2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1568

 

 

 

 

 

 

 

 

  2026           06            08                                       2026/ШЦТ/1568

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

улсын яллагч М.Ариунцэцэг, хохирогч Т.Б, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2610 00000 0000 дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Сод монгол группт худалдан авалтын нярав ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин 00-000 тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын баривчлах ял,

- Мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн,

Ч овогт Сн А /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2026 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт хорооллын доод өлзийт 0-00 тоотын гадна хохирогч Т.Бгийн эзэмшлийн 00-00 УБС улсын дугаартай Toyota camry 50 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хууль бусаар хутгаар зүсэж, устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 509 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, дүгнэлтээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч С.А нь 2026 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт хорооллын доод өлзийт 0-00 тоотын гадна хохирогч Т.Бгийн эзэмшлийн 00-00 УБС улсын дугаартай Toyota camry 50 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хууль бусаар хутгаар зүсэж, устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2-3/,

Хохирогч Т.Бгийн “...Би 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдөр найз Туулын гэрт хонож байгаад өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд уулздаг байсан залуу Сгийн А хашааны дотор машин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхаар нь би гэртээ ороод галаа түлээд байж байхад ******* миний араас гэрт орж ирээд намайг уучлаарай гээд гуйгаад байхаар нь би тийм зүйл байхгүй чи бид хоёр одоо болсон салж байна өөр өөрийн амьдралыг хөөнө гэх зэргээр яриад байхаар нь би гэрээс гар гээд би гэрээсээ гараад өөрийн машин болох 00-00 УБС улсын дугаартай Toyota camry машины хажууд зогсож байхад А өөрийн машин руу яваад тэндээсээ пиво уух гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь гартаа хутга барьчихсан чамайг харна гэх зэргээр ярьж байгаад миний машины 4 ширхэг гадна дугуйг хутгаараа хатгаж хагалсан юм. Тэгээд би найз Туулд болсон зүйлийг хэлэхэд Туул цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх4-5/, эд хөрөнгийн үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бд нийт хохирол нь “Л” ХХК-ийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №26/04/02 дугаартай үнэлгээнд эд хөрөнгийн үнэлгээг 1.200.000 төгрөг гэсэн тайлан, хавсралт, гэрэл зураг /хх21-24/-аар нотлогдож байх бөгөөд хохирлын үнийн дүнтэй холбоотой эсрэг санал, хүсэлт гараагүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 00-00 УБС улсын дугаартай Toyota camry маркийн автомашины 4 ширхэг дугуйг хутгаар хагалж, зүссэн үйлдэл нь хууль бус үйлдлээ мэдэж, хүсэж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэртэйгээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

            5. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

6.1. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр эд хөрөнгөд учирсан шууд хохирлыг 1.200.000 төгрөгөөр тогтоосон, хохирогч Т.Бгийн зүгээс эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардалд 100.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******гаас хохирогчийн хохирол төлбөрт 1.200.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 100.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бд олгуулах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан. Шүүгдэгчээс “гэм буруу дээрээ маргахгүй, миний буруу” гэсэн тайлбарыг гаргасан.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч *******н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, учирсан хохирлыг барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

10. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

Иймд шүүгдэгч *******г хохирол нөхөн төлөөгүй, хувийн байдлын хувьд Сод монгол групп ХХК-д ажилладаг /хх54/ буюу хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.                        

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2000 нэгж буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогчид учруулсан хохиролд 1,200,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 100,000 төгрөг нийт 1,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бд олгуулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХБААТАР