Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2023/0181

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б-ийн гаргасан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-т холбогдуулан гаргасан Холбогдогч Д.Б-т шийтгэл оногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0262725 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байшин шатсан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгаж, холбогдогч Д.Б-т 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 0262725 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгасан материалд цугларсан нотлох баримтуудтай танилцахад:

-Гэрч Д.Б-ын ... 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 24 цагийн үүрэг гүйцэтгэж галчаар гарч байсан. Би 20 цаг 30 минутын үед моорогийн байшингийн галыг шалгачхаад ахлах сувилагч Л.Д-д очиж хоол идэж байсан чинь ажлаас ахлах сувилагч Л.Д-н утсанд гал гарч байна гэж дуудлага ирсэн би гэрээс нь гараад ажил дээр ирсэн. Байшингийн баруун хэсэг буюу ариутгалын өрөө талаас гал гарч байсан. ... цахилгаанаас гарсан байх гэж бодож байна. ... өглөө угаалгын өрөөний гэрэл шатсан байсан. Шатсан гэрлийг сольж яах вэ дээ гээд орхисон. Ер нь бол цаилгааны хэлбэлзэл их гардаг. Өмнө 380в-ын жинам шатаж байсан ... гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Б-ын ... 2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад айлд очих гэж явсан чинь угаалга, ариутгалын байрнаас утаа гарч байхаар нь шууд ажил дээрээ ирсэн. Ирэхэд утаа их гарч байсан. Дотор талдаа гал ихтэй харагдаж байсан. Байшингийн баруун хэсгээс гал гарч байсан ... гэх мэдүүлэг,

-Гэрч И.Э-ын ... Угаалгын байр чинь шатаж байна гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд ажил дээрээ ирсэн чинь баруун талын хэсэг шаталт ихтэй байсан. Өмнө ариутгал угаалгын байрны гэрэл шатдаг байсан. Миний бодлоор цахилгааны утаснаас болж гал гарсан байх гэж бодож байна ... гэх мэдүүлэг,

-Гэрч Э.Д-ийн ... Амархан асах материалууд их байсан. Зуухнаас 1 метр зайтай байсан ... гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай ... 10х5 хэмжээтэй дүнзэн байшингийн баруун хойд хэсгээс гал анх гарсан байх магадлалтай ..., ... цахилгааны утас баруун хойд хэсгээс байшин руу таазаар оруулсан .., ... зуух нь байшингийн гол хэсэгт байрлалтай төмөр зуух ..., ... байшингийн баруун хойд хэсгээр шатлаг эрчимтэй явагдсан ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн галч ажилтай Д.Б-ыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 20 цагийн орчимд ажлын байраа түр хугацаанд орхин явсан байхад нь тус төвийн угаалга, ариутгалын байранд гал гарч, 10х5 хэмжээтэй байшин шатсан үйл баримт тогтоогдож байна.

Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтуудаас тухайн цаг хугацаанд гал ямар хүчин зүйлээс шалтгаалан гарсан болох, гал гарсан шалтгаан нь холбогдогч Д.Б-ын ажлын байраа түр орхин явсан үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу гал гарсан гэх цаг хугацаанд эрүүл мэндийн төвийн угаалга, ариутгалын байрны зуух галлагаатай байсан эсэх, тухайн гал нь зууханд түлсэн гал эсхүл цахилгаан хэрэгслийн алинаас анх гарсан болохыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-ын холбогдогч Д.Б-т шийтгэл оногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0262725 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байшин шатсан гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Б-т 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд хандан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-ын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0262725 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А-ын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0262725 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгохыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б-ийн Холбогдогч Д.Б-т шийтгэл оногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0262725 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.А бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ