| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2103000000360 |
| Дугаар | 2022/ДШМ/190 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/190
2022 02 17 2022/ДШМ/190 № Т M № 546 МАЛАЛ
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Т.Б-,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2103000000360 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Е овгийн Т-гийн Б-, Хөвсгөл аймагт 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг, Мөрөн сум 0 дугаар баг, 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000000/
Т.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 20 дугаар байрны баруун талын замд “Toyota aqia” загварын 000 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Б- нь эмчилгээний зардалд 859,500 төгрөгийг хохирогч М.Д-д төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 339,550 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б-, иргэний хариуцагч Т.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Б-н ВСD ангиллын 304982 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцааж олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү. Би 15 настай хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг хүн. Эхнэрээсээ 2011 онд салсан. Эрүүл мэндийн хувьд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авто осолд орж толгой, нуруу, гарандаа хүнд гэмтэл авч тархины хүнд хагалгаанд орж, нүүрний цөмөрсөн ясыг хадуулж, цус шимэгдүүлэх хагалгаанд орж байсан. Мөн нурууны сэртэн яс, гарны шууны яс хугарч, гарандаа 8 ширхэг хадаас хадуулж, хагалгаанд орсон боловч огт эдгэхгүй явсаар дахин 2018 оны 1 дүгээр сард хагалгаанд орж, 7 хадаас хадуулж, нүх хооронд нь дахин хадуулсан. Одоо эдгэхгүй байгаа тул 2022 оны 2 дугаар сард гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орно. Миний гарын ясанд яс орлуулагч хийснээс эдгэрч өгөхгүй байнга хөндүүртэй, зовиуртай байгаа тул хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Бас нурууны суулт, муруйлт, сэртэн яс хугархай тул байнгын нурууны бүс зүүж, хүчтэй хөдөлж болохгүй, хүйтэнд даарч хөрч болохгүй, их гам барих заалттай, одоо байнгын эмчийн хяналтанд байдаг. Би 2018 онд уг өвчний улмаас 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Мэс заслын улмаас 1 жилийн хугацаатай сунгаж байсан. Би урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, хэргийн зүйлчлэлд маргаангүй, хохирогчид үлдэгдэл төлбөр болох 339,550 төгрөгийг шүүх хурлын дараа төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал төлнө. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Б-н биеийн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд хохирогч М.Д-гийн “... ажлаа тараад 19 цагийн үед 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны баруун талын замын явган хүний гарцаар гарч явсан. Миний зүүн талаас нилээн хол автомашин ирж байгаа харагдсан. Явган хүний гарцын дунд хэсэгт, бараг өнгөрөх гээд явж байтал суудлын автомашин ирээд миний баруун гар хэсэгт мөргөсөн...” /хх 15/ гэсэн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа /хх 45/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургууд /хх 4-12/, зам тээврийн ослын улмаас хохирогч М.Д-гийн биед зүүн бугалга ясны зөрүүгүй хугарал, зүүн дээд зовхи, баруун бугалганд цус хуралт, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 10624 тоот шинжээчийн дүгнэлт /хх 29-30/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлэг /хх 55-56/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 20 дугаар байрны баруун талын замд “Toyota aqua” загварын 0000УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Д-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Т.Б-н тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчид зогсон зам тавьж өгөх үүргээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байх ба энэ талаар анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Б-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй нөхцөл байдал шүүгдэгч Т.Б-д тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН