Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00291

 

З.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03822 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БЗДНҮН” ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.С нь тус байгууллагад 2008 онд хүнд механизмын жолоочоор ажилд орж ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл ажил олгогч гэнэтхэн 2018 оны 10 сарын 30-ны өдөр Б/116 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаснаар ажлаасаа халагдсан. Мөн манай байгууллага сахилгын шийтгэл мөнгөн дүнгээр ногдуулахдаа нэг сарын 30 хувиар тооцон цалин хөлснөөс суутгал хийж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчдөг. Ажилчдын ар гэрт гачигдал зовлон тохиолдоход чөлөө авах тухай хүсэлт гаргахаар чөлөө олгодоггүй боловч өөрийнх нь ар гэрт гачигдал гарсан гээд хүссэн цагтаа, хүссэн хугацаандаа өөртөө чөлөө олгоод явдаг, ажилчдаас санал хүсэлт авахгүй өөрийнх нь хүсэлт бол хааны зарлиг шиг л хүчинтэй гэж тэрээр үздэг. Сахилгын шийтгэл ногдууллаа гэхэд ямар нэгэн байдлаар гэм буруутай эсэх талаар тайлбар авдаггүй, амаараа хэлээд л өнгөрдөг. Миний бие яагаад ажлаасаа халагдаж байгаа тухай асуухаар тайлбар хэлээгүй болно. Ингэж болохгүй гэх шаардлага тавьснаар өнөөдөр ажлаас халагдаж байгаад гомдолтой байна. Ажлаас халсан тушаал нь бүрхэг, ямар зөрчил гаргаад халагдсан гэдэг шалтгаан нь байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаал дахь авто тээврийн хэсгийн машин механизмын жолоочийн ажилд эгүүлэн томилуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан 2018 оны 10 сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 сарын 14-ний өдрийн хооронд нийт ажлын 33 хоногийг ажил олгогчийн цалингийн тодорхойлолтын дундаж 53,028 төгрөгөөр үржүүлж, 1,749,933 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгнө үү. Мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.С-ыг “БЗДНҮН” ОНӨААТҮГ-ын даргын 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08/1 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай захирамжийг үндэслэн тус байгууллагад жолоочийн үүрэгт ажилд томилон ажиллуулсан болно. Нэхэмжлэгч З.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдахдаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалт, 131.1.2 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах тухай газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулан олгох сахилгын шийтгэл эдэлж байсан болно. Нэхэмжлэгч З.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдахдаа сахилгын шийтгэл ногдуулахдаа нэг сарын цалингийн 30 хувь тооцон цалин хөлснөөс суутгадаг гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалт, 131.1.2 дахь заалтуудыг үндэслэн 20 хувь тооцон суутгасан болно. Нэхэмжлэгч З.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдахдаа ар гэрт гачигдал зовлон тохиолдоход чөлөө авах хүсэлт гаргахаар чөлөө олгодоггүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн ар гэрт хоёр удаагийн гачигдал тохиолдсон тул газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот тушаалаар, мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 тоот тушаалаар буцалтгүй мөнгөн тусламж, чөлөө олгож байсан болно. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, хариу тайлбар хүргүүлэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтуудыг хэргийн материалд хавсаргах явцад байгууллагаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний амралтын өдөр байгууллагын оффисын байрны нэг давхарт буюу склад болон архивын өрөөнд ус алдсанаас болж усанд норон элэгдэж нотлох баримтын шаардлага хангаж чадахааргүй болсон тул хэргийн материалд тус хөдөлмөрийн гэрээг хавсаргаагүй болно. Нэхэмжлэгч З.С-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7 дахь заалтуудыг үндэслэн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаалаар харилцагч аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа гомдол ирүүлсэн ч үүрэгт ажлаа хугацаанд нь биелүүлэн гомдлыг барагдуулаагүй болон удирдлагын өмнөөс хэл ам хийн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа огт биелүүлээгүй, зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Хог тээврийн автомашины жолооч нь хогны орлого хариуцсан байцаагчтайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж байх шаардлагатай. Жолооч нь дуртай газраасаа хог тээвэрлэх эрх байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь дур мэдэн 1 болон 2 дугаар хорооны хогийг тээвэрлэсэн. Байцаагч нь гомдол ирээд байна, ирж хог ав гэж хэлэхэд үгүй би өөр хороонд явж байна, би түлшгүй байна гэсэн байдаг. Байцаагч болон газрын дарга, оршин суугчид 3-4 удаа залгахад тоогоогүй, инженерийнхээ үгэнд орно, яасан олон даргатай юм гэж хэлээд өөр хорооны хогийг ачаад явсан байдаг. Аргаа бараад байцаагч нь өөр машины жолоочийг дуудаж хогийг ачуулсан байдаг. Шаардлагатай үед л өөр хороо руу явж болно гэхээс биш өөрөө дур мэдэн хогийг тээвэрлэж болохгүй. Нэхэмжлэгч З.С  нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчиж, үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй учир гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.С-ыг “БЗДНҮН” ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 1 672 158,18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.С-ын ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, З.С-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч З.С нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 101/ШШ2018/03822 тоот шүүхийн шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардаж авсан бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргах байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж төлүүлдэг. Гэтэл нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувиар урьдчилан төлж нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан боловч нэхэмжлэгч нь бие даасан, хэд хэдэн шаардлагын нэг болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн нийт үнийг бүрэн тодорхойлоогүй, тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус үед шүүх өөрийн үзэмжээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ямар нэгэн нотлох баримтад тулгуурлалгүйгээр зөвхөн хариуцагчаас гаргаж өгсөн сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолтыг үндэслэн дундаж цалин хөлс тодорхойлох журам баримтлаагүй, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 672 158,18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн гэрээний 3-т "...ажилчны сарын үндсэн цалинг 30 хувиар хасаж бодож олгож сахилгын хариуцлага тооцно", мөн Хөдөлмөрийн гэрээний 5.1-д "...сануулах, цалинг 1-3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах" гэсэн заалт байгааг нэхэмжлэгч тал техникийн алдаатай бичигдсэн 30 хувь гэх Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй хувиар хасаж тооцдог гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч ажил олгогч нь харин ч сахилгын шийтгэлийг хуульд заасан 20 хүртэл хувиар хасаж оногдуулж байсан сахилгын шийтгэлийн тушаалуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа ажилчдад сахилгын шийтгэл оногдуулахдаа цалин хөлснөөс 30 хувиар бодож суутгадаг гэдэг нь ор үндэсгүй зүйл юм. Энэхүү шийтгэл нь байгууллагын дотоод журмын 13.1-д тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгч З.С  нь 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасныг ажил олгогчийн зүгээс үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь хүртэл бууруулан олгох сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү зөрчил нь 4 жилийн өмнө гарсан зөрчил байх тул сахилгын шийтгэлгүйд тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэдийнээ өнгөрсөн тул уг зөрчлийг хамгийн сүүлд буюу 2018 онд гаргасан зөрчлүүдтэй хамтатгаж Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзээгүй юм. Харин хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргаж байгаа үйлдэл нь 2018 онд нэхэмжлэгч нь өөрийн хариуцсан хог тээврийн машинаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа харилцагч аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-с удаа дараа гомдол ирүүлдэг, үүрэгт ажлаа хугацаанд нь биелүүлдэггүй, гомдлыг барагдуулдаггүй, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа огт биелүүлээгүй, удирдлагын өмнөөс хэл ам хийн зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын З.6.7-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 101/ШШ2018/03822 тоот шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

Нэхэмжлэгч З.С  нь хариуцагч “БЗДНҮН” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 Нэхэмжлэгч З.С-ыг “БЗДНҮН” ОНӨААТҮГ-ын даргын 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08/1 дугаар тушаалаар жолоочоор томилон ажиллуулж байгаад тус газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 2-3, 17 дугаар тал/

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл заасан боловч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 тоот тушаалаар нэхэмжлэгч З.С-д сахилгын шийтгэл ногдуулснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан 1 жилийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дууссан байна.

Иймд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш гаргасан зөрчлыг сахилгын давтан зөрчилд тооцох боломжгүй тул сахилгын шийтгэлгүйд тооцох үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. /хх-18 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч З.С ыг үүрэгт ажлаа хугацаанд биелүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа огт биелүүлээгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг нөхцөл байдал үүссэн, энэхүү зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдсон болохыг хариуцагч баримтаар нотлоогүй болно.

Хэргийн 52 дугаар талд байгаа “Бийр” СӨХ-оос гаргасан тодорхойлолтод “... жолооч З.С нь ... байрны хогийг 2018-10-29-ний өдөр ачаагүй гэдгийг байцаагч Д.Болормаагийн хүсэлтээр тодорхойлолт гаргаж өгөв” гэсэн нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдгийг эргэлзээгүй нотлох баримт биш байна.

Иймд нэхэмжлэгч З.С  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Нэхэмжлэгч З.С-ыг “БЗДНҮН” ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 672 158.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР                                                                                         

                                                                                                   Г.ДАВААДОРЖ