Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/211

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                   

 2022              02           23                                         2022/ДШМ/211                                                                          

 

Ц.Зд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Ц.Шагдар,

            хохирогч Л.Нарантуяа,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/02 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Шагдарын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Зд холбогдох 2109006611013 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-гийн З, Дархан-Уул аймагт 1989 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “-” эмийн санд эм зүйчээр ажилладаг гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Яармагийн 00 дугаар гудамж 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000000/.

Ц.З нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжийн 403174453 тоот дансанд байршуулж хадгалуулсан иргэн Л.Н-гийн 32,000,000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 49 удаа нийт 29,082,027 төгрөгийн зээл авч, үүнээс хохирогчийн байрны түрээсийн төлбөрт 7,600,000 төгрөг, байрны урсгал зардлын төлбөрт 1,948,225 төгрөг, нийт 9,548,225 төгрөгийг зарцуулж, зээлээ төлөөгүйн улмаас 2020 оны 05 дугаар сарын 22, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд хадгаламж дахь мөнгөнөөс суутгуулж Л.Н-д 19,533,802 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ц.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.З нь 49 удаагийн үйлдлээр завших гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгогдохоор байгаагаас гадна хэзээ төгссөн нь тодорхойгүй байна. Мөн прокурор шүүхийн хэлэлцүүлэгт “... шүүгдэгч Ц.Згийн дансанд байршсан 2,517,913 төгрөг нь шүүгдэгчийн мөнгө...” гэх тайлбарыг гаргасан боловч үндэслэлээ тайлбарлаагүй.  Ц.Згийн дансанд байршсан мөнгө нь хохирогч Л.Нарантуяагийн мөнгө бөгөөд түүнээс орсон ашиг, хүүний орлого нь Нарантуяагийн мөнгө юм. Мөн хохирогчийн зүгээс байрны түрээс 1,500,000 төгрөг, урсгал зардалд 1,948,000 төгрөг төлснийг завшсан гэж үзээгүй. Гэтэл энэ мөнгийг хохиролд тооцуулахаар тусгасан нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “...Төрийн банкны урсгал зардал төлж байсан талаарх СӨХ-ний баримт, түрээс төлж байсан төлбөрийн баримт, төрийн банкны дансны хуулга бүхий 40 хуудас нотлох баримтыг, мөн “-” эмийн сангаас нийгмийн даатгал төлж байсан талаарх баримтыг тус тус гаргаж өгсөн... Дээрх баримтууд дээр нэмээд шүүгдэгч Ц.Згийн өдөрт зарцуулж байсан бүх зардлуудыг, мөн 2 жилийн хугацаанд зарцуулсан 35,000,000 төгрөгийн жагсаалтыг мөрдөгчид гаргаж өгсөн...” гэх боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх яллах дүгнэлтийг нягт нямбай анхаарч үзэлгүй дүгнэжээ. Учир нь яллах дүгнэлтэд завших гэмт хэргийн үйлдлийн арга, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, төгссөн цаг хугацаа, учруулсан хохирол зэрэг шаардлагатай үйл баримтыг тодорхой тусгасан. Завших гэмт хэрэг нь хэлбэрийн бус материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлж захиран зарцуулснаар төгсдөг. Иймээс яллах дүгнэлтэд 2020 оны 05 дугаар сарын 22, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд барьцаалсан хадгаламж дахь мөнгөнөөс суутгуулж, Л.Н-д бодит хохирол учруулсан гэж тусгасан нь завших гэмт хэргийг хэзээ төгссөнийг илтгэж байна. Харин 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 49 удаа хугацаатай хадгаламж барьцаалан зээл авч байгаа үйлдэл нь завших гэмт хэрэг үйлдэх арга юм. Өөрөөр хэлбэл, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг барьцаалж зээл авч өөрийн хэрэгцээнд зарцуулсны дараа уг зээлийн төлбөрийг төлөлгүйгээр Л.Н-гийн итгэмжлэн хариуцуулж хадгалуулсан эд хөрөнгөөс суутгуулах замаар завшсан байх тул дээрх байдлаар яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн.

Шүүгдэгч, өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид баримтууд гаргаж өгсөн гэдэг боловч мөрдөгч тухайн баримтыг хүлээж авсныг нотлох баримт хэн аль нь гаргаж өгч чадаагүй. Мөн хэргийн материал танилцуулахад оролцогчид гаргаж өгсөн гэх баримтууд нь хэрэгт авагдаагүйг мэдэх боломжтой байсан. Нөгөө талаар, дээр дурьдсан баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдолгүй, хэрэгт цугларсан баримтаар завших гэмт хэрэг үйлдэгдсэнийг бүрэн тогтоох боломжтой.

Гаргаж өгсөн гэх баримт нь хэрэгт авагдаагүй болохыг дурдаж хэргийг прокурорт буцаасан атлаа мөрдөн шалгах ажиллагаагаар чухам юу хийлгэх, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасны шүүгдэгчийн мөнгө биш гэж үзсэн бол хор уршигт тооцон хохирогчид олгуулах, эсхүл жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой байсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Л.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Үндсэн мөнгө нь миний мөнгө байсан. Нэг төгрөг ч үлдээлгүй үрчихэнэ гэж бодсонгүй. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Зд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байна.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч Ц.З нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Л.Н-гийн 32,000,000 төгрөгийг өөрийн дансандаа байршуулан хадгалж байхдаа уг хадгаламжийг барьцаалан зээл авч ашигласан, уг зээлээ төлөөгүйн улмаас 2020 оны 05 дугаар сарын 22, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд барьцаалсан хадгаламжаас суутгах замаар зээл төлөгдөж хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэсэн агуулгаар яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд тусгагдсан байна.

Иймээс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 49 удаа бусдын мөнгийг барьцаалан нийт 29,082,027 төгрөгийн зээл авсан нь гэмт хэрэг үйлдэх арга, зээлээ төлөөгүйн улмаас 2020 оны 05 дугаар сарын 22, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд хадгаламж дахь мөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа гэж тайлбарласан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гарчээ. 

Хугацаатай хадгаламжийн хүүгийн орлого 2,517,913 төгрөг, байрны түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, байрны тогтмол зардал 1,948,000 төгрөг нь хохирол мөн эсэх болон бусад асуудлыг хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Згийн гэм буруугийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Зд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Ц.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН