Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2023/0180

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б-ийн гаргасан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-т холбогдуулан гаргасан Холбогдогч Т.А-д шийтгэл оногдуулсан 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0262733 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 16-03 тоотод Монгол гэр шатсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.А-д 2023 оны 02 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт хохирогч Т.А-ын мэдүүлэг, гал унтраасан тухай нотломж зэрэг нотлох баримт авагджээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0262733 дугаартай шийтгэлийн хуудсаар Т.А-д хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан байх боловч түүнээс холбогдогчоор мэдүүлэг аваагүй, холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 зүйл, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад Т.А-оос хохирогчоор мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Иймд хууль зөрчин хүний эрхэнд халдсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-ын холбогдогч Т.А-д шийтгэл оногдуулсан 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0262733 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 16-03 тоотод Монгол гэр шатсан гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.А-д 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд хандан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-ын 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0262733 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-ын 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0262733 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгохыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б-ийн Холбогдогч Т.А-д шийтгэл оногдуулсан 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0262733 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ