Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/212

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                   

 2022              02           23                                        2022/ДШМ/212                                                                            

 

Д.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Б.Сод-Эрдэнэ,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунхүү, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан,

            шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/578 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаагийн давж заалдсан гомдол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунхүү, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.М-д холбогдох 2111000000693 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Д-ын М-, Улаанбаатар хотод 1978 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөмдлөгийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Дэнжийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

1999 онд Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Д.М- 2021 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 00 дүгээр гудамжинд архидан согтуурч байхдаа Н.М-ыг “Найз дээрэлхлээ” гэх шалтгаанаар нүүрэнд нь хоёр удаа цохиж, архины шилний хагархайгаар хүзүүнд нь хатгаж хураагуур судсыг нь гэмтээж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-эс 17,903,043 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунхүүд олгож, хэрэгт авагдсан камерын бичлэг бүхий “CD”-г хэрэгт хавсаргаж, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хувцас, чулуу, хутга, архины шилний хагархай хэсгүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялыг хөнгөрүүлэхээр заажээ. Гэтэл миний ахын амийг 7,000,000 төгрөгөөр үнэлэн шүүх хуулийг буруу тайлбарлан ялыг хөнгөрүүлсэнд бид гомдолтой байна. Бид шүүхэд найдаж байсан тул ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэтэл шүүх хохирлыг дээрх зүйлд зааснаар нөхөн төлсөн юм шиг ял оногдуулсанд итгэж чадахгүй байна. Энэ гэмт хэргийн хор уршиг одоо ч үргэлжилсээр байна. Учир нь, талийгаачийн маань хамт амьдарч, харж ханддаг байсан ээжийн биеийн байдал эрс муудаж хүний байнгын асаргаанд орж хувь тавилан нь тодорхойгүй байдалд ортлоо доройтлоо. Ийм учраас ээжийнхээ сэтгэлийг бага боловч тайтгаруулах үүднээс хохирлыг гаргуулж суварга босгох буяны үйлд зарцуулах талаар шүүгдэгчийн ах дүүс, өмгөөлөгч нартай уулзсан. Бид гомдолтой гэдгээ хэлээд, шийтгэх тогтоолд заасан 17,903,043 төгрөгийг төлөхийг шаардахад “Өмгөөлөгч та нарыг бидэнтэй ярих эрхгүй гэж байна” гээд холбогдохоо больсон. Хүний амь насыг алдсан хүмүүс буяны зан үйл хийж сэтгэлээ тайтгаруулдаг нь Монгол заншил билээ. Хүнийг санаатай алсан этгээдэд яасан ч энэрэнгүй ханддаг хуультай болсон юм. Бид сэтгэл санааны, бие махбодийн, санхүүгийн давхар хохирол үзэх ёсгүй. Иймд шүүхийн оногдуулсан ял дэндүү хөнгөдсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ёс заншлаараа эргэлттэй өдрүүд гэж гарч ирдэг юм билээ. Тэр үеэр л гарсан баримтууд байгаа. Бүгд буяны ажилд зориулагдсан. Худалдаа эрхэлж буй хүмүүс “Олон хүнд үйлчилж байна” гээд тэр болгон баримтаа бөглөж өгдөггүй, үнийн дүнг нь бичээд л өгчихдөг. Аль боломжоор нь баримтаа бичүүлээд авч байсан. Зарим баримтууд дээр тамга, тэмдгийг нь хэлж байж даруулсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.М- нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй, ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Зөвхөн хохиролтой холбоотой нотлох баримтуудыг зөв үнэлж, бодитой тооцуулахаар гомдол гаргаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь “Оршуулах зан үйлийн зардалд 29,000,000 төгрөг нэхэмжилснээс Д.М-ийн ар гэр 7,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 22,000,000 төгрөгийг нэхэмжлэнэ” гэсэн. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэмээн 17,903,043 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэнгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн 1-р хх 189-207 талд байгаа зарлагын баримтууд, 215 талд авагдсан эмийн сангийн 46,480 төгрөгийн, 217 талд авагдсан эмийн сангийн 22,905 төгрөгийн баримт, шүүх хурал дээр шинээр гаргаж өгсөн баримтуудаас 1, 2, 5, 6, 9, 10, 11, 12, 13, 14 талд авагдсан зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, зөвхөн үнийн дүн бичсэн, хаанаас юу авсан нь тодорхойгүй 26,000,000 төгрөгийн баримтууд байна. Иймд хохирлын баримтыг зөв, бодитой үнэлж, тогтоолын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруу дээрээ маргахгүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Өөрийгөө өмөөрөөгүй шүү. Би доороо 3 дүүтэй. Би залуугаараа өнчирсөн. Хохирол төлбөрийг хугацаанаас нь нэг хоногийн өмнө ч болтугай төлөх бодолтой байна” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг шүүхэд шилжүүлэх хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 30,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч оршуулгын зардалтай холбоотой 11,136,300 төгрөгийн баримт өгч, шүүгдэгчийн ар гэрээс 7,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Хохирогчийн ар гэрээс хохиролтой холбоотой 22,000,000 төгрөгийн баримтыг шинээр гаргаж өгснийг шүүх хэлэлцээд 17,903,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оногдуулна. Анхан шатны шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хохирлыг тодорхой хэсгийг төлсөн зэргийг харгалзаад 9 жил хорих ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М- нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 11 дүгээр гудамжинд архидан согтуурч байхдаа Н.М-ыг “Найз дээрэлхлээ” гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж, архины шилний хагархайгаар хүзүүнд нь хатгасны улмаас хохирогч цочмог цус алдаж нас барсан болох нь:

гэрч Н.Ш-ийн “... Бид архи хувааж ууцгааж байсан. М-, М-д хандаж “Чи намайг барахгүй” гээд босч ирээд газар байсан нэг чулууг баруун гартаа бариад М-гийн толгой руу цохиход мөр, толгой орчмоос нь аймар цус гарсан. М газар унасан. Тэр хоёр өөрөөр зодолдоогүй. Архины шилээр цохьсон эсэхийг мэдэхгүй. Миний харснаар чулуугаар толгой руу цохьсон...” /1-р хх 49-50/,

гэрч Ч.Б-ы “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өглөө ус аваад гэртээ орох гэж байхад 11 дүгээр гудамжинд цус нөжтэйгөө холилдсон 40 орчим насны эрэгтэй “Эмнэлэг дуудаад өгөөч” гэсэн. Би утсаар “Энд хоолойноос нь цус гарсан хүн байна” гэж цагдаа дуудсан...” /1-р хх 47/,

хохирогч Н.М- нь хүзүүний баруун урд хэсгийн буулган хураагуур судас гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас цочмог гадуур цус алдаж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 1517 тоот дүгнэлт /1-р хх 95-98/,

яллагдагч Д.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна...” /1-р хх 160/ гэсэн мэдүүлгүүд,

яаралтай түргэн тусламжийн дуудлагын лавлагааны хуудас /1-р хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 5-6/, гэрэл зургууд /1-р хх 7-13, 17-21/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 14-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 22, 26-27, 82/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 28-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.М- нь шилээр хохирогчийн хүзүүнд хатгаж хураагуур судсыг гэмтээсний улмаас хохирогч цочмог цус алдаж нас барсан байх тул түүний үйлдэл хүнийг санаатай алсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан  шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 24,903,043 төгрөг нэхэмжилж нотлох баримтаа гаргаж өгснөөс анхан шатны шүүх, шүүгдэгч Д.М-ий төлсөн 7,000,000 төгрөгийг хасаж, оршуулгын зардал, зан үйлтэй холбоотой 17,903,043 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан ял хөнгөдсөн талаар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаагийн гэм хорын хохирлыг бодитой тооцоогүй талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/578 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ        

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН