Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/161

 

 

 

 

 

 

 

 2022         02           10                                          2022/ДШМ/161                                                                                                                                                                                                                 

Ө.У-д холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Ө.У-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/843 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.У-д холбогдох 2002002600264 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ө-гийн У-, Төв аймагт 1973 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, “-” хотхоны 00-00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Ө.У- нь “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн даргаар ажиллаж байхдаа 95,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ангийн бохирын систем суурилуулах ажлыг гүйцэтгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүй “-” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн шууд гэрээ байгуулж, Хаан банкны 5011360828 тоот дансанд 59,703,250 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлж давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Ө.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.У-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ө.У- нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоогүй бөгөөд төсвийн хөрөнгийг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасан “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх” зарчим, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхдээ төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэснийг тус тус удирдлага болгон, оновчтой шийдвэр гаргаж, зохистой удирдлагаар хангаж бохирын систем суурилуулах ажлыг төсвийг хэмнэж гүйцэтгэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж хуульчилсан. Ө.У- нь бохирын систем суурилуулах ажлын худалдан авалтыг зохион байгуулахдаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эрх ашиг сонирхлын эсрэг, эсхүл Ө.У- гэх хувь хүнийхээ ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилго огт агуулаагүй бөгөөд ийм үйл баримт тогтоогдоогүй. Харин ч оновчтой шийдвэр гаргаж 95,000,000 төгрөгөөр төсөвлөгдсөн ажлыг 59,703,250 төгрөгөөр хийлгэж, 35,296,750 төгрөгийн хэмнэсэн. Энэ хэргийн улмаас хэн нэгэн хохироогүй, хууль бусаар ямар нэг ашиг олоогүй, “-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь одоог хүртэл ямар нэгэн доголдол, дутагдал гаргалгүй ажиллаж байгаа гэдгийг ч мөн дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолд: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг захиалагч буюу бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дээрх хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулсан байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нийт хөрөнгийн 50 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу Барилга, хот байгуулалтын яам эзэмшиж байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Тиймээс Улаанбаатар төмөр зам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, нөгөө талаас шүүгдэгч Ө.У- нь Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар томилогдож, чөлөөлөгддөг нийтийн албан тушаалтны хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захирагдаж, хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй...” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа нь “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг” гэх хуулийн этгээд нь захиалагч буюу бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дээрх хуулийг дагаж мөрдөх талаарх баримт болохоос бус замын даргын тушаалаар томилогддог, нийтийн албан тушаалтнуудыг бүгдийг нь захиалагч гэж үзэх үндэслэл биш юм. Улаанбаатар төмөр зам ХНН нь нэгдмэл нэг удирдлагатай хуулийн этгээд болохын хувьд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдүүд хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой. Харин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги нь бие дааж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуульд заасан захиалагчийн шаардлагыг хангахгүй юм. Учир нь “Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги” нь бие даасан хуулийн этгээд биш байна. Гэтэл шүүхээс Улаанбаатар төмөр зам ХНН гэх хуулийн этгээд болон “Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги” гэх хуулийн этгээдийн салбар байгууллагын ижил бус статусын байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагч мөн, Ө.У- нь нээлттэй тендер зарлах эрхтэй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ө.У- нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга ажилтай, 48 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, тодорхой хаягтаа байнгын оршин суудаг, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, дээд боловсролтой, итгэл бүхий иргэн хүн бөгөөд түүний холбогдсон гэмт хэргийн шинжийг авч үзвэл өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, ашиг хонжоо олсон, гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилготой байсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Түүний үйл ажиллагааны улмаас Улаанбаатар төмөр зам ХНН нь 35,296,750 төгрөгийг хэмнэсэн, бодит байдлаар хохирол учраагүй гэх талаар прокурор Д.Пүрэвдагва 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарлаж байсан тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агүулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.У-д холбогдох хэргийг цагаатган шийдвэрлэж өгнө үү...гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу Барилга хот байгуулалтын яам эзэмшдэг. Тус байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд юм. Шүүгдэгч Ө.У-ын даргаар томилогдон ажиллаж байсан Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн хувьд “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн  бүрэлдэхүүнд хамаарах салбар, нэгж тул бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа мөн адил тус хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Түүнчлэн, Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн бохирын систем суурилуулах нэг маргаан бүхий ажил нь төрийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн ажил болохоос хэн нэгэн хувь хүний хөрөнгөөр хийгдсэн ажил биш. Ийм учраас нийгэмлэгийн салбар, нэгжүүдэд 50,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авах ажиллагаа нь хуульд заасан журмаар явагдаж байсан. Энэ талаар худалдан авалт, борлуулалтын албаны орлогч дарга Б-ын мэдүүлэг болон “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 2018 онд тус хуулийн дагуу худалдан авалтыг зохион байгуулсан судалгаа зэрэг баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн салбар, нэгжээс 2018 онд 32, 2019 онд 52 худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд зааснаар зохион байгуулсан байдаг. Ийм учраас өмгөөлөгчийн хэлсэн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги нь бие дааж худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн шаардлагыг хангахгүй учраас уг хуульд заасан журмаар худалдан авах ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А55 тоот тушаалаар батлагдсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны журмын 3.7 дугаар зүйлд “төсөвт өртөг нь 85,000,000 төгрөгөөс дээш бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа хуульд заасан журмаар замын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо, эсхүл замын үнийн комисс худалдан авалтыг зохион байгуулахаар зохицуулсан. Харин салбар, нэгжийн удирдлага нь тухайн үед мөрдөгдөж байсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн даргын 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар тушаалаар батлагдсан гэрээ байгуулах, журамд зааснаар 5,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй гэрээг л бие даан байгуулах эрхтэй байсан. Гэтэл шүүгдэгч Ө.У- нь өөрт олгогдсон 5,000,000 төгрөгийн худалдан авах гэрээ байгуулах эрхэд нийцүүлэхийн тулд олон удаа гэрээ байгуулсан. Мөн нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар гүйцэтгэгчийг сонгох ёстой гэдгээ мэдсээр байж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “-” ХХК-д давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогддог. Тухайлбал, бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс үнийн санал огт аваагүй. Өмгөөлөгч, “-” ХХК-иас 165,000,000 төгрөгийн санал ирүүлсэн гэх боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөж авсан баримт болох нь гэрч нарын мэдүүлгээр няцаагдсан. Өөрөөр хэлбэл “Ултрасоник” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон захирлаар ажилладаг этгээдүүдийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдог. Мөн зориуд 50,000,000 төгрөгөөс доош оруулахын тулд гэрээ тус бүрийн үнийн дүнг 5,000,000 төгрөгт багтаах үүргийг доод албан тушаалтнууддаа өгсөн байдаг. Мөн “-”  компанийн захирал Гантулгад ажил гүйцэтгэх, дуусах үед нь ажлын төсвийг 56,000,000 төгрөгөөр биш 80,000,000 төгрөгөөр тооцож, үнийн саналаа дахин өгөх саналыг тавьсан, ажил гүйцэтгэж байх хугацаанд нь өөрийн хувийн зусланд байрлах жорлонг янзлуулах гэсэн ашиг сонирхлоо илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн зорилго нь бол хямд үнээр ажил, үйлчилгээг худалдан авах биш юм. Харин бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд тэгш боломж олгох, худалдан авах ажиллагааг шударга явуулахад оршдог. Иймд өмгөөлөгчийн гомдолүндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ө.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн даргаар ажиллаж байхдаа 95,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ангийн бохирын систем суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэж заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүргээ зөрчиж “-” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн шууд гэрээ байгуулж, Хаан банкны 5011360828 тоот дансанд 59,703,250 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлж давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч, “-” ХХК-ийн захирал Ч.Г-ын “...2018 онд тус ангийн захирал нь гэх хүн “Манайх бохирын систем хийлгэх гэсэн юм” гэж утсаар ярихаар нь очиж үзээд үнийн санал өгсөн. Ажлаа хийхээр болж манайх гэрээний загвараа өгтөл “Үнийн дүн өндөр болохоор заавал төмөр замын даргын захирамж хэрэгтэй болох гээд байна, хялбараар шийдье” гээд мөнгөө хувааж, шилжүүлж байгаа мөнгө бүрт тус тусад нь гэрээ байгуулсан. Ер нь тус ангиас дарга гэх Ууган... болон инженертэй л холбогдож гэрээ байгуулж байсан. 50-60 орчим сая төгрөг болсон санагдаж байна. Мөн нэг удаа захирал нь ажил дуусч байх үед “Төсвөө 80 хэдэн сая төгрөгөөр үнийн саналаа өгчихөөч” гэж утсаар ярихаар нь татгалзсан. Дээрх ажлыг хийх хугацаанд “Ахынхаа зуслангийн жорлонг янзлаад өгөөрэй” гэхэд нь Ургах нарангаас урагш яваад зусланг нь утсаар заалгаад очиж үзэхэд хуучирсан модон жорлон байсан тул манайх ийм ажил хийдэггүй гэсэн хариу өгсөн. Ер нь бид мөнгөө авах гэж байгаа учраас өгөх хүмүүсийн хүсэлт, заавраар л олон гэрээ байгуулж, өөр компанийн нэр дээр зарим гэрээ байгуулсан юм ...” /1-р хх 109-110/,

гэрч, Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогч С.А-ийн “...2018 оны 2, 3 дугаар улиралд нийт 95,000,000 төгрөгийн төсөвтэй бохирын систем суурилуулах ажил төлөвлөгдсөн байсан... дарга Ө.У- “-” ХХК-аар хийлгэхээр болсон. Тухайн үед Ө.Улаанбаатар дарга замын даргын итгэмжлэлийн дагуу 5,000,000 төгрөг дотор гэрээ байгуулах эрхтэй тул дээрх компанитай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний хооронд 14 удаа “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, нийт 59,703,250 төгрөг тус компани руу шилжсэн. 14 гэрээ байгуулсан нь нэг л ажил байсан...” /1-р хх 106-108, 3-р хх 7/,

гэрч, Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн инженер Х.Д-гийн “...дарга Ө.У- “Рояал Кинг” гэдэг нэртэй байгууллагын танилцуулга авчирсан... компаниас ирсэн үнийн саналын дагуу гэрээ байгуулсан. Хийлгэсэн ажлаа Улаанбаатар төмөр замын их барилга хөрөнгө оруулалтын хэлтэст, хүлээлгэн өгөх гэтэл тус хэлтсээс заавал хийсэн ажил төсөвтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан... Манай байгууллага сонгон шалгаруулалт явуулаагүй, тендер зарлаагүй. Дарга “Энэ компаниар хийлгэ” гээд танилцуулга авчирч өгсөн. Улаанбаатар төмөр зам даргын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой гэсэн сахилгын дүрэм байгаа. Гэрээтэй, хийх ажлын багтаамж, үндэслэлтэй байсан учир төсөв гаргаагүй ажил хийсэн. 5,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэх эрхгүй байсан тул задалж 14 гэрээ байгуулсан...” /1-р хх 22-24, 3-р хх 8-9/,

гэрч, Худалдан авалт, борлуулалтын албаны дарга О.Б-гийн “... замын даргын А-55 дугаар тушаалаас гадна 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугар тушаалаар гэрээ байгуулах журам мөрдөгдсөн. Уг журмын 4.14 дэх хэсэгт тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн нь 5,000,000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний үнийн дүнтэй сэлбэг хэрэгсэл, материалыг манай албаны үнийн комиссын зөвшөөрлийг авсны үндсэн дээр гэрээ байгуулахгүйгээр худалдан авч болно гэж заасан. Тухайн ажил нь төлөвлөгөөнд байгаа эсэх, их засвараар уу, их барилгаар хийгдэж байгаа юу гээд энэ бүгдийг Их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын хэлтсээр хянуулах ёстой байдаг...” /1-р хх 111-112/,

гэрч, “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн дарга Д.Ж-ийн “...Манай дотоод журмаар нэгжийн дарга нар 5,000,000 төгрөгөөс дээш гэрээ хийх ёсгүй. Хэрэв дээш хэтэрч байвал тендерийн шалгаруулалт юм уу, замын үнийн комиссоор шийдвэрлэх ёстой. 5,000,000 төгрөг нь 1 төрлийн ажил үйлчилгээ, барааг ойлгоно...” /3-р хх 22-24/,

гэрч, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Аудитын хэлтсийн дарга Л.О-ын “... замын даргын тушаалаар батлагдсан гэрээ байгуулах журам, худалдан авах ажиллагааны журмуудын дагуу явагдаж байсан. Уг журмуудаар 5,000,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй бол өөрсдөө мэдэж шийдэх, 5,000,000-10,000,000 төгрөг бол Худалдан авалт, борлуулалтын албаны үнийн комиссоор орсон байх, 10,000,000 төгрөгөөс дээш бол Замын үнийн комиссоор орсон байх зохицуулалт үйлчилж байсан...” /1-р хх 115-116/ гэсэн мэдүүлгүүд,

Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн дарга Ө.У-, “-” ХХК-ийн захирал Ч.Г нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-үүд, төлбөрийн даалгавар, нэхэмжлэхүүд, ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актууд /1-р хх 153-232/,

   Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн дарга Ө.У-, “-” ХХК-ийн “Хаан банк”-ны 5011360828 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд нийт 59,703,250 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /3-р хх 43-48/,

   Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №269 дугаартай “...УБТЗ” ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга Өөхөнхүүгийн У- нь нийтийн албан тушаалд хамаарна...” гэсэн албан бичиг /2-р хх 202/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10/577 дугаартай итгэмжлэлийн хуулбар /1-р хх 28/, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/5218 дугаартай зөвлөмж, тайлбар /2-р хх 209/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 16/2637, 16/2638 дугаартай албан бичиг /3-р хх 163-164, 166-170/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 16/2638 дугаартай “У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд авах тухай” гэх тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /2-р хх 144-147/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаар тушаалаар батлагдсан гэрээ байгуулах журам, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А-502 дугаар тушаалаар батлагдсан үнийн комиссын ажиллах журам, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А-55 дугаартай тушаалаар батлагдсан худалдан авах ажиллагааны журам /2-р хх 122-127,150-158, 162-166/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11/5568 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх 168-170/,

“Монгол Зөвлөлийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/268 дугаартай “...2018 оны их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө: Ангийн бохирын систем суурилуулах ажил 95,000,000 төгрөг” гэх албан бичиг, түүний хавсралт /3-р хх 64, 67-71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК нь Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Зам харилцааны яамны тэнцүү хэмжээгээр хувьцаа эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь тогтоогдсон байна.  

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:” гэсний 4.1.3 дахь заалтад “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан; гэж заажээ.

Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж заасны дагуу “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн дарга нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.  

“Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн худалдан авах ажлын төлөвлөгөөнд Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн бохирын систем суурилуулах ажлыг 95,000,000 төгрөгөөр төсөвлөсөн ба тус ангийн дарга Ө.У- нь ажлыг гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэснийг зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр-” ХХК-ыг сонгож давуу байдал бий болгосны зэрэгцээ, 5,000,000 төгрөгийн босго үнэд нийцүүлэхийн тулд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 14 удаа гэрээ байгуулсан үйлдэл нь адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд төрийн худалдан авах ажиллагаанд ил тод, нээлттэй, шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан, нөгөө талаас шударга ёс, хууль дээдлэх, хариуцлагатай байх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж албаны үүргээ зөрчих, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг ажиласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Ө.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдсан гомдлын хувьд албан тушаалын гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршигаар нийгмийн хор аюулын шинж чанар нь тодорхойлогддог.

Хэдийгээр шүүгдэгч Ө.У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй боловч дээр дурьдсан нийгмийн аюулын шинж чанарт дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агүулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохдоо тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Ө.У-ыг “... Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжлүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон ...” гэж тухайн зүйл, хэсэгт заасан бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэргээс үзэхэд тэрээр сонгон шалгаруулалт явуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, босго үнэд нийцүүлэхийн тулд нэг ажлыг 14 удаагийн ажил болгон хуваан гэрээ байгуулж бүрэн эрхээ хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүхийн гэм буруутайд тооцсон тогтоолыг заалтыг залруулсан болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэснийг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолох зохицуулалтыг шүүх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор заасан нь хуульд нийцээгүй учир зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/843 дугаар шийтгэх тогтоолын тогтоох 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ө.У-ыг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхгүй, бүрэн эрхээ хэтрүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН         

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН