| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0093/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ийн *******т холбогдох эрүүгийн 2017 0108 0159 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1*******-ны өдөр *******анд төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монос” их сургуулийн эм зүйн ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамтаар *******,*******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай овогт ийн *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэрэлж-бүүвэйт”-ийн 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ иргэн Ч.тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэрэлж-бүүвэйт”-ийн 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ иргэн Ч.тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр найз Халиунаагийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд Тэрэлжийн Бүүвэйтийн 2 тоот руу явцгаасан. Тэрэлжийн амралтын газрын эгч машинтайгаа ногоон зүлгэн дээгүүр явлаа, эндээс явцгаа гээд уурлаад байхаар нь хэрүүл хийж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Бид нар гэр түрээслэж авсан болохоор гэрийнхээ мөнгийг авч байж явна гэж хэлээд маргалдсан юм” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.ы өгсөн “...Би Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид “Бүүвэйт” 2 гэдэг амралтын газар ажиллуулдаг юм. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байхад 62-47 УНК улсын дугаартай Приус маркийн машинтай 2 хүүхэн, 3 залуу ирж нэг гэр 45,000 төгрөгөөр хөлсөлж авсан тэгээд орой нь 22 цагийн үед мөн нэмж дахиад өөр өнгийн приус маркийн машинтай хүмүүс ирсэн. Тэгээд орой архи ууцгааж байгаа бололтой байсан ба машин унаад нааш цааш яваад машинтайгаа эргэлдээд хөөцөлдөөд байхаар нь 01 цагийн үед очоод “миний дүү нар хэтэрхий архи уусан байна айл амьтнаас хэл ам ирээд байна” гэтэл тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан одоо мэдсэн Халиунаа гэдэг охин “бид нар хаана ч архи уух эрхтэй насанд хүрсэн хүмүүс мөнгөө төлж танайд ороо биз дээ” гэсэн яг тэгж хэлээд байж байтал манай хүү Ганбаяр араас ирээд “та нар одоо арай хэтэрлээ наагуур чинь олон зам гараад байна битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Тэр үед харанхуй байсан манай хүүхэдтэй “тэгвэл мөнгөө авъя бид нар явлаа” гээд хэрэлдээд байсан. Тэгтэл манай хүү “яая пизда цээж урчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хүүтэйгээ гэр рүүгээ явсан. Ер нь хоёр гэр хоорондоо ойрхон юм. Гэртээ ирээд байж байтал бүгдээрээ машиндаа суугаад хүрээд ирсэн. Тэгээд “мөнгөө авъя бид нар явлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад “та нар маргааш хөлсөлж авсан гэр ороноо ямар болгосноо хараад тэгээд мөнгөө” ав гэж хэлсэн. Тэгтэл манай бэр Алтансувд “та нар ямар даварчихсан юм бэ? Дугаарыг нь харчихая цагдаад өгнө” гэж хэлтэл тэр үед машинаас буучихсан байсан ******* гэдэг хүүхэд нь манай бэр Алтанцэцэгийг алгадаад авсан юм. Тэгэхээр нь “хүүе чи яаж байгаан бэ хүүхэд алгадаад” гэж хэлтэл ******* шууд үснээс зулгаагаад авсан. Манай байгаа газар бага зэрэгийн уруу болохоор доош нь үсдээд чирээд ам руу маань гараа хийгээд жавжнаас татсан. Тэр үед би бас үснээс нь зулгаасан. Тэгтэл хамт явсан хүүхдүүд нь бүгд над дээр ирээд хэн нь салгах гээд байгаа, хэн нь цохиод байгаа нь мэдэгдэхгүй зууралдаад явчихсан. Санаатай ч өшиглөөд байгаа юм уу, салгах гэж байгаад хөлөөрөө цохиод байгаа юм уу мэдэхгүй байсан. Би *******тэй зууралдаад газар уначихсан байсан юм. Тэгээд тэнд байсан хамт явсан залуучууд хүүхнүүд хүчээр тавиулсан. Тэгээд тэд нар баян айлын хүүхдүүд мөнгө авахгүй гээд яваад өгсөн. Тэгээд араас нь машинаа асаагаад би нөхөртэйгээ хамт араас нь яваад амралтанд орчихсон байхад нь цагдаад хэлж бариулсан. ...надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-16, 177 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Алтансувдын өгсөн “...Гэрээс гарахад тэнд байсан хүмүүс орилолдоод янз бүрээр хэлээд дайраад байхаар нь би унаж явсан нэг машиных нь дугаарыг хараад “одоо та нарын машины номерыг харчихлаа одоо цагдаа дуудна” гэж хэлэхэд тэр үедээ нэрийг мэдээгүй бор савхин куртизтай охин нь дараа нь нэрийг нь асуухад ******* гэдэг охин “юу гээд байгаа юм янхан минь” гэлүү нэг үг хэлээд над руу хүрч ирээд намайг баруун талын хацар руу алгадаад авсан. Тэгтэл ээж маань “хүүе чи чинь яаж байгаа юм бэ” гэж хэлтэл ээжийг шууд үсдээд авсан. Тухайн үед газар уруу байсан болохоор ээж ******* гэх хүүхэнтэй газар зууралдаад унасан. Тэр үед ээж бас *******ийн үснээс зулгаасан тэр үед залуучууд, хүүхнүүд нь салгах гээд байгаа юм уу нийлж зодоод байгаа юм уу шуугилдаад овооролдоод явчихсан. Би бодохдоо салгах гэж байсан гэж бодож байна. Тэр үед *******тэй хамт явсан хүмүүс нь “хүүеээ чи болиочээ” гээд байсан. Тэгээд тэнд байсан залуучууд салгасан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч О.Ганбаярын өгсөн “...23 цаг өнгөрөөд 00 цаг болж байхад байхаа цагийг нь сайн санахгүй байна. нөгөө амрагч нар хоорондоо маргалдаад байгаа бололтой машинтай хашаан дотор яваад байхаар нь би ээжтэй хамт очиж хэлсэн боловч өөдөөс хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд нэг залуутай нь зууралдаж байгаад салаад гэртээ эргэж ирсэн. Тэр үед миний цээжин хэсэг маажигдсан бололтой улайчихсан байсан. Би тэр залууг юмаар зүсчихлээ л гэж бодсон. Тэгээд гэртээ ирээд байж байтал нөгөө залуучууд хүрч ирээд хэрүүл хийж эхэлсэн. Тэр үед ээж болон эхнэр Алтансувд нар нь гарсан. Тэгээд хоорондоо маргалдаад байсан учир гэрээс гарах гэтэл намайг залуу нь хориод гаргаагүй. Нэг эмэгтэйтэй ээж зууралдаад газар уначихсан бусад нь салгаад байгаа юм уу нийлж зодоод байгаа юм уу мэдэгдэхгүй байсан. Тэгээд арай гэж салаад нөгөө машинтай залуучууд яваад өгсөн. Тэгээд бид нар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 144-145 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №08 шэ/218 дугаар:
/хх-ийн 20 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 66 дугаар тал/
Дорнод аймаг Хэрлэн сум*******ийн Засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 67 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 189 дүгээр тал/
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт Б.*******ийн гаргасан хүсэлт /хх-ийн 190 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг хохирогч Ч.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар байх боловч яллагдагч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу ялаас чөлөөлөх гэсэн саналыг харгалзан шүүгдэгч Б.*******ийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ийн *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ийг ялаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ