Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/189

 

 

 

 

 

 

 2022          02            17                                             2022/ДШМ/189                                                                                             

Б.А-, Г.Н- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, О.Баясгалан,

шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/795 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, О.Баясгалан, шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн 201301042032 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн Б-гийн А-, Улаанбаатар хотод 1976 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

2. С овгийн Г-гийн Н-, Дархан-Уул аймагт 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 0 дугаар баг, Орхон 0 дугаар гудамжны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б.А- нь 2012 оны 05 сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд “Барилгын ажил олж өгнө” гэж Д.Э-г хуурч 26,000,000 төгрөг, “Бага хүүтэй зээл бүтээж өгнө” гэж Х.С-ийг хуурч 25,000,000 төгрөг, “Барилгын ажил олж өгнө” гэж Б.Б-ыг хуурч 50,000,000 төгрөг, “Барилгын тусгай зөвшөөрөл гаргаж, ажил олж өгнө” гэж С.Пийг хуурч 8,500,000 төгрөг авсан,

            Б.А-, Г.Н- нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 20, 09 дүгээр сарын 04, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Бизнесийн үйл ажиллагааг нь дэмжинэ” гэж баримт бичиг ашиглан Б.А-ыг хуурч нийт 50,800,000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Г.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.А-ыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Н-ийг бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Н-ийг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ид оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, шүүгдэгч Б.А- нь хохирогч Х.С-д төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А-аас 90,150,000 төгрөгийг гаргуулж, хохирогч  Б.Б-од 45,000,000 төгрөг, Д.Э-д 26,000,000 төгрөг, С.Пид 8,500,000 төгрөг, Б.А-т 10,650,000 төгрөг, шүүгдэгч Г.Н-оос 10,650,000 төгрөг гаргуулж хохирогч Б.А-т тус тус олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг тэмдэглэвэл зохино... хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр ... шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв” гэжээ. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй хэмээн дүгнэсэн гэж ойлгогдож байгаа бөгөөд уг магадлал хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал байгаа бол нотлох баримтыг шинжлэн судлахаас шүүх татгалзана. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад тухайн хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судалсан явдал нь хууль зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял оногдуулахад хэрхэн тооцохыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх ёстой. Гэтэл шийдвэрийг уншиж сонсгохдоо энэ талаар тайлбарлаагүй, орхигдуулсан болохыг шүүх хуралдаан дээр хэлсэн ч тогтоолд заагаагүй байна. Тэгэхээр шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар заах үүргээ биелүүлээгүй.

2. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд, шийтгэх тогтоолд “... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ ... хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг шүүх баримтлан хэргийг шийдвэрлэлээ ... материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь ... хоорондоо зөрчилдөх боловч... агуулга, зорилго, мөн чанарыг харгалзан хэрэглэдэг онцлогтой.”  хэмээн дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” хэмээн заасан. Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл байна. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэжээ. Хэдийгээр Б.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч Монгол Улсын бусад иргэний нэгэн адил хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өөрчлөлтөөр хэргийг нь шийдвэрлэх нь буруу юм. Ром-Германы эрх зүйн бүлд хамаардаг эрх зүйн системтэй улсууд нь эрх зүйн хэмжээгээ материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээ хэмээн ангилдаг ба тэдгээр хэм хэмжээнүүд нь зохицуулах зүйлээрээ хоорондоо огт давхацдаггүй. Тэгэхээр тэдгээрийг хоорондоо зөрчилддөг хэмээн шүүхээс дүгнэх онолын ямар ч үндэслэл байхгүй болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх ... Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” хэмээн заасан байхад хэм хэмжээнүүд нь хоорондоо зөрчилддөг гэсэн дүгнэлт хийж, тухайн нөхцөл байдалд хамааралгүй заалтыг иш татан хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь дээрх заалтыг зөрчиж байгаа зөрчил болно. Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч О.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын Б.А-ад холбогдох хэсгийг дараах үндэслэээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Монгол Улсын шүүх эрүүдэн шүүдэг болсон. Тухайн хэрэг 2014 оны үйл явдал бөгөөд 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 2019/ДШМ/1098 дугаартай магадлалаар тогтоож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг ашиглан хорих ял шийтгэсэн.

Энэ нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгын дагуу “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах ... аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж заасан. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2-т “ Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.” гэж заасан болно. Эдгээр Монгол Улсын олон улсын гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3-т “.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн шүүх Эрүүгийн хуулийн 1.9 зүйлийн 1 дэх заалтад Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааан хэрэглэнэ., мөн зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэснийг шүүх мөн зөрчсөн.

Анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн асуудлыг “анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх ёстой”-г анхаарсангүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

            Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Өөрийгөө нийгэмд хэрэгтэй, тодорхой байр суурьтай, үнэнч татвар төлөгч, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хүмүүжлийн доголдолгүй иргэн гэж боддог. Шийтгэх тогтоолд гомдолтой байгаа учир нь цагдан хоригдсон 6 сарыг оруулаагүй, хохирогч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг авч хэлэлцээгүй, хохирогч С-, Б- нарын шүүх хурал дээр “А-ыг хорихгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагад хандана, бичлэг хийнэ” гэж хэлснээс болоод шүүгчид нөлөөлж, намайг хүнд ялаар шийтгэсэн. Иймд би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгааг минь харгалзан үзнэ үү...” гэв.

            Шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Г.Н- нь Б.А-тай бүлэглэн Б.А-ын 50,800,000 төгрөгийг залилан авсан гэм буруутай нь нотлогдохгүй байхад ял оногдууллаа. Харин гэмт хэрэг үйлдээгүй болох нь хохирогч Б.А-ын “Баяр овогтой А- нь зээлнэ гэж 50,800,000 төгрөг авсан тухай цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 120/,  Б.А-, Б.А- нарын хооронд нотариатаар батлуулсан зээлийн гэрээ /хх 161/, Б.А- нь зээлж авсан 50,800,000 төгрөгийг 55,000,000 төгрөг болгож, хүүг 10%, алданги 0,5%-иар тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ /хх 162/, Б.А- нь 50,000,000  төгрөгийг 70,000,000 төгрөг болгож өгөх талаар бичгээр гаргасан баталгаа /хх 120/, 50,800,000 төгрөгийн зээлийг зөвхөн Б.А- төлж байсан тухай хохирогч Б.А-ын мэдүүлгүүд /хх 120, 123/, Б.А- нь Г.Н-ийн дансанд 50,000,000 төгрөгийг зээл гэсэн утгаар шилжүүлээд 12 минутын дараа буцааж авсан дансны хуулга /Дансны 2 хуулгыг хавсаргав/, 50,000,000 төгрөгийг буцаагаад Г.Н-оор авахуулаад Б.А-ад өөрийн биеэр өгсөн зэргээр нотлогдсон. Б.А-, Г.Н-ид 10,000,000”, 10,400,000”, 10,800,000”, 12,000,000”, 15,000,000”, 20,000,000” төгрөг өгсөн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад, “25,000,000 төгрөгийг Н-ид өгсөн гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг. Шүүх 10,650,000 төгрөгийг Н-оос гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Харин Б.А- нь Г.Н-ид 10,650,000 төгрөг өгсөн талаар мэдүүлэг өгөөгүй. Хохирогч Б.А- хэрэгтэй танилцаад “Би А-ад өгсөн мөнгөө авмаар байна гэж тэмдэглэсэн байдаг. /хх 123/ Г.Н- нь Б.А-ыг, Б.А-тай танилцуулсан нь Б.А-т туслах гэсэн зорилготой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А- нь Г.Н-ид 20,000,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг худал мэдүүлэг болохыг нотолсон. /хх 233/ Б.А-, Б.А- хоёр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болохыг Г.Н- эхэндээ мэдээгүй ба эхний 25,000,000 төгрөг дансаар орж ирэх үед зээл өгч байгааг мэдсэн болно. Эдгээр нотлох баримтуудаар Г.Н- нь Б.А-тай бүлэглэн Б.А-ыг залилсан гэмт хэрэг үйлдээгүй, уг зээлээс өөртөө аваагүй нь тус тус нотлогдож байна.

Шүүх, Г.Н-ийн дээрх 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтад зааснаар шийдвэрлэх үндэслэлтай байсан. Учир нь, Г.Н-, Б.А-т хохирол, хор уршиг учруулаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Иймд Г.Н-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Б.А-аас нэмж авсан 800,000 төгрөг нь Г.Н-ид холбогдолгүй. Энэ талаар шүүх хуралдаан дээр Б.А- мэдүүлсэн боловч шүүх анхаарч үзээгүй болно.” гэв.

                Шүүгдэгч Г.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.А-ын, Б.А-ад зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Залилах гэмт хэрэг үйлдээгүй болох нь хохирогч Б.А-ын өргөдөл, зээлийн гэрээ, 70,000,000 төгрөг болгож өгнө гэсэн Б.А-ын баталгаа зэргээр нотлогдсон. Шүүх хурал дээр өмгөөлөгч маань Б.А-аасГ.Н-ид чухам хэдэн төгрөг өгсөн бэ?, нотлох баримт байна уу гэж асуухад “Байхгүй гэж 2 өмгөөлөгчийнхөө өмнө хариулж байсан. Мөн шүүх хурал дээр Б.А- нь Б.А-аас 2013 онд нэмж авсан 800,000 төгрөг Г.Н-ид хамаагүй гэж мэдүүлсэн.

Тухайн үед би 21 нас ч хүрээгүй байсан ба “Б.А-ыг Ерөнхий сайд байсан хүний хуулийн зөвлөх, миний багшийн найз, багш маань Б.А-ыг сайн хүн гэж ойлгуулсан учраас Б.А-т туслах гэж түүнийг Б.А-тай танилцуулсан. Өөрийн дансны дугаарыг Б.А-ын гуйснаар түүнд өгч 50,000,000 төгрөгийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөнөөр энэ хэрэгт холбогдож 35,650,000 төгрөг төлөх болж, дээр нь мэргэжлийн ажлаа хийж чадахгүй,  гэр бүлтэй ч болж чадахгүй байна. Шүүхийн шийдвэрт үнэхээр гомдож байна. Хохирогч Б.А- нь миний дансанд мөнгөө оруулаад 12 минутын дараа буцаан авч Б.А-ад надтай хамт аваачиж өгсөн. Би хохирогч Б.А-, Б.А-ад 800,000 төгрөг нэмж зээлснийг мэдэхгүй. Иймд надад холбогдох хэргийг болон төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Б.А-, Г.Н- нарын үйлдэл 2013, 2014 онд хамаарч байна. 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч буй хэдий ч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй. Нэгэнт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг баримталж шийдвэрлэнэ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Г.Н-ийн хувьд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтын хүрээнд тогтоож, шүүгдэгч Б.А-тай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хэдийгээр Г.Н- нь 25,000,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр өөрийн дансаар хүлээн авч, Б.А-ад хүлээлгэж өгсөн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Б.А- нь эхний 25,000,000 төгрөгийг авсан, сүүлийн 25,000,000 төгрөгийг Г.Н-оос аваагүй гэж мэдүүлдэг. Тиймээс Г.Н-ийг хамтран оролцсон буюу гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 6 сарыг шийтгэх тогтоолд дурдаагүй байсан” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Б.А- нь 2012 оны 05 сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд “Барилгын ажил олж өгнө” гэж Д.Э-г хуурч 26,000,000 төгрөг, “Бизнесийн үйл ажиллагааг нь дэмжинэ” гэж Б.А-ыг хуурч нийт 50,800,000 төгрөг авсан, “Бага хүүтэй зээл бүтээж өгнө” гэж Х.С-ийг хуурч 25,000,000 төгрөг, “Барилгын ажил олж өгнө” гэж Б.Б-ыг хуурч 50,000,000 төгрөг, “Барилгын тусгай зөвшөөрөл гаргаж, ажил олж өгнө” гэж С.Пийг хуурч 8,500,000 төгрөг авсан болох нь:

хохирогч С.Б-ын “... Би инженер мэргэжилтэй бөгөөд надад барилгын ажил хэрэгтэй байсан. С- нь “Оюунтуяагийн дотны дүү А- гэдэг залууг надад хөнгөлттэй зээл авч өгөх, мөн барилгын ажил олж өгч туслана” гэсэн. 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “АСА” циркийн гадаа, автомашин дотор Цолмон, Оюунтуяа, С- нарын хамт А-тай уулзахад “Барилгын ажил ямар ч асуудалгүй олж өгч чадна, найдвартай, надад итгээрэй, 50,000,000 төгрөг өгчих” гэсэн. Би мөнгөө шууд тоолоод өгсөн. Мөнгө өгөхдөө утсаараа яриаг нь бичиж үлдсэн ... надад 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,700,000 төгрөг, 7 дугаар сард 500,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш “Одоохон ажлыг чинь бүтээж өгнө, газар авч гэрчилгээг нь гаргуулсан” гэх зэргээр худал ярьсаар 10 дугаар сараас хойш сураггүй болсон ...” /1-р хх 29-31, 153, 3-р хх 27, 72-73/,

хохирогч Х.С-ийн “... Оюунтуяа “Миний таньдаг дотны дүү бага хүүтэй төслийн зээл зуучилж өгнө, барилгын ажил олж өгнө гэж байна” гэсэн. 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Циркийн урд талбай дээр машин дотор уулзсан. А- надад “Жаяка гэж ОУ-ын шугамаар олддог төслийн зээлийг 7 хоногийн дотор гаргаад өгнө, надад итгэж болно, би хуулийн мэргэжилтэй, өмгөөлөгч, Оюунтуяа эгчийг бодоод таньтай уулзаж байна, би завгүй хүн, хөдөө өмгөөлөгчөөр явах гэж байна. Та ажлаа гүйцэтгүүлье гэвэл одоо гэрээ хийгээд нотариатаар сарын хугацаатай хүүгүй мөнгө зээлсэн гээд гэрээ хий, энэ сарын дотор таны зээл гарна. Зээл бүтвэл авах ёстой хувиа авна” гэж хэлсэн.” /1-р хх 156-158, 3-р хх 28, 75/,

гэрч Ц.О-гийн “... А-тай Чингис зочид буудалд хамт ажиллаж байсан. 2013 оны 04 дүгээр сард А-тай уулзахад найзынхаа хамт хувийн бизнес хийж байгаа гэсэн. Би С- найзыгаа зээл хөөцөлдөөд бүтэхгүй байгаа талаар хэлж “Чи зээлийг нь бүтээгээд өгөөч” гэхэд А- “тэгье” гэж зөвшөөрсөн. 4, 5 хоногийн дараа С-тэй уулзуулсан. 2, 3 хоногийн дараа С-тэй уулзахад А-ад зээлээ хөөцөлдүүлнэ гэж 25,000,000 төгрөг өгч байсан. Хэд хоногийн дараа С- намайг Циркийн орчим хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход Ц ахын автомашинд С-, Б-, А- нар сууж байсан. Б-, А-ад 50,000,000 төгрөг бэлнээр өгч байсан...” /1-р хх 33-34, 3-р хх 76/,

хохирогч Д.Э-гийн “... манайд ажиллаж байсан Нямаа “Ажил олж өгдөг залуу байгаа” гэж А-ыг танилцуулсан. А- “Та ажил авах гэж байгаа бол эхлээд мөнгөө өгөх хэрэгтэй, Нямаа намайг туслаарай гэж гуйсан” гэсэн. 2 дахь удаагаа уулзахад “Нотариатаар ороод, зээл өгчих, надад итгэ, би Сү.Б-ын хуулийн зөвлөх байсан хүн шүү, та намайг хүн явуулж шалгуулаад үзээрэй” гэж томроод байсан. Хэд хоногийн дараа над руу залгахаар нь уулзаад 25,000,000 төгрөг нотариатаар гэрээ байгуулаад өгсөн. Дараа нь ажил дээр ирээд, өрөөнд сууж байсан хүнийг танилцуулаад өгөөч гээд байсан. Манай ах “Хангалттай ажил байгаа” гээд салсан. А- сэргэлэн, зальтай хүн байсан. Манай ахаас мөнгө нэхсэн байсан...” /1-р хх 178-179, 156-157, 2-р хх 131/,

гэрч Д.Н-гийн “... анх Намхай, А-ыг танилцуулахдаа “Ямар ч байсан танил ихтэй, барилгын чиглэлээр ажил өгөх боломжтой” гэсэн. А- “Барилгын ажил өгч болно, урьдчилгаа 25,000,000 төгрөг шаардлагатай” гэж байсан. Би түүнд итгээд захирал Э-тай танилцуулсан. Э эгч А-ад 25,000,000 төгрөг өгөхдөө нотариатаар батлуулаад машин дотор өгсөн...” /1-р хх 182-183/,

хохирогч С.Пийн “... Х “Би А- гэдэг найдвартай ахтай танилцлаа, танай компанид тусгай зөвшөөрөл авч өгье гэж байна, 1,000,000 төгрөг өгчих гэсэн” гэж хэлснийх нь дагуу өгсөн. Дараа нь А-ад “Цэцэрлэгийн өргөтгөлийн ажил авч өгнө” гэж 5,000,000 төгрөг, “Ажил удахгүй бүтнэ, схем зураг хүнээс авах боллоо” гэж 2,500,000 төгрөг авсан. Сүүлийн мөнгийг өгөхөд би хамт явсан. А- “Та хоёр надад итгэхгүй бол зээлийн гэрээ хийе” гэсний дагуу гэрээ байгуулсан...” /2-р хх 1-2, 3-4/,

хохирогч Б.А-ын “... Би замын бетон эдлэл үйлдвэрлэдэг, ажил ч гайгүй явж байсан. Найз Н- надтай уулзаад “Чи нэг гайгүй тендер аваад улсын ажил хийвэл яадаг юм. Ажлыг чинь гайгүй болгож чадах нэг таньдаг ах байна, өөр барилгын салбар руу ороод үзээч” гэхээр нь зөвшөөрч, А- гэдэг ахтай уулзсан. Тэр хүн харахад их цэвэрхэн, мэдлэгтэй юм шиг яриатай байсан. А- нь “Барилгын тендер авч өгье, бүх зүйлийг чинь өөрөө бүрдүүлээд ажлыг чинь бүтээгээд өгнө, чи харин 50,000,000 төгрөг зээлчих, 70,000,000 төгрөг болгоод өгнө” гэсэн. 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 04-ний өдөр 25,000,000 төгрөгийг Н-ийн дансанд шилжүүлээд өгсөн. Тэгээд ажил гарахыг хүлээсэн. 3 сарын дараа Н-оос мөнгөө нэхэхэд А-тай уулз гэсэн. Тэр хоёртой хамт уулзахад А- нь “Өө удахгүй өгнө, асуудал байхгүй, жаахан хүлээж бай, мөнгө орж ирэх гэж байна” гэсэн. 2013 он гарсны дараа надад 50,000,000 төгрөгийг 70,000,000 төгрөг болгож өгнө гэсэн утгатай баталгаа гараар бичиж өгсөн. 5 дугаар сар хүртэл 29,500,000 төгрөгийг цувуулж өгсөн. Би ажлаар Хятад явах болоод мөнгөө нэхэхэд “Ирэхэд чинь бэлэн байлгана” гэсэн. Тэр үед надаас 800,000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш алга болсон. Хайж олж уулзахад 55,000,000 төгрөг өгнө гэсэн баталгаа бичиж өгсөн...” /2-р хх 126-127, 128, 3-р хх 29, 74/,

шүүгдэгч Г.Н-ийн мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар өгсөн “... А- “Барилгын ажил олж өгнө, хийх хүн байна уу” гэсэн. Тэгээд би таньдаг А-тай холбогдсон. А- барилгын ажил сонирхож байна гээд А-тай уулзсан. Тэр хоёр хоорондоо тохироод мөнгө төгрөг авч, өгөхөөр болсон байсан. Ингээд А-аас 2013 оны 08 дугаар сард 25,000,000 төгрөг, 09 дүгээр сард 25,000,000 төгрөг шилжүүлснийг А-ад аваачиж өгсөн. Түүнээс хойш А-, А-ын ажлыг бүтээж өгөөгүй, мөн авсан мөнгөө өгөөгүй ...” /4-р хх 62-63/,

Б.А-ын хохирогч Х.С-, Б.А- нартай байгуулсан зээлийн гэрээнүүд /1-р хх 14, 2-р хх 161/, хохирогч Б.Б-, С.П нараас гаргаж өгсөн гар утасны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 24-27, 2-р хх 05-06/, бичлэгт Б.Б-, Б.А- нар харилцан ярилцсан байх боломжтойг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3206 тоот дүгнэлтүүд /1-р хх 148-152/, Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт, дансны хуулга /2-р хх 129-130, 163, 3-р хх 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.А- нь нөлөө бүхий, танил тал ихтэй хүн, хөөцөлдөж буй ажлыг нь бүтээж чадна гэсэн ор үндэсгүй худал зүйлд хохирогчдыг итгүүлэн “Бага хүүтэй зээл, барилгын тендер авч өгнө” гэх зэргээр хуурч их хэмжээний мөнгө авч ашигласан байх ба энэ талаар анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчлэлийг тогтоож, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Н- нь Б.А-тай бүлэглэн хохирогч Б.А-ыг хуурч, эд хөрөнгийг нь авах гэсэн санаа зорилготой байсан нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Н- нь хохирогч Б.А-ын 50,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээж авсан ч энэ мөнгийг Б.А- авч ашигласан болох нь хохирогч Б.А-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, Б.А-ын гараар бичсэн баталгаанууд /2-р хх 159, 160/ болон Г.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон бол шүүгдэгч Г.Н- хохирогчийн мөнгөнөөс авсан гэсэн шүүгдэгч Б.А-ын мэдүүлэг нь бусад баримтаар батлагдаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэсэн гэмт санаа зорилгоор үйлдэгддэг.

Шүүгдэгч Г.Н-ийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийвэл тэрээр Б.А-тай бүлэглэн хохирогч Б.А-ын мөнгийг залилан авах гэсэн гэмт санаа зорилготой байсан гэдэгт эргэлзээ төрүүлсэний зэрэгцээ, гэрч Ц.О, Д.Н нар болон Х гэгчийн адил шүүгдэгч Б.А-ыг ажил бүтээж чадах хүн гэж итгэж хохирогчид танилцуулснаар залилах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэх баримт хэрэгт тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шийдвэр гаргах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А- нь хохирогч Б.А-ын 50,800,000 төгрөгийг залилан авснаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Н-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон хоногийг тооцоогүй гэсэн нь үндэслэлтэй байна. Хэргээс үзэхэд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 175 хоног цагдан хоригдсон /2-р хх 63, 184-185/ байхад анхан шатны шүүх орхигдуулжээ.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1098 дугаар магадлалд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дүгнэсэн байхад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг шүүх шинжлэн судлахаас татгалзах зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэсэн гомдлыг хүлээж авах боломжгүй. Учир нь, магадлалд “... хэргийг шүүх ач холбогдол багатай асуудлаар, эсхүл нэг үндэслэлээр удаа дараа /нийт 8 удаа/ прокурорт буцааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.” гэсэн нь тодорхой тохиолдолд хийсэн хууль зүйн дүгнэлтийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь тохиолдолд нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй:”, гэсний 1.1 дэх заалтад “танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал;” гэж заасан нь хэргийн үйл баримтын нотолгоотой холбоотой, нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах асуудлыг зохицуулсан бөгөөд хууль хэрэглээний асуудал үүнд хамаардаггүй тул дахин нотлох шаардлагагүй хэргийн нөхцөл байдал гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар, тухайн магадлал гарах үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн. Гэвч хэргийг анхан шатны журмаар хэлэлцэх явцад Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар дээрх зүйл, хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөлт оруулсан. Ийнхүү магадлал гаргаснаас хойш Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орсон учраас анхан шатны шүүхээс дээрх магадлалын дүгнэлтэд ач холбогдол өгөөгүйг буруутгах үндэслэл байхгүй.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж өөрчлөн найруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар дээрх зүйл, хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөлт оруулсан билээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан дээрх өөрчлөлтүүдийг шүүгдэгч Б.А-ад хэрэглэхдээ “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг баримталж хэргийг шийдвэрлэлээ. Тодруулбал материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь өөр өөр харилцааг зохицуулах боловч зарим тохиолдолд зохицуулалт нь давхцах, холимог шинж нөхцлийг илэрхийлж, хоорондоо зөрчилдөх боловч хамгийн гол нь тухайн хуулиар зохицуулсан хэм хэмжээний зорилго, агуулга, мөн чанарыг харгалзан хэрэглэдэг онцлогтой ...” гэсэн дүгнэлт хийж шүүгдэгчид ял оногдуулжээ.

Шүүхийн дээрх шийдвэр нь эрүүгийн эрх зүйн суурь зарчим, эрх зүйн онолд нийцээгүй, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болохыг дараах хэд хэдэн үндэслэлээр тайлбарлав.

  1. Эрүүгийн хуулийн зарим хэм хэмжээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхойлсон процессын шинжтэй зохицуулалт байдаг эсэхэд дүгнэлт хийхийн тулд эрх зүйн онолын суурь ойлголтуудыг анхаарч үзэх шаардлагатай байжээ.

  Эрх зүйн онолын үүднээс эрх зүйн хэм хэмжээг нийгмийн харилцаанд ямар аргаар хэрхэн нөлөөлж буй шинжээр нь бэхжүүлэх, зохицуулах, хамгаалах гэх зэргээр ангилан үздэг бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй нь нийгмийн харилцааг хамгаалах шинжид бүрнээ хамаардаг. Энэхүү эрх зүйн хамгаалалт нь зөвхөн материаллаг хэм хэмжээ тогтоосноор хэрэгжих боломжгүй. Харин түүний хэрэгжүүлэх арга журмыг тодорхойлсон процессын хэм хэмжээгээр дамжин хангагддаг тул энэ хоёр эрх зүй нь зорилго, чиг үүргийн хувьд нягт харилцан хамааралтай.

  Гэвч Эрүүгийн эрх зүй хэм хэмжээгээр гэмт хэрэг, түүнийг шийдвэрлэхэд баримтлах зарчим, харгалзан үзэх нийтлэг үндэслэлүүд /үүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулалт багтдаг/, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоодог. Тэгвэл эрүүгийн процессын эрх зүйн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх арга, хэлбэр, үйл ажиллагаа /норматив/, журмыг тодорхойлдог учраас эдгээр эрх зүйн хэм хэмжээнүүд нь хоорондын давхцал үүсгэдэггүй онцлогтой.

  Эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн хэм хэмжээнүүд нь ихэвчлэн заасан, зохицуулсан, эсхүл хууль зүйн ойлголтын агуулгыг тодорхойлсон зэргээр эрх зүйг хэрэглэх үндэс суурь болохын хувьд тохиолдол бүрийг гүйцэд журамласан байдаг.

  Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ... хүртэл тоолно.” гэж заасан нь эрүүгийн эрх зүйн дээрх ойлголтоор тодорхой хууль зүйн факт тогтоогдвол хэрхэхийг шууд заасан /Бланкет/, шинжтэй хэм хэмжээ байна. Энэхүү хэм хэмжээг хэн хэрхэн хэрэгжүүлэх арга, хэлбэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол прокурор тогтоолоор, хэрэв эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бол шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. /Хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт/ Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд нөлөөлөх урьдчилсан нөхцөл, нийтлэг үндэслэл /Гипотез/ болдог тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоосон процессын /үйл ажиллагаа/ хэм хэмжээний шинж чанарыг үл агуулдаг билээ.

            Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон зохицуулалтыг процессын шинжтэй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам мэтээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийг тайлбарлажээ.

            2. Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхдээ олон улсын эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болох “In dubio pro rio” буюу ямар нэгэн эргэлзээ гарвал гэм буруутай этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг анхаарч үзээгүй байна.

            2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж заасныг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж өөрчлөн найруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар дээрх зүйл, хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөлт оруулсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан бол хугацаа зогсож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаа цааш үргэлжлэхээр байна. Гэтэл хууль тогтоогч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж өөрчлөн найруулсан нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалттай илтэд зөрчилдөж хуулийн хийдэл үүсгэсний зэрэгцээ хэрхэн хэрэгжүүлэх арга, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүйн улмаас хэргийн оролцогчид хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэжээ. 

            Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг журамд нийцүүлэн шийдвэр гаргах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.  

3. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял  тохоож болохгүй.”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэжээ.

Олон Улсын гэрээний зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, буцаан хэрэглэх үндэслэлийг хуульчилсан билээ.

            Хуулийн дээрх агуулга нь гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлох бөгөөд шинээр баталсан Эрүүгийн хууль өмнөх хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлийг бий болгож байвал сүүлд батлагдсан хуулийг хуучин хуулийн оронд, өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэх явдал юм.

            Шүүгдэгч Б.А-ын эрх зүйн байдлыг тодорхойлоход 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж өөрчлөн найруулсан зохицуулалтыг буцаан хэрэглэх нь илүү ашигтай нөхцөлийг үүсгэжээ. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:” гэж, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэж зааснаар тооцвол хамгийн сүүлийн үйлдлээс хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 03ы өдөр дууссан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, эс тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, дордуулсан хууль гэдгийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд батлагдсан Эрүүгийн хуулиудыг хооронд нь харьцуулах замаар дүгнэлт хийх байтал анхан шатны шүүх зохицуулалтын агуулга, мөн чанарт үндэслэн хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн нь “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.А-, өмгөөлөгч Г.Нацагдорж, О.Баясгалан нарын давж заалдсан гомдлоос Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагдан хоригдсон хоногийг шүүх тооцоогүй, шүүгдэгч Г.Н-, Ш.Бадмаараг нарын “Гэмт хэргийн нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” гэснийг тус тус хүлээн авч энэ талаар тогтоолд зохих өөрчлөлт оруулж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.А-ыг залилсан гэмт хэргийг шүүгдэгч Б.А- ганцаараа үйлдсэн гэм буруутай гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолын 9 дэх заалтад заасан шүүгдэгч Г.Н-оор төлүүлэхээр тогтсон хохирлыг шүүгдэгч Б.А-ын хариуцах хохиролд оруулан тооцов.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Г.Н-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 2021/ШЦТ/795 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч Г.Н-ид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч Б.А-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч Б.А-ад холбогдох “... бүлэглэн ...” гэсэн хэсгийг, тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 100,800,000 төгрөгийг гаргуулан үүнээс хохирогч Б.Б-од 45,000,000 төгрөг, хохирогч Д.Э-д 26,000,000 төгрөг, хохирогч С.Пид 8,500,000 төгрөг, хохирогч Б.А-т 21,300,000 төгрөг олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, О.Баясгалан, шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

6. Шүүгдэгч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 175 хоног, шүүхийн шийтгэх тогтоолоор 90 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН