| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/0088/э |
| Дугаар | 2026/ШЦТ/95 |
| Огноо | 2026-05-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох 2616000000088 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. ***.
2. ***.
3. ***.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2026 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сум, *** баг *** гэх газарт хохирогч ***-ын 1 тооны атан тэмээг бэлчээр нутагт байхад нь мотоциклоор тууж түүний өвөлжөөний хашаанд хашиж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***-д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал, бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч ***-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Шүүгдэгч ***-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
3.Шүүгдэгч ***-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
4. Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Говь-Алтай аймгийн *** сум *** дүгээр баг ***гэх газраас хас тамгатай бор атаа алдсан. Хамгийн сүүлд тэмээгээ 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нүүдэл хийж байхдаа харсан. Манай хүү 3 тэмээ хүнд зарна гээд тэмээг нь худалдаж авах хүн хайгаад тэмээг чинь олохгүй байна гэхээр нь саяхан байсан тэмээ холдоогүй ойрхон байгаа гээд хүмүүсээс сурч эхэлсэн. Тэгээд 1 хүнтэй таартал тэмээ хайж явна гээд Хүрхрээ овооны ар луу мотоциклтой хүн тэмээ хөөгөөд явсан мөр байна гэхээр нь дүү ***-ийг мөрийг нь хөөж үзээд учрыг нь олоодох гээд явуулсан. Тэмээг маань 20 орчим километр газар хөөгөөд миний өвөлжөөнд хашаад цааш 500 метр орчим *** гэх газарт гаргасан байсан. Тэгээд дүү *** тэмээ гаргасан газраас машин мотоциклын мөрийг дагатал *** гэх гарт ***-ын гадаа ирсэн. Асуусан чинь мэдэхгүй гэж мэлзсэн талаар надад хэлсэн. Тэгээд цагдаа иртэл надад “тэмээг чинь авсан” гэж хэлээд уучлалт гуйгаад би ***-ын хамт гаргасан гэдгээ бүгдийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-55 дугаар хуудас),
5. Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэх хүн манай төрсөн ах 1 ат алга болсон талаар сонсоод би бэлчээрлэдэг газраар нь хайж байгаад өвөлжингөөс нь 500 метр газарт гаргасан байдалтай байхыг нь хараад ахдаа мэдэгдэж цагдаагийн байгууллагад хандсан. *** гэх газарт машины мөр байсан. Би дагасаар байгаад гэрт нь очсон. Тэгээд асуутал үгүй гэж мэлзээд болдоггүй. Би дараа нь хүн гүтгэсэн хэрэгт орох байх гээд шууд цагдаад ахаар дуудлага өгүүлсэн. Тэр айлд *** маркийн хар өнгийн *** улсын дугаартай машин байсан. Би түлхүүрийг нь аваад шууд цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр хүүхдийг зүс л мэднэ. Танихгүй. Би өөрөө Бигэр суманд амьдардаг аав ээжийг нь бол танина. Тэр айлд 2 нагац ах нь эхнэр нь 1 нагацынх нь эхнэр гэх хүмүүс байсан тэгээд сэжиглэж байсан хүн би мал руугаа явлаа гээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-66 дугаар хуудас),
6. Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би танихгүй хоёр залуу нэг эмэгтэйгээс үдээс өмнө тэмээний мах худалдаж авсан. *** маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Над дээр анх нэг эмэгтэй ирээд мах авч байна уу? гэж асуухаар нь авна гээд мах хадгалдаг агуулахдаа 2 залуугаар нь махаа зөөлгөж хийсэн. Би гарал үүслийн бичиг асуугаагүй ер нь хүмүүс авчирдаггүй. Тэмээний мах авах уу? гэхээр нь худалдаад авсан. Нийт 399 килограмм махыг 1 килограмм махыг 7,800 төгрөгөөр худалдаж авсан. Нийтдээ 3,112,200 төгрөг болсон. Тухайн тэмээг Бигэр сумаас авчирсан, өөрсдийгөө Бигэр сумын хүмүүс гэж хамт явж байсан эмэгтэй нь надад хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-71 дүгээр хуудас),
7. Гэрч ***, шүүгдэгч ***нарын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 37-42 дугаар хуудас),
8. 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-07 дугаар хуудас),
9. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 16-22 дугаар хуудас),
10. “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Хөхөөгийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан №ШД-526-916425 дугаартай “бүдүүн атан тэмээ 2,500,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-ийн 102-106 дугаар хуудас),
11. “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Хөхөөгийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан №ШД-526-916575 дугаартай “Мустанг-5 мотоцикл 500,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-ийн 123-128 дугаар хуудас),
12. Мустанг-5 мотоциклыг битүүмжилсэн битүүмжилсэн тогтоол (хх-ийн 44-46 дугаар хуудас) зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар, хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *** нарын гэм бурууг хянан хэлэлцэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийхэд дор дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2026 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сум, *** гэх газарт хохирогч ***-ын 1 тооны атан тэмээг бэлчээрээс ***-ийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн тээврийн хэрэгслээр тууж хохирогч ***-ын өвөлжөөний хашаанд хашиж, барьж аван нядалж, бусдын малыг хулгайлан авч хохирогч ***-д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Тухайлбал “Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2026 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сум, *** гэх газарт хохирогч ***-ын 1 тооны атан тэмээг бэлчээрээс ***-ийн эзэмшлийн улсын дугааргүй *** маркийн тээврийн хэрэгслээр тууж хохирогч ***-ын өвөлжөөний хашаанд хашиж, барьж аван нядалж, бусдын малыг хулгайлан авч хохирогч ***-д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэж, бэлчээрт байгаа тэмээг хаших, туух зорилгоор мотоцикл ашигласан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглан үйлдэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх шүүхйн хэлэлцүүлэгт “өөрийгөө мал хулгайлахад оролцоогүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргасан бөгөөд түүний оролцоог дараах байдлаар авч үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж тус тус тухайлан гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэрүүдийг нарийвчлан заасан.
Шүүгдэгч ***-гийн тухайд шүүгдэгч *** нарыг бусдын малыг хулгайлан тууж явсан, нядалж байгааг мэдсээр байж гэрэл тусгасан, махыг өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн, худалдан борлуулж, мөнгийг өөрийн дансаар авсан зэргээр гэмт хэрэг үйлдэхэд, шүүгдэгч *** нарын шунахайн сэдэлт, ашиг хоншоо олоход дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцож, уг гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдож байх тул улсын яллагчийн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл, зөв тохирсон байх тул шүүгдэгч ***-г уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин, механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирлын тухайд:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч ***-д 2,500,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хохирогчид 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *** нарт тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулах, шүүгдэгч ***-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болон гэмт хэрэг үйлдсэн олсон орлогод нийт *** нараас тус бүр 166,667 төгрөгийг, шүүгдэгч ***-гаас 278,867 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах дүгнэлтийг гаргахад шүүгдэгч нарын зүгээс уг саналыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын тухайд шүүгдэгч *** нар нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч ***-гийн тухайд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж, өөрийн оролцоог мал хулгайлах гэмт хэрэг биш гэж үзэн маргасан ч шүүх хуралдаанд гэм буруу болоод үйлдэл оролцооны хувьд маргаагүй хүлээн зөвшөөрч байна.
Гэвч шүүгдэгч ***-гийн тухайд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзахдаа хорих ялаар шийтгүүлэхээр тохиролцсон үйлдлээсээ болж айж балмагдсан, 1 сартай жирэмсэн гэх эрүүл мэндийн шалтгааны улмаас, бодит нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтууд тус тус заагдсан бөгөөд уг хуулийн зохицуулалт нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан заавал байх шинж болох гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүхэд эрх олгосон зохицуулалт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан бөгөөд шүүх дээрх нөхцөл байдлууд болоод шүүх хуралдаанд тогтоогдож буй нөхцөл байдал зэргийг харьцуулан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *** нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д тус тус зааснаар 1 (нэг) жил, 8 (найм) сарын хугацаагаар, шүүгдэгч С.Сарантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д тус тус зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Тиймээс мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч ***-ын эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг 150 маркийн мотоциклийг биүүмжилсэн байхад уг мотоциклийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байх тул улсын яллагчийн саналыг уг хэсгийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 112,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод, шүүгдэгч ***-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500,000 (таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, *** арлын дугаартай, *** моторын дугаартай, улаан өнгийн Мустанг 150 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод тус тус оруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан модон иштэй хутга 1 ширхэг, тэмээний 4 ширхэг тавхай, гуяны хас тамгатай ширний хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шүүгдэгч ***-ын 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий мустанг 150 маркийн мотоциклийг хураан авч улсын орлогод оруулах ажиллагаа хийгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч *** нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч *** нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан Мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *** нарт 1 (нэг) жил, 8 (найм) сарын хугацаагаар, шүүгдэгч ***-г 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан 1 (нэг) жил, 8 (найм) сарын хугацаагаар оногдуулсан хорих ял, шүүгдэгч ***-д оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 ,5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч ***-гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 112,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод, шүүгдэгч ***-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500,000 (таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, *** арлын дугаартай, *** моторын дугаартай, улаан өнгийн Мустанг 150 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод тус тус оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан модон иштэй хутга 1 ширхэг, шар алаг өнгийн иштэй хутга 1 ширхэг, тэмээний 4 ширхэг тавхай, гуяны хас тамгатай ширний хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шүүгдэгч ***-ын 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий мустанг 150 маркийн мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулах ажиллагаа хийгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч *** нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч *** нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР