2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/957

 

 

 

 

 

 

    2026          04           07                                   2026/ШЦТ/957

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2509 02994 0279 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.О-той холбогдож Toyota estima загварын тээврийн хэрэгслийг бусдад зарж өгөхөөр тохиролцон автомашиныг авч яван, бусдад худалдаж, уг автомашиныг худалдан борлуулсан мөнгийг өөртөө авч хохирогч Ж.О-д 21,100,625 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр дээрх автомашиныг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчинд *********** гэсэн хаягаас “2012-2022 Toyota Estima V6 3.5L 4wd Full option zarna Utas ***********” гэх утга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Г.П-ид “байрны бартерт орж ирсэн машин” гэж хуурч уг автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансаар, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************ тоот дансаар 1,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 42,100,625 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гарах цаг хугацаанд би ажил хийдэггүй байсан. Одоо би *************** жолооч ажил хийж байгаа ба энэ ажилдаа 2025 оны 06 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Хохирол төлсөн баримт миний гар утсан дээр байгаа ба 25,000,000 төгрөгт тооцож машинаа өгсөн. Г.П машинаа авна гээд авсан. Харин бөгжөө ломбардад тавьсан гэсэн ба тухайн бөгжөө надаар авхуулмаар байна гэж хэлсэн. Одоо надаас 2,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа гэсэн ба би өгөх ёсгүй гэж бодож байгаа. Тухайн машиныг Г.П-ид шилжүүлэн өгсөн боловч завгүй байна гээд надад баримтыг нь хэвлэж өгөөгүй утсан дээр зураг нь байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- Хохирогч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөртөө тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор фейсбүүк цахим хуудаснаас зар харж байгаад Mercedes Benz сонирхогчид гэх пэйж хуудсан дээр ************* гэсэн хаягаас “2012-2022 Toyota Estima V6 3.5L 4wd Full option zarna Utas *************” гэх утга бүхий зар байхаар нь машиныг үзэж сонирхох зорилгоор тухайн утас руу залгаж үл таних эрэгтэй хүнтэй холбогдсон. Машины талаар асуухад байрны бартерт орж ирж байгаа тээврийн хэрэгсэл байгаа юм. Үнийн хувьд 25,000,000 төгрөг гэсэн ба ярьж хөөрөөд 24,000,000 төгрөгт худалдан авахаар болоод Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын гадаа уулзаад үзэж сонирхоод авахаар болоод 20,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ************* тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны ************* тоот данс руу estima гэх утгатайгаар шилжүүлээд тээврийн хэрэгслийг би аваад үлдсэн. Мөнгөө шилжүүлсний маргааш нь машины нэрийг шилжүүлж авахаар болоод салцгаасан. Маргаашаас нь утас нь холбогдохгүй байсан ба хэд хоногийн дараа өөрөө “дүү нь утсаа хаясан таны дугаар байхгүй байсан болохоор холбогдож чадаагүй” гэсэн ба янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд машины нэр шилжүүлж өгөөгүй. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр холбогдоод үлдэгдэл мөнгөнөөс 1 сая төгрөгийг асуухаар нь өөрийн Хас банкны ************* тоот данснаас ************* тоот данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд холбогдохгүй байж байгаад 2025 оны 06 сарын 04-ний өдөр над руу өнөөдөр нэр усыг шилжүүлээд өгье та бичиг баримтаа өгчих гээд надаас миний иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад явсан. Үүнээс хойш огт холбогдоогүй ба 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс холбогдоод машины талаар асуусан. Миний бодлоор тээврийн хэрэгслийн эзэн өргөдөл гаргасан байх. Бүх гүйлгээг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. Харин бичиг баримтуудаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөнзавъяа дээр байхдаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас),

- Хохирогч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр миний танилын дүү надтай холбогдож зарах машин байвал зараад өгье гэсэн. Тэгэхээр нь би Toyota estima загварын тээврийн хэрэгслийг бусдад зараад өг гэж хэлэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Лаунжийн гаднаас ************* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг аваад явсан. 7 хоногийн дараа дахин холбогдож “хүнд зээлээр худалдан борлуулах гээд байна, та гэрээ хийгээд өгөөч гэсэн. Дараа нь больчихлоо гэсэн. 2025 оны 06 дугаар сарын 03-нд дахин яриад дахин зээлээр зарах гээд байна та нотариат дээр гэрээ хийгээд өгөөч гэхээр нь очих гээд явж байхад гэрээ хийх хүн маань утсаа авахаа больчихлоо гэсэн. 1 цаг гарангийн дараа үл таних эрэгтэй хүн холбогдож 21,000,000 төгрөг өгөөд тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүн байна. 25,000,000 төгрөг өгөөд 4 саяын үлдэгдэлтэй гэсэн. Тэгэхээр нь би учир байдлаа хэлж тээврийн хэрэгслийг хэзээ худалдан авсан талаар нь асуухад 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хавьцаа худалдан авсан талаараа хэлээд хэд хоног хүлээгээд цагдаад хандах талаар хэлсэн. Би өөрөө 2025 оны 06 дугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст залилуулсан талаараа гомдол гаргаж хохирогчоор мэдүүлэг тайлбараа өгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. ************* улсын дугаартай цагаан өнгийн Toyota Estima маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Х-ыг танина, манай хуурай дүү. Х-ын аавтай нэг газар цуг ажилладаг байсан (нэг газар хамт талбай түрээсэлж машин зардаг байсан) тэр үед Х-тай хуурай ах дүүс болсон 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл холбоотой байгаа. (Та Хаан банкны ************* дугаарын тоот дансыг эзэмшдэг үү?) Тиймээ би энэ дансыг эзэмшдэг. Тухайн дансыг ашиглаад 10 гаруй жил болж байна.  Би Х-аар тухайн үед 3-4 тээврийн хэрэгсэл заруулахаар өгсөн. Тодорхой сайн санахгүй байна тэр үед нэг тээврийн хэрэгслээс 5,000,000 төгрөг дутуу өгсөн. Би энэ талаар лавлаж асуутал хадам ээж эргэлтийн юм руу мөнгө оруулах хэрэгтэй байна гээд мөнгө асуухаар нь би зарсан машинаас 5,000,000 төгрөг авсан шүү, удахгүй өгнө гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд удалгүй миний дансанд 5,000,000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

- Тоёота Истима маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Хын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 33-45 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Хын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-50 дугаар хуудас/,

- Estima Owners Club (2006-2010) гэх фейсбүүк цахим орчинд байршуулсан зар болон харилцсан чатны хуулбар /хх-ийн 52-64 дүгээр хуудас/,

- Хохирогч Г.П-ийн Хаан болон Хас банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

- Дамно компанийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн СБ-26-28 дугаартай “...21,100,625 төгрөг...” гэх дүгнэлт гэх тэмдэглэл /хх-ийн 89-93 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Од ахтай холбогдож өөрийнх нь нэр байдаг тээврийн хэрэгслийг зарж борлуулж өгнө гэж авч явсан нь үнэн. Би ************* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг фейсбүүкээр Г.П гэх хүнтэй холбогдож байгаад 25,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, түрүүлээд 21,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн ************* тоот дансанд шилжүүлж авсан. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг нэр шилжүүлсний дараа өгнө тохиролцсон. Тухайн мөнгийг О ахад өгөх ёстой байсан ч өгөөгүй. Яагаад гэвэл араас нь надад мөнгө орж ирэх ёстой байсан болохоор тэр мөнгийг орж ирэхээр нь өгье гэж бодоод, тухайн тээврийн хэрэгслийн 21,000,000 төгрөгийг О ахад өгөлгүй хувьдаа зарцуулсан. Би уг мөнгөөр пүүз гутал болон, өртэй байсан хүмүүстээ өрөө өгсөн. Одоогоор төлж барагдуулсан зүйл байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/,

- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 125 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Х нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.О-той холбогдож Toyota estima загварын тээврийн хэрэгслийг бусдад зарж өгөхөөр тохиролцон автомашиныг авч яван, бусдад худалдаж, уг автомашиныг худалдан борлуулсан мөнгийг өөртөө авч хохирогч Ж.О-од 21,100,625 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр дээрх автомашиныг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчинд ************* гэсэн хаягаас “2012-2022 Toyota Estima V6 3.5L 4wd Full option zarna Utas *************” гэх утга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Г.П-д “байрны бартерт орж ирсэн машин” гэж хуурч уг автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансаар, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансаар 1,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 42,100,625 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас нийт 42,100,625 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.О-од учирсан хохирлыг нөхөн төлсөн. Харин хохирогч Г.П-ид учирсан 21,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан гэх боловч нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан. Хохирогч нартай холбоо барьж төлж барагдуулсан. Машинаа авах уу гэж асуухад Ж.Од мөнгөө авна гэж хэлээд мөнгөө авсан ба Г.Пүрэвдорж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.Одтой холбогдож Toyota estima загварын тээврийн хэрэгслийг бусдад зарж өгөхөөр тохиролцон автомашиныг авч яван, бусдад худалдаж, уг автомашиныг худалдан борлуулсан мөнгийг өөртөө авч хохирогч Ж.О-од 21,100,625 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх автомашиныг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчинд ************* гэсэн хаягаас “2012-2022 Toyota Estima V6 3.5L 4wd Full option zarna Utas 95150400” гэх утга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Г.П-д “байрны бартерт орж ирсэн машин” гэж хуурч уг автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансаар, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансаар 1,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 42,100,625 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Ж.О-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн худалдан борлуулж өгөхөөр тохиролцож авч явсан байх ба цахим сүлжээнд тавьсан зарын дагуу холбогдсон хохирогч Г.П-ид байрны бартерт орж ирсэн машин тул зарна гэж итгүүлэн 24,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өөрийн харилцах дансаар авч, тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч хохирогч Ж.О болон хохирогч Г.П нартай холбогдохгүйгээр тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй үйлдэл нь бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгож “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Түүнчлэн хохирогч Ж.О-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хохирогч Г.П-ид худалдан борлуулсан 21,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд буюу өр зээлээ дарах, өөртөө хувцас худалдан авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бусдыг залилах сэдэл, санаа зорилготой байсан нь тогтоогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Ж.О, Г.П нарт хохирол учруулан үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.Хын үйлдэл нь “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйгэв.

Шүүгдэгч Б.Х эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй ба сарын 2,000,000 төгрөгийн цалин авдаг тул улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Х нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О-д 21,100,625 төгрөгийн, хохирогч Г.П-д 21,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх боловч шүүгдэгч Б.Х нь уг хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Б.Х нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Х-ыг “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Хт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ