Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2024/00294

 

 

 

   2024      4          01                                              151/ШШ2024/00294

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн З сум, 4 дүгээр баг, Н1 дүгээр хэсэг, Засаг даргын Тамгын газар, дарга Г.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих “М” ХХК, гүйцэтгэх захирал Г.Аг эрэн сурвалжлуулах тухай,

Нэхэмжлэлд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Асүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн З сумын төвийн багт камерын засварын ажлыг гүйцэтгэх ......дугаар гэрээг ...... регистрийн дугаартай "М" ХХК-аар гүйцэтгүүлэхээр 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаа буюу 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор тухайн ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй бөгөөд нийт 13,300,000 төгрөгийн санхүүжилтийг авсан. Гэрээ байгуулагдах үед тухайн компани нь ...... төвд хаягтай байсан. Засаг даргын Тамгын газраас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан боловч, хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байна. Иймд "М" ХХК, захирал Г.Аг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Төв аймгийн З сумын засаг дарга Л.Амгаланбаяр, М ХХК нарын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ТӨАЗСЗДТГ/202202019 дугаартай “Төвийн багт камерын засварын ажлыг гүйцэтгэх гэрээ” гэрээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2023/02886 дугаартай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ223/21421 дугаартай шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-1-12/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.       

2.Нэхэмжлэгч Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Төв аймгийн З сумын Засаг даргын тамгын газар нь Төвийн багт камерын засварын ажлыг гүйцэтгэх ......дугаар гэрээг ...... регистрийн дугаартай "М" ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаа буюу 2022 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дотор тухайн ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй бөгөөд нийт 13,300,000 төгрөгийн санхүүжилтийг авсан. Гэрээ байгуулагдах үед тухайн компани нь ...... төвд хаягтай байсан. Засаг даргын Тамгын газраас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан боловч, хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байна. Иймд "М" ХХК, түүний захирал Г.Аг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгох, хүсэлтийг гаргаж байна” гэжээ.

3. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Төв аймаг З сумын Засаг даргын тамгын газар нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2/54 дугаартай итгэмжлэлээр Г.Дид 1 жилийн хугацаагаар олгосон байна. (хх-32)

4.Шүүхээс хэргийг онцгой ажиллагааны журмаар хянахаар нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:

4.1.“М” ХХК нь .................” гэж бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаартай албан тоот (хх-20, 21); 

4.2.Нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээг биелүүлэх тухай үндэслэлээр хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон хуулийг этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.А нь ...........хаягт оршин сууж байгаа болох нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч Г.Агийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл, хариуцагч "М" ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа ба түүний гүйцэтгэх удирдлага Г.А нь ...........хаягт оршин сууж байгаа нь тодорхой байна.

5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Нэхэмжлэгч Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд "М" ХХК, түүний захирал Г.Аг эрэн сурвалжлуулах Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН