Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00403

 

 

 

 

 

 

 2024       04         29                                          151/ШШ2024/00403

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: УБЦТС ТӨХК, гүйцэтгэх захирал Р.Дагдан,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Уыг эрэн сурвалжлуулах тухай.

Нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Хулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК нь С.Уыг эрэн сурвалжлуулахаар шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Иргэн С.У нь Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулдаг ...... хэрэглэгчийн кодтой Өег бууз цайны газрыг ажиллуулдаг байсан бөгөөд уг цайны газар нь 2023 оны 4 дүгээр сарын 02-нд шатсан. Энэ хэрэглэгч нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр болох 1,536,696 төгрөгийг одоо болтол төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй манай байгууллагад хохирол учруулж байна. Иргэн С.Уын нөхөртэй холбогдсон боловч салсан, хүүхдүүдтэйгээ яриагүй удаж байна гэсэн ба түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн С.У нь холбогдох хаяг, байнгын холбогдох утсаа өгч шүүхэд тэмдэглүүлсэн тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл (хх-1-4, 32-33), (хх-4), Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, холбогдох баримтууд (хх-5-12)-ыг шүүхэд ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Уыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

Нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 27/27 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Л.Г, М.Х нарт олгосон байна. (хх-32-33)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж хуульчилсан.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон “Өег бууз” цайны газрын эзэн гэх С.У нь Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, Цавхангай хороолол, 1-17 тоотод амьдарч байгаа бөгөөд 89040180 дугаарын утсаар холбогдох боломжтой болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд С.Уын хаяг, холбоо барих мэдээлэл шүүхэд тэмдэглэгдсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан агуулгатай хүсэлтийг гаргажээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргахаар заасан тул нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Уыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН