Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/191

 

 

 

 

 

 

 

 2022          02           17                                          2022/ДШМ/191                                                                                                                                                                                         

Х.А-д холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Н.У-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

шүүгдэгч Х.А-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/2079 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.А-д холбогдох 1910026490681 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Халтарын А-, Улаанбаатар хотод 1978 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “-” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Рапид харш хорооллын 00 дугаар байрны 000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/,

Х.А- нь 2014 оноос хойш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Рапид харш хорооллын 00 дугаар байрны 00 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.У-ыг бусадтай хардаж “Өлөгчин, тийп, п..., лалар, янхан” гэх мэтээр харааж, толгой, нуруу хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр байнга зодож, толгой дээр нь хутга ирлэх, хаалганд зоох зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан,

2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эхнэр Н.У-ыг “Ангийнхаа уулзалтад явах гэлээ” гэх шалтгаанаар нуруунд нь хэд хэдэн удаа цохиж, хэвлийд нь өвдөглөх зэргээр зодсон, 2019 оны 02 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ эхнэр Н.У-ыг “Өлөгчин, тийп ...” гэх зэргээр доромжилж толгойн ар хэсэг рүү нь цохиж зодсон, 2019 оны 08 дугаар сард “Хоёр хүүхдээ аваад ээж рүүгээ явах гэлээ” гэх шалтгаанаар гэртээ эхнэр Н.У-ыг баруун гуя хэсэгт нь 2-3 удаа өшиглөж, баруун хөлийн хуруун дээр дэвсэх, толгой ар хэсэгт цохих зэргээр зодсон, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ эхнэр Н.У-ыг “Мөчилж ална” гэж заналхийлэн, хутгаар хаалга руу зоон сүрдүүлж, толгой руу гараараа хоёр удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Х.А-ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ эхнэр Н.У-ыг бусадтай хардаж “өлөгчин, тийп ...” гэх мэтээр харааж, толгой, нуруу хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр байнга зодож, толгой дээр нь хутга ирлэх, хутгаар хаалга үүдийг нь цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргээр зүйлчилжээ. “Харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан” гэх гэмт хэргийн үйлдэл тус бүрдээ хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдэгдсэн болох, үйлдлийн давтамж, цаг хугацаа, эхлэл, төгсгөл зэргийг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр хэт ерөнхийлөн дүгнэсэн. Мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.У-ыг байнга зодсон” гэх үйлдэлд хамаарах хэргийн 2 дугаар хавтас 14 дүгээр талд авагдсан шийтгэвэрт дурдагдсан үйл баримтаас өөр үйл баримт эсэх, хэрвээ нэг үйл баримтын тухай бол энэ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” буюу шийтгэвэрт бичигдсэнээр зөрчил мөн эсэх, эсхүл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдсан, заналхийлсэн гэмт хэргийн шинжид хамаарах эсэх асуудлыг нэг мөр шалган тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хуульд заасан журмын дагуу үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзээд хэргийг прокурорт буцааж, Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.А-ын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ шийдвэр нь өмгөөлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит үнэнд нийцэхгүй байна. Х.А- удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Н.У-ын хувийн догшин ширүүн ааш араншинг тэвчиж тэсвэрлэхэд хүндрэлтэй, байнга архидан согтуурдаг, гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэдэг. Улсын яллагч Б.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд амьд явах эрхэд халдсан, заналхийлсэн гэмт хэргийн үйлдэл холбогдол тогтоогдоогүй талаар тодорхой тайлбар холбогдох нотлох баримттайгаар няцаадаг юм. Х.А-ын 2019 оны 09 дүгээр сарын 03-ны үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 656 дугаар шийтгэвэрээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчихийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрхи гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ. Харин Н.У-, Х.А- нарын хооронд үүссэн маргаан тэмцэл нь нэг талын давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гарсан байх тул Х.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Цаашилбал мөрдөн байцаалт болон прокурорын шатанд амьд явах эрхэд халдсан заналхийлсэн гэмт хэргийн үйлдлийг мөрдөн байцаалтын ажиллагаанд тогтоож чадаагүй юм. Шийтгэвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй шийтгэвэр хүчин төгөлдөр болоод нилээд хугацаа өнгөрсөн байгааг ч шүүх анхаарч үзэх үүрэгтэй байсан. Эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгч шинжээч томилсон байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч П.Энхтуяа 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Н.У-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн 7909 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Мөн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлсэн. Гэрчүүдийн мэдүүлэгт “...эхнэрээ зодож байхыг хараагүй, нөхөртөө зодуулж гэмтэл авсан байхыг харж байгаагүй...” гэж тэмдэглэсэн байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн сэтгэл зүйч И.Бумзаяа “... А- болон У нарын хүүхдүүд сэтгэл гэмтсэн зүйл ажиглагдаагүй ба зайлшгүй сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай байсан. Нэмж хэлэхэд би бодохдоо А.Н, А.Б нарыг ээж нь уулзахдаа үгийг нь зааж өгсөн юм шиг санагдсан Б хаалганы цаанаас чагнаж байгаа гээд ярьж байсан тэгэхээр нь би хаалга нээтэл ээж нь хаалга чагнаж байсан...” гэж, гэрчүүд болох Б.Х, Г.Т, X.Н, Х.П, Ж.Б, Б.А, Д.Г, Ж.Б нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар Х.А- байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь нотлогдоогүй юм.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хөндлөнгийн гэрч О.Э, Б.Зг байлцуулсан гэх боловч хөндлөнгийн гэрч нарийн регистрийн дугаар, хаяг нь бичигдээгүй, иргэний үнэмлэх нь байхгүй. Хөндлөнгийн гэрч оролцуулсан ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Түүнчлэн Н.У- нь зохиомол үйл ажиллагаа явуулан хэргийн газарт нөхөн үзлэг хийлгэсэн байгаа нь хууль зөрчсөн. Үүнд, шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй учир дутагдалтай. Сэтгэл судлаач гэрчийн мэдүүлэгт “тухайн гэр бүлийн эхнэр, нөхрийг худал хэлж гүтгэх буруу шаадаг” гэж үнэлсэн байна. Гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар X.А- нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохыг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлож чадаагүй байна. Төрсөн охин А.Н, хүү А.Б нарыг төрсөн эцэг X.А-ын асрамжинд үлдээх тухай шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа нь түүнийг үр хүүхэд, гэр бүлдээ хайр халамжтай эцэг болохыг нотолж байна. 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2019 оны 8 дугаар сарын үйлдлүүд, хил хамгаалах газрын мэдээлэл, хохирогч гэх Н.У-ын гадаад паспортын дарцаар болон холбогдох нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдсан билээ. Хохирогч нь 2014, 2015, 2018 оны үйл явдлуудын талаар ярьж гомдоллодог. Миний үйлчлүүлэгчийг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн болон АСАП сангийн лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар 10 цагийн хугцаагаар албадан сургалтанд хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Х.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдол тогтоогдохгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан хугацаа өнгөрснийг шүүх анхаарч үзэх үүрэгтэй. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч .... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хууль тайлбарлахад эргэлзээ гарвал ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн захирамж байх тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

            Хохирогч Н.У-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж үндэслэлтэй. Учир нь, бидний зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн завдалтын шинжтэй гэж үздэг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт хүсэлтээ гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Улмаар энэ саналаа шүүх хуралдаанд дахин гаргахад шүүх уг асуудлаар зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх бүртээ хутга барьж хаалга сийчиж, зоож байхад түүнийг нь зөрчлийн хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид завдалт гэх зүйлийг оруулах шаардлагагүй байх. Ийм учраас захирамжийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү”  гэв.

            Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгч хүнийг алахаар завдсан гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ална гэж хутгаар хаалга руу зоож сүрдүүлсэн нь хохирогчийг тарчлаан зовоосон, айлган сүрдүүлсэн үйлдэл болохоос бусдыг алахад чиглэсэн санаатай үйлдэл байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гараагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Х.А-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн байдал нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлоход нөлөөлөхгүй тул 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болсон асуудлыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн байнга гэсэн тооны шинжид гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг хамааруулан ойлгодог бөгөөд энэ нь хамгийн наад захын шалгуур юм. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа гурван үйлдлээр нотлогдсон байх шаардлагатай. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийн үйлдэл тус бүрээр хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдэгдсэн цаг хугацаа, эхлэл, төгсгөл зэргийг нарийвчлан тусгаагүй байх боловч 2014 оноос эхлэн байнга зодсон гэж тодорхойлсон цаг хугацааны дотор хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хоорондын харилцааг илэрхийлсэн гар утасны захидлууд болон бусад нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийх замаар дутуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Х.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/2079 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН