Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 395

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №395

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Бат-Амгалан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч: А.Батбаяр,

шүүгдэгч: С , түүний өмгөөлөгч Д.Батбаяр /0200/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2017 2602 0819 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 18-22 насны 2 хүүхдийн хамт суудаг гэх, ял шийтгэлгүй, С . Шүүгдэгч С  нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн М.Мянганбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 44/1 дүгээр байрны 32 тоотын 2 өрөө орон сууцыг давхар түрээслэж, иргэн А.Батбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13 000 000 төгрөгийг авсан залилах гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С  мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 44/1 байрны 32 тоот байрыг Д.Тунгалаг гэдэг хүнээс сарын 700 000 төгрөгөөр, 3 сарын хугацаатай түрээслэн авч, уг байранд 2 сар суусан. Тэгээд би интернетээс “мөнгө зээлүүлж, хүүнд нь байр түрээслэж сууна” гэсэн зарын дагуу А.Батбаярын 99726966 дугаар руу залгаж, “Баянзүрх дүүрэгт 2 өрөө байр байна, хүүтэй мөнгө зээлж, зээлийн хүүнд нь байрандаа суулгана” гэхэд тэр хүн зөвшөөрч, орой нь миний түрээслэж байгаа байранд ирсэн. Бид мөнгө зээлэх, байранд суух талаар тохирч, 2 800 000 төгрөгийг надад бэлнээр өгч, маргааш нь А.Батбаяр миний Хаан банкны данс руу 10 200 000 төгрөг шилжүүлсэн. Би энэ хүнтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан нь үнэн. Түүнээс авсан мөнгийг сар бүрд нь буцааж өгнө гэж бодож байсан боловч би өөр хэрэг дээр шалгагдаж байхдаа цагдан хоригдсоноос болоод хохирлыг нь төлж чадаагүй. Энэ мөнгийг өмнөх хэргийн хохирогчид өгсөн. Би мөрдөн байцаалтад 5 000 000 төгрөг хохирогчид өгсөн, өнөөдөр 1 000 000 төгрөг өгч байна. Би барилгын компанид 1 200 000 төгрөгийн цалинтай няравын ажил хийдэг. Миний ажлын хөлс удахгүй бөөнөөр орж ирэх тул үлдэх 7 000 000 төгрөгийг хохирогчид төлөх боломжтой юм. Иймд надад хөнгөн ял оногдуулна уу гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-А.Батбаяр мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Зар мэдээ” интернет хуудсанд “10-13 000 000 төгрөг зээлүүлж, зээлийн хүүнд нь байранд түрээсээр сууна” гэсэн зар тавьсан. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэг эмэгтэй над руу залгаад “13 000 000 төгрөг зээлж, хүүнд нь Американ Дэнж хотхонд 2 өрөө байранд суулгана” гэхээр орой нь охин Жавзмаагийн хамт Американ Дэнж хотхоны 44-1-32 тоотод очиж уулзсан. С  нь “энэ манай дүүгийн байр юм. 13 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлээд, зээлийн хүүнд энэ байранд сууж болно” гэсэн. Тэгэхээр нь би байрны гэрчилгээг харъя гэхэд тэр “манай дүү байраа 8 хувийн зээлээр авсан учраас байрны гэрчилгээ нь банкинд байдаг юм” гэж хэлсэн. Би С д урьдчилгаа болгож 1 800 000 төгрөг өгсөн. Маргааш нь 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хаан” банкны салбараас С гийн данс руу 11 200 000 төгрөгийг шилжүүлж, тэр өдрөө бид 1 жилийн хугацаатай, 13 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм. Үүний дараа би эхнэр, хүүхдийн хамт уг байранд орсон. Үүнээс хойш 2 сарын дараа байрны мөнгө төлөх гээд банкин дээр очиход байрны урьд саруудын мөнгийг өгөөгүй гээд мөнгийг төлж болохгүй байсан. Тэгэхээр нь байрны СӨХ дээр очиж, хариуцсан хүнтэй нь уулзахад “танай байрны эзэн энэ дэлгүүрийг ажиллуулдаг” гээд байрны урд байрлах хүнсний дэлгүүрийн хүнтэй намайг уулзуулсан. Тэр хүн “та С гийн дүү юм уу” гэхээр нь би “үгүй, С  надаас 13 000 000 төгрөг зээлсэн, зээлийн хүүнд нь би энэ байранд сууж байгаа юм” гэж хэлсэн. Гэтэл тэр бидний сууж байгаа байрыг “манай эгчийн хүүхэд Мянганбаярын байр, С гийн байр биш” гэж хэлсэн. Тэгээд би С  руу залгахад утас нь холбогдохгүй байсан. 1 сарын дараа С  өөрөө “би гадаадад явж байна. 2 сарын сүүлээр очоод уулзана” гэж утсаар ярьсан. С гийн түрээслэсэн 2 сарын хугацаа дуусахад байрны эзэн биднийг байрнаас гаргасан. Би байрны урьдчилгаа хийхээр цуглуулсан мөнгөө залилуулсанд гомдолтой байна. Би С гаас мөрдөн байцаалтын үед 5 000 000 төгрөг, өнөөдөр 3 1 000 000 төгрөг авсан. Одоо үлдэх 7 000 000 төгрөгөө төлүүлнэ. Хохирол төлөхгүй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ үү гэв. Мөрдөн байцаалтад гэрч- Б.Жавзмаа мэдүүлэхдээ: ...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай аав А.Батбаяр “гадуур явж байр үзье” гээд бид Баянзүрх дүүрэгт байрлах “Американ Дэнж” хотхоны 44/1 тоот байранд очиход махлагдуу биетэй, 40 гаран насны эгч байсан. Тэр эгч “энэ байр манай дүүгийн байр юм. Байр таалагдаж байна уу” гэхээр нь би “надад таалагдаж байна” гээд өөр зүйл яриагүй. Тэгээд аав бид хоёр байрыг нь үзэж, бэлэн 1 800 000 төгрөг тэр эгчид тоолж өгөөд, гэртээ харьсан. Маргааш нь манай аав тэр хүнтэй байр түрээслэх гэрээ байгуулсан. Бид нар 2-3 хоногийн дараа “Американ Дэнж” хотхон руу нүүж орсон. Уг байранд нүүж орсны дараа байрны жинхэнэ эзэн гарч ирээд, түрээсийн мөнгө өгөхгүй бол “байр сулла” гэсэн тул бид байрыг суллаж өгсөн гэжээ. (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) Мөрдөн байцаалтанд гэрч-Д.Тунгалаг мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 11 дүгээр сард танил эгч Д.Мягмарсүрэнгийн хүү М.Мянганбаярын нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44/1-32 тоот байрыг бусдад хөлслүүлэхээр “Үнэгүй зар” цахим хуудсанд зар тавьсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 40 орчим насны намхан нуруутай хоёр эмэгтэй ирж, түрээслүүлэх гэж байгаа байрыг үзээд түрээслэхээр болж, мөнгийг нь одоо бэлнээр өгье гэсэн. Тэр эмэгтэй өөрийгөө С  гэж танилцуулж, “танай байранд дүү нараа суулгах гэсэн юм. Өөрөө гадагшаа явах гэж байгаа. Яаралтай гэрээ хийе” гээд 1 жилийн хугацаатай, сарын 700 000 төгрөгөөр тохиролцоод, эхний 3 сарын мөнгийг бэлнээр өгсөн. Маргааш нь С  манай ажил дээр ирээд өөрөө бичгийн цаасан дээр түрээсийн гэрээ гэж бичүүлж, надаар гарын үсэг зуруулаад явсан. Тэгээд 2 сард би тэр залууг түрээсийн мөнгөө хэзээ төлөх вэ гэхэд “би түрээсийн мөнгөө өгчихсөн” гэсэн. Гэтэл С  тэр залууд манай байрыг түрээслээд 13 000 000 төгрөгийг авсан байсан. С гийн гэрээ байгуулсан хугацаа дуусаад тэр залуу манай байрнаас гарсан гэжээ. (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: С  нь 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 262 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: 4 Шүүгдэгч С  нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Д.Тунгалагийн “Үнэгүй зар” цахим хуудсанд тавьсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44/1-32 тоот байрыг бусдад хөлслүүлнэ, хохирогч А.Батбаярын интернетэд “мөнгө зээлүүлж, хүүнд нь байр түрээслэж сууна” гэсэн заруудын дагуу хохирогч А.Батбаяраас 13 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сар бүр 5%-ийн хүүтэй зээлж, зээлийн хүүгийн төлбөрт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44/1-32 тоот байранд 1 жилийн хугацаатай үнэгүй суулгана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13 000 000 төгрөгийг залилан авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн хохирогч А.Батбаяр, гэрч Б.Жавзмаа, Д.Тунгалаг нарын мэдүүлэг, Ү-2204020383 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С гийн 5113105591 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, А.Батбаярын 5542083745 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, байр хөлслөх түрээсийн гэрээ, зээлийн гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С  “би 2016 оны 11 дүгээр сараас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44/1-32 тоот байрыг түрээслэн, түрээсийн төлбөрийг өөрөө төлсөн, би өөрийн түрээслэсэн байрыг А.Батбаярт түрээслүүлсэн” гэж мэдүүлсэн нь гэрч Д.Тунгалагийн ... 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 40 орчим насны намхан нуруутай хоёр эмэгтэй ирж, түрээслүүлэх гэж байгаа байрыг үзээд түрээслэхээр болж, мөнгийг нь одоо бэлнээр өгье гэсэн. Тэр эмэгтэй өөрийгөө С  гэж танилцуулж, “танай байранд дүү нараа суулгах гэсэн юм. Өөрөө гадагшаа явах гэж байгаа. Яаралтай гэрээ хийе” гээд 1 жилийн хугацаатай, сарын 700 000 төгрөгөөр тохиролцоод, эхний 3 сарын мөнгийг бэлнээр өгсөн, хохирогч А.Батбаярын ...Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Зар мэдээ” интернет хуудсанд “10-13 000 000 төгрөг зээлүүлж, зээлийн хүүнд нь байранд түрээсээр сууна” гэсэн зар тавьсан. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэг эмэгтэй над руу залгаад “13 000 000 төгрөг зээлж, хүүнд нь Американ Дэнж хотхонд 2 өрөө байранд суулгана” гэхээр орой нь охин Жавзмаагийн хамт Американ 5 Дэнж хотхоны 44-1-32 тоотод очиж уулзсан. С  нь “энэ манай дүүгийн байр юм. 13 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлээд, зээлийн хүүнд энэ байранд сууж болно” гэсэн. Тэгэхээр нь би байрны гэрчилгээг харъя гэхэд тэр “манай дүү байраа 8 хувийн зээлээр авсан учраас байрны гэрчилгээ нь банкинд байдаг юм” гэж хэлсэн. Би С д урьдчилгаа болгож 1 800 000 төгрөг өгч, маргааш нь 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хаан” банкны салбараас С гийн данс руу 11 200 000 төгрөгийг шилжүүлж, тэр өдрөө бид 1 жилийн хугацаатай, 13 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэсэн мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Тунгалаг, С  нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.Батбаяр, С  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Батбаяраас С д 11 200 000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд С г Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 262 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн гэж тэмдэглэжээ. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 724 тоот тогтоолоор С , Ё.Цэцэгмаа, Ж.Отгонсүрэн, М.Ганхишиг, Б.Гантулга нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш, энэ хэргийн хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгаагүй байна гэж дээрх шийтгэх тогтоол, уг тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 620 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасан байна. Түүнээс хойш уг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 94 тоот тогтоолоор хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан тул С г урьд ял шийтгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж залруулах нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, төлөгдөөгүй 7 000 000 төгрөгийг төлнө гэж илэрхийлж байх боловч уг хохирлыг төлөх боломжтой, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн тэр “Бат амгалан өргөө” ХХК-д 1 200 000 төгрөгийн цалинтай няравын ажилтай гэсэн албан бичгийг шүүхэд өгсөн боловч уг компани улсын бүртгэлд бүртгэгдсэн, С  нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, орлогын албан татвар төлдөг болохоо нотлоогүй болно. Мөн түүний шүүхэд гаргаж өгсөн 5 089 140 төгрөгийг бусдаас авна гэсэн нэхэмжлэхийн хуулбар гэсэн баримт нь энэ хэрэгт хамааралгүй байна. Дээрх байдлуудаас шүүгдэгчийг хохирогчид 6 7 000 000 төгрөг төлөх боломжтой гэж үзэх боломжгүй байна. Шүүгдэгчээс 7 000 000 төгрөг гаргуулан хохирогч А.Батбаярт олгох нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар С г 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С гийн эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С гаас 7 000 000 төгрөг гаргуулж хохирогч А.Батбаярт олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН