Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/213

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                   

 2022              02           23                                        2022/ДШМ/213                                                                            

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Н.Уранбайгаль,

            шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/2706 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Э-т холбогдох 2108006700183 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Б-ийн Э-, Улаанбаатар хотод 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “-” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/.

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн.

Б.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 03 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны замд Т.Д-ын эзэмшлийн “Toyota prius” загварын 0000УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн Гуравдугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Жолооч дараах үүргийг хүлээнэ:” гэсний а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд ... ойрын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”. 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг асдаг болсон” гэж заасныг зөрчиж зам дээр хэвтэж байсан Х.Д-ийг дайрч амь насыг нь хохироон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Нөгөө талаар, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгагдсан 2021 оны 05 дугаар сарын 18- ний өдрийн 94 дүгээр мөрдөгчийн магадлагаа /1-р хх 219-221/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн нотлох баримтад хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эруугийн хуульд заасан бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолохоор  заасан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 8-11/-ээр “амь хохирогч нь шороон зам дээр эгц урагш харсан, хоёр гар хагас нугалсан, хоёр хөл шулуун, баруун хөл зүүн талын хөл дээр тавьсан байрлалтай”, цогцост үзлэг хийсэн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл /1-р хх 12-15/-д “үзлэгийг 16:30 цагт эхэлж, ...дух, зүүн шанааны хонхор, эрүүний төвгөр, баруун тохой шууны гадна доод хэсэг, бугуй сарвууны ар, зүүн сарвууны ар хэсэг, зүүн тохой, хоёр хөлний өвдөг шилбэний доод хэсэгт 0,5х4см хүрэн хэмжээтэй олон тооны хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай, биед өөр харагдах гэмтэлгүй, нас бараад 8-10 цаг орчим болсон. Үзлэгийг 16 цаг 45 минутад дуусгав.”, хувцаст үзлэг хийсэн 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл /1-р хх 16-22/-д “...хар өнгийн куртикний баруун хажуугийн оёдол 23,4см хэмжээтэй оёдлын дагуу ханзарч урагдсан, баруун цахилгааны доод энгэрээс дээш 24см зүүн хажуу тийш 1,2см хэмжээтэй зай 1,2х0,8см талбайг зууван хэлбэр үүсгэн түлэгдсэн гэмтэлтэй, саарал өнгийн ноосон материалтай цамцны захны урд дунд хэсэгт 1x0,6см хэмжээтэй талбайд цайвар улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдож хатсан, энгэрийн гол хэсэгт 8,7x11,2см хэмжээтэй талбайг олон тооны цайвар улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдож хатсан, энгэрийн доод хэмжээгээс дээш 10см зүүн хажуугийн оёдлоос 12см хэмжээтэй зайд 22x0,5см хэмжээтэй талбайд баруун доороос зүүн дээш баруун дээрээс зүүн доош чиглэсэн хар өнгийн зүйлээр бохирлогдсон, хар хөх өнгийн өмдний ... ар суудал хэсэгт 4,8x0,1см, 1,4х1,6смх0,1см хэмжээтэй гурвалжин хэлбэрийн урагдалтай, зүүн гуяны ар дотор оёдлоос зүүн тийш 8см гадна оёдлоос баруун тийш 10,8см хэмжээтэй зайнд 8,1х8,9см хэмжээтэй талбайг зүүн дээрээс баруун доошоо, баруун доороос зүүн дээш чиглэсэн 2 цуваа, 3 эгнээ хээтэй дөрвөлжин хэлбэрийн зураасан хээтэй...” гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч нь дээш харсан байрлалтай хэвтэж байсан, түүний өмсөж явсан хар хөх өнгийн өмдний ар хэсэгт мөр /дугуйны мөр/ үлдсэн, нас барсан хугацааг 8-10 цаг гэсэн зэргээс үзэхэд гэмт хэрэг хэзээ, яаж үйлдсэн нь эргэлзээ бүхий, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /№1225/-д дурдсан дугуйн мөрийг шүүгдэгчийн унаж явсан гэх “Тоёота Приус” загварын 0000УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй харьцуулан нарийвчлан шалгах шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг явуулах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг зөв, бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаггүй, нэр хаяг тодорхойгүй дэлгүүрийн гадна талын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 89-90/-д “...баруун дээд талын буланд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний 02:46:09 цаг гэсэн бичиглэлтэй. Харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэр хорооллын гудамжинд гэрлээ асаан явж байгаа цагаан цайвар өнгийн “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл явж байв. Тухайн тээврийн хэрэгсэл нь хөндлөн 1 ширхэг ачааны суурьтай, цагаан цайвар өнгийн “Toyota prius-20” загварын автомашин гудамж дундуур дээшээ буюу баруун зүгт өгсөн явж байгаа бичигдсэн байгааг” ...мөрдөгч эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 91/ үйлджээ.

Энэхүү дүрслэл бүхий “CD-нд тусгагдсан тээврийн хэрэгслийн дан ганц хөндлөн нэг ширхэг мөрнөөс өөр ямар содон шинжээр (улсын дугаар, номерын хүрээ, гэрлийн тусгал, эвдрэл гэмтэл гэх мэт) шүүгдэгчийн унаж явсан автомашинтай тохирсон гэж үзэхэд эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, тодруулах ажиллагааг хийснээр үйл баримттай дээрх шинжээчдийн дүгнэлт, бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудын харилцан уялдааг авч үзсэний эцэст мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж бодит байдлыг тогтоосноор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх нөхцөл байдал бий болно...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаан, Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгт прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болохоор хуульчилсан. Хэргийн хувьд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болно. Нөгөө талаас, зам тээврийн ослын хэрэгт мөрдөгч магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлаж байгаа хэрэг биш юм. Мөрдөгч Э.Мандахын гаргасан магадлагаа нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн зөв дүгнэлт хийсэн байх тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд “... 3. Хар хөх өмдний зүүн гуяны ар талд байх өнгөц шороон мөр нь дугуйгаар дарагдаж гарсан байж болно. Мөр бүтэн тод дүрслэгдээгүй байх тул ямар төрлийн, ямар хэмжээтэй дугуйгаар гарсан болохыг тогтоох боломжгүй байна ...” гэсэн тул энэ талаар ажиллагаа хийгдэх боломжгүй. Мөн хохирогчийн өмсөж явсан хувцсыг анх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Харцага шинжээчийн дүгнэлт гарсны дараа ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Ар гэр нь авч шатаасан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О тайлбарласан тул энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Хэрэгт авагдсан дүрслэл бүхий CD-д тусгагдсан тээврийн хэрэгслийн явсан чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн албаны эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.М /гэрчээр мэдүүлэг өгсөн/ эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Б.Э-ын оршин суух хаяг, байршилыг олж тогтоосон. Тус бичлэг бүхий CD-г эрэн сурвалжлах явц, үр дүнг харуулах зорилгоор эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан. Бичлэгт бусдыг дайрсан үйл баримт байхгүй боловч яллагдагч Б.Э-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн содон шинж тэмдэг буюу хөндлөн ачааны суурь болон тээврийн хэрэгслийн марк, өнгөөр тохирч байгаа. Харин камерт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харах боломжгүйгээр дүрс бичлэг хийгдсэний улмаас шинжилгээ хийх боломжгүйд хүрсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Э- бичгээр гаргасан тайлбартаа: “... Би энэ хэргийг үйлдээгүй. Мөрдөгч Г.Мөнхбаяр “Хүн амины хэрэгтэн болох уу, автотээврийн гэмт хэргээр явах уу” гэснээс нь болоод мэдүүлэг дээр гарын үсэг зурсан. Үүнээс болж би өнөөдрийг хүртэл зовж явна. Миний машин журмын хашаанд 8-9 сар болж байна. Авахгүй байгаа шалтгаан нь энэ хэргийн үнэн зөвийг олтол шалгуулах хүсэлтэй байгаа юм. Би өртэй байсан. Дээрээс нь журмын хашааны төлбөр нэмэгдээд дааж давшгүй их өртэй боллоо. Хүүхэд байхдаа хэрэгт орж шоронд суун хаширсан хүн. Шоронгоос гараад эхнэр, хүүхэдтэй, тогтсон ажилтай болж засраад 15 жил болж байна. Би талийгаачтай хэзээ ч тааралдаж байгаагүй. Намайг заавал энэ хэрэгт холбох гээд зүтгэж байгаа хүмүүст гомдолтой байна. Хэрэгт өмгөөлөгч олон хүсэлт өгсөн боловч авч хэлэлцээгүй. Манай тэнд ачааны хөлтэй цагаан өнгийн, минийхтэй ижил машин зөндөө байгаа учраас тэдгээрийг шалгаад өгөхийг хүсэж байна. Надаас хууль бус мэдээлэл авсан тухай бичлэгт хүртэл бичигдсэн байгаа. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхны мэдүүлгийг авсан мөрдөгч, хошууч Батбаатар ганцаараа аваагүй. Ард нь зогсож байсан цагдаагийн албан хаагчийн хэлснээр мэдүүлгийг авсан бөгөөд Б.Э-т уншиж танилцуулаагүй гарын үсэг зуруулсан. Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичлэгт маш тодорхой байгаа. Тухайн үед Б.Э- бие засъя гэхэд гарын үсгээ зурсны дараа болно гэсэн. Үүнийг Б.Э- шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Прокурор яллах талын нотлох баримт болгож хавтаст хэрэгт хавсаргасан бичлэгийг шинжлэн судлахад ямар хүн дайрсан талаар байдаггүй. Б.Э-ыг яллах гол баримт болох мөрдөгчийн магадлагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн. Шинжилгээ хийсэн мөрдөн байцаагч Мандахын тусгай мэдлэгтэй, эрдмийн зэрэг техникийн мэргэжил, мэргэшлийг нотолсон ямар ч баримт байхгүй. Тухайн ослыг харсан ямар ч гэрч байхгүй. Б.Э-ын жолоодож явсан, тээврийн хэрэгсэлд үзлэг оношлогоо хийхэд биологийн эд зүйлс илэрээгүй байдаг. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй. Тухай хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хохирогчийг хэвтээ байдалд замын голд хэн, хэзээ, хэрхэн орхисон, хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаарх нотолбол зохих байдлууд нь тогтоогдоогүй. Б.Э-оос анхны мэдүүлгийг хууль бусаар авсан. Уг мэдүүлгийг бичлэгээр бэхжүүлсэн. Шүүх хуралдаанд тус CD бичлэгийг оруулж ирж, шинжлэн судлахад эрүүгийн ахлах төлөөлөгч Г.Мөнхбаяр, Батбаатар нарын үйлдэл нь ил тодоор харагдаж байсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мэдүүлэг CD дээр бичигдсэн мэдүүлэг гэж тайлбарлаж ирсэн. Б.Э-оос өгсөн анхны мэдүүлгийг “CD-гээр бэхжүүлээгүй атлаа  буруутгаж мөрдөн шалгаж ирсэн. Г.М нь “Хүн амины хэрэг авах уу, автын хэрэг авах уу” гэж Э-ыг 20 жилийн өмнөх эрүүгийн хэргээр шийтгэгдэж ялаа биечлэн эдэлж дууссан хэргээр нэр төрт нь халдаж, амаар байцаалт, мэдүүлгийг өгөөгүй байхад албан тушаалтнууд нь өөрсдийн компьютерээс гаргаж ирсэн. Уг мэдүүлгээр буруутгаж, хуулийг зөрчсөн. Хохирогч X.Д-ийн амь насыг хохироосон талаар Б.Э- нь маргаж ирсэн. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээнэ үү...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний 03 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны замд “Toyota prius” загварын 0000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Х.Д-ийг дайрч амь насыг нь хохироон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд “... мөрдөгчийн магадлагаа хууль зөрчсөн, гэмт хэрэг хэзээ, яаж үйлдсэнийг тогтоох зорилгоор хохирогчийн хувцас дээр үлдсэн дугуйн мөрийг шүүгдэгчийн унаж явсан автомашины дугуйн мөртэй харьцуулан шинжилгээ хийх, CD дээрх бичлэгийг шүүгдэгчийн унаж явсан автомашинтай харьцуулах шинжилгээ хийх...” зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргээс үзэхэд мөр судлалын шинжилгээний 1225 тоот шинжээчийн дүгнэлтэд “... Хар хөх өмдний зүүн гуяны ар талд байх өнгөц шороон мөр дугуйгаар дарагдаж гарсан байж болно. Мөр бүтэн тод дүрслэгдээгүй байх тул ямар төрлийн, ямар хэмжээтэй дугуйгаар дарагдаж гарсан болохыг тогтоох боломжгүй байна ...” гэсэн нь хохирогчийн хувцас дээрх дугуйн мөрийг шүүгдэгч Б.Э-ын автомашины дугуйн мөртэй харьцуулах шинжилгээ хийх боломжгүйг илтгэнэ. Түүнчлэн, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бичлэгт нэг ширхэг ачааны мөртэй, цагаан өнгийн Toyota Prius-20 загварын автомашин явж өнгөрч буй нь шүүгдэгчийн унаж явсан автомашинтай төстэй гэж яллах дүгнэлтэд тусгагдсан атал үүнийг заавал харьцуулах шинжилгээгээр тогтоох нь хэрэгт ач холбогдол багатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гэсний 1.8 дахь заалтад “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагаандаа хэлбэрлэлтгүйгээр чанд сахиж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь эргэлзээгүй байх бөгөөд хэн нэгэн этгээд жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлах боломжгүйгээр тодорхой, ойлгомжтой хуульчлагдсан байдаг онцлогтой. 

Мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргах эрхийг дээрх хуулиар олгосон байх ба мөрдөгч гэдэг нь тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй эрх бүхий албан тушаалтныг хэлнэ. Гэтэл анхан шатны шүүхээс мөрдөгчийн магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь үндэслэл муутай гарчээ гэж үзэхээр байна.

Харин прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ магадлалын дагуу хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

1. Мөрдөгч айлган сүрдүүлж мэдүүлэгт гарын үсэг зуруулсан талаар шүүгдэгч Б.Э-, өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасныг үндэслэн 1 дүгээр хавтас хэргийн 81 дүгээр хуудаст авагдсан гэрчийн мэдүүлэг авах ажиллагааны дуу-дүрсний бичлэгийг шинжлэн судлахад мөрдөгч нь гар утсаар залгаж “Мөөгий” гэх хүнээс гэмт хэрэг гарсан өдрийг асууж тэмдэглэлд тусгаж байх бөгөөд цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр гэгч өрөөнд орж ирэхэд “Чи унших уу, ингээд гаргачих уу” гэж асууж байгаагийн зэрэгцээ, тухайн орж ирсэн хүн дэлгэц дээрх мэдүүлэгтэй танилцаж байгаа үйл явдал бичигджээ. Үүнээс үзэхэд гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан буюу эрүүдэн шүүсэн гэх шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй эсэх асуудлаар  мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.

2. Нэр, хаяг тодорхойгүй гэх хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган, уг бичлэгт хэрэг гардаг шөнө шүүгдэгч Б.Э-ын эзэмшлийн автомашин бичигдсэн гэж яллах баримтад тооцжээ. Гэтэл тухайн үйл явдлыг баримтжуулсан камер хаана байрлалтай, орон зай, байршлын хувьд хэрэг гарсан газартай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, энэ магадлалд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс Б.Э-т холбогдох хэргийг прокурорт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/2706 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б.Э-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР         

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН