Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/020

 

 

С.*******, М.*******, Х.*******,

 Т.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

 Шүүгдэгч С.*******, М.*******, Х.*******, Т.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч , , ,

 Нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн даргалж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр С.*******, М.*******, Х.*******, Т.******* нар холбогдох эрүүгийн 1914004860128 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Арц овогт *******ын *******, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Монгол улсын иргэн, Бэсүд овогт *******гийн *******, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Монгол улсын иргэн, Тэмээчин овогт *******ын *******, ... урьд 2019 оны 07 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол улсын иргэн, ... улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай С.******* нь Монгол улсын хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаартай тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.*******аас жолоодох эрхийг сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр авч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгон шалгалтад тэнцээгүй унасан байхад нь “Өгөөж мөрөн” авто сургуулийн багш Х.*******аар дамжуулан Т.*******аас 50000 төгрөгийн хахууль авсан,

 Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах Тахилгат цэцэн хайрхан жолооны сургуулийн захирал ажилтай Х.******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.*******д Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.*******гийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад өгөхдөө тэнцээгүй байхад нь Т.*******аар урьдчилан бэлдүүлсэн байсан 50 000 төгрөгийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.*******д 50,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн,

Т.******* нь Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.*******гийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад унасан бөгөөд, шалгалтын үр дүнг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Өгөөж мөрөн” авто сургуулийн жолооны багш Х.*******аар дамжуулан 50,000 төгрөгийн хахуулийг цагдаагийн албан хаагч С.*******д өгсөн

М.******* нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө жолооны багш болох Х.*******аас Т.*******ын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Х.*******, Т.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.*******ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Шүүгдэгч С.*******д, Х.*******ад, Т.*******д, М.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Шүүгдэгч С.*******, Х.*******, Т.*******, М.******* нараас хохирол нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ: Цагаатгах тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн талаар:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “төрийн...тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” нь нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан.

С.******* нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажиллаж байх тул түүний албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан арга хэрэгслээр цуглуулсан баримтаар Т.******* нь жолоодох эрх сэргээх шалгалтад унасан нь тогтоогдсон. Гэвч шүүгдэгч Т.******* нь жолооны эрх сэргээх шалгалтыг аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт өгч, шалгалтын материалыг үндэслэн Т.*******ын жолоодох эрх нь сэргээгдсэн байна. Т.******* нь анх цагдаагийн газарт гомдол гаргахдаа С.*******гийн өрөөнд эрх сэргээх шалгалт өгөөд 2 алдаж унасан, С.******* нь шалгалтад унасан гэж хэлсэн. Жолооны багш Х.******* шалгалт өгөхөд хамт байж байгаад гадаа хүлээж байсан, шалгалтаас унаад гарч ирээд Х.******* багшид шалгалтад унасан талаар хэлэхэд авчирсан 50000 төгрөгөө С.Наран- Амгаланд оруулаад өгчих гэхээр нь та өгчих гэж багшид өгөөд хамт С.*******гийн өрөөний үүдэнд очиход Х.******* багш С.*******д юм өгөхөд С.******* ширээнийхээ нүд рүү хийсэн. Би Шинэ-Үйлс өөд сургалтын төвд бүртгүүлээгүй, хичээлд суугаагүй, мөнгө тушаагаагүй гэсэн бөгөөд энэ талаар удаа дараагийн яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдэд тогтвортой мэдүүлдэг.

Мөн шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Т.******* шалгалтдаа уначихлаа гээд цагдаагийн коридорт таарахаар нь төлбөрөө төлсөн юм уу гээд бэлдүүлсэн мөнгөө Т.*******аас аваад *******гийн өрөөний үүдэнд нь хамт очоод би ганцаараа *******гийн өрөөнд ороод бичиг баримт өгчхөөд гарч ирсэн... гэж мэдүүлдэг.

Хэргийн үйл баримтын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн архиваас гаргуулсан баримтаар жолоодох эрхийн шалгалтыг С.******* нь 10 асуулт бүхий тестээр 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.*******аас авч 1 алдаж тэнцсэн бөгөөд уг баримтыг үндэслэн Т.*******ын жолоодох эрх сэргээгдсэн нь тогтоогдсон бөгөөд байхад шүүхээс шүүгдэгч Т.******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.*******гийн өрөөнд жолоодох эрхийн шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад унасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Т.******* нь жолоодох эрхийн шалгалт өгөөд унасан болох нь гэрч , , шүүгдэгч Т.*******, Х.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Мөн шалгалтад унасан Т.*******ын жолоодох эрх нь жолоодох эрх сэргээх шалгалтын материалыг үндэслэн сэргээгдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн архиваас гаргуулсан баримтаар тогтоогдож, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг дээрх архивын баримтыг үндэслэн тогтоосон болно. Шүүгдэгч Х.*******ын анх гаргасан гомдол, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Х.*******ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, М.Оюун-Эрдэнийн гэрчээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг, гэрч , нарын өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон худалдагчийн өдрийн тайлан, Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаал, 2018 оны А/142 дугаартай тушаал, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн архивын баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн Т.******* нь жолоодох эрхийн шалгалтад унаж тэнцээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Т.*******ын жолоодох эрх нь сэргээгдсэн байхад уг хэргийг хахууль авах, өгөх гэмт хэрэг биш гэж үзвэл нийтийн албан тушаалтан болох С.******* нь шалгалтад унаж тэнцээгүй хүнийг албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал олгож шалгалтад тэнцүүлсэн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн ямар байдлаар нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэхгүй байгаа талаараа тодорхой дурдалгүйгээр зөвхөн шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.. мөрдөн шалгах ажиллагааны явцад буруу ойлгож мэдүүлсэн байна, өмнөх мэдүүлэг худлаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүхээс шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргаж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.*******ын би шалгалтдаа унасан, шалгалтад унаад гарч ирээд 50000 төгрөгийг Х.******* багшид өгөөд С.*******гийн өрөө рүү Х.******* багш ороод юм өгсөн, би мөнгө өгч байна гэж бодсон, Шинэ-Үйлс өөд сургалтын төвд сургалтад суугаагүй... гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.*******ын “ ******* шалгалт өгөөд гарч ирэхдээ уначихлаа гэж хэлэхээр нь чи төлбөрөө төлсөн юм уу гээд 50000 төгрөгийг Т.*******аас аваад С.*******гийн өрөөний үүдэнд Т.*******ын хамт очоод би өрөөнд ороод бичиг баримт өгсөн..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Оюун-Эрдэнийн “Т.******* манай сургалтын төвд бүртгүүлээгүй, сургалтад суугаагүй..” гэх мэдүүлэг зэргийг ямар учраас үнэлээгүй талаар тогтоолд дурдаагүй.

Авлига авах болон өгөх гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс хийгдэж буй санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч С.*******, Х.*******, Т.******* нарын үйлдэл нь дээрх шинжийг бүрэн агуулсан. Хахууль өгөгч тал нь өөрөө хахууль авагчид шууд мөнгө өгснөөр эсхүл бусдаар дамжуулан хахууль өгч буй тохиолдолд бусад этгээдэд дамжуулан хахууль өгүүлэхээр мөнгө гаргаснаар үйлдэл нь төгсдөг онцлогтой хэрэг юм. Хахууль өгөгч талыг зуучилж, хамтран оролцож буй этгээд нь хахууль өгөгчөөс мөнгө авснаараа цаашаа өгсөн эсэхээс үл хамааран гэмт хэрэг нь төгсдөг онцлогтой. Хэрэв шүүхээс хахуульд мөнгө өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзвэл хахууль өгөөд байгаа талуудын өөр хоорондоо мөнгө шилжүүлээд байгаа үйл баримтад бодитой хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Учир нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт хоёр л үйл баримтыг тогтоосон байх ёстой байдаг. Үүнд: Нэгдүгээрт нийтийн албан тушаалтны чиг үүрэгт хамаарах асуудлаар харилцаанд орсон байх, хоёрдугаарт эд зүйл, мөнгө, төгрөг өгч авалцсан байхыг тогтоосон байх ёсттой. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 28 дугаар зүйлд “гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан байдаг. Хэргийн нөхцөл байдалтай харьцуулж дүгнэхэд хахууль өгөгч Т.******* нь нийтийн албан тушаалтан С.*******тай жолоодох эрх сэргээх шалгалтад орох асуудлаар албан үүрэгтэйн холбоотойгоор харилцаанд орсон байдаг. Түүнчлэн шалгалтдаа унасан үйл баримт тогтоогдсон бөгөөд шалгалтаас гарч ирэхдээ шалгалтдаа уначихлаа гэж багшдаа хэлэхэд нь багш Х.******* нь нөгөө мөнгөө С.*******д өгчих гэж мөнгийг нь авч байгаа үйлдэл нь хахууль өгөх санаа зорилготой болох нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод зааснаар тогтоогдож байна.

Шүүхээс тухайн мөнгөө нийтийн албан тушаалтанд болох С.******* өгөөгүй гэж дүгнэж байгаа бол хахууль өгсөн хүмүүсийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Гэтэл шүүхээс өгсөн хууль зүйн дүгнэлт нь гагцхүү Т.*******ын шүүхэд өгсөн мэдүүлэг болох “би хахуулийн мөнгө гэж бодоогүй” гэсэн мэдүүлгийг баримталж байгаа нь үндэслэлгүй юм. Гэтэл С.*******д тухайн шалгалттай холбоотой бэлэн мөнгө авах ямар ч үүрэг байхгүй байхад түүнд шалгалтын мөнгө гэж өгч байгаа нь нийтийн албан тушаалтантай мөнгө, өгч авах харилцаанд орсныг нотолно. Хахууль өгөх, авах гэмт хэргүүд нь далд аргаар үйлдэгддэг тул дээрх 2 үйл баримтыг тогтоосон байхад тэдгээр хүмүүсийн мөнгийг ямар зорилгоор өгч авалцсан талаар мэдүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй байдаг болно. Нөгөөтээгүүр С.*******г хахуулийн мөнгө аваагүй гэж үзэж байгаа бол С.*******г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Тодруулбал хахууль авах, албан тушаалын байдлаа урвуулан гэмт хэргүүд нь хахуульд эд зүйл авснаас бусад шинжээрээ ижил юм. Тухайлбал аль аль зүйл хэсэг нь хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх шинжтэй байдаг. Гагцхүү үүний цаана эд зүйл өгч авалцсан бол хахуулийн хэрэг, өгч авалцаагүй бол албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг болдог онцлогтой.

Хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл шалгалтад огт орох ёсгүй байсан буюу сургалтад суугаагүй Т.*******ыг шалгалтад сууснаар бичиг баримтыг бүрдүүлж өгсөн нийтийн эрх зүйн гэрээгээр сургалт явуулах эрхийг олж авсан сургалтын төвийн албан тушаалтны асуудал, шалгалтад огт орох ёсгүй Т.*******ыг шалгалтад оруулж, тэнцээгүй байхад нь тэнцүүлж буй С.******* нарын үйлдэл нь хийх ёсгүй үйлдэл байсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Худал мэдүүлэх гэмт хэрэг нь гэрч нь худал мэдүүлэг өгөхгүй талаар баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч байгаа мөн санаатай үйлдэл юм. Шүүгдэгч М.******* нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргаж 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд уг 2 мэдүүлэг нь хоорондоо эрс зөрүүтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмнө нь анх өгсөн мэдүүлэг нь Х.*******, С.******* нарын гуйлтаар худал мэдүүлсэн. Одоо болсон зүйлийг үнэн зөвөөр ярьж байна гээд мэдүүлсэн тул энэ мэдүүлгийг үндэслэн М.Оюун-Эрдэнийг мөрдөн байцаалтад анх хууль сануулсан баримтад гарын үсэг зурж, үнэн зөв мэдүүлэх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан болно. Гэтэл шүүхээс М.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Гэвч мөн тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэрчээр байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ гэж зөрүүтэй дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэрчээр асуусныг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасаж, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин шүүгдэгч нарын зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлгийг үнэлж шийдвэр гарсан. Түүнчлэн шүүхээс анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах хэмжээ хязгаарыг зөрчиж, буруу ойлгож хэрэглэсэн. Учир нь хэргийн материалд огт дурдагдаагүй, урьд мэдүүлснээс өөр байдлаар шүүгдэгч нар мэдүүлж байгаа нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс гадуур гэж үзэх бөгөөд, тухайн өөр зүйлийн талаар мэдүүлж байгаа нь тэдгээрт ял шийтгэл оногдуулахад хувийн байдалд нөлөөлөхөөс бус хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж болохгүй юм. Шүүхийн хэлэлцүүлэгт гагцхүү хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэж орох ёстой байтал хэрэгт авагдаагүй зүйлийн талаар мэдүүлж мэтгэлцэх нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ. Шүүхэд шилжүүлсэн хэрэгт огт байхгүй нөхцөл байдлыг хэд хэдэн шүүгдэгч ярьсныг өөр хоорондоо нотлогдож байна гэж дүгнэж хэрэг шийдвэрлэх юм бол шүүхээс өмнөх шатанд нотлох баримт цуглуулах ямар ч хэрэг байхгүй юм.

Мөн цагаатгах тогтоол нь Монгол Улсын нэрийн өмнөөс гараагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, тогтоолын удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт гэж хуульд байхгүй заалт баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэснийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурор Э.Гантулгын тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Х.*******, Т.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, С.*******, М.*******, Т.*******, Х.******* нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэж шинжлэн судлахад шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээр шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоолын удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт гэж хуульд байхгүй заалт баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг ноцтой зөрчжээ.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон С.*******, Х.*******, Т.*******, М.******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 .1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол С.*******, Х.*******, Т.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР 

                              ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ