Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2024/00471

 

 

 

 

   2024      5          22                                              151/ШШ2024/00471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн С. сум, 1 дүгээр баг, Баян уулын баруун тал, 0 тоотод байрлах “Т” ХХК, гүйцэтгэх захирал Ц.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Бийг эрэн сурвалжлуулах тухай,

Нэхэмжлэлд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бтэй 2019 оны 5 дугаар сарын 31-нд байгуулсан ТТТ/2019/305-2 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “108 ойл” ХХК-аас нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс уг зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Жолооч Б нь 558 литр түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 1,160,640 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.“Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бийг эрэн сурвалжлуулах хэргийг нэхэмжлэгч талын эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хамтран ажиллах гэрээ (хх-1-4, 6-8), Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2024/03471 дугаартай шүүгчийн захирамж (хх-5), хүсэлт (хх-26) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.       

2.Нэхэмжлэгч “Т” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Бтэй 2019 оны 5 дугаар сарын 31-нд байгуулсан ТТТ/2019/305-2 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “108 ойл” ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс уг зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Жолооч Б нь 558 литр түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 1,160,640 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/631 дугаартай итгэмжлэлээр Бт 1 жилийн хугацаагаар олгосон байна. (хх-4)

4.Шүүхээс хэргийг онцгой ажиллагааны журмаар хянахаар нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:

4.1. Б нь .................” гэж бүртгэсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 496 дугаартай албан тоот (хх-18-20); 

4.2.Нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээг биелүүлэх тухай үндэслэлээр хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон Б нь .................хаягт оршин сууж байгаа болох нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч Бийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б нь ................. хаягт оршин сууж байгаа нь тодорхой, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргагч хуулийн этгээд нь хүний эрхийг хөндсөн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа дэмжиж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчлөн томилох, эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцох нь зүйтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгайлан дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Бийг эрэн сурвалжлуулах “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН