Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 399

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Ж.Нямсүрэн,

улсын яллагч: Л.Соёмбо,

шүүгдэгч: Б , түүний өмгөөлөгч О.Баяраа /0333/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2016 2602 3071 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж А.Энхтуяа, эмээ М.Адъяа, охин Б.Намуундарь нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар Б . Шүүгдэгч Б  нь 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүүд дэй” зочид буудлын хүлээн авах хэсэгт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хутга хэрэглэж, ресепшин Д.Алтанбаяр, хамгаалагч Д.Дашзэвэг нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, хутгаар чичин сүрдүүлэн, Д.Дашзэвэгийн зүүн гарыг хутгаар зүсэж, хүч хэрэглэж, зочид буудлын орлогын мөнгө 340 900 төгрөгийг дээрэмдэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр) ТОДОРХОЙЛОХ НЬ: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б  мэдүүлэхдээ: Би эмээдээ мах эвдэж өгнө гэж хэлээд гэрийнх нь шургуулганаас хутгыг нь авч, ажлынхаа цүнхэнд хийсэн боловч гэртээ очилгүй 2-3 хоносон байсан. Найзуудтайгаа уулзахаар явахдаа цүнхээ ажил дээрээ үлдээж, цүнхийг маань хүн уудлах байх гэж бодоод хутгаа халаасандаа хийсэн. Гэхдээ дээрэм хийх санаа зорилгоор хутгыг биедээ авч яваагүй. Зочид буудлаас гарч явах замдаа “Гүүд дэй” зочид буудлын цонхоор шагайж харахад хамгаалагч, ресепшин нар нь унтаж байхаар нь буудалд орж, шүүгээнээс нь мөнгө авсан. Тэгээд тэндээс гарах гэтэл хамгаалагч нь сэрээд “мөнгөө үлдээ” гэхээр нь би халаасандаа байсан хутгыг гаргаж ирсэн. Тэгээд тэндээс зугтааж гараад, дараа нь цагдаа нарт баригдах үедээ авсан 340 900 төгрөгийг буцааж өгсөн. Би өөрийн үйлдэлд маш их гэмшиж байна. Би хулгай хийх гэж л зочид буудал руу орсон юм. Зочид буудлын хамгаалагч сэрэхээр нь сандарсандаа хутга гаргаад өөртөө ойртуулахгүй байж байгаад зугтаая гэж бодсон. Миний хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв. Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Алтанбаяр мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад манай зочид буудалд хамгийн сүүлийн үйлчлүүлэгч ирээд, түүнийг өрөөнд оруулж байрлуулаад байж байхад 05 цаг өнгөрч байхад 1 хүн орж ирж өрөөний үнэ асуугаад гараад явсан. Ингээд би хэсэг амрахаар зочид буудлын үүдэнд буйдан дээр хэвтсэн. Харин хамгаалагч текний ард сандал дээр сууж байсан. Ингээд би нэг хэсэг дуг хийсэн ба гэнэт хүн орж ирэх шиг чимээ гараад цочоод сэрэхэд текний дэргэд хамгаалагч нэг залууг “ахын дүү мөнгөө өгөөд явчих” гэж хэлээд зогсож байсан. Харин 25 орчим насны, цагаан өнгийн пүүз, бараан өнгийн өмд, бор шаргал өнгийн куртиктэй эрэгтэй хүн гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь текний баруун талаар гүйж очин орлогын мөнгө хийсэн шүүгээг харахад шүүгээ онгойсон байсан. Тэгээд би тэр залууг мөнгө авсан гэдгийг мэдсэн. Нөгөө залуу гарч зугтах гээд харин хамгаалагч явуулахгүй гээд гараараа бие рүү нь тулаад, түлхээд зогсож байсан. Харин нөгөө залуу “би та нарын мөнгийг аваагүй, Солонгос хүмүүсийн мөнгө, та нар намайг зүгээр явуулчих, би шийдсэн хүн, намайг Баянгол дүүрэгт битгий хэл мэднэ, намайг зүгээр явуулчих” гээд хамгаалагч болон миний өмнөөс хутгаараа чичээд байсан. Бид тэр залууг яаж ч чадахгүй байсан ба ойр тойрноо харахад шалны мод харагдахаар нь тэр модыг аваад хамгаалагчид өгөхөд хамгаалагч шалны мод аваад тэр залууг цохих шиг болсон. Гэтэл тэр залуу гараад зугтаасан. Харин хамгаалагч араас нь хөөгөөд буудлын үүдэн дээр тэр залууг барьж, ноцолдож байхад тэр залуу хамгаалагчийг хутгаараа дүрчих шиг болоод гарнаас нь мултраад гүйгээд явсан. Тухайн үед би хамгаалагч хөл рүүгээ хутгалуулчихлаа гэж бодоод гүйгээд очиход хамгаалагчийн зүүн гарны булчин хэсэгт хутганы ирээр зүссэн шарх байсан. Харин нөгөө залуу орлогыг аваад зугтаасан. Яг тэр өдөр 340 900 төгрөгийн орлого 3 орсон байсан ба ойролцоогоор 5-6 өрөөнд хүн орсон байсан. Энэ мөнгийг хутга барьсан залуу аваад зугтаасан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас) Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Дашзэвэг мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагт “Гүүд дэй” зочид буудал дээр буюу ажил дээрээ ирээд хамгаалагчийн ажлаа хүлээн авсан. Энэ өдөр надтай ресепшин Д.Алтанбаяр ажиллаж байсан юм. Ер нь бол ажил хүлээн авснаас хойш 10- ны өглөө 06 цаг хүртэл бүх зүйл хэвийн явагдаж байсан ба хамгийн сүүлийн зочныг 05 цаг өнгөрч байхад хүлээн авч, өрөөнд нь оруулж байрлуулсан. Хүн ирэхгүй байсан тул Д.Алтанбаяр зочид буудлын үүдний хэсэгт байх буйдан дээр, харин би ресепшиний сандал дээр суугаад зүүрмэглэсэн байсан. Гэтэл чимээ гарах шиг болоод би цочоод сэртэл яг миний ард талд хүрэн өнгийн куртиктэй, 25 орчим насны, хар ноосон малгай, цагаан пүүз, хар өнгийн жинсэн өмдтэй залуу зогсож байсан. “Чи юу хийж байгаа юм” гээд тэр залууг бариад авах гэтэл нөгөө залуу куртикний халааснаасаа хутга гаргаж ирээд “ойртвол ална шүү” гэхээр нь би ресепшин Д.Алтанбаярыг дуудаад, “орлогын мөнгөө үз” гэхэд тэр үзээд “орлогын мөнгө авчихсан байна” гэсэн. Тэгээд би тэр залууг “мөнгөө гаргаж өгөөд яв” гэхэд “би шийдсэн, Баянгол дүүргийн цагдаад бүртгэлтэй байгаа” гээд хутгаа урдаа бариад ойртуулахгүй байсан ба “камертаа шүүгээд намайг олж аваарай” гээд гарах үүд чиглээд байхаар нь би түүний замыг хаагаад гаргахгүй гээд зогсож байсан. Тэр залууг барьж авах гэтэл биедээ ойртуулахгүй хутгаа урдаа бариад чичээд, “надад алдах юм байхгүй, би хутгаар таныг хатгачихаад явчихна шүү” гээд биедээ ойртуулахгүй байсан. Гэтэл энэ үед Д.Алтанбаяр шалны мод аваад ирэхээр нь тэр залууг шалны модоор хатгах гэхэд модноос зуурч аваад намайг өөрөөсөө холдуулан хаалгаар гараад гүйхээр нь би куртикнээс зуурч аваад ноцолдсон ба тэр залуу хутгатай байсан болохоор би яаж ч чадахгүй тавьж явуулсан гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: Б  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Б  нь 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 06 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүүд дэй” зочид буудлын зочин хүлээн авах хэсэгт ресепшин Д.Алтанбаяр, хамгаалагч Д.Дашзэвэг нарыг унтаж байхад тус буудалд нэвтрэн орж, шүүгээнээс нь буудлын орлогын мөнгө 340 900 төгрөг хулгайлж аваад гарах гэхэд түүнийг буудлын орлогын мөнгө авсныг мэдэж, хохирогч Д.Дашзэвэг “мөнгөө өгөөд яв” гэж хэлэхэд шүүгдэгч хулгайлсан мөнгийг өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор “би шийдсэн хүн, Баянгол дүүргийн цагдаад бүртгэлтэй, камертаа шүүгээд намайг олж аваарай, надад алдах юм байхгүй, би хутгаар таныг хатгачихаад явчихна шүү” гэж хутга урдаа барин чичиж, амь биед хүч хэрэглэж, зүүн гарыг хутгаар нь зүсэж, 340 900 төгрөгийг дээрэмдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.Алтанбаяр, Д.Дашзэвэг нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай 4 тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Дашзэвэгийн гэмтсэн хэсгийн гэрэл зургийн үзүүлэлт, илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан гэж үзэв. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т “Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газраас Б гийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтлохдоо хутга хэрэглэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нь ар гэртээ, эмээ, ээж, 8 настай охин Б.Намуундарь нарын хамт амьдардаг, үйлдсэн хэргээ ойлгон, гэмшсэн, хохирогч гомдол, саналгүй байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 5 Б  нь бусдыг дээрэмдэх санаа зорилгогүй хулгай хийхээр буудалд орсон, түүнийг мөнгө аваад буцаж гарах үед хамгаалагч, ресепшин нарын буудлын орлогын мөнгийг үлдээгээд яв гэхэд тэндээс гарахын тулд хутга хэрэглэсэн тул шүүгдэгчийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн өмгөөлөгч О.Баяраагийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, түүний цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си ди бичлэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б г зэвсэг хэрэглэн бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б г эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б гийн эдлэх 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б гийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 13.5 см, иш 10.5 см, нийт 24.5 см урттай шар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН ШҮҮГЧИД Ч.ОТГОНБАЯР А.АЛТАНХУЯГ