Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/101

 

2026          06           11                                         2026/ШЦТ/101

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Б.Саранзаяа,  

Улсын яллагч                                                            Э.Энх-Оюун,

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн  2504003040093 дугаартай хэргийг 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* 18-04 тоотод оршин суух хаягтай,

Урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Багануур дүүргийн хүүхдийн гэмт хэрэг хариуцсан хороонд шилжүүлж шийдвэрлэсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,200 (гурван мянга хоёр зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* .

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 5 дугаар гудамжны 21 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой хэсэгт нь цохиж, үснээс нь зулгааж, нүүр хэсэгт маажсаны улмаас түүний биед биед тархины доргилт, баруун талын шанаа, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Мөн тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа маажсаны улмаас түүний биед жавьжны хэсэгт ил шарх, зүүн хацар, баруун хацар, хүзүүний хэсгүүдэд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- *******гийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21-р хуудас/,

- Хохирогч гийн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

- Хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

- Гэрч Э.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

- Гэрч Д.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн Багануур дүүрэг хариуцсан шинжээч эмчийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 290 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-74-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн Багануур дүүрэг хариуцсан шинжээч эмчийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь хохирогч нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал  116,700 /нэг зуун арван зургаан мянга долоон зуу/-н төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг дурдуулах саналтай байна” гэв,

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Эрүүл мэндийн байгууллагын зардлыг төлсөн.” гэв.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 5 дугаар гудамжны 21 тоотод хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой хэсэгт цохиж, үснээс нь зулгааж, нүүр хэсэгт маажсаны улмаас түүний биед биед тархины доргилт, баруун талын шанаа, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа маажсаны улмаас түүний биед жавьжны хэсэгт ил шарх, зүүн хацар, баруун хацар, хүзүүний хэсгүүдэд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Шүүгдэгч *******гийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21-р хуудас/,

- Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 11 дүгээр сарын 10-ны орой ах Нацагдоржийн хүүхдийг гэрт нь хүргэж өгөх гээд нөхрийн дүү Бямбадоржтой хамт 83-71 УНС улсын дугаартай машинаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5-21Б тоотод очсон ба би машин дотор хоёр хүүхдийн хамт үлдээд Бямбадорж ахын хүүхдийг оруулж өгөх гээд орсон. Тэгээд би машин дотор хүлээгээд сууж байтал ахын гэрээс нэг танихгүй эмэгтэй гарч ирснээ шууд машины цонх руу цохиод хаалга руу нь өшиглөсөн. Тэгснээ тэр эмэгтэй машины хойд хаалга онгойлгоод орж ирснээ шууд миний үснээс зулгаагаад, нүүр лүү цохиод самардаад байсан ба тэр үед би нялх хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан. Би өөрийгөө хамгаалж дийлээгүй, хажуу тийшээ хүүхдээ тавиад тэр согтуу эмэгтэйд үсдүүлсэн чигээрээ машинаас буусан. Яг тэр үед Бямбадорж ахын гэрээс гарч ирээд надаас тэр эмэгтэйг салгах гээд зууралдсан ба тэр эмэгтэй миний үснээс тавихгүй байсан. Тухайн үед тэр эмэгтэйн нөхөр гэх нэг согтуу ах бас ирээд эхнэрээ салгах гээд ноцолдож байгаад салгасан. Тэр үед нь Бямбадорж тэр согтуу эмэгтэйг “та цаашаа бай” гээд түлхсэн чинь нөхөр нь гэх ах уурлаад Бямбадоржийг заамдаж аваад тавихгүй байсан. Тэгтэл эхнэр нь гэх эмэгтэй Бямбадорж руу дайраад байхаар нь би эгчийгээ дуудах гээд гэр рүү нь орсон. Тэгээд эгч надтай хамт гарч ирээд боль гээд салгасан чинь тэр согтуу эмэгтэй дахиад над руу дайраад миний үснээс зулгаагаад 2 хөлийнхөө дунд доороо намайг хийчихсэн. Тэгтэл эгч ноцолдож байгаад салгасан. Тэгээд цагдаа сэргийлэх дуудсан... ******* гэх эмэгтэй миний үснээс зулгаасан, нүүр хэсэгт маажсан, толгой руу цохьсон...Толгой өвдөж байна, чих рүү хатгаж байна, маажсан хэсгүүд нь хорсож өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

- Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 11 дүгээр сарын 10-ны орой би ах Нацагдоржийн хүүхдийг гэрт нь хүргэж өгөх гээд бэр эгч Мөнхзаяа болон бага хоёр хүүхдийн хамт өөрийнхөө машинаар Нацагдорж ахын гэр лүү явсан. Тэгээд гэрийнх нь гадаа ирчихээд Мөнхзаяа хоёр хүүхдийн хамт сашинд үлдээд, би Нацагдорж ахын хүүхэд болох Ханхүслэнг аваад гэрт нь орсон. Намайг ахын гэрт ороход ахын найзууд гээд танихгүй хоёр эрэгтэй, нэг эмэгтэй байсан ба Нацагаа ахын эхнэр Хонгорзул эгч надад хандаад “миний дүү энэ ах эгч хоёрыг гэрт нь хүргээд өгчих” гэхээр нь би эгчид хандаад “би Мөнхзаяа болон жоохон хоёр хүүхэдтэй явж байгаа, хүргэж өгч амжихгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй нь “би чиний машинд суухгүй за юу” гээд хамт явсан залуугаа дагуулаад ахын гэрээс гараад явсан. Тэгээд би ахын гэрт байж байхад гадаа машин цохих шиг чимээ гарсан ба би бэр эгчид хэдэн ширхэг тамхи үлдээчихээд гараад ирсэн чинь Мөнхзаяаг нөгөө согтуу эгч үснээс нь зулгаачихаад чирээд явж байхаар нь би гүйж очоод гарыг нь тавиулах гэсэн чинь гараа тавихгүй байсан. Би нэлээн ноцолдож байгаад гарыг нь тавиулаад тэр эгчийг “та цаашаа бай” гээд цааш нь түлхсэн. Тэгсэн чинь нөхөр нь гэх согтуу ах ирээд “чи манай эхнэрийг яагаад байгаа юм бэ” гээд намайг заамдаад боосон. Тэгэхээр нь тэр ахыг “та боль” гээд гарыг нь тавиулах гээд ноцолдсон чинь хажуугаас тэр ахын эхнэр согтуу эмэгтэй хүрч ирээд ам руу хуруугаа хийгээд завьжнаас татаад, нүүр ам маажиж цохьсон. Тэгээд байж байхад гэр дотроос Хонгорзул эгч Мөнхзаяа хоёр гарч ирээд салгасан. Тэр үед дахиад нөхөр нь над руу дайраад ахиад намайг боосон ба ахиад Мөнхзаяа ирээд ахыг салгасан. Тэгээд байж байхад нөхөр нь надад хандаад “уучлаарай бид нар согтчихсон байна” гэсэн, тэр үед тэр ахын эхнэр нь гэх нөгөө согтуу эгч Мөнхзаяаг ахиад үснээс нь зулгаагаад салтаа доороо хийчихсэн. Тэгээд бүгдээрээ нийлж байгаад арай гэж салгасан... ******* гэх эмэгтэй амруу гараа хуруугаа хийгээд завьжнаас татсан, нүүр хэсэгт маажсан." гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

- Гэрч Э.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2025 оны 11 сарын 10-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 5-21 тоотод 10 цагийн үед найз Пүрэвдорж, ******* нарыг гэртээ дуудаад, манай нөхөр Нацагдорж бид 4 манайд юм ярингаа хоол унд идэж уугаад архи ууцгаасан. Тэгээд манай нөхөр архиндаа согтоод унтаад өгсөн, би ч гэсэн архиндаа согтоод нойр хүрээд унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл манай найз *******, Пүрэвдорж 2 нэг найзыгаа дуудчихсан, 3-уулаа архи ууцгаагаад, *******, Пүрэвдорж 2 хоорондоо бага зэрэг маргалдах янзтай байцгааж байсан. Тэгж байтал манай хадам ээж хөдөөнөөс залгаад “хүүг чинь өгөөд явуулчихлаа шүү, удахгүй очих байх” гэхээр нь манайд байсан хүмүүст хандаад би “хадмууд хөдөөнөөс ирж байна гэнэ, та хэд наагуураа асгасан барьсан юм аа жоохон арчиж цэвэрлээд намуухан байцгааж бай” гэж хэлтэл “чи өөрөө хүн дуудчихаад одоо хадмуудаараа далимдуулж гэрээсээ хөөлөө барилаа” болоод надтай хэрүүл маргаан хийгээд байж байтал манай нөхрийн хүргэн болох Бямбадорж манай хүүг дагуулаад орж ирсэн. Тэгэхээр нь би чимээгүй болоод хүүгийнхээ хувцас хунарыг тайлаад байж байтал *******, Пүрэвдорж 2 дуудаж ирсэн найзтайгаа 3-уулаа гараад яваад өгсөн. Тэгээд манай нөхрийн дүү бас нэг их удалгүй араас нь дагаад гарсан. Тэгж байтал гаднаас манай нөхрийн бэр болох Мөнхзаяа орж ирснээ “танай найз чинь намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гартал манай найз ******* хэрүүл маргаан хийгээд манай бэр дүү рүү дахиж дайраад үснээс нь зулгаагаад дараад унасан. Тэгээд салгасан. Тэр хооронд цагдаа дуудаад байж байтал цагдаа нар ирсэн." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

- Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би эхнэрийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5-21 тоотод найз Нацагдоржийнд очсон юм. Тэгээд найзындаа хоол унд идээд, пиво ууцгаасан, орой нь харанхуй болчихсон байхад Нацагдоржийн хүүхэд хөдөөнөөс ирж байгаа дүү нь авчирч байгаа гэсэн. Тухайн үед манай найз Батжа ирсэн байсан би тэр найзыгаа зам руу гаргаж таксинд суулгаж өгчихөөд буцаад Нацагдоржийн хашааны арын хаалгаар орж ирэх үед хашааных нь урд хүмүүс орилолдоод байхаар нь би урд талаар нь яваад очсон чинь манай эхнэр *******, Заяа гэх охинтой үснээсээ зулгаалцаад байж байсан. Тэгээд би салгаад байж байтал нэг танихгүй залуу хүрч ирээд миний араас багалзуурдаад намайг унагаасан. Тэр үед манай эхнэр тухайн залуугийн араас нь ирээд зууралдаад салгасан. Тэгээд би босож ирээд тэр залууд хандаад “чи хэн бэ” гээд залууг бариад авсан чинь тэр залуу манай эхнэрийг түлхээд авахаар нь би тэр залууд хандаад “чи яагаад манай эхнэрийг түлхээд байгаа юм бэ” гээд тэр залууг заамдаад авсан. Тэр үед тэр залуу намайг түлхсэн чинь би газарт унасан. Тэгтэл манай эхнэр тэр залууд хандаад “чи яагаад манай нөхрийг цохиод байгаа юм бэ” гэж хэлээд тэр залууг самардаад байх шиг байсан. Тэгээд салаад би эхнэрийг аваад хашаа руу ороод эхнэрт хандаад “чи куртикээ яасан юм бэ” гэсэн чинь эхнэр сая муудалцаж байхдаа тайлчихсан гэсэн ба куртикийг нь өмсгөөд зогсож байтал цагдаа нар ирсэн. Би хүний биед халдаж зодож цохьсон зүйл байхгүй. Манай эхнэр Заяа гэх охинтой муудалцаад үснээс нь зулгаагаад байж байхад нь би очиж салгасан. Тэгтэл нэг танихгүй залуу гарч ирээд намайг араас багалзуурдсан. Намайг газар түлхэж унагаасан ба манай эхнэр тухайн залуугийн нүүрийг самардсан." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн Багануур дүүрэг хариуцсан шинжээчийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 290 дугаартай: “...1.-н биед зүүн талын жавьжны хэсэгт ил шарх, зүүн хацар, баруун хацар, хүзүүний хэсгүүдэд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх амны шарх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 73-74-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн Багануур дүүрэг хариуцсан шинжээчийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 289 дугаартай: “...1.гийн биед тархины доргилт, баруун талын шанаа, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх амны шарх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд тус зүйл хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг. ..” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч , нар нь энэ хэрэгт холбогдуулан гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч ******* нь хохирогч нарын гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 116,700 /нэг зуун арван зургаан мянга долоон зуу/-н  төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна, цаашид дахиж ийм асуудал гаргахгүй. Манай бага 9 настай хүүхэд маань хэл ярианы бэрхшээлтэй учраас 7 дугаар сард СЭМҮТөвд үзүүлэх гээд урьдчилж цаг авчихсан байгаа. Тиймээс хүүхдээ үзүүлэх шаардлагаар хот явах ажилтай байна. Мөн би өчигдөрөөс ажилд орсон. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд торгох ял оногдуулж өгнө үү.”  гэв.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Улсын яллагчаас гаргасан “шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэх” гэсэн саналыг хянаад шүүгдэгч ******* нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй, мөн түүний хувийн байдлыг харгалзан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 700 (долоон зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч , нар нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч *******гаас хохирогч нарт үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 116,700 /нэг зуун арван зургаан мянга долоон зуу/-н  төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагуулсан болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт хураан ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН