Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2019/00063

 

                                 Ж.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00576 дугаар шийдвэртэй, Ж.С-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн “М” БГБХН /бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/ өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Ж.М, гуравдагч этгээд А.Е нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн “М” БГБХН  өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаар “Ж.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 6 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд аливаа хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хөдөлмөрийн зөрчил гаргаж байгаагүй. Намайг одоогийн эрхэлж байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтны орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгааг нотлох баримт байхгүй байхад нөгөө талаас ажил олгогч тус төвийн дарга эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад уг тушаал гарсанд гайхаж байна. Миний бие мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж тушаалд дурдсан албан шаардлага, зөвлөмжийн тухай асуухад эрх бүхий албан тушаалтан надад "чамайг ажлаас хал гэж хэзээ ч хэлж байгаагүй" гэв. Миний бие шударга байсныхаа төлөө буюу тус эмнэлгийн болж болохгүй байгаа зүйлийг эрх бүхий газарт уламжилсныхаа төлөө ажил олгогч өс хонзон санаж намайг ажлаас халсан гэж ойлгож байна. Нөгөө талаар миний бие 3 хүртэлх насны нялх хүүхэдтэй гэдгийг ажил олгогч маань мэдсээр байж хуулийг зөрчин байж маргаан бүхий тушаалыг гаргасан явдалд туйлын гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 Хариуцагчийн тайлбарт: "Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Гомдол гаргагч Ж.С нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтан"-ны ажлын байранд 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Эрүүл мэнд Спортын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай" 501 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар"-ын тавигдах шаардлага хэсэгт "Нийгмийн эрүүл мэнд судлаач" мэргэжил эзэмшсэн бөгөөд "мэдээлэл зүй, нөхөн үржихүйн орчны хүүхэд өсвөр үе гэх мэт чиглэлээр мэргэшсэн байх, төрөлжсөн сургалтад хамрагдсан үнэмлэхтэй байх” ерөнхий шаардлага тавьсан. Гэтэл Ж.С нь Казакстан улсын Караганд хотын Ангаах ухааны сургуулийг "шүдний эмч" /стоматология/ мэргэжлээр төгссөн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас Ж.С-ыг ажлын байрны шаардлагыг хангахгүй байх тул албан тушаалыг өөрчлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлага, мэргэжлийн дүгнэлт гаргаж, 2015 оны 3 дугаар сарын 11-нд Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн "Зөрчил арилгуулах тухай" 04-03-021/15 тоот албан шаардлага, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "Үйл ажиллагаа орон байрны тухай" 04-03-022/85 тоот Улсын байцаагчийн дүгнэлт, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн "зөвлөмж хүргүүлэх тухай" 04-03-021/70 тоот Улсын байцаагчийн зөвлөмж, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "дутагдал арилгуулах тухай" 04-03-003/140 тоот Улсын байцаагчийн албан шаардлага зэргийг ирүүлж байсан. "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зүгээс Ж.С-ыг 2015 оноос хойш "Нийгмийн эрүүл мэндийн судлаач" мэргэжлээр суралцах, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшихийг үүрэг болгож, тухайн ажлын байранд хэвээр ажиллуулж ирсэн боловч, одоо хүртэл зохих мэргэжил эзэмшээгүй тул аргагүйн эрхэнд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "Дутагдал арилгуулах тухай" 04-03-003/140 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, Эрүүл мэнд, Спортын Сайдын 2015 оны "Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай" 501 тоот тушаалаар баталсан "ажлын байрны шаардлагыг хангах" үүднээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Ж.С-ыг ажлаас чөлөөлөх тухай" Б/19 тоот тушаалаар Ж.С-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу Ж.С-т 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр "Мэдэгдэх хуудас" өгч "Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай" урьдчилан мэдэгдсэн. Энэ нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот мэдэгдэх хуудас, явуулсан бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн 07 дугаарт бүртгэсэн бичиг хэргийн журналаар нотлогдоно. Улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "Дутагдал арилгуулах тухай" 04-03-003/140 тоот "Албан шаардлага"-ыг үндэслэж, Ж.С-ын асуудлыг "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар хэлэлцэж, "ажлаас чөлөөлж, давтан сургаж, нийгмийн эрүүл мэндийн" чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхээр нөхөрлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн бөгөөд, ажлаас чөлөөлөхөд "хамт олны саналыг" харгалзсан. Иймд Ж.С-ын гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00576 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаартай Ж.С-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.Учир нь, Ж.С-ыг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй. Ж.С-ыг 2013 онд анх ажилд томилсон бөгөөд түүний хийж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлагдаж, түүнд нийгмийн эрүүл мэндийн ажилтанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг нарийвчлан заасан. Түүнээс хойш Ж.С-т цаг үеийн шаардлагаар чиний эзэмшсэн мэргэжил хийж буй ажил үүрэгт нь таарахгүй байна, ажил мэргэжлээ дээшлүүлэн дахин суралцах талаар удаа дараа сануулж, нялх хүүхэдтэй байгаа байдлыг ажил олгогчийн зүгээс хүндэтгэж ирсэн. Гэтэл Ж.С-ын мэргэжил нь нийгмийн эрүүл мэндийн ажилтанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байх талаар удаа дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж, албан шаардлага ирүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоно. Хамгийн сүүлд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №04-03-003/140 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагын шаардах хэсэгт Ж.С-ын мэргэжлийн талаар албан ёсоор дурдаж, хэрвээ ажил олгогчийн зүгээс Ж.С-ыг үргэлжлүүлэн ажиллуулах юм бол арга хэмжээ авах болохыг тодорхой дурдсан. Ажил олгогчийн зүгээс Ж.С-ыг шууд ажлаас чөлөөлөхийг хүсэл зорилго болгоогүй бөгөөд түүнийг ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөөгүй гэдгийг хэлье. Ж.С нь хүүхдийн шүдний эмч мэргэжлээр төгссөн бөгөөд хүүхдийн шүдний эмчээр төгссөн багц цаг нь нийгмийн эрүүл мэндийн ажилтан болоод их эмчийн ажлыг хийхэд хүрэлцдэггүй. Тиймээс Ж.С-ыг их эмчээр ажиллуулах боломжгүй, харин түүнд өөр ажил өгөхийг санал болгосон боловч тэрээр надтай эвлэрэхээс татгалзаж, ажлаас чөлөөлөгдсөний дараа ажлын байранд ирж надтай хэрүүл маргаан хийгээд явсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ж.С-ын мэргэжил ур чадвар гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс ... зэрэг байгууллагын шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх дүгнэлт хийхдээ Ж.С-ыг ажил, мэргэжилдээ тэнцэхгүй буюу ажлаа хийж чадахгүй байна гэдэг талаас дүгнэжээ. Энэ маргаан нь түүний ажил эрхэлж буй байдалтай нь шууд холбоотой биш ажил мэргэжилтэйн холбоотой гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Мэргэжил нь маргаантай учраас түүнд комисс томилж, дүгнэлт гаргах шаардлагагүй. Ажилтны мэргэжлийн талаарх асуудлыг харьяалах дээд шатны байгууллага нь ажлын байрны тодорхойлолтод шууд заагаад өгдөг ба түүнд заасан мэргэжлийн дагуу хүн ажиллуулж буй эсэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, албан шаардлага бичсэн байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй. Одоо хүртэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн албан шаардлага хүчин төгөлдөр хэвээр байна.

Шүүхийн шийдвэрт Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 дугаартай тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сайдын тушаал нь бүх төрийн байгууллагад мэйлээр ирдэг бөгөөд бидэнд хэзээ ч эх хувиар ирдэггүй. Харин төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн актыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн www.legalinfo.mn сайтаас татаж авсан. Иргэдийн хувьд зөвхөн уг сайтаас татаж авах боломжтой гэдгийг шүүх мэдсээр байж сайдын тушаалын эх хувийг надаас нэхэж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэнд гомдолтой байна. Сайдын тушаалыг шүүхийн санаачилгаар өөрсдөө яамнаас авах ёстой байсныг энд дурдах нь зүйтэй. “М” ӨЭМТөвийн гишүүдийн хурлаар Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан бөгөөд түүнд дарга тушаал гаргана гэж заасан. Түүнийг шүүхийн шийдвэрт буруутгаж бичсэн нь өрөөсгөл байна. Заавал ажил олгогч тийм шийдвэр гаргахад ийм тушаал гаргана гээд нэг бүрчлэн заах шаардлага байхгүй. Ерөнхий байдлаар нь шийдвэр гаргахад тушаал гаргана гэж заасан байдаг. Ж.С-т аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага ирснийг танилцуулж, 2015 оноос хойш олон жил ажил олгогчийн зүгээс дээшлүүлэн суралцах боломж олгосоор байхад уг боломжийг ашиглаагүй тул энэ удаа аргагүйн эрхэнд албаны шаардлагаар ажлаас чөлөөлнө гэдгийг мэдэгдэж нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгсөн. Шүүхийн шийдвэрт мэдэгдэх хуудас өгснийг хүртэл буруутгаж бичсэн. Ажил олгогчийн зүгээс Ж.С-ыг ажлаас чөлөөлөхдөө нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгч, тэтгэмж олгох талаар тусгасан. Мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан боловч түүнийг авч шүүхэд гомдол гаргаж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Шүүх хуралдаанд CD дискийг нотлох баримтаар өгсөн бөгөөд хурлын явцад хийгдсэн бичлэгийг CD-ээр өгсөн болно. Мөн түүнийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой. Шүүх хуралдааны явцад шүүгч К.Бүлдиргенээс эртний хоорондоо таарамж муутай байдлыг үндэслэл бүхий хүсэлт болгон гаргаж, татгалзаж байсан ч хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн.  Иймд хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон боловч ажилтны гомдлын шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсан тул шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль ёсны байх шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ажилтан Ж.С нь Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан гомдолдоо тус төвийн даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаар “Ж.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүсэж, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэж[1] гомдлын шаардлагаа тодруулжээ. 

 

Ажил олгогчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дүгээр шийдвэрээр[2] тус өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.С-ыг ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 04-03-021/15 дугаар шаардлага, 2015 оны 04-03-022/85 дугаар дүгнэлт, 2016 оны 04-03-021/70 дугаартай зөвлөмж, 2019 оны 04-03-003/140 дүгээр шаардлагаар тогтоогдсон, ажилтанд 2015 оноос хойш ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангасан мэргэжлээр  суралцах боломж олгосон боловч суралцаагүй, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцээгүй гэсэн үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн байна. Талуудын хооронд  2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулагдсаныг ажилтан, ажил олгогч нар гарын үсэг зурж, ажил олгогчийн тамгыг дарж баталгаажуулжээ.

 

Ажилтан ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндэслэлээ “Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шаардлага, дүгнэлт, зөвлөмж нь Ж.С-ыг ажлаас халах тухай биш учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, ажилтан 3 хүртэлх насны нялх хүүхэдтэй учраас Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөн” гэж тайлбарласан бол ажил олгогч гомдлыг бүхэлдээ эс зөвшөөрсөн байна.

 

Хэрэгт цугларсан, ажил олгогчийн ажилтныг ажлаас халах үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 04-03-021/15 дугаар шаардлага[3], 2015 оны 04-03-022/85 дугаар дүгнэлт[4], 2016 оны 04-03-021/70 дугаар зөвлөмж[5], 2019 оны 04-03-003/140 дүгээр шаардлага[6] зэргээс үзвэл, тус албан шаардлага, дүгнэлт, зөвлөмжүүд нь ажил олгогчийн дотоод үйл ажиллагаанд, тухайлбал байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, стандартын дагуу явуулахад чиглэгдсэн бөгөөд эдгээр баримт бичгүүдийг үндэслэж ажилтан Ж.С-ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэхгүй. Энэ нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01/402 дугаартай албан бичгээр[7] давхар нотлогджээ.

Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд ажил олгогч ажилтныг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн ажилтан Ж.С ажлаас чөлөөлөгдөх үед гурав хүртэлх насны хүүхэдтэй байсан нь А.Ш-ийн төрсний гэрчилгээгээр[8] тогтоогдож байх тул түүнийг мөн хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтад зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг ажил олгогч зөрчжээ. Иймээс ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр, хууль зөрчиж чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

 

Харин шүүх ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1 дэх заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад нийцээгүй байх тул ажилтан Ж.С-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулав.

 

Ж.С нь тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүний их эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0023135 дугаартай гэрчилгээ[9], 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улс төрийн менежментийн академийн  Нийгмийн ажилтны удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж 20142144 дугаартай гэрчилгээ[10], Монголын эм хангамжийн байгууллагын холбооноос зохион байгуулсан Хоол боловсруулах замын зонхилон тохиолддог эмгэгийн эмчилгээний менежмент сэдэвт богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамрагдаж 30/37-46953 дугаартай гэрчилгээ[11], Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулсан “Ёс зүйтэй, ухаалаг харилцаа, хандлага – Амжилтын эхлэл” сэдэвт багц цагийн сургалтад хамрагдаж 38/59В/33378 дугаартай гэрчилгээ[12], “Өрхийн эрүүл мэндийн төв үзүүлэх сүрьеэгийн цогц тусламж үйлчилгээ” сэдэвт багц цагийн сургалтад хамрагдаж 38/58/9090 дугаартай гэрчилгээ[13] зэргийг[14] авч байсан нь хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон, тэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Карагандын Анагаах Ухааны Их Сургуулийг 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Шүдний их эмч мэргэжлээр, бакалаврын зэрэгтэй[15] төгссөн байна.

Хэрэгт авагдсан, ажил олгогчоос боловсруулж, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тухайн ажлын байранд тавигдах шаардлагын үзүүлэлтүүдийг “Боловсрол: Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн, Улс төр, менежментийн академи, сургуулийг нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар төгссөн, Мэргэжил: Их эмч” гэж тусгажээ.

 

Хариуцагчийн шүүгч К.Бүлдиргенийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ЕШ2019/00766 дугаартай захирамжаар хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00576 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...болгосугай.” гэснийг “...болгож, Ж.С-ыг “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК

 

 


[1] Хэргийн 207 дугаар тал.

[2] Хэргийн 3 дугаар тал.

[3] Хэргийн 34 дүгээр тал.

[4] Хэргийн 39 дүгээр тал.

[5] Хэргийн 41 дүгээр тал.

[6] Хэргийн 44 дүгээр тал.

[7] Хэргийн 174 дүгээр хуудасны дараагийн дугаарлагдаагүй хуудас.

[8] Хэргийн 14 дүгээр тал.

[9] Хэргийн 13 дугаар тал.

[10] Хэргийн 18 дугаар тал.

[11] Хэргийн 175 дугаар тал.

[12] Хэргийн 176 дугаар тал.

[13] Хэргийн 177 дугаар тал.

[14] Хэргийн 178-190 дугаар тал.

[15] Хэргийн 156 дугаар тал.