Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг, Шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б , М  нарт холбогдох эрүүгийн 201626022782 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт оршин суух бүртгэлтэй,, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Өмнөговь аймгийн шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар суллагдсан, Б  Монгол Улсын иргэн,  Төв аймаг Жаргалант төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, одоо ял шийтгэлгүй, М  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/: Шүүгдэгч Б  нь М тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилийн цэргийн дээд сургуулийн урд талын аж ахуйн хашаанд байрлах харуул хийж байсан байрнаасаа цахилгаан үүсгүүр, цахилгааны утас, автомашины 6 ширхэг төмөр обуд, Sharp маркийн зурагт, Чингис хивс зэрэг эд зүйлсийг хулгайлж, 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалт болон прокурорт болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж өгөх мэдүүлэг байхгүй” гэв. Хохирогч И.Пүрэвдорж мэдүүлэхдээ: “Миний өөрийн эзэмшлийн хашаа ба миний хувь хүний нэр дээр байдаг юм. Би хувиараа том оврийн ачааны машины засвар үйлчилгээ явуулдаг ба өөрийн хувийн автомашинуудаа байрлуулдаг юм. Манай найз Батбаатарын эхнэр нь Батсуурийн төрсөн эгч нь байгаа юм. Тэгээд Батбаатарын эхнэр нь надтай уулзаад Батсуурийг ажилд оруулъя гэж 2016 оны 8 дугаар сард хэлсэн юм. Тэгээд би Батсуурийг өөрийн эзэмшилийн аж ахуйн хашаагаа сарын 500,000 төгрөгөөр цалинжуулж мануулахаар амаар тохиролцоод ажилд авч хашаагаа мануулсан юм. Бид хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Б  нь ажилд орсноосоо хойш яг цалин бодуулж авч байгаагүй, мөнгө хэрэг болохоороо надаас мөнгө хэрэгтэй байна гээд л мөнгө авдаг байсан, бага багаар авсаар 800-гаад мянган төгрөг надаас авсан, надаас бэлнээр авдаг байсан болохоор надад ямар нэг баримт байхгүй. Алдагдсан эд зүйл бүгд миний өмч байсан. Би одоогоор Чингис хивс, Шарп маркын зурагт, автомашины 6 ширхэг обудаа буцаан авсан цахилгаан үүсгэвэр мотор,100 метр, цахилгааны утсаа буцаан олж аваагүй байгаа. Мотор, гэрлийн утас хоёроо олж авмаар байна авах юм бол гомдол санал байхгүй” гэжээ. /1хх 21-24 хуу/ Иргэний нэхэмжлэгч Б.Батсүх мэдүүлэхдээ: “Манайх ЧД-ийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-200 тоотод Гүн нуур ХХК-ийн 1 дүгээр давхарт “Шинэ тэргүүн чансаа” гэдэг нэртээ ломбард ажиллуулдаг юм.Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагт 2 эмэгтэй нэг жижиг биетэй эрэгтэй манай ломбарданд орж ирээд мөнгөний хэрэг гарчихлаа Шарп маркын хавтгай дэлгэцтэй зурагт, Чингис хивс нийлүүлээд 100,000 төгрөгөнд барьцаанд тавъя гэж орж ирсэн юм. Тэгээд би хивс зурагтыг нь голоод авахгүй гэсэн чинь нөгөө хүмүүс манай аавын дүү нас барчихаад байгаа юмаа, хөдөө явах гэсэн юм гэхээр нь би хивс, зурагт хоёрыг нь нийлүүлээд 80,000 төгрөгийн барьцаанд авсан юм. Би уг хивс зурагт хоёрыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй мэдэх боломжгүй байсан. Нарангэрэлийн М  гэсэн бичиг баримтыг нь үзээд уг эд зүйлийг барьцаанд авсан юм. М  гэх эмэгтэй нь өнгөрсөн жил болон өнгөрсөн хавар нөхөртэйгөө ирээд 2 удаа гар утсаа ломбарданд тавиад буцаагаад авч байсан юм. 80,000 төгрөгөө авчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /1 хх 26ху/ Иргэний нэхэмжлэгч Т.Мөнгөнтуул мэдүүлэхдээ: “Би 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан төмөрлөг ХХК-ийн хашааны урд талд хоёрдогч түүхий эд худалдан авч үнэ нэмж борлуулдаг юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 31-ны орой 20 цаг өнгөрч 20 гаран насны бор өнгийн хувцастай эмэгтэй, цэнхэр өнгийн куртиктэй эрэгтэй хоёр хүн ирээд автомашины 6 ширхэг обуд өгөх гэсэн юм та очоод авах уу? гэсэн юм. Тэгээд хаягаар төмөр очиж авдаг портер машинаа Баяраа гэх дүүгээрээ унуулаад уг хоёр хүнтэй хамт явуулсан юм. Тэгээд нөгөө хоёр хүн хэсэг хугацааны дараа том ачааны машины 6 ширхэг төмөр обудыг ачаад аваад ирсэн юм. Тэгээд обудыг нь хиллэж үзэхэд нэг ширхэг обуд нь 100кг болж байсан ба би нэг кг-ийг нь 120 төгрөгөөр бодоод уг хүмүүст 72,000 төгрөг өгсөн юм. Тэгтэл нөгөө залуу цахилгаан үүсгэвэр 300,000 төгрөгөөр зарна та авах уу гэхээр дахин дүү Баярааг уг хоёр хүнтэй явуулаад маркыг нь мэдэхгүй байна улаан хүрэн өнгөтэй цахилгаан үүсгэвэр аваад ирэхээр нь би 300,000 төгрөгөөр худалдан аваад хашаандаа тавьсан юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр 03-ны өдөр манай хашаанд байсан төмрийн хогон дээрээс бутруулын шарик үзээд явж байсан танихгүй 3 залуу манай хашаанд байсан уг цахилгаан үүсгэврийг харчихаад хэдээр зарах юм гэхээр нь би 500,000 төгрөгөөр зарна гээд зарчихсан юм. Би 6 ширхэг төмөр обудыг цагдаагийн байгууллагад хураалгасан байгаа” гэжээ. /1 хх 28ху/ Яллагдагчаар Э.Энхзаяа мэдүүлэхдээ: “Би одоогоос нэг сарын өмнө 21 дүгээр хороололд нийтийн байр түрээслэн амьдардаг байж байгаад найз Бадамзаяагаараа дамжуулан Б тай танилцсан юм. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Батсуурийн манадаг байсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хилийн цэргийн сургуулийн урд талд байдаг хашаанд нь 2 нас 4 сартай охин Болорцэцэгийн хамт нүүж очоод манаачын байранд нь Б тай хамт амьдрах болсон юм. Тэр хашаанд автомашины 6 ширхэг обуд, гэрлийн утас, цахилгаан үүсгэвэр байхаар нь би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн хамтран амьдрагч Б  энд байгаа зүйлсийг хулгайлж авч зараад нийтийн байр түрээслэн амьдаръя гэхэд Б  яах гээд байгаа юм, бодож үзье гээд зөвшөөрөөгүй юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Батсуурийн төрсөн эгч М  нөхөртэйгээ таарахгүй байна гээд хоёр хүүхдээ дагуулаад ирэхээр нь би энэ хашаанд машины обуд, цахилгаан үүсгэвэр мотор байна хэдүүлээ зараад нийтийн байранд амьдрах уу гэхэд М  зөвшөөрсөн юм. Тэгээд би Батсуурийн хамт Энхжин худалдааны төвийн баруун талд байдаг хаягдал төмөр авдаг цэг дээр ирээд төмөр авдаг эмэгтэйгээс автомашины обуд авах уу? гэхэд авна гэсэн юм. Тэгээд уг хүний протер маркын автомашинтай нь яваад Пүрэвдоржын аж ахуйн хашаанаас очиж 6 ширхэг автомашины дугуйг ачуулаад Батсуур М  хоёр уг автомашинтай хамт тушаахаар явсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Б , М  хоёр нөгөө портер автомашинтай ирээд, хашаанд байсан цахилгаан үүсгэврийг ачаад яваад 300,000 төгрөгөөр зарчихаад ирсэн юм. Тэгээд бид нар гражид байсан хивс, цахилгааны утас, харуулын байсан Шарп маркын зурагтыг аваад такси бариад Чингэлтэй дүүргийн 6-н буудал очоод дэн буудалд хоночихоод маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өглөө 5-н буудалд байдаг ломбарданд эгч М ийн бичиг баримтаар хивс зурагт хоёроо нийлүүлээд 80,000 төгрөгөөр тавьчихаад, тэндээсээ 100 айлын барилгын материалын дэлгүүрт цахилгааны утсаа нэг метрийг нь 1,000 төгрөгөөр бодоод 100,000 төгрөгөөр зарсан юм. Нийтийн байранд байр хөлслөн амьдрах гээд л мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Анх хулгай хийх санааг би гаргаад Б , М  хоёрт хэлээд тэр хоёр зөвшөөрөөд хулгай хийсэн юм. Баянзүрх дүүргийн Алтан-Өлгийд байдаг нийтийн байрны түрээсэнд 120,000 төгрөгийг нь үлдсэн мөнгөөр нь хоолны материал аваад дуусгасан юм” гэжээ. /1хх 69-70 ху/ Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05 өдрийн 1/01 дугаар захирамж /хх 169-171ху/ Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 108 тоот шийтгэх тогтоол /хх 98-103ху/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 85, 88ху/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 94-96ху/ Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 104-106ху/ Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 132-133ху/ Прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 22 өдрийн 27, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоол /хх 140-143/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б , М  нар нь Э.Энхзаяатай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилийн цэргийн дээд сургуулийн урд талын аж ахуйн хашаанд байрлах харуул хийж байсан байрнаасаа цахилгаан үүсгүүр, цахилгааны утас, автомашины 6 ширхэг төмөр обуд, Sharp маркийн зурагт, Чингис хивс зэрэг эд зүйлсийг хулгайлж, 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч И.Пүрэвдорж /хх 21-24/, иргэний нэхэмжлэгч Б.Батсүх /хх 26/, иргэний нэхэмжлэгч Т.Мөнгөнтуул /хх 28/, яллагдагчаар Э.Энхзаяа /хх 69-70/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 85, 88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 94-96/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 104-106/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 132-133/, Прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 22 өдрийн 27, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоол /хх 140-143/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б  нь хохирогч И.Пүрэвдоржтой гэрээ байгуулаагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн субьект биш гэж шүүх үзлээ. Харин шүүгдэгч Б , М  нар нь Э.Энхзаяатай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Н.Батсуурийн цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч М  нь бага насны 3 хүүхэд /хх 132-133, 207/-тэй байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Иргэний хуульд зааснаар Н.Батсууриас 2.477.700 төгрөг, М ээс 2.477.700 төгрөгийг тус тус гаргуулан 4.854.000 төгрөгийг хохирогч И.Пүрэвдоржид, 53.400 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Батсүхэд, 48.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Мөнгөнтуулд тус тус олгохоор шийдвэрлэсэн ба үлдэх хохирлыг тусгаарласан хэргийн яллагдагч Э.Энхзаяагаас гаргуулан хохирогч нарт олгуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч Б  нараас: хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх боловч шүүгдэгчийн хувийн байдал /хх 98-103, 169- 171/-ыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ,М  нарыг бүлэглэн нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 6 сарын хорих ялаар, М ийг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б , М  нарын тус бүрт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М эд 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б 2.477.700 төгрөг, шүүгдэгч М ээс 2.477.700 төгрөгийг тус тус гаргуулан 4.854.000 төгрөгийг хохирогч И.Пүрэвдоржид, 53.400 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Батсүхэд, 48.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Мөнгөнтуулд тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, шүүгдэгч Б таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М ийн хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ