Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00319

 

 

 

 

 

 

 2024        04        08                                            151/ШШ2024/00319

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг, .. дүгээр хороо,................хотхон, ... дугаар байрны ..тоотод оршин суух А овогт Мын А,

Хариуцагч: Төв аймаг, З сум, ... дүгээр баг, Т банкны байранд байрлах Т ХК, гүйцэтгэх захирал Ө.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байх хугацааны цалинд 30,545,690 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай.

Нэхэмжлэлд: 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч М.А хариуцагч “Т ХК-д холбогдуулан ажилгүй байх хугацааны цалинд 30,545,690 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Т” ХК-ийн Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар ажлаас халагдсан. Ажлаас халсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ..................дугаартай шийдвэрээр ажилтан М.А намайг Т” ХК-ийн Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Т” ХК-д даалгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй орхисон. Ингээд ТХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/190 тоот тушаалаар дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу М.А намайг тооцооны төв хариуцсан менежерийн ажил, албан тушаалд буцаан томилсон боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд томилогдсон 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгохгүй байна.  

Ажил олгогч, бидний хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргасан боловч ажил олгогчтой харилцан тохиролцож чадаагүй болно.

Анхан шатны шүүх хуралдаан болсон 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд томилогдсон 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 15,845,690.40 төгрөг /2022 оны 9 дүгээр сар 1,249,690.48 төгрөг, 10 сар 3,980,023.81 төгрөг, 11 сар 1,967,800 төгрөг, сарын дундаж цалин нь 2,399,171 төгрөг, ажлын 21,5 хоног=1 өдрийн дундаж цалин 111,589 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажлын 142 хоног/ болж байна. Мөн ажилгүй байх хугацаанд Т” ХК-ийн нийт ажилтнуудын үндсэн цалин 2 удаа нэмэгдсэн, мөн ажилласан жилийн нэмэгдэл олгодог болсон. Гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сар, 2023 оны 10 дугаар сарын цалин нэмэгдүүлсэн болон ажилласан жилийн нэмэгдэл нийт 8,400,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр улирал, 2023 оны 01, 02, 3, 4 дүгээр улирлын урамшуулал нийт 6,300,000 төгрөг болно гэжээ.

1.2.Миний бие М.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган, дараах байдлаар шаардсан: “Миний хувьд Т” ХК-д 10 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд асуудлыг эвийн журмаар шийдвэрлүүлэх байр суурьтай байгаа. Миний бие нэхэмжлэлд тусгасан цалин хөлс 15,845,690 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 4,400,000 төгрөг, нийт 20,245,690 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын урамшууллын 10,300,000 төгрөгөөс татгалзаж байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх хүсэлтэй байна. Үндсэн цалинг албан тушаалын интервалын дагуу 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоон олгохоор зөвшөөрвөл бусад зүйл дээр маргахгүй” гэжээ.

2.1. Хариуцагч “Т” ХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тнь ажилтнуудын банкны ашигт ажиллагаа болон бизнесийн амжилтад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэлийг үнэлэн урамшуулал олгодог. ...Урамшуулал нь бүх түвшинд зорилгын биелэлт болон урьдчилан баталсан төлөвлөгөөний биелэлттэй шууд холбоотой ба нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан ч зорилгодоо хүрч, урамшуулалд хамрагдах байсан эсэх нь тодорхойгүй байх тул гүйцэтгэлийн урамшууллыг нөхөн олгох боломжгүй. Мөн нэхэмжлэгчийг ажилгүй байх хугацаанд банкны ажилтны цалингийн доод, дээд хэмжээг 2 удаа шинэчлэн баталсан ба нийт ажилтны цалинг нэмэгдүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2. Хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн шаардсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,845,690 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 4,400,000 төгрөг, нийт 20,245,690 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч байна. Тинд ажилласан жил үндсэн цалингийн 20 хувиар тооцож байгаа. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 2,400,000 төгрөгөөр олгож болно гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-2), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт  (хх-3), Төв аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ..................дугаартай шийдвэр (хх-4-15), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаартай магадлал (хх-16-25), Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ..................дугаартай тогтоол (хх-26), Тны Төв аймаг салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/190 дугаартай тушаал (хх-27), ТХК-ийн “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэл (хх-28-30), З сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/02 дугаартай хуралдааны шийдвэр (хх-31-37)-ийг шүүхэд ирүүлсэн.

4. Хариуцагчаас: хариу тайлбар (хх-48), “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/424 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаал (хх-49-54), “Т” ХК-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/176 дугаар “Банкны эрх зүйн баримт бичгийг батлах тухай тушаал” (хх-55-63)-ыг шүүхэд ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан ажилгүй байх хугацааны цалинд 30,545,690 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Т” ХК эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан.

3. Нэхэмжлэгч М.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж оролцсон. Үүнд: “Миний хувьд Т” ХК-д 10 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд асуудлыг эвийн журмаар шийдвэрлүүлэх байр суурьтай байгаа. Миний бие нэхэмжлэлд тусгасан цалин хөлс 15,845,690 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 4,400,000 төгрөг, нийт 20,245,690 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас урамшуулал цалин 10,300,000 төгрөгөөс татгалзаж байна. ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

4. Хариуцагчийн “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: “Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 15,845,690 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 4,400,000 төгрөг, нийт 20,245,690 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

5.1.Нэхэмжлэгч “ТХК-ийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон хуулийн этгээдийн гэрчилгээнд бүртгэгдсэн гүйцэтгэх захирал Ө.Гийг гэж үзнэ. (хх-6)

5.2.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар нэхэмжлэгч “ТХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09ы өдрийн 01/148 дугаартай итгэмжлэлээр ТХК-ийн Төв аймаг салбарын захирал С.Аод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эвлэрэхээс бусад эрх, үүргийг олгожээ. (хх-43)

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, мөн зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргахаар заасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А нэхэмжлэлийн шаардлагын 10,300,000 төгрөгөөс татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 20,245,690 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхээр багасган шаардсаныг хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

7.Ажил олгогч ТХК нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүрэгтэй тул энэ захирамж гарснаас хойш холбогдох журмын дагуу ажилтанд олговол зохих цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзах эрхгүйг дурдах нь зүйтэй.

8.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М.А ажилгүй байсан хугацааны олговол зохих цалингийн урамшуулалд шаардсан 10,300,000 төгрөгөөс татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 20,245,690 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг шаардсаныг хариуцагч “Т” ХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.А улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН