Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00524

 

           

 

 

 

 

 2024       06       04                                            151/ШШ2024/00524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.МөнхБ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймаг, Б сум, Э . дүгээр баг, ......... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух, Р овогт Ргийн Л,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Р.Л,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Р.Л нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Р.Л нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/00168 дугаартай шийдвэрээр Төв аймгийн Б сумын Бдэлгэрэх нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон. Миний бие 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 4 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ

2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9087 дугаартай лавлагаа, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай цалингийн түүвэр, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай албан бичиг, Төв аймгийн Б сумын “Бдэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаал, түүний хавсралт, 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Баясгалан, С.Цэрэнжамц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Б сумын Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаартай зөвлөмжийн хуудас, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/00168 дугаартай шийдвэр, Төв аймгийн Б сумын “Бдэлгэрэх” нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаартай тушаал, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаал, түүний хавсралт (хх-1-21) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Батлан хамгаалах яамны төв архиваас нотлох баримтыг бүрдүүлж, хамт ажиллаж байсан гэх Ц.Баясгалан, С.Цэрэнжамц нарыг гэрчээр асуув. (хх-33-39)   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Р.Лын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Миний бие Р.Л нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/00168 дугаартай шийдвэрээр Төв аймгийн Б сумын “Бдэлгэрэх” нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон. Миний бие 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 4 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.  

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.

3.1.Төв аймгийн Төрийн архивын тасгийн “Төв аймгийн Б сумын Бдэлгэрэх нэгдлийн даргын 1987 оны тушаалаас ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул иргэн Р.Лт лавлагаа олгох боломжгүй байна” гэх 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай албан бичиг, Төв аймгийн Б сумын Нийгмийн даатгалын хэлтсийн “Бдэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааны гарсан тушаал олдоогүй. 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны хооронд Бдэлгэрэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааны гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр оруулна” гэсэн зөвлөмж (хх-5, 16)-өөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.  

3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянав.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

-“НТХ, СНЗ-ийн 1982 оны 27 дугаар тогтоолын дагуу залуу халаа малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах үндсэн дээр ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөж шууд үйлдвэрлэлд хувиарлагдсан малчин болсон ...Ргийн Л ... нарыг Б хэсгийн саальчнаар тус тус 9 дүгээр сарын 19-нөөс томилсугай” гэх Төв аймгийн Б “Бдэлгэрэх” нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаартай тушаал (хх-19),

-“Нэг. Хавсралтаар нэр бүхий малчдын 1987 оны ээлжийн амралтыг 06 дугаар сарын 10-наас ажлын 15 хоногоор тус тус олгосугай. ...Дэлгэрэх хэсэг... 4.Р.Л” гэсэн Төв аймгийн Б сумын “Бдэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаал, түүний хавсралт (хх-6-7),

-1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Б сумын “Бдэлгэрэх” нэгдлээс Ргийн Лд нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт: “1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Цэргийн албанд нас бие тэнцсэн учир татаж алба хаалгав”, БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн х/453 тоот тушаалаар; 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Ар гэрийн гачигдлын цэргийн албанаас халагдав”, Ардын армийн 014 дүгээр ангийн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн х/51 тоот тушаалаар халав гэх бичилтүүд /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-8),

-“Тус аймгийн Б сумын “Бдэлгэрэх” нэгдэлд малчин ажилтай Р.Лд: 1987 оны 1-9 дүгээр саруудад цалин хөлс гарсан байна. 1987 оны 10, 12 дугаар сарын цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй. 1987 оны 11 дүгээр сарын цалингийн баримтнаас нэр гараагүй” тухай Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай цалингийн түүвэр (хх-4),

-“Ргийн Л БХЯ-ны сайдын 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн н234 дүгээр тушаалаар Төв аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 199 дүгээр ангид байлдагчаар, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс, Ардын армийн 014 дүгээр ангийн захирагчийн 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн н/33 дугаар тушаалаар цэргийн албанд улируулан ахлах байлдагч цол олгогдон мөн ангид механик жолоочоор 1989 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн ангийн захирагчийн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн х/51 дүгээр тушаалаар ар гэрийн гачигдлын учир 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ахлагчийн албанаас халагдсан” гэх Батлан хамгаалах яамны Төрийн архивын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/450 дугаар лавлагаа (хх-41),

-“Ргийн Л,1969 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 1984 онд Б сумын 8 жилийн сургууль төгссөн, малчин болсон, ээж Р 54 настай нэгдэлд хоньчин, ах Дашзэвгэ нас 38, Бд адуучин, ах Цэндсүрэн нас 32 Б суманд үхэрчин” гэх Төв аймгийн Б сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын 657448 дугаартай анкет (хх-42),

-“анх 1977 онд 1 дүгээр ангид орохдоо 1 ангид орсон. Тэрнээс хойш 8 дугаар анги төгстлөө нэг ангид хамт сурсан. Түүнээс хойш илгээлт аваад 1985 оны 9 дүгээр сараас Төв аймгийн Б суманд малчин болсон. Р.Л хоньчин, би саальчин болсон” гэх гэрч Ц.Б /РД:............../-ийн мэдүүлэг (хх-34-36),

-“1985 онд илгээлтээр Төв аймгийн Б суманд малчнаар очсон. 1987 онд цэрэгт явсан. 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгээд Төв аймгийн Б сумандаа малчнаар ажилласаар байгаа” гэх гэрч С.Ц /РД:......../-ийн мэдүүлэг (хх-37-39),

-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Р.Л нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу цэргийн алба хаах хүртэл хугацаанд Төв аймаг, Б сумын “Бдэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

6.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/00168 дугаартай шийдвэрээр Р овогт Ргийн Лыг 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон байх ба уг шүүхийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.  

7.“Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Р.Л нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.  

8.Шүүх нэхэмжлэгч Р.Лын шаардсанаар буюу өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Б сумын “Бдэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Р овогт Ргийн Л (РД:............)-ын 1987 оны 6 дугаар сарын  18-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг, Б сумын “Бдэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Лын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБ