Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2016/00875/и |
Дугаар | 001/ХТ2016/00875/и |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2016/00875/и
Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00790 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 747 дугаар магадлалтай,
Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй,
Монгол-Солонгосын Политехникийн коллежид холбогдох
2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 дугаартай “Ажилд томилох тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 8 012 076 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн тайлбарт: “Миний бие 1998 оноос эхлэн тус сургуульд багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаанд буюу 2001 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Монгол-Солонгосын Политехникийн коллежийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргын ажилд томилогдон үүрэгт ажилдаа нэр хүндтэй, үр дүнтэй ажилласан. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байх хугацаанд эрүүл мэндийн байдлаас 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн актаа ажлын газартаа хүргүүлсэн. Гэтэл тус сургуульд шинээр томилогдсон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Оюунбилэг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 дугаартай “Ажилд томилох” тушаалаар намайг тус сургуулийн “хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар томилж, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 45 минутад 3 хоногийн дотор ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон хөдөлмөрийн гэрээ, бусад хууль тогтоомжид нийцээгүй, өмнөх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад шинээр ажилд томилсон нь үндэслэлгүй. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь Д.Буяндэлгэрийн ажлын байр Хөдөлмөрийн хуульд заасан байнгын ажил төдийгүй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Түүнчлэн өмнөх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад шинээр ажилд томилсон. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаар тушаал нь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай гарсан боловч уг тушаалын 2 дугаар хавсралтаар бүтцийг тодотгож өгөхдөө Сургалтын албыг татан буулгаагүй, орон тоог цөөрүүлээгүй, цомхтгоогүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, халсан, шилжүүлсэн тушаал огт гаргаагүй бөгөөд Сургалтын бодлого, зохицуулалтын алба татан буугдсантай холбогдуулан ажлын байр байхгүй болсон гэж хариу тайлбар ирүүлж байгаа ч Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/126 дугаар тушаалаар Сургалтын алба татан буугдаж бүтэц өөрчлөгдсөн зүйл байхгүй, зөвхөн нэршлийн хувьд сургалтын албаны даргыг, сургалтын албаны менежер гэж өөрчилсөн. Мөн Д.Буяндэлгэрийн ажлыг авах нэрийдлээр ажлын өрөөний хаалга, цоожийг эвдэн орж, тамга болон сургалттай холбоотой бүхий л баримт бичгүүдийг авч, Хөдөлмөрийн сайдын А/126 дугаар тушаалыг хэтрүүлэн хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 гэх тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлт хийсэн. н.Чинзориг сайдын тушаал байгаа. Дүрэм орон тоог баталсан хавсралтаар Захиргаа хүний нөөцийн алба, Сургалтын алба, Хяналт шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан мэргэжилтэн гэсэн бүтэц батлагдсан. Нэхэмжлэгч анхнаасаа Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга байсан бөгөөд үүнийг менежер гэдэг нэртэй болгож, өмнөх ажилтныг ажиллуул гэсэн чиглэлийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өгсөн байдаг. Иймд Монгол-Солонгосын Политехникийн коллеж Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Оюунбилэгийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 дугаартай “Ажилд томилох тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 2 209 664 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг нөхөн гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эмчлүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажилдаа орох ёстой байсан. Тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 89 хоног гарч байгаа. Сүүлийн гурван сарын дундаж цалинг нэмээд нэг өдрийн цалин 90 023 төгрөг гарсан. Үүнийг 89 хоногтоо үржүүлээд 8 012 076 төгрөг болж байгаа тул гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/185 тоот тушаалаар хүчингүй болгосон. Хөдөлмөрийн Сайдын А/126 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/155 тоот тушаал гаргасан. Энэ тушаалын хавсралт ёсоор нэхэмжлэгч нь Сургалтын бодлого зохицуулалтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Шинэ бүтцээр ажиллаж эхлээд нэхэмжлэгчийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 тоот тушаалаар Хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар томилсон боловч тэрээр уг ажил албан тушаалд ажиллахгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байсан учир 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлаа хийх талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гэтэл мэдэгдэх хуудас аваад ямар нэг хариу тайлбар гаргаагүй бөгөөд улсын ажил хэвийн явагдах нөхцөл бололцоо алдагдсан тул коллежийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/185 тоот тушаалыг гаргасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажил гэж шаардах эрх үүсээгүй болно. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдэгдээгүй байхад 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б/185 тоот тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ Монгол-Солонгосын Политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/155 тоот тушаалын 1, 2 дугаар заалтаар хүчингүй болсон, өмнөх албан тушаал нь Сургалт бодлого зохицуулалтын алба татан буугдсантай холбогдуулан байхгүй болсон тул өмнөх ажилд нь эргүүлэн томилох боломжгүй. Хөдөлмөрийн сайдын А/126 дугаартай тушаалыг хэрэгжүүлсэн тушаалтай маргаж байгаа бол сайдын гаргасан А/126 дугаар тушаалтай маргах нь зүйтэй гэсэн саналтай байна. Сайдын дээрх тушаалыг дагаж ирсэн хавсралт бүтцээр 11 орон тоо байхгүй болсон. Тэр дунд энэ хүний орон тоо байхгүй болсон. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуучин алба байхгүй болж түүний оронд сургалтын албаны менежертэй болсон. Төрийн нарийн бичгийн даргын чиглэл хүргүүлэх тухай бичиг нь тушаалаас хойш ирсэн байх. Бид сургалтын албаны даргаар мэргэжлийн ур чадварын хувьд магистр цолтой хүнийг томилсон, нэхэмжлэгчийн хувьд хүсвэл чанарын баталгаажилт хариуцсан ажилтан гэх орон тоо нь хадгалагдаж байгаа учир ажиллаж болно. Мөн өөртөө мэдэгдээгүй гэх боловч Д.Буяндэлгэр өөрөө энэ сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ тушаалыг гарахад мэдэж байсан бөгөөд орон тооны цомхтголд орох юм байна гэдгийг хэлж байсан. Д.Буяндэлгэрийн ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байхад Д.Буяндэлгэр, захирал Г.Оюунбилэг гээд бүгд сууж байгаад уг асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “...би ажилдаа орно...” гэж хэлж байсан. Мөн ээлжийн амралтын хугацаа дуусах үед “...ажлаа хүлээлгэж өгнө...” гэж хурал дээр хэлсэн байдаг. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажил орон тоог нь цомхтгосон юм бол тухайн хүнд шаардлагатай ажлын байранд адил чанарын өөр албан тушаалд томилно гэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч олон жил ажилласан туршлагатай хүн учир хяналт шалгалтын албанд томилсон учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй” гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00790 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Дэмбэрэлийн Буяндэлгэрийг Монгол-Солонгосын Политехник коллежийн Сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Буяндэлгэрийн ажилгүй байсан хугацааны /89 хоног/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.012.047 /найман сая арван хоёр мянга дөчин долоо/ төгрөгийг хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн коллежоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 143 143 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 747 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00790 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилгүүний хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай. “Ажилд томилох тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 89 хоногийн цалин 8 012 076 төгрөг гаргуулах тухай Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж 2016 оны 1 сарын 21-ний өдөр 102/ШШ2016/00790 дугаар шийдвэр гаргасан ба энэхүү шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Харин энэхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа болно. Хөдөлмөрийн сайдын А/126 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/155 дугаартай тушаал гарсан бөгөөд уг тушаалын 2 дугаар хавсралтад Д.Буяндэлгэрийг Хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт гэсэн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү тушаал, түүний хавсралтуудад дурдсан ажил, албан тушаалын өөрчлөлтийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн ба уг хуралд Д.Буяндэлгэр оролцож ажил, албан тушаал нь өөрчлөгдөж байгааг мэдсэн боловч түүнийг эсэргүүцээгүй. Иймээс ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 36.2 дахь хэсэгт заасан “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ" биелүүлсэн гэж үзэх үндэстэй юм. Мөн дээрх Б/155 дугаартай тушаалын дагуу 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б/155/27 дугаартай “Д.Буяндэлгэрийг Хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт гэсэн ажил, албан тушаалд томилох тухай” тушаал гаргасан бөгөөд уг тушаалыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/185 дугаартай тушаалаар хүчингүй болгосон байна. Харин 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/155 дугаартай тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан “өмгөөлөгчид хэргийг танилцуулсан бөгөөд хугацаа авч, танилцах шаардлагатай гээд гарын үсэг зураагүй, хэргээс эхний 53 хуудастай танилцсан болно” хэмээн шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна. Шүүх хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн өглөөний 09.30 цагт товлогдсон болно. Энэхүү танилцаагүй нотлох баримтан дотор жишээ нь: Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Мягмарсүрэнгийн "Чиглэл хүргүүлэх тухай" 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 3/2430 дугаартай нотлох баримтын шаардлага хангасан албан тоот байсан болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр нь Монгол-Солонгосын Политехникийн коллежид холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 дугаартай “Ажилд томилох тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор 8.012.076 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тухайн үед ээлжийн амралттай байсан ба энэ хугацаа дуусаагүй байхад эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн чөлөөтэй байсан, өмнөх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Д.Буяндэлгэрийн ажиллаж байсан албан тушаал бүтцийн өөрчлөлтөд орж, түүнийг өөр албан тушаалд буюу хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтан гэх орон тоонд томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байсан учир ажлын эрх ашгийн улмаас дээрх тушаалаа хүчингүй болгосон, ийм өөрчлөлт хийх болсон талаар тэрээр мэдэж байсан гэж маргажээ.
Монгол-Солонгосын Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Оюунбилэгийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/155/27 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаал, Монгол-Солонгосын Политехник коллежийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/155 тоот тушаал зэргийг үндэслэн Дэмбэрэлийн Буяндэлгэрийг хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар томилж, төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний ТҮ-8 албан тушаалын ангилал, зэрэглэлээр тогтоож, сарын 950.000 төгрөгөөр тооцож хөдөлмөрийн гэрээ байгуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон тухай баримт хэрэгт авагдсан байна.
Дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаал нь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлан, хавсралтаар Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Захиргаа, хүний нөөцийн алба, Сургалтын алба, Хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан мэргэжилтэн гэсэн бүтэцтэй, нийт 136 орон тоотой байхаар баталсан байх бөгөөд “Сургалтын бодлого зохицуулалтын алба” нь “Сургалтын алба” болж, тус “албаны дарга” нь “сургалтын албаны менежер” болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн байна.
Хариуцагч нь Д.Буяндэлгэрийн ажиллаж байсан албыг татан буугдсан гэх үндэслэлээр өөр ажилд томилсон нь буруу бөгөөд тухайн үед нэхэмжлэгч ээлжийн амралттай байж байгаад эмнэлэгт эмчлүүлж байсан нь баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3 дахь хэсэгт зааснаар ажил, албан тушаал хэвээр хадгалагдах байсныг хариуцагч анхаарч үзээгүй буруутай гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан алба болон албан тушаал нь зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг Сургалтын албаны менежерийн ажилд тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д нийцсэн гэж үзнэ.
Д.Буяндэлгэрийн ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах олговрыг тооцохдоо нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудсыг үндэслэн 8.012.047 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00790 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 747 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн коллежийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 143.143 /нэг зуун дөчин гурван мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН