Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2024/00293

 

           

 

 

 

  2024       04        01                                          151/ШШ2024/00293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн З сум, 6 дугаар баг, БаруунЗ 0б гудамжны 13 тоотод оршин суух Б овогт Бийн Д,    

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

Хүсэлтэд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Б.Дийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Д нь Төв аймгийн Б сумын Ө нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 22-оос 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байгаад Ардын цэрэгт татагдан алба хааж ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүртэл тракторчноор тасралтгүй ажилласан. Гэтэл цэрэгт явахдаа 1984 онд халагдсан болон 1994 онд Ө ХК-иас чөлөөлөгдсөн тушаал гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадалгүйд хүрээд байгаа юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

1.2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “Б.Дийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн гэрчээр Х, Б нарыг асуулгахаар хүсэлт өгсөн боловч Х нь хөлөө гэмтээж хэвтэрт байгаа, Б цас зудны хүндрэлээс болж хөдөө орон нутгаас ирэх боломжгүй болсон учир хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт хангалттай тул дээрх 2 гэрчээс татгалзаж байна. Иймд хэргийг гэрчийн мэдүүлэггүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаартай албан бичиг, Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тушаал, Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай тушаал, Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай тушаал, Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай тушаал, Төв аймгийн Б сумын “Ө” компанийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай тушаал, Төв аймгийн Б сумын “Ө” компанийн ерөнхий захирлын 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай тушаал, Төв аймгийн Б сумын “Ө” компанийн ерөнхий захирлын 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай тушаал, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 005009 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/500 дугаартай лавлагаа, Нийгмийн даатгалын нөхөн бичилт хийгдсэн 1409000222 дугаартай баталгаажилтын хуудас, итгэмжлэл, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөмжийн хуудас зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-1-24, 28)   

3.Нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн Төв аймгийн Төрийн архивын тасаг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газраас нотлох баримтыг бүрдүүлэв. (хх-36-44, 47-68)   

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч Б.Дийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгч Б.Дийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Үүнд: “Б.Д нь Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байгаад Ардын цэрэгт татагдан алба хааж ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүртэл тракторчноор тасралтгүй ажилласан. Гэтэл цэрэгт явахдаа 1984 онд халагдсан болон 1994 онд “Ө” ХК-аас чөлөөлөгдсөн тушаал гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадалгүйд хүрээд байгаа юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ.  

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.

3.1.Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Б сумын “Ө” нэгдлийн даргын 1984 оны ажлаас чөлөөлсөн тушаал, 1994 оны ажлаас чөлөөлсөн тушуул архивт хадгалагдаагүй тул ажилласан жил шүүхээр тогтоолгох” гэх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөмжийн хуудас (хх-28), “Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн даргын 1983, 1984, 1988, 1989, 1991 оны тушаал, “Ө” компанийн 1992-1994 оны тушаалаас ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул Б.Дид лавлагаа олгох боломжгүй байна” гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаартай албан бичиг (хх-3)-ээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.  

3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно.  

4.Б.Д нь төлөөлөх эрхийг Ц.Оюунд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр 2 жилийн хугацаатай олгожээ. (хх-24)   

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

-“Бийн Д, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, “Ө” нэгдлийн техникийн бригадад тракторын жолооч” гэж 1988 оны 8 дугаар сарын 17-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт№232 (ХААТР-1Б), “Төв аймгийн Б сумын дунд сургуульд” гэж 1981 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн Хаягийн хуудас №7, иргэний бүртгэлийн бусад баримтууд (хх-48-5),

-“Нөхөр Бийн Д, ”Ө” компани, тракторын жолооч” гэж 1993 оны 3 дугаар сарын 24-ний бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №04 (хх-54),

-“Эцэг: Бийн Д, ”Ө” компани, тракторын жолооч” гэж 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн хүү Дийн Д-ын Төрснийг бүртгэх анкет №013, 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн хүү Дийн Г-ын Төрснийг бүртгэх анкет №45 (хх-54, 66),

-“2.Хөрс боловсруулалт, тариалалтанд тракторын жолооч нарыг доор дурдсан ажлуудыг гүйцэтгүүлэхээр томилсугай. ...ж/. Д - булаар” гэсэн Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай “Хаврын тарианы ажлыг зохион байгуулах тухай” тушаал (хх-38),

-“Хугацаат цэргийн албаа хаагаад ирсэн Бийн Дийг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тракторын жолоочоор томилон ажиллуулсугай” гэх Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал (хх-39),

-“Тракторчин ... Б.Д нарт 1990 оны 12 дугаар сарын 20-ноос эхлэн ээлжийн амралтыг олгосугай...” гэх Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-40),

-“...Тракторчин ... Б.Д... нарын ээлжийн амралтыг 6 дугаар сарын 20-ноос эхлэн олгосугай” гэх Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-41),

-“Тракторын жолооч ... Б.Д... нарын 1992 оны ээлжийн амралтыг 1992 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн олгосугай” гэх Төв аймгийн Б сумын “Ө” компанийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-42),

-“Тракторын жолооч ... Б.Д... нарын 1993 оны ээлжийн амралтыг 1993 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн олгосугай” гэх Төв аймгийн Б сумын “Ө” компанийн ерөнхий захирлын 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-43),

-“Тракторын жолооч Б.Дийн 1994 оны ээлжийн амралтыг 9 дүгээр сарын 01-нээс эхлэн олгосугай” гэх Төв аймгийн Б сумын “Ө” компанийн ерөнхий захирлын 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-44),

-1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Техникт мэргэжлийн сургуулиас Бийн Дид нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт:

“1983 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Нэгдлийн тракторчнаар томилов”, Ө нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тушаал; 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Цэргийн албанд явах болсон учир тракторын жолоочоос чөлөөлөв”, “Өрнөх-Амьдрал” нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаар тушаал; 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, “Хугацаат цэргийн албаа хаагаад ирсэн тул тракторын жолоочоор томилон ажиллуулав” “Өрнөх-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаар тушаал, 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Ажлаас нь чөлөөлөв”, Өрнөх-Амьдрал компанийн 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 тоот тушаал” гэх бичилтүүд /эх хувийг судлав/ (хх-11),

-“Тус аймгийн Б сумын “Өрнөх-амьдрал” нэгдэл, “Өрнөх-Амьдрал” хувьцаат компанид тракторчин ажилтай Б.Дид: 1983 оны 7, 9 дүгээр сар, 1984 оны 2, 5, 6 дугаар сар, 1987 оны 10-12 дугаар сар, 1998 он 1-8, 10, 12 дугаар сар, 1989 оны 1-8, 10, 12 дугаар сар, 1990 оны 3-7, 10 дугаар сар, 1991 оны 3, 6-9, 11-12 дугаар сар, 1992 оны 1, 3, 6-12 дугаар сар, 1993 оны 1-4, 7-8, 11-12 дугаар сард цалин хөлс гарсан байна. 1994 оны цалингийн баримт архивт шилжиж ирээгүй” тухай Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаартай цалингийн түүвэр (хх-37),

-Б овогт Бийн Дийн 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн хугацааг нөхөн тооцсон тухай   ........... дугаартай Баталгаажилтын хуудас (хх-13)

-“Бийн Д нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/372 дугаар тушаалаар 6 дугаар сарын 22-ны өдрөөс цэргээс халагджээ” гэх Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/500 дугаар лавлагаа (хх-12),

-Бийн Д (РД:............)-ийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүн үзэхэд ял шийтгэл эдэлж байгаагүй болно” гэсэн Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 47/07-1339 дугаартай албан бичиг(хх-68),

-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Б.Дийг 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.  

6.“Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.  

7.Шүүх нэхэмжлэгч Б.Дийн шаардсанаар 1983 оны 7 дугаар сарын 22-ны  өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, мөн 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Б сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд тракторчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Б сумын “Өрнөх-Амьдрал” компанид тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Бийн Д (РД:..............)-ийн

-1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Б сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд тракторчин,

-1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Б сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд тракторчин,

-1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Б сумын “Өрнөх-Амьдрал” компанид тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН