувийн согтуурсан үедээ жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч Б.********ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.******** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.********ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Б.********од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.******** нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.******** нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ