Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 128/шш2023/0764

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М*******” ХХК,

Хариуцагч: ******* дүүргийн татварын хэлтсийн, татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С*******, П.О******* нар,

Маргааны төрөл:  Татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422******* дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1,2,4 дэх заалт хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х*******, түүний өмгөөлөгч Н.Э*******, хариуцагч Б.С*******, П.О*******, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“М*******” ХХК-аас  ******* дүүргийн татварын хэлтсийн, татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С*******, П.О******* нарт холбогдуулан “******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С*******, П.О******* нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422******* тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1,2,4 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.******* дүүргийн татварын хэлтсийн, татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С*******, П.О******* нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422******* дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчид 238,912,648.74 төгрөгийн нөхөн татвар, 36,722,190.47 төгрөгийн торгууль, 24,833,210.99 төгрөгийн алданги, нийт 300,468,050.2 төгрөгийн төлбөр ногдуулсан.

            3.Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

          4.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын акт болон маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ногдуулсан төлбөрөөс 1,2,4 дэх зөрчилд холбогдуулж маргасан.

5.Нэхэмжлэгч “М*******” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/Татварын улсын байцаагчид нь татварын хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т: “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй", 41.10-т: "татвар төлөгч болон түүний харилцагч  этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, тайлбар авах", 41.10.3-т “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар лавлагаа гаргуулан авах", 41 дүгээр зүйлийн 41.12-т: "Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна", 41 дүгээр зүйлийн 41.12.1-т: "эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах”, 41.12.2-т: "татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх", 41.12.3-т: "татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” 76.1.3-т: “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэж  тус тус заасан.

Гэтэл татварын улсын байцаагчид хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн, татвар төлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангалгүй, татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын холбогдох зохицуулалтыг ноцтой зөрчсөн буюу татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан судалгаа шинжилгээг огт хийлгүй акт тавьсан нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

2/Зөрчлийн жагсаалтын 2-т: “2019 онд 969,299,093.98 төгрөгийн орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 139,297,267.13 төгрөгийн төлбөр” гэжээ.

Манай үйлчлүүлэгч компани нь 2017 онд ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 16 дугаар барилгыг буулган, 2018 оны 2 дугаар улиралд багтаан орчин үеийн дэвшилтэт технологиор, чанар, стандартын шаардлагад нийцсэн орон сууцны барилга барьж сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангах, орон сууцны нөхцөл сайжруулах" төсөл хэрэгжүүлсэн.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан 16 иргэний 18 айлын орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.1-т: “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг", 5 дугаар зүйлийн 5.2.1-т: “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж заасан борлуулалтад хамаарахгүй юм.

Уг орон сууцжуулах ажлыг төрийн эрх бүхий байгууллагын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй, зөвхөн буулгалтын зардлаар хийж гүйцэтгэсэн.

Иймд Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохгүй юм. Мөн иргэдэд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн буюу "борлуулалт хийгдсэн" гэж үзэхээр байна.

3/Зөрчлийн жагсаалтын 3-д: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй” гэжээ.

Тус компани нь 2019 онд 1,003,040,593.99 төгрөгийн борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаагүй бөгөөд татварын улсын байцаагчид ямар үйл ажиллагаа явуулж олсон орлогыг дутуу тусгасан талаар тус компанийн захирал, нягтлан бодогчид тайлбарлаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4/Зөрчлийн жагсаалтын 4-т: "2020 онд 147,933,636.36 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний орлогыг /борлуулсан орон сууц/ Нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 24,165,084.59 төгрөгийн төлбөр" гэжээ.

2017 онд ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны /16 дугаар/ барилгыг буулгахад хэмжээний зардал гарсан.

5/Зөрчлийн жагсаалтын 5-д: “2020 онд 147,933,636.36 төгрөгийн бараа, аж үйлчилгээний орлогод ААНОАТ ногдуулаагүй, төсөвт төлөөгүй зөрчилд /орон сууц борлуулалт/ 22,756,927.15 төгрөгийн төлбөр” гэжээ.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар “Татвар ногдуулалт, төлөлт” зүйлийн 28.5-д: “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, мөн хуулийн 29.1.1-д: “анхан шатны баримт бүрдүүл нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж хуульчилсны дагуу борлуулсан бар /орон сууцны/ төлбөрийн баримтыг (нотлох баримтыг цахим төлбөрийн баримтын систем харж болно) иргэдэд цаг тухайд нь гарган өгч байсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

6/Зөрчлийн жагсаалтын 6-д: “2018 онд 925,498,327.27 төгрөгийн орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татвар тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 92,549,832.73 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан” гэжээ.

Уг 77 айлын орон сууцны барилгыг улсын комисс 2019 оны 06 дугаар сард хүлээн авсан тус компани нь 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалт хийгээгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.1. "борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг” гэж заасан.

Дээрх заалтын дагуу, орон сууц захиалан бариулсан иргэд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн буюу “борлуулалт хийгдсэн” гэж үзэхээр байна.

Орон сууц худалдан авсан иргэд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, хөрөнгийг өмчлөх эрх үүссэнээр буюу 2019 оны 3 дугаар улирлаас эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтаар хүлээн зөвшөөрөхөөр хуульчилсан байдаг атал татварын улсын байцаагчид санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэлгүйгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын  тайлангийн зөрүүгээр төлбөр ногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Манай компани нь 2015 онд хот суурин газрыг хөгжүүлэх, дахин төлөвлөлтийн ашиглалтын шаардлага хангаагүй тендерт шалгарч, гурван талт гэрээ хийх зөвшөөрөл, эрхийн бичгээ авсан. Үүнээс хойш айлуудтайгаа зөвшилцөх, тохиролцох, гурван талт гэрээг баталгаажуулах гээд 2018 оны 8 дугаар сард Сүүний 16 гэх 77 айлын орон сууцыг анх барьж эхэлсэн. Айлуудын гарын үсэг, Улаанбаатар хотын Засаг даргын тамга, Засаг дарга солигдсоны улмаас дараагийн Засаг даргатай дахин шинээр гэрээ хийх гэж явсаар байгаад манайх 2018 оны 8 дугаар сард ашиглалтын шаардлага хангаагүй барилгын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш бид нар 2019 оны 5, 6 дугаар сард улсын комисс ашиглалтад хүлээлгэж өгч барилгыг оруулсан. Үүнд ямар маргаан үүсээд байна вэ гэвэл 2021 онд манай дээр татварын шалгалт орж ирлээ гээд байцаагч нараас холбогдсон. Тухайн үед ковид гээд бид нарт хамрагддаг аж ахуйн нэгж хүнд байдалд орсон байсан. Тухайн үед бид нар хоёр байцаагчид хандаж бид нягтлан бодогчгүй, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, зарим нягтлангууд маань гараад явсан байна, боломж, хугацаа өгнө үү гээд тухайн үед нэг нягтлан олж авсныхаа маргааш нь ахлах байцаагч, хоёр байцаагчтай бид дөрвүүлээ уулзсан. Уг уулзалтаар нягтлан маань барилгын чиглэлийн мэргэжилтэн биш учраас юмаа судалж, юмаа бэлдэх хугацаа өгнө үү гээд бид дөрөв ярьсан. Үүнээс хойш хоёр шаардлагатай гэх компанийн нотлох баримт, бичгүүдээ цэгцлээд хоёр байцаагчид бүх юмнуудаа үзүүлж өгсөн. Энэ хугацаанд бид нарт тухайн байцаагч та нар дахин төлөвлөлтөд орсон айлуудаас татвараас хөнгөлөгдөж байгаа бичгээ аваад ир гэсэн. 2015 онд тендерт шалгарч байхад дахин төлөвлөлтийн болон компанийн ажлууд дээр хотоос ямар нэгэн татвар байхгүй, нийслэлээс хийгдэж байгаа, улсаас хийгдэж байгаа төслийн хүрээнд явагдаж байгаа ажил. Ийм учраас та нарын байранд төсөл нь шалгарсан компани зөрүүлж байранд оруулна, ямар нэгэн татвар байхгүй гэдгийг нийслэлээс, Хот байгуулалт, хөгжлийн газар, тухайн үеийн иргэдийн Төлөөлөгч, дарга хурал дээр болон бүх юман дээр айлуудад ч тийм ойлголт өгсөн, компанид ч тийм ойлголт өгсөн. Энэ ойлголтын дагуу бид нар 2019 онд айлуудыг байранд оруулахад бид нар энэ айлуудаас ямар ч нэмэгдсэн өртгийн албан татварын хураамж бодоогүй, мөн тухайн хоёр байцаагчийг ирж байхад нийслэлээс татвараас чөлөөлсөн бичгээ аваад ир гээд надад шаардлага тавьсан. Би нийслэл дээр очоод манай дээр нэмэгдсэн өртгийн албан татвар бодоод хүндрэл учруулаад байна, тийм учраас та нар татварын байгууллагатай уулз гээд маш олон удаа очиж уулзсан, хуулийг судалсан. Үүнээс болоод манай аж ахуй нэгж дээр өндөр татвар тавигдсан. Дахин төлөвлөлтийн айлуудаас татвар, нэмэгдсэн өртгийн татвар авсангүй гэсэн үндэслэлээр аж ахуй нэгжийг зогсонги байдалд оруулсан. Тухайн үед би төслийн хоёр байцаагчид олон материалаа үзүүлээд явуулсан, тухайн үед ч гэсэн одоо бид нар шалгалтад орох боломж байхгүй, ямар үндэслэлээр манайхыг шалгаж байгаа юм бэ, ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдээ шалгалтад оруулахгүй гээд зурагт, хэвлэл мэдээллээр яваад байна, бид ковидоос хойш сэхээ авч чадахгүй, ажилчдаа ч цалинжуулж чадахгүй байна гэсэн гомдлын мөрөөр танайхыг шалгаж байна гэсэн. Тухайн үед ямар хүний гомдлын мөрөөр яаж шалгаж байгаагаа надад танилцуулаагүй. Энэ процедур явж байхад шинэ нягтлан бодогч н.А*******тайгаа бид нар тухайн үед байсан компанийнхаа тооцоо, өгсөн анхан шатны бүх баримтуудаа хоёр сарын хугацаанд бүгдийг нь бэлдэж өгсөн. Гэтэл яг татварын актаа тавихдаа яг одоо бид нар дээр өгсөн баримт дээр үндэслэж татварын арга хэмжээг тавиагүй. Би байцаагч нараас уулзаад гуйсан, энэ ковидын хүнд байдлаас болоод ашиг, орлого олоогүй, нийслэлээс хүртэл гадна дэд бүтцээ хийж өгнө гэсэн боловч хийж өгөөгүй, айлын шахалтаас болж бид нар хүнд байдалд орсон гэж шалгалтын хоёр байцаагчдаа хэлсэн, юмнуудаа үзүүлсэн. Гэтэл хоёр байцаагч бид нар татварын байцаагч биш, хяналт шалгалтын хүн учраас анхан шатны баримтыг үйлдэж, бэлдсэн баримт дээр чинь дүгнэлт гаргах албагүй гэсэн хоёр байцаагч хоёулаа энд сууж байна. Бид нарын баримтлан дээр үндэслэж акт гаргаагүй, тухайн үед ямар юман дээр гаргасан, татвар улсаас олгохгүй, өгөхгүй гэсэн айлууд дээрээс татвар бодоод өнөөдөр аж ахуйн нэгж төслөө хэрэгжүүлж чадахгүй, хамаг юмаа барилттай, нам зогсолттой сууж байна. Үүн дээр хууль дүрмийг баримталж, аж ахуйн нэгжийг хүнд байдалд оруулсныг зөв шүүж, тунгааж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан буюу суудлын автомашиныг худалдан авахад төлсөн татварын бусад хэсэгт ногдуулсан татварыг эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт татварын хяналт шалгалт хууль бусаар явагдсан буюу Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд нийцээгүй, түүнд заагдсан хяналт шалгалтын үйл ажиллагааны зохицуулалтыг огт баримтлалгүйгээр татварын хяналт шалгалтыг хийж татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэж үзэж байна. Татварын улсын байцаагчид иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийж байна гэж татвар төлөгчид мэдэгдэж хяналт шалгалт хийх байсан боловч томилолт, удирдамжийг үзүүлээгүй, удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн. Хоёрдугаарт тухайн хяналт шалгалтын явцад татвар төлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, татвар төлөгчөөс нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан нотлох баримт, анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг цуглуулаагүй, ямар харилцаа байсан тухай гэрээ, бичгийн бусад нотлох баримтыг Үл хөдлөх хөрөнгийн газар гэх зэрэг гуравдагч этгээдээс цуглуулалгүй, огт нотлох баримтгүйгээр и-такс.мн дээр цугларсан татвар төлөгчийн тайланд тулгуурлан зах зээлийн ханшаар нийт 77 айлын орон сууцанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, хууль, журамд заасан зохицуулалтыг ноцтой зөрчсөн. Эндээс татварын хяналт шалгалт хийхдээ татварын улсын байцаагчид татвар төлөгчид эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй, урьдчилсан дүгнэлт хийж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4 дэх заалтыг ноцтой зөрчиж, ямар ч нотлох баримтгүйгээр урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, татвар төлөгчид их хэмжээний татварын нөхөн ногдуулалтын акт тавьсан. Татварын улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа улсын бүртгэл, тухайн борлуулалт хийсэн гэрээ, контракт, улсын бүртгэлээс тухайн айлын орон сууцны өмчлөлийн гэрчилгээ гэх мэт баримтыг өөрсдөө цуглуулж, хянаж шинжлэх боломжтой байсан. Татвар төлөгчийн зүгээс өөртэйгөө холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хянаж шинжлээгүй, судлаагүйгээр акт тавьсан төдийгүй тухайн нотлох баримтууд нь шууд ач холбогдолтой нотлох баримтууд байхад Хот байгуулалт, хөгжлийн газраас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн хууль, журмаа авч ир гээд татвар төлөгчийг төөрөгдүүлсэн, тухайн урьдчилсан дүгнэлт дээрээ тулгуурласан ажиллагааг хийж татвар төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлтийн баримт бичгээ авч ир гэх замаар хяналт шалгалтын ажиллагааг явуулж хууль зөрчсөн. Гэтэл тухайн үйл ажиллагаа нь 77 айлын орон сууцаас 18 айлын орон сууц нь төслийн хүрээнд хийгдсэн, иргэдэд үнэ төлбөргүй хуучин орон сууцыг шинэ орон сууцаар сольж өгсөн буюу Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын захирамжаар гурван талт гэрээний хүрээнд хийгдсэн ажил. Энэ нь төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд буюу аж ахуйн нэгжээр төр өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа хэлбэр учраас энэ нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах зорилгоор төрийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа буюу ашиг олох зорилгогүйгээр хийсэн үйл ажиллагаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд борлуулалт гэдэг нь бусдын өмчлөлд шилжүүлэх үйл ажиллагаа, 18 иргэдийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгээд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх вэ гэвэл улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар эдгээр иргэдэд өмчлөх эрх үүснэ. Тухайн өмчлөлд шилжүүлэх ажиллагаа нь 18 иргэдийн хувьд өмчлөлд шилжүүлэх мэт харагдаж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар борлуулалт гэж юу вэ гэдэг зохицуулалтыг дам тайлбарлах Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр заасан. Иргэний хуулийн зохицуулалт буюу ажил гүйцэтгэсэн тохиолдолд ажил гүйцэтгэх гэдгийг юу гэж ойлгох вэ, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд Иргэний хуульд заасан зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан. Иргэний хуульд гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл эдгээр 18 айлын орон сууцны хувьд гурван талт гэрээ буюу төрийн зарим чиг үүргийг аж ахуйн нэгж байгууллага үнэ төлбөргүйгээр хэрэгжүүлж, нийгмийн эрх, ашигт нийцсэн ажлыг үнэ төлбөргүйгээр хэрэгжүүлсэн буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан сайн дурын үндсэн дээр хэлцэлд оролцогч тал бие биенийгээ сонгож, төлбөртэйгөөр ажил хийх ёстой гэсэн Иргэний хуулийн гэрээний чөлөөт байдлын зарчмыг хангахгүй байгаа учраас энэ нь борлуулалт биш юм. Ийм учраас төлбөртэйгөөр шилжүүлэх гээд зохицуулсан байсан нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт гэдэг зохицуулалтад заасан байсан төлбөр гэдэг үгийг авсан зохицуулалт нь татвараас зайлсхийх бусад утга агуулгатай байх зорилгын хүрээнд хэрэгждэг зохицуулалт болохоос биш энэ ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн чөлөөт байдлын зарчим дээр хэрэгжээгүй, төрийн оролцоотой, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн ашгийн төлөө бус, борлуулалт биш гэж тооцохоор зохицуулалтад борлуулалт буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байгаа учраас энэ 18 айлын орон сууцны хувьд эдгээр борлуулалт гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хоёрдугаарт татварын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчөөд, урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ бататгах замаар буюу анхан шатны нотлох баримт, талуудын хооронд ямар гэрээ, хэлцэл байгуулсан, гэрээ, хэлцлийн утга, агуулга, зорилго нь ямар байсан, улсын бүртгэлд ямар баримтууд авагдсан, гуравдагч этгээдээс ямар баримтууд шаардах боломжтой байсан гэх мэт ажиллагааг огт хийхгүйгээр Хот байгуулалтаас татвараас чөлөөлсөн тухай нотлох баримтаа гаргаж ир, хууль, дүрэм, журмаа аваад гэж татвар төлөгчийг төөрөгдүүлэх замаар урьдчилж тогтоосон өөрсдийн итгэл, үнэмшлээ нотлох замаар хяналт шалгалтыг хийсэн. Уг хяналт шалгалтын үндсэн дээр тавигдсан нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэл байгаа юм. 77 айлаас 18 айлын орон сууц нь борлуулалт биш, бусад айлуудын хувьд тухайн татвар төлөгч нь 2019 оны 3 дугаар улирлаас 2020 оны 1 дүгээр улиралд буюу орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн үеэс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа и-такс.мн-ээр татварын тайлангаа зохих журмын дагуу тайлагнаад явж байсан. Гэтэл ямар үндэслэлээр эдгээр анхан шатны гэрээ, контракт, бусад нотлох баримтыг огт үзэлгүйгээр зөвхөн и-такс.мн дээр татвар төлөгчийн гаргасан тайлангийн зөрүүн дээр үндэслээд 1.500.000 төгрөгөөр орон сууцыг борлуулсан гэдэг үндэслэлээр 77 айлд орон сууц борлуулсан гэдэг үндэслэлээр акт тавьсан нь хууль бус байна. Борлуулалт гэдэг зохицуулалтаар өмчлөх эрх хэзээ үүсэх вэ гэдэг зохицуулалтыг заасан. Гэтэл орон сууц өмчлөгчийн тухайн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгч яагаад бүх баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан гэвэл тухайн иргэдийн өмчлөх эрхтэй холбоотой орон сууцны гэрчилгээг татвар төлөгч гаргаж өгөх боломжгүй, иргэдийн өмчлөх эрхтэй холбоотой нууцлалын гуравдагч этгээдээс буюу улсын бүртгэлээс авдаг нотлох баримт. Энэ нотлох баримтыг татварын хяналт шалгалт хийсэн улсын байцаагчид өөрөө хянаж, шалгаж, цуглуулах ёстой байсан. Үүн дээр ******* дүүргийн Татварын хэлтэс, түүний хуулийн хэлтэс хууль зүйн хүрээнд зөвлөгөө өгч ажилладаг гэж үзэж байна. Гэтэл өмчлөх эрх 2019-2020 онд үүссэн байхад 2018 онд зөвхөн байрны шавыг тавьж байсан буюу газрын ажил эхэлж байсан үед нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалт хийсэн гэсэн үндэслэлээр ногдуулсан нь бүхэлдээ энэ акт хууль бус гэж үзэж байна. Татварын хяналт шалгалт болон татварын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт зааснаар бодит бөгөөд хууль зүйн үндэслэлтэй, тухайн нөхцөлдөө тохирсон байхыг шаарддаг. Гэтэл зөвхөн и-такс.мн дээр гарсан хэдэн тоог үржүүлээд бодсон татварын анхан шатны нотлох баримт, талуудын хооронд ямар харилцаа үүссэн, гэрээний үндсэн зорилго, агуулга юу байсан, борлуулалт мөн байсан эсэх гэх мэт хууль зүйн үндэслэл, тайлбарыг огт хянаж шалгаагүй, гэрээг нь ч хараагүй, шууд үржүүлээд бодсон хяналт шалгалт нь тэр чигтээ хууль бус гэж үзэж байна” гэв.

   5.Хариуцагч нар шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Тухайн хяналт шалгалтын ажил 4 сар орчмын хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд татвар төлөгчөөс баримт, бүртгэл, тооцоог удаа дараа шаардаж мөн гаргасан зөрчлүүдтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг гаргуулах хугацааг хангалттай өг ажилласан. Татвар төлөгчийн зүгээс гарсан зөрчлүүдтэй холбоотой хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах ямар нэг баримт, хууль зүйн үндэслэлтэй тайлбар ирүүлээгүй учир акт үйлдэн хяналт шалгалтын ажлыг дуусгасан.

2/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хоорондын зөрүүтэй зөрчлийн хувьд Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам: “43.1. Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлб зохих ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж заасан. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай  хуулийн 9 дүгээр зүйл. Санхүүгийн тайланг тайлагнах: 9.6-т “Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана” гэж заасны дагуу баталгаажсан санхүү, татварын тайланг үндэслэн зөрчлийг тодорхойлсон болно.

3/Дахин төлөвлөлтийн айлуудад өгсөн орон сууцуудыг борлуулалтаар бүртгэж тайлагнаагүй зөрчлийн хувьд татвар төлөгчийн зүгээс тайлбарлахдаа нийслэлийн орон сууцны газраас айлуудад өгсөн байрнуудын борлуулалтыг татвараас чөлөөлнө гэж байсан гэсэн тайлбар өгч байсан тул татвар төлөгчийг тухайн тайлбар өгсөн газраасаа холбогдох эрх зүйн актыг авч ирэхийг хүсэж тодорхой хугацаа өгсөн мөн байцаагчид өөрсдийн зүгээс хайж судалж үзсэн боловч тухайн борлуулалтыг татвараас чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн акт олдоогүй, татвар төлөгчийн зүгээс гаргаж ирүүлээгүй тул зөрчлөөр авч хариуцлага ногдуулсан болно.

4/Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй татвар төлөгчийн ирүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тайлан мөн НӨАТ-ын тайлан, и-Баримтын системд бүртгэж шивсэн мэдээллүүдийн зөрүүтэй тооцооллыг хавсралтаар хүргүүлэв. Уг хавсралтаас татварын тайлангуудад орлого хэрхэн зөрүүтэй тайлагнасан байдал тодорхой харагдаж байгаа болно. Гарсан зөрчил болгоныг татвар төлөгчид тайлбарлан өгч хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах, нотолгоо, үндэслэл гаргах нөхцөл боломжийг олгож ажилласан” гэжээ.

Хариуцагч П.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Хяналт шалгалтын ажил тодорхой хугацаанд явагдсан. Мэдэгдээд, танилцуулаад, тодорхой хэмжээнд хугацаа өгөөд, шинэ нягтлан бодогч орсныг ойлгоод, хүлээн зөвшөөрөөд хоёр сарын хугацаанд материалуудаа бэлдэх хугацаа өгсөн. Энэ хугацаанд шалгалтыг хийж дуусгасан. Эцсийн байдлаар 18 айлын орон сууцыг борлуулалт хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудалд зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг үндэслэж тавигдсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд түүнийг чөлөөлөх ямар нэгэн зохицуулалт байхгүй. Тухайн татвар төлөгч тухайн үед анх гэрээ хийхэд татвараас чөлөөлөгдөнө гэдэг үндэслэлийг тавьж байсан гэж хэлээд байна. Тухайн үед байцаагч нар тийм юм байгаа бол бид нарт тэрийгээ олж, авчирч өгнө үү, хуулийг давсан хурлын тогтоол байдаг байж магадгүй, бид нар хайгаад олохгүй байна, бид нар та нар тэр газарт чинь байдаг юм бол олж өгнө үү гэдэг шаардлагыг тавиад нэлээн хугацаанд хүлээгээд тийм юм үнэхээр авч ирэхгүй байгаа, олдохгүй байгаа учраас актаа бичихээс өөр арга байхгүй гэдэг үндэслэлээр актаа бичсэн. Анхан шатны баримтыг үзэлгүй шууд акт бичсэн гэж яриад байна. Анхан шатны баримт, материал үзэхгүйгээр хяналт шалгалт хийх боломжгүй. Тухайн компанийн зүгээс ч анхан шатны баримт гээд хууль, дүрэм, журмын дагуу бэлдсэн юм байгаагүй. 10 жилийн хугацаанд хадгалж байх ёстой. Тийм юм байгаагүй. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзээд тодорхой хэмжээнд авч ирж өгсөн бүх нотлох баримтуудыг нь үндэслээд, шаардлагатай баримтуудыг нь аваад шалгалтын ажил зохих журмын дагуу хийгдсэн. Энэ зөрчил нь анхан шатны баримт гэхээсээ илүү хуулийн асуудал байгаа юм. Зах зээлийн үнээр үнэлсэн гэдэг асуудал яриад байна. Бид нарт гаргаж өгсөн 77 айлын орон сууцны борлуулалтын жагсаалт гэдэг мэдээллээ авч ирж өгсөн. Үүн дээр 18 айлын борлуулалтын үнэлгээ, бусад айлуудын борлуулалтын үнэлгээ гээд бүгд жагсаалтаар байгаа. Энэ үнэлгээг нь аваад танайх ийм хэмжээний орлогоо хүлээн зөвшөөрөх ёстой байсан байна гэхэд манайх нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн үндэслэл тавьсан. 2018 он дээр зөрчил гэж авч үзэж байгаа. Бусдыг нь он дарааллаар нь тайлагнасан гэж байна. Тэрийг бид нар зөрчилд аваагүй учраас хамаагүй. 2018 он дээр л зөрчилж гэж явж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалтын ажил 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байцаагч нарт тодорхой хугацааны дотор оногдсон байдаг. Үүнтэй холбоотойгоор манай байцаагч нар түрүүний өмгөөлөгчийн хэлсэн шиг хууль бус ямар нэгэн шаардлага тавиад, ямар нэгэн удирдамжгүйгээр ажлаа гүйцэтгэсэн гэж нь байгаа төрийн албан хаагчийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Яагаад гэвэл Төрийн хяналт шалгалтын тухай хууль биш, татварын алба өөрийн гэсэн бие даасан эрх зүйтэй, Татварын ерөнхий хуулиараа зохицуулагддаг. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны татварын хяналт шалгалтыг явуулах аргачлал, дүрэм журмын дагуу ажлууд хийгдсэн. Татварын ерөнхий газрын даргын баталсан журмын дагуу татварын албанд татварын хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий удирдамжийг баримталж хяналт, шалгалтыг хийдэг. Байцаагч нар ерөнхий удирдамжийг баримтлаад хяналт шалгалтыг хийхээс гадна татвар төлөгчид оролцоог нь хангаж, татварын хяналт шалгалт хийх томилолтыг танилцуулан ажилласан байдаг. Үүн дээр байцаагч нарын нэр хүндэд ноцтойгоор халдлаа гэж үзэж байна. 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацаа дуустал татвар төлөгч нь анхан шатны баримт, бүртгэлийг хадгалах, цуглуулах үүргийг татвар төлөгчид оноогоод өгсөн. Мөн татварын хяналт шалгалттай холбоотойгоор баримтуудыг тухай бүр гаргаж ирэх, татварын тайлангаа тухай бүр үнэн зөв тайлагнана гэсэн боловч татвар төлөгч энэ үүргүүдээ биелүүлээгүй. Тэгэхээр үүн дээр манай албаны зүгээс хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж гурван талт гэрээ, хэлэлцээрүүдийг хийгээд үүний дагуу манайх татвараас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэгч яриад байна. Гэтэл аливаа гурван талт гэрээ нь хуулиар зохицуулагдсан татварын харилцааг үгүйсгэх эрх зүйн үндэслэл байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээ худалдан борлуулсан, бараа, ажил үйлчилгээг импортолсон хүмүүс борлуулалтын орлого 50.000.000 төгрөг хүрсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээд суутган төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл бараа, ажил үйлчилгээг худалдан борлуулсан байхад гэрээний дагуу манайх татвар төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж хэлэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Төрийн байгууллагууд болон нийслэл, дүүргийн Тамгын газруудаас танайх төлөвлөлтийн айлуудад орон сууцыг өгснөөрөө татвараас чөлөөлөгддөг гэдэг ойлголтыг манайд өгсөн учраас манайх тайлагнаагүй гэж байна. Гэтэл Татварын ерөнхий хууль болон бусад эрх зүйн актуудад татвар төлөгч өөрөө хуулийг судлах үүрэгтэй. Татвар төлөгч хуулийг мэдээгүйгээс зөрчил гаргасан нь тухайн хүнийг зөрчлөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тэгэхээр татвар төлөгчийн гаргаж байгаа гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.******* дүүргийн татварын хэлтсийн, татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С*******, П.О******* нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422******* дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчид 238,912,648.74 төгрөгийн нөхөн татвар, 36,722,190.47 төгрөгийн торгууль, 24,833,210.99 төгрөгийн алданги, нийт 300,468,050.2 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          2.Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээжээ.

          3.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын акт болон маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ногдуулсан төлбөрөөс 1,2,4 дэх зөрчилд холбогдуулж тухайлан шүүх хуралдаанд маргаж, мэтгэлцсэн тул дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          4.Нэхэмжлэгчээс Нийслэлийн ******* дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 19 дугаарт байрлах /хуучнаар Сүүний-16 дугаар/ ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд 77 айлын орон сууцыг барьж, 2019 оны 06 дугаар сарын 12 оны өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ.

          5.Нэхэмжлэгчээс “дахин төлөвлөлтөд хамрагдсан 18 айлд татвар ногдох үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “дахин төлөвлөлтөд хамрагдсан тохиолдолд татвараас чөлөөлөх талаар хуульд тусгаагүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн тохиолдолд татвар ногдох ёстой” гэж тус тус маргажээ.

          Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай /2006 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” гээд 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай /2019 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно” гээд 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гээд 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж тус тус заажээ.

6.Дээрхи дахин төлөвлөлт нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд тус журмын 1.1-д “Энэ журмын зорилго нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны барилга (цаашид “орон сууцны барилга” гэх)-ыг буулган шинээр барих үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд оршин суугч нартай байгуулсан гурван талд гэрээний 2.2-т “Сууц өмчлөгчид шинэ орон сууц олгохдоо хуучин орон сууцны талбайн хэмжээгээр шинэ орон сууц олгон”, 2.3-д “талууд орон сууцны талбайн хэмжээг 5м2-аар нэмэгдүүлэн үнэ төлбөргүй олгохоор тохиролцов” гэжээ.

7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг дахин төлөвлөлтөд хамрагдсан 18 айлд борлуулалт хийсэн, түүнд ногдох татварыг тайлагнаагүй гэх зөрчилд буруутгасан нь үндэслэлгүй байна.

8.Учир нь дахин төлөвлөлтийн зорилго нь хуучин орон сууцыг шинээр солих, үлдэх орон сууцнаас иргэн, хуулийн этгээд ашиг олох зорилготой бөгөөд дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн тухайд тэдгээрт борлуулалт хийсэн, татвар ногдох үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэлгүй.

Тодруулбал: Маргаан бүхий 18 айлын амьдрах нөхцөл сайжирснаас бус шинээр хөрөнгө бий болоогүй, зориулалт өөрчлөгдөөгүй тул хариуцагчийн борлуулалт хийсэн гэх, бартерын үйл ажиллагаатай адилтгаж буй үндэслэл хуульд нийцэхгүй.

9.Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-д “"борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.2-т “"бараа"гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг” хэлнэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчээс дээрх оршин суугчдын өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, өөрийн өмчийг тэдгээрт шилжүүлээгүй, зөвхөн гурван талд гэрээний үүргээ хэрэгжүүлсэн байхад дахин төлөлтийг татвар ногдох орлогоос чөлөөлөх талаар хуулиар зохицуулаагүй гэх үндэслэлээр татвар ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан бөгөөд хуулиар тухайлан татвар ногдуулахаар зохицуулаагүй, тодорхойлоогүй харилцааг төсөөтэй хэрэглэж, мөн чөлөөлөх талаар хуульд зохицуулаагүй гэх үндэслэлээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй.  

10.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс дээрх дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн нэрсийг үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтад бүртгэж, үнийг тодорхойлсон нь татвар ногдуулах үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин тухайн төслийн үлдэх оршин суугчдын тухайд нэхэмжлэгчээс хуульд заасан үндэслэл журмын дагуу татвар ногдох орлогыг тайлагдсан, уг үндэслэлээр хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай /2006, 2019 онуудын / хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус заасныг баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн татварын хэлтсийн, татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С*******, П.О******* нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422******* дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1,2,4 дэх заалтыг хүчингүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ