Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 117/ШШ2021/0030

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Э.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын байцаагч Н.Б нь холбогдогч Э.Бд 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай  шийтгэлийн хуудсаар  шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...ямар зөрчил үйлдэгдсэн болохыг бичээгүй, нотлох баримтыг дурдаагүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулж байгаа эсэх нь тодорхойгүй бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 100.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.5 дугаар зүйл,  7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  заалтуудыг тус тус зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Э.Бд 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдох  “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Э.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн торгууль төлөгдсөн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 02 сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухайд нэмэлт саналгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын а  хяналтын улсын  байцаагч Н.Бд  хариуцуулан “Э.Бд  холбогдох 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах”  прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/  гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11” зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуульд заасныг дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “баталсан удирдамжийн дагуу хянана” гэж заасанчлан  Дундговь аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг[3] үндэслэн, энэхүү шалгалтаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэл ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй тул хэрэг үүсгэн[4] хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

2. Зөрчилд холбогдогч уг зөрчлийн торгуулийг буюу 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай актыг биелүүлж, мөн өдрийн ХААН банкны шилжүүлгийн баримтаар[5] төлснийг үндэслэн прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг  өөрчилж бичгээр[6] ирүүлжээ.

3. Прокуророос 2021 оны 2 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа[7] өөрчилж ирүүлсэн тул хуульд заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж[8] хариуцагчаас асууж авсан[9] болон бичгээр ирүүлсэн тайлбарт[10] “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, холбогдогчид шийтгэл оногдуулахдаа нотлох баримтыг нэрлэн заагаагүй, ямар зөрчил үйлдэгдсэн болохыг бичээгүй, хүн хуулийн этгээд тогтоогоогүй, ямар хуулийн ямар зүйл заалтаар шийтгэл оногдуулж буйг тодорхой бичээгүй,  торгуулийг нэгжээр илэрхийлээгүй, гараар бичсэнээ удаа дараалан дарж балласан (Н.Б гэснийг дарж Э.Б болгосон - 2 удаа) зэрэг хариуцлагагүй  үйлдэл  гаргасан, өөрчилсөн шаардлагад нэмэлт саналгүй, хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй, шүүгчийн захирамжийн үр дагаврыг танилцуулсанг ойлгосон” гэх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов. Хариуцагчийн хууль хэрэглээний хувьд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн[11], хэрэгт авагдсан мэдүүлэг[12] зэргийг үндэслэн гуравдагч этгээд татаагүй бөгөөд энэхүү зөвшөөрөл нь хэн нэг  өөр бусад  этгээдийн эрхийг зөрчихгүй гэж үзнэ.

4. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж, гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрснийг үндэслэн хариуцагчийг  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар  зүйлийн 67.1-т заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А  хяналтын  улсын байцаагч Н.Бд хариуцагдах “2020 оны 08-р сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 49 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж, хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

3. Энэ захирамжид давж заалдах гомдол гаргахгүй, энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүйг тус тус тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.С

 

 

 

 

[1] Хэргийн 6 талд

[2] Хэргийн 1-2 талд

[3] Хэргийн 11-13 талд

[4] Хэргийн 14-15 талд

[5] Хэргийн 9 талд

[6] Хэргийн 24 талд

[7] Хэргийн 24 талд

[8] Хэргийн 25 талд

[9] Хэргийн 26-27 талд

[10] Хэргийн 28 талд

[11] Хэргийн 27 талд

[12] Хэргийн 7-8 талд