| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2026/0864/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1509 |
| Огноо | 2026-06-02 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1509
2026 06 02 2026/ШЦТ/1509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Н.Цогням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Л.Г, иргэний хариуцагч “А” ХХК-н хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ө.С, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Н, шинжээч М.Знарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505 00000 0095 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “М” эмийн санд жор баригч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо Нарны хороолол 0-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Ж овогт Б О (РД:**000000).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Х эмийн сангийн А салбарт ажиллаж байхдаа эмчийн жорын дагуу хүүхдийн тунгаар эм олгох байтал хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон үүрэгтээ хайхрамжгүй хандан үйлчлүүлэгч буюу нярай хүүхдийн асран хамгаалагчид том хүний тунтай (100 мг)-тай фенобарбитал эм олгон, хэтэрсэн тунтай эм хэрэглэсний улмаас насанд хүрээгүй хохирогч З.А эмийн хордлогод орж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогчийн эрүүл мэнд, хохирлын баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий байдал, эх сурвалжийг харьцуулан үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч *******.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах байр суурьтай мэтгэлцэж оролцсон.
1.1. Улсын яллагчаас шүүгдэгчийг хууль, хэм хэмжээний актаар тогтоосон үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учирсан гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж,
1.2. Шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт дахин дүгнэлт гаргуулах, эмчлэгч эмчээс мэдүүлэг авхуулах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах,
1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас улсын яллагчийн байр суурийг дэмжиж, хохирол төлүүлэх байр суурьтай,
1.4. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс “А” ХХК-г иргэний хариуцагчаар татах нь үндэслэлгүй талаар тус тус мэтгэлцэж оролцсон болно.
2. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзэхэд: Шүүгдэгч ******* нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо Х эмийн сангийн А салбарт эм баригчаар ажиллаж байхдаа эмчийн эмийн жорд Фенобарбитал 5 мг гэж хүүхдийн тунгаар бичигдсэн байхад хүүхдийн асран хамгаалагчид том хүний тунтай 100 мг савлагаатай фенобарбитал эмийг олгосон, улмаар бага насны хохирогч З.Ад уг эмийг өгсний улмаас бага насны хохирогчид амь насанд аюултай тархины цусан хангамжийн алдагдлын хүн хэлбэр, тархины эмгэгшил үүсэж, эрүүл тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, тархины эмгэгшил үүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэж үзлээ.
Энэ нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх19),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Згийн “...Манай охин А төрснөөс шарлалт арилахгүй байсан тул оршин суух хорооны өрхийн эмнэлэгт эхлээд 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийлгэж хяналтад орсон юм. Тухайн үед эмчээс Фенобарбитал, урдестон, ниссэл гэх нэртэй 3 ширхэг эмийг ууж хэрэглэхээр эмчийн жор бичиж өгсөн. Тэгээд уг жорын дагуу гэрийн ойролцоо байх эмийн сан дээр очиход эмийн жорын тун тодорхой харагдахгүй байна гээд эмийг олгоогүй юм. Тэгээд түүнээс хойш 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин өрхийн эмчид үзүүлээд урьд бичиж өгсөн жорыг эмч Зд буцаагаад өгсөн. Тэгээд эмч дахиад жорыг шинээр бичиж өгсөн юм. Уг жорын дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх "Хүрмэн” эмийн санд очиж эм авсан... Тухайн эмийн санч О гэх эмэгтэй байсан. Би эмийн санд эгч Отгончимэгийн хамтаар очоод эмийн жорыг өгсөн эмийн жор дээр эмийн тунг зөв бичсэн байсан. Би охиныхоо эрүүл мэндийн ягаан өнгийн дэвтрийг авч явж байсан тул тэр дэвтрээ үзүүлээд нярай хүүхдэд эм авч байгаа талаараа хэлсэн. Тухайн эмийн санч мэдсэн. Тэгээд сүүлд хүүхэд өвдсөний дараа очиж уулзахад эмийн санч О нь "миний буруу, би том хүний уух тунгийн эм дээр андуурсан байна" гэж хэлсэн.... Мөн эм олгосон бүртгэл дээрээ хүүхдийн Фенобарбитал 5 мл эм гэж бичигдсэн байсан боловч Фенобарбитал 100 мл-тэй эмийн том хүний тунгаар уулгаснаас болж эмийн хордлого болсон байна гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх29-30),
Гэрч Я.Огийн “...С.З эмийн сангийн эмчийн бичиж өгсөн жортой эмийг авах хэрэгтэй байна гээд бид хоёр Тумбаашийн эсрэг талын автобусны хажуу талын Хүрмэн эмийн сан руу 20:00 цагийн үед очиж 3 төрлийн эм авсан. Тэгээд эмийг нь аваад З бид хоёр буцаад манай гэр лүү явсан ба тэр оройноос эхэлж ээж нь хүүхдээ тухайн эмийг өгч эхэлсэн. Өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Цагаан хуар хотхонд худалдаж авсан өөрийнхөө байранд очоод байж байтал 20:50 цагийн үед манай эгч Я.Нармандах над руу залгаад хүүхэд нь унтамхай сонин дугараад байна миний дүү 103 луу дуудлага өгчих гэж хэлэхээр нь би 103 луу дуудлага өгсөн. ... Б рүү залгахад ууж байгаа эмийг нь харчхаад ердийн тунг нь ихдүүлсэн байна яаралтайгаар сэхээнд хэвтчихлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хх32),
Гэрч А.Бийн “...Тэгээд 07 дугаар сарын 18-ны өдөр өрхийн эмнэлэг болох “Насан урт" эрүүл мэндийн төв хяналтад ороод эмч З гэх эмчид үзүүлсэн. Охин З.Аг маань шарлалттай байна гээд ягаан дэвтэр дээр нь хоёр төрлийн эм бичиж өгөөд нэмэлтээр шарлалтын хурдан бууруулах зорилгоор 3 төрлийн зөвлөмж бичиж өгсөн. Зөвлөмжийн нэгдүгээрт Нийслэлийн амгалан амаржих газар эмчлүүлэх, хоёрдугаарт Фото аппаратанд орох, гуравдугаарт фенобарбитал 5мг 2*2 хэмжээгээр 5 хоног өгч болно гэж бичиж өгсөн. Тэгээд 07 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр З хамаатны эгч Отгончимэгтэй хамт 3 дугаар хорооллын ахуй үйлчилгээний Хүрмэн эмийн сангаас очоод өрхийн эмчийн бичиж өгсөн жорыг үзүүлэн эмийг авахад эмийн сангийн ажилтан жорыг хараад 20 ширхэг буюу хоёр хайрцгийг өгсөн.. Тэгээд орой 24 цагийн үед нөхрийн авч ирсэн фенобарбитал гэх эмээс хоёр ширхгийг нунтаглаад усанд холиод охиндоо уулгачихсан. Тэгээд маргааш орой буюу 07 дугаар сарын 25-ны 24 цагийн үед дахиж хоёр ширхгийг өгсөн. Тэгээд тэр шөнөдөө унтаад маргааш өглөө буюу 07 дугаар сарын 26-ны 10 цагт охин маань сэрэхгүй байсан болохоор гайгүй унтаж байна даа гэж бодсон. Тэгээд 3 цагийн дараа буюу 12 цагт фенобарбитал гэх эмийг дахиж хоёр ширхгийг нунтаглаад өгсөн чинь охин маань бүр сонин дуугараад хэл нь татаад амьсгал нь татагдаад таталт өгөөд ирсэн. Тэгэхээр нь мөөмөө өгөөд аргалаад орой болтол нөхрөө ирэхийг хүлээсэн. Тэгээд орой 20 цагийн үед түргэн дуудаад түргэний машинаар Эх нялхас эрүүл мэндийн төвд очиж хэвтсэн. Тэгээд эмч нар буруу эм уулгасан байна эмийн хордлого болсон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хх39),
Гэрч Б.Згийн “Би тухайн өдөр буюу энэ оны 07 дугаар сарын 18-ны өдөр өрхийн эмнэлэг дээр орж ирсэн хүмүүсээ үзээд байж байхад нярай хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирээд хяналтад оръё гэсэн. Тэгээд тухайн нярайг үзэж бүртгэж аваад үзэхэд нярай маань шарлалт өндөр духан дээрээ 280, цээж 380, уландаа 140-тэй байсан ба желтуха /нярайн шарлалт/ гэсэн онош тавиад үндсэн urdeston 100 мг 2/1*2 долоо хоног уухаар, nissel 25 мг 2/1*2 удаа долоо хоног уухаар бичиж өгсөн... Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нярай З.Аг ээж нь болох эмэгтэй мөн өөр бас нэг эмэгтэй орж ирсэн. Тэгээд дахиад үзлэг хийгээд шарлалтын хэмжихэд духан дээрээ 220, цээжин дээрээ 250, уландаа 100-тай байсан ба шарлалт буураагүй /нярайн шарлалт/ гэсэн онош тавьсан. Тэгсэн ээж өмнө бичиж өгсөн тусгай жорыг аваад ирсэн байсан ба эмийн санч нь бичигдэл буруу байна гээд фенобарбитал эмийг жорын дагуу өгөөгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө тусгай жорыг хурааж аваад өөр шинэ жорын хуудсан дээр дахиж фенобарбитал гэх эмийг 5 мг өдөрт 2*2 удаа тав хоног гэж бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг (хх41),
Баянгол дүүргийн 18-р хороо, Х эмийн сангийн А салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд 2025.07.24-ний өдрийн 20:29 цагт эмийн санчид эмчийн жорыг үзүүлэн эм авч байгаа дүрс бичигдсэн (хх206-208),
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1657 дугаартай албан бичиг, хавсралт (хх221-228),
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 03/12 дугаартай албан бичиг, хавсралтаар түргэн тусламжийн дуудлагын хуудас (хх241-242),
Яллагдагч Оын “Би 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 3,4 дүгээр хороололд байрлах “Сэнтоза”-ийн автобусны буудал гэж нэрлэгдэх буудлын ард байрлах “Хүрмэн” гэх нэртэй эмийн сангийн “А” гэх нэртэй салбарт жор баригчийн ажил хийж байсан юм. Тэгсэн шөнө 20:00 цагийн үед санагдаж байна, гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирээд жороор олгодог эм гэсэн нэртэй цаас болон нярай хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр үзүүлсэн ба уг дэвтэр дээр бичсэн эмүүдийг авъя гэж хэлээд надад үзүүлсэн юм. Тэгээд би тусгай жороор олгодог эмийн жорыг нь аваад үзэхэд фенобарбитал 5 мг 2-оор 2 удаа, эрүүл мэндийн ягаан дэвтэр дээр өөр хүүхдэд шаардлагатай 2 эм болон фенобарбитал 5 мг бичсэн байсан. Тэгээд би жорын дагуу фенобарбитал 5 мг эмийг нь кассын ард талд байдаг шургуулгаас авч өгөхдөө хажууд нь зэрэгцүүлээд тавьсан байдаг том хүний 100 мг тунтай фенобарбиталыг нь андуурч аваад өгчихсөн байсан. Тухайн үедээ би энэ талаар мэдээгүй би эмүүдээ өгөхдөө хэрхэн нярай хүүхдэд ууж хэрэглэхийг нь сайн тайлбарлаж өгөөд эмийг кассад бичээд төлбөрийг явуулсан юм. Тэр үед би хүүхдийн фенобарбитал 5 мг эм аваад өгч байгаа гээд өөртэй итгэсэн байсан тул том хүний 100 мг фенобарбитал эм өгч байгаа талаараа мэдээгүй” гэсэн мэдүүлэг (2хх26-27),
Эрүүл мэндийн яамны 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 5/322 дугаартай албан бичиг (2хх54) хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Хэрэгт авагдсан 2025.09.22-ны өдрийн 1193 дугаар дүгнэлтэд насанд хүрээгүй хохирогч З.Ад бичсэн эмчийн жор нь зохих тунгаар бичигдсэн буюу нярай хүүхдэд 5 мг тунгаар биеийн жинд тохируулан эмч сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтад бичиж өгсөн байна гэж дүгнэсэн. (хх51-54) Мөн Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх эмнэлгийн 3 шинжээч, Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн оролцуулсан багаар хийсэн ЕГ0525/1555 дугаартай дахин шинжилгээний дүгнэлтэд “...1193 дугаар дүгнэлт үндэслэлтэй, З.А нь төрөхдөө архаг суурь өвчин болон хавсарсан өвчингүй байжээ, 2025.07.26-нд З.А нь эх хүүхдийн эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн тасагт фенобарбитал 3 хоногт 600 мг уусан, хүүхэд унтаарсан байдалтай ирсэн ба нярайн гипокси-ишемийн шалтгаант энцефалопати хүнд хэлбэр, тархины дутагдал, фенобарбитал эмийн хордлого, нярайн шарлалт оноштой хэвтсэн байна. З.Ад бичсэн эмчийн эмийн жор зохих тунгаар бичигдсэн, эмч нар зохих журмын дагуу эмчилгээ, оношилгоог хийсэн байна. Барбитал 100 мг-тай эмийг насанд хүрэгчдэд эпилепси, нойргүйдэл, мэдрэлийн хөөрөл, хорей, агчсан саа, мигрень, гипертиреоз зэрэг өвчнүүдэд хэрэглэхээс гадна ходоод гэдэсний гөлгөр булчингийн агчлын үед гуа хатан, папаверин болон бусад агчил тавиулах эмүүдийн хамт хэрэглэнэ. Цусан дахь билирубины хэмжээ ихсэх буюу нярайн шарлалтын үед нярай хүүхдэд 5 мг тунгаар биеийн кг жинд тохируулан хэрэглэнэ. Олон улсын удирдамжийг мөрдсөн ба хүүхдийн шарлалтанд өгөх тун хэмжээг зөв тооцож 2 ширхэг буюу 10 мг фенобарбиталыг өдөрт 2 удаа уулгах нь аюулгүй тун байна... Эмийн зааварт тун хэтэрсний улмаас бие эвгүйцэх, нойрмоглох, толгой өвдөж уйлагнах, цусанд өөрчлөлт гарах зэрэг гаж нөлөө гарч болно гэсний дагуу хүүхдэд дээрх шинж тэмдэг, зовууриуд илэрсэн байна. Насанд хүрээгүй хохирогч З.Агийн биед фенобарбитал эмийн хордлогын улмаас нярайн тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, тархины эмгэгшил үүссэн нь амь насанд аюултай тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.3.5-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна... Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх, эрх үүргийг биелүүлээгүй байна” гэсэн байна. (хх101-104, 105-112)
4. *******ын “А” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эм барих эрхийн зөвшөөрөл 2026.04.08 хүртэл 5 жилийн хугацаатай олгосон гэрчилгээ хэрэгт авагдсан (хх230-237) бөгөөд шүүгдэгч ******* нь “А” ХХК-н эмийн санд эм барих албан үүргээ гүйцэтгэж байхдаа насанд хүрээгүй хохирогчид эмчийн бичсэн эмийн жорын дагуу бичигдсэн фенобарбитал эмийг 5 мг-г олгохдоо 100 мг-тайг андууран өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэхүү үйл баримттай талууд маргаагүй болно.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй тул дахин шинжилгээ хийлгэх, мөн эмчлэгч эмчийг асуух нэмэлт ажиллагаа хийлгэх гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Дээр дурдсанаар насанд хүрээгүй хохирогчид нярай үеийн шарлалт онош тогтоон эмийн эмчилгээ хийхээр өрхийн эмч фенобарбитал эмийг 5 мг-аар уулгахаар жор бичсэн нь зохих тунгаар бичигдсэнийг шинжээчид дүгнэсэн, мөн насан хүрэгчийн тунгаар нярай хүүхдэд эмийг уулгасан эмийн хордлогод орсон үед илрэх шинж тэмдгүүдийг шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд тогтоон, бага насны хохирогчид хүнд гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлтийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Өмгөөлөгчөөс шинжээч томилсон тогтоолд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гэсэн байхад 4 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан тул дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 29 дүгээр зүйлд шинжилгээг багаар хийлгэх талаар зохицуулсан бөгөөд хүний их эмч болон эм зүй, эм судлалын ижил мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн/ хүмүүсийн оролцуулан дүгнэлт гаргуулсан байна. Энэ тохиолдолд тус зүйл хэсэгт зааснаар эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, эм зүйн ухааны магистр Н.М дүгнэлтээ бие даан гаргасан (хх101-104), мөн шүүх анагаах ухааны шинжилгээний газрын хүний их мэргэжилтэй 3 шинжээчид шинжилгээний үр дүнд санал нэгдсэн байдлаар нэг дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан журамд нийцэж байна.
Энэ тохиолдолд шинжээчийн баг санал нэгтэйгээр нэгдсэн дүгнэлтийг гаргасан талаар бүрэлдэхүүний шинжээч М.З шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, тус дүгнэлт эргэлзээтэй, бүрэн бус гэсэн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна. Түүнчлэн бага насны, нярай хүүхэд эмийн хордлогоор хүнд гэмтэл учирсныг тогтоохдоо түүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн баримт, мэдээлэлд үндэслэсэн байх ба эмчлэгч эмчээс мэдүүлэг авах шаардлагагүй, шинжээчийн дүгнэлтэд хохирлын зэрэглэлийг үндэслэлтэй тогтоосон гэж дүгнэсэн.
6. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй байна. Тус зүйлийн хамгаалагдсан объект нь хүний эрүүл мэнд бөгөөд гэмт хэргийн объектив талын шинж нь “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй” үүний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шалтгаан холбоотой байхаар заасан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3-д "эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг, 3.1.5-д "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, 3.1.12-д "эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг ойлгохоор заасан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.32-д "эмийн жор" гэж эмчээс тухайн хэрэглэгчид зориулан эмийн нэр, тун, хэмжээ, хэрэглэх аргыг заан эм зүйч, эм найруулагчид хандсан цаасан болон цахим баримтыг ойлгохоор заасан.
Дээрх тодорхойлолтууд, хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч ******* нь эмнэлгийн мэргэжилтэн буюу эм зүйч мэргэжилтэй, эмийн санд эм баригчаар ажилладаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Эм баригч буюу жор баригч нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29.4-т заасан 29.4.1-д эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх, 29.4.2-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгох, 29.4.3-д жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгох, 29.4.5-д эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид бага насны хүүхдийн эмийг олгохдоо эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл өгөх үүрэгтэй байна.
Гэтэл тэрээр тусгай жороор олгодог сэтгэцэд нөлөөт эмийг олгохдоо, тэр дундаа бага насны хүүхдэд олгохоор эмийн жор бичигдсэн байхад андууран насанд хүрэгчийн тунгаар олгосон нь хуульд заасан үүргээ зөрчсөн, болгоомжгүй үйлдэл гаргасан буюу албан үүрэгтээ хайхрамжгүй ханджээ. Мөн насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч нь эмийн мэдээллийг авах, эмийн зааварт насанд хүрэгчдэд гэсэн тэмдэглэгээ бүхий эм олгосныг анзаарах, эмийн зааврыг дахин нягтлах боломжтой байхад анзааралгүй хүүхдэд уулгасан байх ба энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэхгүй ч ял шийтгэл оногдуулахад харгалзах үзэх нөхцөл болохыг дурдаж байна.
7. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд эмнэлгийн мэргэжилтний эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг зөрчсөнтэй холбоотой гэмт үйлдлийг хуульчилсан ба шүүгдэгч ******* нь эмнэлгийн мэргэжилтэн боловч түүний үйл ажиллагаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамаарахгүй юм. Тодруулбал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.1-д "эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгохоор заасан. Улмаар шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүйгээр хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй болно.
8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Иргэний хуулийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой 232,750 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгчээс тухайн хохирлыг нөхөн төлсөн байна. /2хх75/
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 069 дугаар “...З.А-д дээрх гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. З.А-н сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх эсхүл байнгынх эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа нь хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналт, эмчилгээ эдгэрэлт, асран хамгаалагчийн асаргаа, сувилгаа зэргээс хамаарна” гэжээ (2хх42-44),
Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2 дугаар зэрэглэлд хамааруулахаар тодорхойлсон байх ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд хоёрдугаар зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заажээ.
Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлснээр тооцон 7,920,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бд олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчээс хохирол төлбөр төлөхөөр завсарлага авах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулж, завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм хорыг хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
11. Иргэний хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь “А” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажиллаж байхдаа бусдад гэм хор учруулсан байх бөгөөд дээр үндэслэлээр “А” ХХК-г иргэний хариуцагчаар татан оролцуулсан болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 232,750 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул иргэний хариуцагчаас гаргуулах гэм хорын төлбөргүй гэж дүгнэсэн.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
12.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт,
12.2. шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн зүгээс анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч талд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлээд явсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс андуурсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид тухайн зүйл заалтад зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийг буруутгаж байгаа зүйл ангид эрх хасах ялыг хуульд заасан хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
12.3. хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “..цаашид хүүхэд маань эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд хэлэх зүйлгүй..” гэсэн тайлбарыг, түүний өмгөөлөгчөөс “...тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
13. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
14. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд албан үүрэгтээ хайнга хандсанаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хууль бус үйлдлийн шинж байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.
15. Шүүгдэгчийн үйлдэлд хуульд зааснаар хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч *******ын хувьд эм зүйч мэргэжилтэй эм барих тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг тул түүний эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нь зөв байна.
Улмаар шүүгдэгч *******ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, хохирол төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эм барих эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгж буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, 14 ширхэг фенобарбитал эмийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эм барих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгж буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эм барих эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэрэгт хавсарган үлдээж, 14 ширхэг фенобарбитал эмийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, (иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт) тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР