| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2026/0194/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/195 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 18.5.2.2., |
| Улсын яллагч | Е.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/195
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Орчуулагч М.Н,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Е.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,
Шүүгдэгч К.Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Д.А-т холбогдох эрүүгийн 2613000000245 дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Оросын Холбооны Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ..-ний өдөр, Оросын Холбооны Улсын Алтай мужад төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Оросын Холбооны Улсын ....... мужийн ....... дүүргийн, ...... гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын . дугаар /Ховд гол/ багт түр оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, К.Д.А-.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Д.А- нь 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтийн авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу к424ау04 дугаартай “Хонда СиАр-Ви” загварын тээврийн хэрэгслээр нэвтрэх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн галт хэрэгсэл болох “9,63/53 Lancaster” гэх бичиглэлтэй 20 ширхэг галт зэвсгийн сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “.Шүүгдэгч К.Д- нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг нь хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 20 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа зохих журмын дагуу устгуулахаар цагдаагийн байгууллагад буцааж, гадаад паспортыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй” гэв.
2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Сумыг мартаад аваад ирсэн байна. Горно-Алтайгаас худалдаж авсан. Гар цүнхэндээ хийгээд мартсан байна. Ангийн зориулалттай бууны сум байгаа. Би өөрөө мал аж ахуй эрхэлдэг” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн санал болгож байгаа эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
4. Шүүгдэгч К.Д.А- нь 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтийн авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу к424ау04 дугаартай “Хонда СиАр-Ви” загварын тээврийн хэрэгслээр нэвтрэх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн галт хэрэгсэл болох “9,63/53 Lancaster” гэх бичиглэлтэй 20 ширхэг галт зэвсгийн сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт хяналт бүрдүүлэлт хариуцсан улсын байцаагч А.А-аас 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч А.А-, Ж.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р-гийн гаргасан 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч К.Д.А- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч К.Д.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Энэ хэргийн улмаас бусдад бодит хохирол, хор уршиг учраагүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч К.Д.А-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулах 7000 нэгж буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд шүүгдэгч К.Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Д.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Д.А- нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 9,63/53 Lancaster гэх бичиглэлтэй, 20 ширхэг галт зэвсгийн сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн байгууллагад шилжүүлж, түүний 66№4588529 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
14. Шүүгдэгч К.Д.А- нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн, К.Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болох галт зэвсгийн сум буюу галт хэрэгслийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Д.А-т 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Д.А- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч К.Д.А- нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 9,63/53 “Lancaster” гэх бичиглэлтэй, 20 ширхэг галт зэвсгийн сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн байгууллагад шилжүүлж, түүний 66№4588529 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгосугай.
7. 2613000000245 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК