Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/42

 

               Н.Адъяабатад холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                          Б.Эрдэнэхишиг

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     А.Баясгалан

                                      Шүүгдэгч                                      Н.Адъяабат /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Баярхүү

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт Нямсүрэнгийн Адъяабатад холбогдох эрүүгийн 2031000000148 дугаартай, 175/2020/0166/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан ба авто хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг, Хонгорморьт 2 дугаар хэсэг, 139 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Мянган овогт Нямсүрэнгийн Адъяабат /РД: МЮ82062817/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Адъяабат нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгорморьт 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 139 тоотод байрлах өөрийн гэртээ согтуугаар эхнэр Б.Уртнасанг бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэн зодож, улмаар хутгаар хэвлийн тус газарт нь хутгалж /зэвсэг хэрэглэж/ биед нь хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Н.Адъяабатад холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Мянган овогт Нямсүрэнгийн Адъяабатыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.Адъяабатад 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Адъяабатад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Адъяабатын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс цонхны үнэ 120,950 /нэг зуун хорин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Т.Отгонсүрэнд нөхөн төлснийг дурьдсугай.

7.Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/шцт/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Н.Адъяабат нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг гарсны дараа өөрийн санаачилгаар эмнэлэг цагдаа дуудаж тусламж үзүүлсэн, мөн цагдаагийн газрын 102 дугаарын утсанд дуудлага өгч сайн дураараа хэргээ илчилж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн биед учирсан гэмтэл хор уршиг бүрэн арилсан, хохирогч шүүгдэгч нар хоорондоо сайн дураар эвлэрсэн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “...Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь хүчирхийлэл үйлдэгчийн байнгын шинжтэй үйлдлээс хохирогч нь сэтгэл санаа, бие эрхтэн, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирдог. Шүүгдэгч нь эхнэр Б.Уртнасангийн эсрэг сэтгэл санаа бие эрхтний хүчирхийлэл үйлдсэн байдал тогтоогдсон... ийм учраас өмгөөлөгчийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулах саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргана. Н.Адъяабат урьд өмнө эхнэр Б.Уртнасанд байнгын сэтгэл санааны дарамт учруулж, бие эрхтний хүчирхийлэл үйлдэж байсан талаар эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт, шийтгэвэр, шийтгэх тогтоол хавтаст хэрэгт байхгүй. Н.Адъяабат нь тухайн хэрэг учрал болох үед эхнэрийнхээ бие эрхтэнд халдсан үйлдлийг гэмт хэргийн шинж болгон заасан тул ямар нэгэн байдлаар хүндрүүлж авч үзэх, эсвэл түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн хэрэглэхэд саад болох үндэслэл биш юм. Н.Адъяабат нь эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах хууль зүйн шаардлагыг хангаж байгаа тул түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар Н.Адъяабатын хорих ялаас 2 жилийг хасах боломжтой хуульчлагдсан учир үүнийг хэрэглэж өгнө үү гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Хүүхдүүдийн минь ирээдүй, цаашдын амьдралыг бодож ялаас минь хасаж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг шүүх хөнгөрүүлж болохоор заасан. Гэмт хэрэг үйлдсэн хүн болгонд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж хорих ялыг хөнгөрүүлнэ гэсэн заалт биш гэж ойлгож байна. Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэл ялын хэмжээг хүндрүүлэлгүйгээр анхан шатны шүүхийн 72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Н.Адъяабатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж өөрчлөлт оруулах саналтай байна. Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хэрэглэж эхэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасахаар заасан тул Н.Адъяабатад оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.Адъяабатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Адъяабатыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.Адъяабатад холбогдох эрүүгийн 2031000000148 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Н.Адъяабат нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Уртнасан /1-р хх-ийн 24-27, 35-36-р ху/, иргэний нэхэмжлэгч Г.Отгонсүрэн /1-р хх-ийн 29-30-р ху/, гэрч Д.Нямсүрэн /1-р хх-ийн 31-33-р ху/, О.Энхжаргал /34-р ху/, Б.Баянбаатар /1-р хх-ийн 37-38-р ху/, Б.Бямбадорж /1-р хх-ийн 39-р ху/, Ж.Туяа /1-р хх-ийн 40-р ху/, Г.Отгонсүрэн /1-р хх-ийн 41-42-р ху/, Э.Гантулга /1-р хх-ийн 44-р ху/, Э.Гантулга /1-р хх-ийн 48-р ху/, Д.Гэрэлт-Эрдэнэ /1-р хх-ийн 50-р ху/, шинжээч С.Бүрэнжаргал /1-р хх-ийн 84-85-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №219 тоот дүгнэлт /1-р хх-ийн 54-55-р ху/, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №ДХҮ/120/19 тоот дүгнэлт /1-р хх-ийн 72-76-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №4051 тоот дүгнэлт /1-р хх-ийн 78-79-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэлийг шүүгдэгчид оногдуулсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөхийг хүссэн шүүгдэгч Н.Адъяабат болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.Адъяабатад оногдуулсан 06 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “... Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.”, “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно... гэж заасан бөгөөд Н.Адьяабат нь хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх түүний үйлдэлд “... гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн дүгнэлт  хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар хийсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн дээрхи дүгнэлт нь Н.Адъябатад холбогдох хэргийн зүйлчлэл, ял шийтгэл оногдуулсан байдалд нөлөөлөхгүй тул шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 1 дэх  заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж  цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Адьяабат болон түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.Адъяабатад оногдуулсан 06 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                               Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                           ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

 

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ